| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0084/Э/ |
| Дугаар | 0102 |
| Огноо | 2017-04-17 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ч.Сэлэнгэ |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 0102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ч.Сэлэнгэ
Хохирогч Ш.Б-
Шүүгдэгч М.М-э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн М.М-эд холбогдох эрүүгийн 201714000188 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймаг *** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ** аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх О овогт М-ын М-э /РД: хх************/
Шүүгдэгч М.М-э нь 2017 оны 03 сарын 23-ны орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн *** сумын ** багийн Шинэ сар төвийн гадаа машины зогсоол дээр байсан иргэн Ш.Б-гийн эзэмшлийн **-** дугаартай Сонота-5 маркын суудлын авто машиныг авч зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч М.М-ийy шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 03 сарын 23-ны орой найзын хамт Цацал төвд пиво авч уусан. Тэгээд болсон асуудлыг санахгүй байгаа. Тэр үед 4 шил Сэнгүр пиво авч уусан. Машин авч зугтааснаа мэдэхгүй байгаа. Нэг ухаан ороход зуун айлын тэнд машин барьчихсан явж байгаад урдаас машин гараад ирэхээр нь зогсох гэтэл гулгаад замын хажуу руу орсон. Тэгээд цааш нь сайн мэдэхгүй байна. Би өөрөө гэмтсэн. Хохиролд 3.000.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний биеийн байдлыг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ш.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 03 сарын 23-ны орой 22 цагийн үед харих гэж явж байх замдаа найзтайгаа уулзах гээд машинаасаа буугаад байж байтал нэг залуу машинд суугаад хүүе гэхийн завдалгүй хөдөлсөн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Гэтэл осол болсон байсан. Хохиролд 3.000.000 төгрөг төлсөн. Миний хувьд нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. **-** УНР улсын дугаартай Сонота-5 маркын тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.М-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь ШША-ны 2017 оны 03 сарын 28-ны өдрийн №86 тоот дүгнэлтээр хүнд зэргийн согтолт тогтоогдож байх тул М.М-э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: 2.7а/Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Материалд авагдсан ослын газрын үзлэг, Ослын схем зураг, Фото зураг зэргээс үзэхэд тормозны мөргүй байх тул тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна.
3. Сонота-5 маркын **-**унр улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг үнэлгээний байгууллагаар тогтоолгох.
4. Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээний лавлагаа хайлтын сангаас Мягмар овогтой М-ий лавлагааг шүүж үзэхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дахь заалтаар 2016 оны 06 сарын 18 ны өдрөөс 2016 оны 12 сарын 18 ны өдөр хүртэл 06 сарын хугацаагаар эрх хасагдсан байна.
5. Уг осол нь дүгнэлтийн 1-д зааснаар М.М-э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а дахь заалтыг зөрчсөнөөр гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх29 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 86 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: М.М-ийн цусанд этилийн спирт 3.35% промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 31 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 312 дугаартай дүгнэлтэнд:
1. М.М-ийн биед зүүн талын далны ясны үений доторх хугарал, хуйханд зулгаралт үүсчээ.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Зүүн талын далны ясны үений доторх хугарал эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хуйханд үүссэн зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Нэг цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.
4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Гэмтлийн дараалалыг нарийн тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /хх 33 ху/,
-М.М-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 48-50, 62-65 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч М.М-э нь 2017 оны 03 сарын 23-ны орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн *** сумын ** багийн Шинэ сар төвийн гадаа машины зогсоол дээр байсан иргэн Ш.Б-гийн эзэмшлийн **-** дугаартай Сонота-5 маркын суудлын авто машиныг авч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ш.Б-гийн “...2017 оны 03 дугаар сарын 23-ны орой 22:30 цагийн үед харих гэж явж байх замдаа найзтайгаа уулзах гээд машинаасаа буугаад байж байтал нэг залуу машинд суугаад хүүе гэхийн завдалгүй хөдөлсөн. Тэгээд цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн ЗЦГ-ын 53 тоот шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн ШША-ны 86 тоот дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М-эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч Ш.Б- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.М-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.