| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2021/01273/И |
| Дугаар | 101/ШШ2021/01443 |
| Огноо | 2021-05-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2021/01443
2021 05 19 101/ШШ2021/01443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Э эмнэлэг”-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 3,015,272 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Г, хариуцагчийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хууль бусаар ажлаас халагдсан шалтгаанаар тус шүүхэд хандаж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилох, нөхөн олговор авч, НДД-т бичилт хийлгэх болсон. Энэрэл эмнэлгийн дарга А.А-ийн 2020.09.17-ны өдрийн Б/92 тоот тушаалаар ажилдаа орсон. Ажилгүй байсан 2020.05.28-аас 2020.09.17-ны өдрийн хоорондох ажлын 79 хоногийн нөхөн төлбөрийг ******* тоотод заагдсан нэг өдрийн ажлын хөлс 38,168 төгрөгөөр тооцон 3,015,272 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэртээ бичилт хийлгэх.
Энэрэл эмнэлгийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад хууль бусаар халагдсан гэж нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэрээр ажилдаа томилогдсон. Уг шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 9 дүгээр сар болсон. Иймд шийдвэрээс хойш 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх олговор гаргуулна. Намайг ажилд буцаан томилсон тушаалыг 21-ны өдөр мэдээд 22-ны өдөр ажилдаа орсон гэв.
Хариуцагч Э эмнэлэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй иргэн З.Гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Иргэн З.Гийн нэхэмжлэлд дурдсан 79 хоногийн нөхөн төлбөр 30150272 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх төсөв боломж байхгүй. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ...... дугаар шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн болно. Энэ хүн бол өмнө цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, манай эмнэлэгт хүүхэд асрах чөлөөтэй байсан сэтгэцийн эмчийн орон тоон дээр ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх хүүхэд асрах чөлөөтэй байсан эмчийн орон тоон дээр буцаан эгүүлэн ажиллуулсан боловч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул З.Гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэж байна. Гэвч байгууллагад төсөв байхгүй. Шүүхийн шийдвэрт давж заалдаагүй. Тушаал 9 сард гарсан бөгөөд даргаас шалтгаалж удсан. Шүүх шийдэх байх гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Г нь ажилгүй байсан хугацааны олговорт 3,015,272 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Э” эмнэлэг нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч З.Г-ийг “Э” эмнэлгийн амбулаторийн тасгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна. /хэргийн 3-5 дугаар тал/ Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх талаар зохигч хэн аль маргаагүй.
Улмаар “Э” эмнэлгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн З.Г-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон байна. /хэргийн 34 дүгээр тал/
Нэхэмжлэгч З.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговрыг гаргуулах шаардлага гаргасан ба мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэх байгууллагыг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх гэж тодорхойлсон, ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоос бусад гомдлыг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гаргахаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан тул нэхэмжлэгч З.Г нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон дээрх Б/92 дугаар тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэдэж, 22-ны өдөр ажилдаа орсон гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ.
Гэвч нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн урьд нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүх хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарласан.
Ийнхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 04453 дугаар захирамжийн нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хэрэгт байх боловч энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан эсэх талаар зохигч хэн аль нь маргаагүй. Түүнчлэн шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судлах шатанд нэхэмжлэгч нь уг захирамжийг шүүхийн архиваас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаан тодорхой дэс дарааллаар явагддаг, өөрөөр хэлбэл хүсэлт шийдвэрлэх шат дууссан тул уг хүсэлтийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.
Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД