| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0422/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/579 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Хулан,
улсын яллагч: С.Батгэрэл,
шүүгдэгч: ******, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0938/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******т холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
************ /РД:************/,
Монгол улсын иргэн, *************-ны өдөр ********** хараа суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, боловсролгүй, ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ********** задгай тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ****** нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ********* дүгээр гудамжны задгай тоотод хохирогч ******гийн мартаж орхисон буюу гээгдэл эд хөрөнгө болох өвлийн куртик, Хувэй Пи-20 загварын гар утас, Хаан банкны виза карт болон уг картнаас 230,250 төгрөгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 415,250 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч ****** нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *********** дүгээр гудамжны задгай тоот гэртээ хохирогч ******гийн мартаж орхисон буюу гээгдэл эд хөрөнгө болох өвлийн куртик, Хувэй Пи-20 загварын гар утас, Хаан банкны виза карт болон уг картнаас 230,250 төгрөгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 415,250 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
- 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хохирогч ******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ********** дэлгүүрийн хажууд явж байгаад танил ******** гэдэг хүнтэй тааралдаад хамт Сонгинохайрхан дүүргийн **********р хороо ************хогийн цэгийн баруун хойд талд байх айлд очсон. Тухайн айлд ороход айлын эзэн гээд туранхай хар царайтай өндөр хүүхэн, дунд зэргийн нуруутай 2 эрэгтэй хүн байсан.Айлд ороод ********** мөнгө гаргаж өгөөд 2 шил архи авчруулсан. Авчирсан архиа 5-лаа хувааж уугаад хөзөр тоглосон. Тоглож байхдаа ****** дахиж мөнгө гаргаад архинд явуулсан хэдэн шил архи авч ууснаа мэдээгүй нэг мэдэхэд тасраад унтсан байсан. Шөнө сэргэсэн чинь нөгөө айлын гадаа айлын эзэн эрэгтэй миний цээжний 2 талд өшиглөөд байсан. Би сэргээд намайг цохиод байсан хүнийг түлхэж унагаад зугтсан. Тэгээд тэр чигтээ урагшаа алхаад гэртээ ирсэн. Маргааш өглөө нь тухайн айлд өмсөж явсан куртик, гар утас, бичиг баримт, Хаан банкны виза картаа мартсан гэдгийг мэдээд өөрийн ихэр ах ******хамт очиж асуусан. Тэр үед тухайн айлын авгай надад миний бор өнгийн түрүүвч, иргэний үнэмлэх 2-ыг гаргаж өгөөд өөр зүйл байгаагүй гэж хэлсэн. Тэгээд тухайн үед орхисон гэдгээ ахин дахин хэлэхэд тэр эмэгтэй гаргаж өгөөгүй. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны виза картанд байх мөнгөө авах гээд 7 удаагийн гүйлгээгээр 230,520 төгрөг алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулсан. Тухайн үед миний цээжний 2 талын хавиргаар өвдөж байсан. Одоо зүгээр байгаа би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний өмсөж явсан хар ногоон өнгийн малгай хэсгээрээ үстэй өвлийн куртик алга болсон 70,000 төгрөгөөр үнэлж байна. Миний хэрэглэж байсан **** маркийн хар өнгөтэй гар утас алга болсон тухайн утсыг танил дүүгээс 100,000 төгрөгөөр авч байсан, миний хаан банкны виза карт алга болсон 5,000 төгрөгөөр захиалж авсан, миний Хаан банкны дансанд байсан 230,520 төгрөг алга болсон. Надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
Насанд хүрээгүй гэрч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр АБВ хүнсний дэлгүүрээр би найз залуу ********** хамтаар үйлчлүүлсэн. АБВ хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ **********н гэх хүний ногоон өнгөтэй картыг чипээр нь уншуулсан. Манай найз залуу ****** бид хоёр тэр картыг 5 удаа уншуулж 200,520 төгрөг уншуулж хүнсний зүйлс худалдаж авсан. Нямсүрэн гэсэн бичигтэй ногоон картыг манай ээж ************* надад өгөөд дэлгүүр орж уншуулаад хүнсний зүйл аваад ир гэж хэлсэн. Худалдаж авсан хүнсний эд зүйлсээ аав гэрт аваачиж тавиад хэрэглээд дууссан. Ээж, аавын гэрт *********** гэдэг хүний өмсөж явсан куртик болон гар утас байсан. Гар утсыг манай ээж ****** Хар хорин зах дээр аваачиж зарсан. Харин куртикийг ээж галд хийж шатаасан. Ээж ********надад хэлэхдээ аавд чинь карт нээсэн яваад юм худалдаж аваад ир гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Шүүгдэгч ******ийн яллагдагчаар өгсөн: “...********* миний төрсөн охин , Б.****** нь найз залуу нь байгаа юм. ******нарт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ногоон өнгийн Хаан банкны *********н гэдэг хүний виза картаар эд зүйлс худалдаж аваад ир гэж би өгч явуулсан.2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай гэрт ****** гэдэг залуу ******** гэдэг хүний хамтаар ирж нөхөр ********* бид хэд хамтдаа архи ууж байгаад ****** гэртээ харихаар явсан. Тэгээд ******* үлдээд ********** бид хэд архи ууж байхад ****** 2 хоорондоо маргалдаж гадаа гараад байсан, тэр үед би тасраад унтаад өгсөн. Нэг сэргэсэн чинь манай хүүхдүүд гэрт ирсэн цагдаад дуудлага өгсөн байсан, ********* байхгүй болсон байсан. Би цагдаагийн байгууллага дээр ирж байж байгаад 04 цагт гэртээ харьж амарсан.Өглөө 07 цаг өнгөрөөд гадаа гарч харахад ******** өмсөж явсан куртик, гар утас, Хаан банкны виза карт байсан. Тэгээд би виза картыг охин хүргэн хоёртоо өгч дэлгүүрээс эд зүйлс худалдаж авахуулсан. Нямсүрэнд учирсан хохирлын үнэлгээтэй танилцсан.Санал хүсэлт байхгүй. Хохирол төлөөгүй. Төлж барагдуулна” ...” гэснийг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Хувийн байдлын талаар: иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга /хавтаст хэргийн 25 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч ****** нь хохирогч ******гийн “өвлийн куртик, хувай пи-20 загварын гар утас, Хаан банкны виза карт”-ыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд авч завшиж, нийт 415,250 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч ****** нь хохирогчийн эд хөрөнгө буюу “өвлийн куртик, хувай пи-20 загварын гар утас, “Хаан банкны виза карт”-ыг гээгдэл эд хөрөнгө, өөр бусдын өмчлөл эзэмшлийнх гэж мэдсээр атал цагдаагийн байгууллага бусад эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүй, өөртөө ашиглаж байгааг хохирогчийн дээрх эрхэд хууль бусаар халдсан гэж үзэх бөгөөд 415,250 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж зааснаар дээгүүр хэмжээнд хамаарна.
Шүүгдэгч ******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч ******ийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогчийн ****** нь “415,250 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч ******ээс 415,250 төгрөгийг гаргуулан хохирогч ******д төлүүлэх нь хууль зүйн үндэслэл бүхий юм.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.****** нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ******д төлөх төлбөртэй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Г.******ийн тухайд бусдын эд хөрөнгө буюу картаар нь дэлгүүрээр үйлчлүүлж 230,000 төгрөгийн зарлага гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл тогтоогдож байгаа тул гэм буруутай үйлдэлдээ маргахгүй байгаа. Учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирлын асуудлыг барагдуулахад тал дээр улсаас ямар нэгэн тэтгэмж авдаггүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй нөхцөл байдал байгаа. Хүүхдүүдтэйгээ ярилцаж хогийн цэгээс түүхий эд зарж борлуулж орлого олдог нөхцөл байдал байгаа. Иймд торгуулийн ялыг төлж барагдуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж магадгүй. Эрүүл мэндийн байдалд нойр булчирхай өвдөж, даралт ихэссэн талаараа хэлсэн, өмнөх долоо хоногт эмнэлэгт хэвтээд гарч ирсэн талаараа хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэр нь байрладаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байна. Цагдан хоригдсон 17 хоногийг хасаж тооцож өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч ******ийг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч ******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хохирол нөхөн төлөгдөөгүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцнэ гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч ******т торгох ял шийтгэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зорчих эрх хязгаарлах ял шийтгэх санал тус тус гаргасан ч шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан дээрх эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Шүүгдэгч ****** нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 16 хоног цагдан хоригдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” 2-т “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч ******ийн цагдан хоригдсон 16 хоногийн 1 хоногийн ажлын 8 цагт тооцоход 128 (зуун хорин найман) цаг болох бөгөөд уг хугацааг эдлэх ялаас хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг 172 (зуун далан хоёр) цагийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** ******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******т 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 16 хоногийн 1 хоногийг ажлын 8 цагт тооцож, 128 (зуун хорин найман) цагийг эдлэх ялаас хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг 172 (зуун далан хоёр) цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч ******т сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ******т 415,250 төгрөгийг гаргуулж, хохирогч ******д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА