Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1463

 

МАГАДЛАЛ

 

2018.06.22                                                   Дугаар 1463                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01489 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Санал болгох хурлын шийдвэр хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 394 дүгээр шийдвэрээр Б.Б-аас 20 772 510 төгрөг гаргуулж ЕД ХЗХ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн билээ. Тус шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах заалт байхгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн санал болгох хурлаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 6-173 тоотод байх газар, хувийн сууцыг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн энэ хурлын товыг Л.Б-д мэдэгдээгүй. Өнөөдрийн байдлаар 8 300 000 төгрөгийг төлсөн. Иймд барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 6-173 тоотод 64 м/кв талбай бүхий хувийн сууц, 313 м/кв талбай бүхий газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөрийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, дуудлага худалдааг 2 удаа зарласан боловч үнийн санал ирж, худалдан борлогдоогүй тул 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр санал болгох хурал болж, барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж заасан журмыг Б.Б зөрчиж 1 жил гаруй хугацаагаа хэтрүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Б.Б нь үндэслэлгүйгээр хэд хэдэн удаа шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх хуралдаанд ирэхгүй чирэгдүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЕД ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн энэ шийдвэрийн барьцаа хөрөнгөтэй холбоотой заалтад Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 281 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулаагүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, дуудлага худалдааг 2 удаа зарласан боловч үнийн санал ирж, худалдан борлогдоогүй тул 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр санал болгох хурал болж, барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ бүх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч НШШГА-нд холбогдуулан гаргасан Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгож шийдвэрлэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн 6-173 тоот 64 м.кв талбай бүхий хувийн сууц, 313 м.кв талбай бүхий газрын хамтран өмчлөгч нь Л.Б охин Б.А нар байхад шийдвэр гүйцэтгэгч нь өмчийн эздийн эрх хөндөгдөж байгааг үл хайхран төлбөр авагчид хөрөнгийг шилжүүлэх санал болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан санал болгох хурлын шийдвэр хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 394 дүгээр шийдвэрээр Б.Б-аас 20 512 000 төгрөг гаргуулж ЕД ХЗХ ХХК-д олгох, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

        /хэргийн 30-34 дүгээр хууда/

Дээрх шийдвэрийг үндэслэн хариуцагч НШГА шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 6-173 тоотод 64 м.кв талбай бүхий хувийн сууц, 313 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааг 2 удаа зарласан боловч үнийн санал ирээгүй.

Хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн санал болгох хурлаар барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журмын дагуу, хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Харин шүүх шийдвэрийнхээ удиртгал хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасан, шийдвэрийн удиртгал хэсэгт бичвэл зохих “шийдвэрийг ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана.” гэсний дагуу шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэр, шүүх хуралдааны даргалагч шүүгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нарын нэрийг    бичээгүй нь буруу байна.

Гэвч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байна. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01489 дүгээр шийдвэрийн Удиртгал хэсгийн “Монгол Улсын нэрийн өмнөөс” гэсний дараа “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:” гэсэн хэсэг, “шүүх хуралдааны нарийн бичгийн дарга” гэсний дараа “Б.О” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                               М.НАРАНЦЭЦЭГ