Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 881

 

 

 

 

 

                        

  2020           7             7                                           2020/ДШМ/881

 

С.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

хохирогч Л.Гэрэлцэцэг,

хохирогч Л.Нарангэрэл, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан,

хохирогч Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Бд холбогдох 201625022708 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн С.гийн Б, 1979 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “...” ХХК-д мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, .... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч С.Б нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” төвийн 2 дугаар давхарт 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр иргэн Л.Наранцэцэг, Л.Гэрэлцэцэг нартай маргалдаж, Л.Гэрэлцэцэгийн зүүн гарыг мушгин түлхэж унагасан, толгой руу  нь гараараа цохиж, зүүн гар, зүүн шилбэ рүү өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, баруун сарвууны 5 дугаар хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, Л.Нарангэрэлийн баруун гарыг мушгиж, түлхэж унагаан мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мэргэн овгийн Сэлнээгийн Бг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Бг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгээс 952.783 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Нарангэрэлд 607.783 төгрөгийг, хохирогч Л.Гэрэлцэцэгт 345.000 төгрөгийг тус тус олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие огт гэм буруугүй атлаа санхүүгийн сонирхол бүхий гэр бүлийн хүмүүсийн худал мэдүүлэгт тулгуурлаж, хэт нэг талыг барьсан хянан шийдвэрлэх ажиллагаа, шийтгэх тогтоолоор гэмт хэрэгтэн болсонд гомдолтой байна. Шийтгэх тогтоол нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон эсэх, хэргийн шалтгаан нөхцөл, чухам хэн нь хохирогч вэ гэдгийг шүүх үнэн зөв тогтоож чадсангүй.

Нэг. Хэргийн оролцогчдын мэдүүлгүүд хол зөрүүтэй, эргэлзээтэй байдалд шинжилгээ, зөв дүгнэлт хийгээгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд эргэлзээтэй гэх нөхцөл байдал үүсээгүй гэж шүүх дүгнээд хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл дээрх хэрэг явдал болох үед  өрөөнд нийт 5 хүн байсан бөгөөд 2 хүн нь “зодоогүй” гэж, нөгөө 2 хүн нь “зодсон” гэж, үлдсэн 1 хүн нь “...яг хаана нь хэдэн удаа цохиж, зодож байхыг нь хараагүй...” гэж мэдүүлсэн байдаг.

Гэрч Г.Дуламсүрэн /хх 30, 11, 90/, Ц.Солонго /хх 89/ болон шүүгдэгч С.Бгийн мэдүүлгүүд болон холбогдох нотлох баримтуудыг шүүх огт үнэлээгүй, дүгнээгүй бөгөөд “хэрэгт цугларсан нотлох баримтуудыг эргэлзээтэй гэх нөхцөл байдал үүсээгүй, шүүгдэгчийн мэдүүлэг учраас нотолгооны чадваргүй” гэж дүгнээд хэргийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн хэрэгт огт хамааралгүй Л.Гантуяагийн “...ээж, Гэрэлцэцэг хоёр зодуулчихсан гэж хэлээд гэртээ ирсэн” гэсэн агуулгатай мэдүүлэг /хх 91/-ийг нотлох баримтаар үнэлж яллах дүгнэлт, шүүхийн тогтоолд бичигдсэн нь энэ хэрэг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн болохыг тодорхой харуулж байна.

Зөвхөн хохирогчоор тогтоосон Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг нарын худал мэдүүлэгт тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл хохирогч нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй, бусад нотлох баримтуудаас зөрүүтэй байгаа нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй болгосон.

Хоёр. Шинжээчдийн дүгнэлтүүдээр хохирогч Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг нар худал мэдүүлэг өгөөд байгаа болох нь тогтоогдсон. Хохирогч Л.Нарангэрэлд хамаарах хөнгөн гэмтлийн тухайд:

Хуучин гэмтэл болох нь тогтоогдсоноор хохирогч Л.Нарангэрэл худал мэдүүлэг өгч байгаа нь нотлогдсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 105, 662, 565 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд, шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч нарын тайлбараар хохирогч Л.Нарангэрэлийн баруун далны шөрмөсний урагдал нь 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс өмнө учирсан хуучин гэмтэл болох нь тогтоогдсон. Хэрэв үнэхээр Л.Нарангэрэлийн баруун мөрөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан бол хэрэг явдал болох үед шүүгдэгчийг хаалгаар зугтах үед араас нь татсан, цувны халаас, хувцсыг татаж урсан Л.Нарангэрэлийн өөрийн идэвхтэй үйлдлийн улмаас учирсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Гэрэлцэцэгт хамаарах хөнгөн гэмтлийн тухайд:

Хохирогч Л.Гэрэлцэцэг өөрөө хаалганы түгжээг эргүүлж, бариултай ноцолдсоны улмаас баруун гарын чигчий хуруунд, шүүгдэгчийг өшиглөхийг удаа дараа оролдсоны улмаас буюу өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас баруун шилбэний урд хэсэгт тус тус хөнгөн гэмтэл учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Гурав. Хэргийн эргэлзээтэй нөхцөл байдал, үйл баримтуудад дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох болон яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Учир нь, хэрэв хохирогч нар үнэхээр надад харгисаар зодуулаад байсан юм бол яагаад хаалгаа түгжээд намайг явуулахгүй байсан юм бэ. Шүүгдэгч үнэхээр хүмүүсийг зодоод байсан юм бол яагаад өөрөө цагдаа дуудаад өгөөч, тусламж дуудаад өгөөч гэж удаа дараа тусламж гуйгаад байх ямар шаардлага байх билээ. Хохирогч Л.Нарангэрэл нь үнэхээр зодуулсан бол хэрэг явдал болсны дараа цагдаагийн газарт шууд очиж мэдүүлэг өгөх ёстой байтал хэд хоногийн дараа мэдүүлэг өгсөн нь эргэлзээ үүсгэдэг. ...Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээгүй. Шүүгдэгч нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэгтэй тус тус суралцаж төгссөн, АНУ-ын Калифорнийн Лос Анжелесийн их сургуулийг төслийн менежмент мэргэжлээр төгссөн бөгөөд сургууль төгссөн цагаасаа банк санхүү, уул уурхай, хөрөнгө оруулалтын томоохон байгууллагуудад тогтвортой ажиллаж ирсэн байдаг. Шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн эмчилгээний зардал гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэнд зориулан авч хэрэглэсэн, ямар өвчинд зориулагдсан гэдэг нь тодорхойгүй.

Хохирогч нарын хувьд шүүгдэгчид зодуулсан гэж худал мэдүүлэг өгөх болсон бодит шалтгаан байгааг шүүх анхаарч үзээгүй. Учир нь, гэрч Л.Г.Дуламсүрэнд өгөх 9.9 сая төгрөгийн төлбөрийг төлөхгүй барьцаа үүсгэж, эмчилгээний төлбөр гэх 11 сая төгрөгийг эрүүгийн шүүхээр гаргуулан авах гэсэн үндсэн зорилготой. Дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсч байх тул сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байгааг шүүх анхаараагүй.

Миний бие асуудалд хүлээцтэй дуулгавартай хандаж, уг явдлыг хуулийн байгууллага шударгаар шийдвэрлэж, үнэн зөв нь тогтоогдоно гэж итгэсээр өнөөдрийг хүрсэн тул “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгоход өөрийн гэм буруугүй болгохоо тогтоолгож, намайг цагаатгана гэж найдаж, өөрөө хүсэлт гаргасны үндсэн дээр хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Хэрэг явдал болсноос хойш өнөөдрийг хүртэл 4 жил гаруй хугацаанд намайг “яллагдагч”, “шүүгдэгч” болгон чирэгдүүлж, миний урагдсан хувцас хунараас эхлээд өмгөөлөгч нарт төлсөн 5-6 сая төгрөгийн хохирлыг барагдуулах эзэнгүй, эцэст нь хэл амтай, нэгдмэл сонирхолтой хүмүүсийн нэхэмжилсэн хэдэн сая төгрөгийг төлөх үүрэг хүлээж, өөрөө хохирсон мөртлөө гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болж үлдсэндээ гомдолтой байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч С.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд;

Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар дээрх шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байсан гэж үзэхээр байна.

Учир нь, хохирогч Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг нарын мэдүүлгүүд нь маш их эргэлзээтэй, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгүүд нь хэргийн бусад оролцогч болох гэрч Г.Дуламсүрэн, Ц.Солонго нарын мэдүүлгүүдээс зөрүүтэй, хохирогч нар нэгдмэл ашиг сонирхолтой байсаар байхад мөрдөгч, прокурор, шүүх үүнийг харгалзан үзээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг анхнаасаа хэт нэг талыг барьж, хохирогч нарын талд илэрхий хууль бус үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал, шүүгдэгч С.Б нь анхнаасаа болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч, тухайн цаг хугацаанд нь гомдол гаргаж, тухайн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” төвийн 2 дугаар давхарт байрлаж байсан “NRC” ХХК-ийн түр байрлаж байсан гэх албан өрөөнд тус компанийн захирал Л.Нарангэрэл, түүний охин Л.Гэрэлцэцэг нарт цохиулсан, зодуулсан, хувцсаа уруулсан, доромжлуулсан талаараа цагдаагийн байгууллагад тэр даруйд нь очиж өөрийн биеэр мэдүүлэг өгч, шүүх эмнэлэгт үзүүлсэн байдаг. Энэ өдөр Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг нар нь цагдаагийн хэлтэс дээр ирж хэрүүл хийж, тухайн өдрөө огт мэдүүлэг өгөөгүй, шүүх эмнэлэгт үзүүлээгүй явсан байдаг. Мөн энэ үед гэрч Ц.Солонгыг тэр даруйд нь асууж мэдүүлэг аваагүй, харин 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр буюу 3 сарын дараа асуусан байдаг. Гэрч Ц.Солонго нь “С.Б нь хохирогч нарын хэн алиныг зодсныг хараагүй” гэж тодорхой мэдүүлдэг.

С.Бгийн гаргасан гомдлыг шийдвэрлээгүй, Л.Наранцэцэг, Л.Гэрэлцэцэг нарын гомдлыг хууль бусаар хүлээн авч, тоо бүртгэлд оруулалгүй шийдсэн байдаг. Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг нар нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр буюу 6 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа нь С.Б нь тэдэнд гэмтэл учруулсан гэж үзэх, түүнийг нотлох баримтаар үнэлэхэд маш их эргэлзээ бүхий байдал үүсгэж байдаг. Түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилж байгаа нь хэний хүсэлт, санаачлагаар, гомдлоор томилж байгаа нь тодорхойгүй байна.

Хохирогч Л.Нарангэрэлийн зүгээс бүрдүүлж өгсөн гэх хохирлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангахгүй маш олон баримтууд байдаг.

Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хэт субъектив талаас хандаж “шүүгдэгч, хохирогч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ” хэмээн дүгнэсэн байх боловч хохирогч нар ямар байдлаар дээрх үйлдэл гаргасныг огт дурдаагүй, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бүрэн боломжтой гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан үйлдэл байхад үүнийг харгалзан үзээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг бүрэн нотлоогүй байхад оролцогч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Мөрдөгч нь хохирогч нар шинжээчийн дүгнэлтийг биечлэн танилцуулаагүй байдаг. Тухайлбал; хохирогч Л.Гэрэлцэцэгийн дүгнэлтийг Л.Нарангэрэлд танилцуулж гарын үсэг зуруулаагүй, тайлбар бичүүлсэн байдаг.

Мөн яллагдагч болон хохирогч нарт хэрийн материал танилцуулалгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн, хоёр удаа залгасан тэмдэглэл хөтөлсөн байдаг.

Яллагдагч С.Бд ял сонсгож байцаалт аваагүй, яллаж байгаа хэргийг хүлээн зөвшөөрсөн эсэх, зүйл, ангийг хүлээн зөвшөөрсөн эсэхийг асуугаагүй байдаг. Мөн ямар хэрэгт яллаж байцаалт авч байгаа нь ойлгомжгүй байдаг.

Иймд шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хянан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Бг цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогч Л.Гэрэлцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ээжтэйгээ хамт шүүх хуралд орж байгаадаа харамсаж байна. Миний хөгшин настай ээжийг зодож гэмтээчихээд уучлалт гуйгаагүй” гэв.

Хохирогч Л.Нарангэрэл тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбар байхгүй” гэв.

Хохирогч Л.Нарангэрэлийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Л.Нарангэрэл ажил дээрээ байхад нь С.Б, Г.Дуламсүрэн нар ирж хэрүүл маргаан үүсгэсэн. Мөн түүний урд өдөр байрны гадаа хашгирч зүй бус үйлдэл үүсгэсэн. Л.Гэрэлцэцэгийг эхэлж зодоход нь түүнийг болиулах гэж очсон Л.Нарангэрэлийн баруун гарыг мушгин дарж түлхэж унагааснаас биед нь гэмтэл учирсан. Энэ гэмтэл хүнд, хөнгөн эсэх асуудлаар 4 жилд 5 өөр дүгнэлт гарсан. 4 жил шалгасан учраас мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээсээ бодитоор хийгдсэн гэж үзэж байна. Нэг талыг хэт барьсан асуудал байгаагүй. С.Б өөрийн гэм буруутай байдлыг мэдрээд арга хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн, нотлох баримтад тулгуурласан гэж үзэж байна” гэв.

Хохирогч Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч С.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй хохирогч нарыг хохирсон дээр нь хохироож байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Л.Гэрэлцэцэгийн гэмтэл одоо болтол эдгэрээгүй хавантай явж байна. Гэм бурууд ямар нэг байдлаар дүгнэлт хийгээгүй. Харин ч хохирогч нарт зодуулсан гэж яриад явж байгаа. Шүүгдэгч гэм буруугүй гэдгээ өөрөө нотолж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн материалтай танилцаад прокурорын эрх, үүргийн хэмжээнд дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Зан харилцаа, ёс суртахууны түвшин дутагдсан гэдэг нь хүний амь бие, эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл юм. Тухайн үйл явдал болоход Г.Дуламсүрэн, С.Б нар хамтдаа нэг зорилготой очсон. Мөнгө авах гэж очсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” төвийн 2 дугаар давхарт 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр иргэн Л.Наранцэцэг, Л.Гэрэлцэцэг нартай мөнгөний асуудлаас болж маргалдаж, Л.Гэрэлцэцэгийн зүүн гарыг мушгин түлхэж унагаан, толгой руу  нь гараараа цохиж зүүн гар, зүүн шилбэ рүү өшиглөж, биед нь тархи доргилт, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, баруун сарвууны 5 дугаар хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, Л.Нарангэрэлийн баруун гарыг мушгин түлхэж унагаан мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Гэрэлцэцэгийн “...би ээж Л.Нарангэрэлийг аваад ажил дээр нь очиход ээжийн өрөөнд С.Б, Г.Дуламсүрэн нар ээжийг дарамталж “мөнгө өг” гэж шаардахаар нь би гар утсаараа бичлэг хийсэн. Г.Дуламсүрэн нь намайг “чи яагаад гар утсаараа бичлэг хийгээд байгаа юм” гэхээр нь би “протокол хөтөлж байна” гэж хэлсэн. Өмгөөлөгч С.Б босож ирээд “чи наад бичлэгээ зогсоо" гэж хэлэхээр нь би “үгүй зогсоохгүй” гэж хэлсний дараа Б миний гар утсыг булааж аваад миний хувцаснаас зуурч зүүн гар мушгиад дээрээс дарж унаад, хоолой бооход хажуу талаас манай ээж “чи яаж байгаа юм бэ, хүн аллаа” гэхэд С.Б манай ээжийн баруун гарыг мушгин түлхэж газар унагаагаад зодож эхэлсэн. Хажуу талаас манай нягтлан эмэгтэй Солонго, Г.Дуламсүрэн нар хараад зогсож байсан. ...” /1хх 28/,

хохирогч Л.Нарангэрэлийн "...2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Дэлгэр төвийн 2 давхарт байх оффис дээрээ ирэхэд Г.Дуламсүрэн надаас түрүүлээд ирчихсэн Солонготой тооцоо нийлээд сууж байсан. Дуламсүрэнтэй хуульч Б гэх хүн хамт байсан. Тухайн үед үнэмлэхээ үзүүлээд “би хуулийн хүн байна, та нар энэ мөнгийг төлөхгүй бол шоронд оруулна, цагдаад барьж өгнө” гэх мэтээр доромжлоод байсан. Тухайн үед манай охин Л.Гэрэлцэцэг ирээд “манай ээж рүү битгий дайраад бай” гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Г.Дуламсүрэн, С.Б хоёр уурлаад манай охин руу дайраад “гар утсаараа бичлэг хийхээ боль, наадахаа унтраа, наашаа өгөөдөх” гээд байсан. Манай охин болсон явдлыг бичиж байсан бөгөөд утсаа өгөхгүй гэсэн чинь С.Б очоод түүний гараас утсыг нь булааж авсан. Манай охин утсаа өгөхгүй гээд түүнтэй зууралдсан. С.Б нь манай охины толгой руу цохиод үснээс нь зулгааж, хөл рүү өшиглөөд гараараа хоолойг нь боож унагаад дээрээс нь дараад байсан. Намайг очоод салгах гэхэд С.Б миний баруун гарыг мушгиж ар нуруунд нааж барьчихаад хөдөлгөхгүй байсан. Би тухайн үед “болиоч, миний баруун гар өвдөөд байна” гэсэн чинь улам мушгиад дарж байгаад намайг газар түлхэж унагаад Г.Дуламсүрэнтэй хамт гадагшаа гараад явчихсан. ..." /1хх 25-26/,

гэрч Ц.Солонгын “...Л.Нарангэрэл захирал Г.Дуламсүрэнтэй уулзаад ярилцаж байтал хамт явсан залуу нь нэг үнэмлэх үзүүлээд “би хуулийн хүн байна, ...Энэ эмэгтэйн мөнгийг хурдан гаргаж өгөөрэй, удаж байна” гэх зэргээр заганаж эхэлсэн. ...Л.Гэрэлцэцэг өөрийн гар утсаараа бичлэг хийх гэтэл нөгөө эрэгтэй Л.Гэрэлцэцэгийн хоолой билүү, цээжнээс заамдаад утсыг нь булааж авах гэж оролдсон. Л.Гэрэлцэцэг бас өгөхгүй гээд эсэргүүцээд зууралдаж байсан. Тэр үед Л.Нарангэрэл захирал дундуур нь ороод салгах гэтэл нөгөө залуу Л.Нарангэрэл захирлын нэг талын гарыг нь мушгиад хайрцагтай байсан баримтууд дээр түлхэж унагаасан. Тэрийг хараад Л.Гэрэлцэцэг бас дундуур нь орж салгах гэтэл тэр залуу бас Л.Гэрэлцэцэгийг түлхэж унагаасан. Миний харснаар тэр залуу Л.Гэрэлцэцэгийг хана руу түлхэж байсан. ...” /1хх 88-89/,

гэрч Г.Дуламсүрэнгийн “...2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 12 цагийн үед би өөрийн найз С.Бгийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Дэлгэр төвийн 2 давхарт байх өрөөнд Л.Нарангэрэлтэй уулзахаар очсон. С.Б бид хоёрыг очиход Л.Нарангэрэл ирээгүй байсан. 13 цаг 45 минутын үед дахин орж үзэхэд нягтлан Солонго нь ганцаараа сууж байсан. 13 цаг 50 минутын үед Л.Нарангэрэл нь өөрийн охин Л.Гэрэлцэцэгийн хамт орж ирсэн. ...гэнэт С.Б, Л.Гэрэлцэцэг нар хоорондоо зууралдаад байсан ба хажуунаас нь Л.Нарангэрэл очоод С.Бг өшиглөж, цохиж байгаа нь харагдсан бөгөөд тэр үед Солонго нь хажуунаас нь очоод салгах гэж байгаа харагдсан. Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг нар С.Бтэй зууралдаад байсан бөгөөд сиймхий гарахаар нь би хаалгаар гадагшаа коридорт гараад С.Бг гарч ирэхийг хүлээж байсан. Дотор юу болсныг мэдэхгүй, ямар ч байсан хүмүүс орилж чарлаад байсан. ...” /1хх 29-30/,

гэрч Л.Гантуяагийн “...манай ээж хүнд зодуулчихсан гээд гараа сойчихсон, уйлчихсан байдалтай ирсэн. Маргааш нь Л.Гэрэлцэцэг ирээд ээжийг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Явахдаа өчигдөр орой цонх руу чулуу шидээд байсан эмэгтэй нэг залуутай хамт ирээд ээж бид хоёрыг зодчихсон гэж хэлсэн... Өөрийг нь харахад хөл гар нь битүү хөх няц болчихсон харагдаж байсан. ...” /1хх 91-92/,

шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дүрс оношлогооны танхимын ахлах багш анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч Д.Түвшинжаргалын Эрүүл мэндийн яамны Дүрс оношлогооны салбар зөвлөлийн томилолтын дагуу Дүрслэлийн шинжилгээний дүгнэлтийн талаар хүргүүлсэн саналд булчингийн уутны үрэвсэл, үений хөндийд булчингийн уутанд цугларсан шинж дүрслэлийн шинжээр шинэ цусан бүтээгдэхүүн агуулаагүй, мөн супраспинатус булчингийн өөхөн хатингарал илэрсэн нь өмнө нь байсан архаг өөрчлөлтүүд гэсэн байсан ба уг зураг нь тухайн хэрэг болсон өдөр авахуулсан зураг байсан учраас хэрэг болохоос өмнө үүссэн хуучин гэмтэл гэж үзсэн. ...” /1хх 117-118/,

шинжээч эмч О.Болороогийн “...14142 дугаартай шинжээч эмч Т.Номинцэцэгийн дүгнэлтээр баруун дал ясны цууралт гэмтэл тогтоогдлоо гээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан. 1357 дугаартай дүгнэлтээр эмч Т.Номинцэцэгийн дүгнэсэн дал ясны цууралт гэмтэл нарийвчилсан шинжилгээ болох MRI шинжилгээгээр батлагдаагүй гэж үзсэн. Харин далны булчингийн шөрмөс урагдсан гэмтэл тогтоогдлоо гээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн байна. Гэтэл 105 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шинжээч эмч нарын бүрэлдэхүүн гаргахдаа Эрүүл мэндийн яамны Дүрс оношлогооны салбар зөвлөлийн эмч Д.Түвшинжаргалын саналыг үндэслэн Л.Нарангэрэлийн биед баруун далны булчингийн шөрмөсний хуучин урагдал тогтоогдсон гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, 105 дугаартай дүгнэлт нь 14142, 1357 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэл муутай болохыг нотолсон байна. Комиссын шинжээч бид нар 662 дугаартай дүгнэлтийг гаргахдаа 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр рентген, MRI, дискийг дүрс оношлогооны эмч С.Чулуунсүхээр уншуулахад мөрний дээд шөрмөс хөндлөн урагдалтай, далны дээрх шөрмөс сэлтэрсэн урагдалтай, орчны эдэд цус хуралтгүй, үений шингэн ихэссэн, ясанд гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй, үений уутны бүтэц хэвийн гэсэн нь Дүрс оношлогооны салбар зөвлөлийн эмч Д.Түвшинжаргалын саналтай тохирч байсан. Л.Нарангэрэлийн биед учирсан далны шөрмөсний урагдал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгүй гэж үзсэн. Л.Нарангэрэлийн биед учирсан далны шөрмөсний урагдал гэмтэл нь хуучин гэмтэл болох нь тогтоогдсон. ...” /2хх 179-180/ гэх мэдүүлгүүд,

“Л.Гэрэлцэцэгийн биед баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, зүүн сарвууны 5 дугаар хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, зүүн бугуйн толгойт ясны хэмийн няцралын дараах уйланхайжилт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 847 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт /2хх 37-38/,

“Л.Нарангэрэлийн биед тухайн үед буюу 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 662 дугаартай хавтаст хэргийн материалаар хийгдсэн шинжээчийн дүгнэлт /2хх 19-20/,

“2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 565 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт /2хх 199-201/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 19-24, 2хх 41-42/, хохирлын баримтууд /1хх 147-152, 2хх 77, 82, 84-85/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан, яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч С.Бг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч С.Бгийн 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Харин шүүхэд хууль буцаан хэрэглэх нөхцөл байдал үүссэн бөгөөд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч С.Бгийн “...хэргийн эргэлзээтэй нөхцөл байдал, үйл баримтуудад дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, хэргийн оролцогчдын мэдүүлгүүд зөрүүтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлөгч С.Чинзоригийн “...шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Бг цагаатгаж өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шинжээчийн дүгнэлт бол шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг бөгөөд шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэж заасны дагуу оролцогчдын гаргасан хүсэлтийг хангаж хэд хэдэн шинжээчийн дүгнэлтүүд гарсан байна.

Хэрэг гарсан нөхцөл байдал, үйл баримттай холбоотой гомдлын тухайд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсний дагуу шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Түүнчлэн С.Бгийн үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдож байх бөгөөд түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй, өөр бусдаас хохирогч нарт хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогч нарын биед гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн С.Бгийн үйлдлүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй болно.

Харин хохирогч Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг нар нь гэм хорын хохиролд 11.246.000 төгрөг нэхэмжилсэн бичгийн баримтууд хэрэгт цугларсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Гэрэлцэцэгийн эрүүл мэндэд нь баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, зүүн сарвууны 5 дугаар хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйн толгойт ясны хэмийн няцралын дараах уйланхайжилт бүхий гэмтэл, хохирогч Л.Нарангэрэлийн эрүүл мэндэд нь баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тус тус учирсан байх бөгөөд далны шөрмөсний урагдал бүхий гэмтэл нь 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс өмнө үүссэн гэмтэл болох нь тогтоогдож байхад мөрний гэмтэлтэй холбоотой эмчилгээний төлбөр 325000 төгрөгийг Л.Гэрэлцэцэгт /2 хх 85/  олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд тухайн хэрэгт холбогдолгүй зарим баримтуудыг үнэлж шүүгдэгч С.Бгээс нийт 952.783 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь  нь үндэслэлгүй болжээ.

Иймд шүүгдэгч С.Бгээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 896.965 төгрөг гаргуулж, хохирогч Л.Нарангэрэлд /607.783-75.818=531.965+325.000/=856.965 төгрөг, хохирогч Л.Гэрэлцэцэгт 40.000 /20+20/ төгрөгийг  тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтад “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан...” гэснийг  “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан...” гэж,

- 2 дахь заалтад “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан...” гэснийг “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан...” гэж,

- 4 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгээс 952.783 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Нарангэрэлд 607.783 төгрөгийг, хохирогч Л.Гэрэлцэцэгт 345.000 төгрөгийг тус тус олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгээс 896.965 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Нарангэрэлд 856.965 төгрөгийг, хохирогч Л.Гэрэлцэцэгт 40.000 төгрөгийг тус тус олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ