Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/185

 

 

   2024       05         01                                                2024/ШЦТ/185

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2024/00175/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч М.Баярзориг /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ****** овогт Мөнхбаярын Баярзоригийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000311 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Аюуш овогт Мөнхбаярын Баярзориг /РД: ТЕ91112314 /, 1991 оны 11 дүгээр сарын 23 -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай , эрэгтэй , дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 , эхнэр , хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 32 дугаар брак байрны 6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч М.Баярзоригийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Баярзориг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 5777 ДАУ улсын дугаартай Mitsubishi Delica маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Баярзоригийн : “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2418000000311 дугаартай хэргээс:

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “... Аюуш овогт Мөнхбаярын Баярзоригийг шалгахад 2,19% тоот үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0196209 дугаартай “... М.Баярзоригийг Зөрлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 400,000 төгрөгөөр торгож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасав.” гэх шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

Гэрч Ч.Одбаярын мөрдөн байцаалтад 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “... Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Дрейвэн хэсэгт нэгдсэн хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байж болзошгүй 5777 ДАУ улсын дугаартай Mitsubishi Delica маркийн тээврийн хэрэгслийг зогсох дохио өгөхөд уг машин зогсохоор нь жолооч гэх ТЕ91112314 регистрийн дугаартай Мөнхбаярын Баярзориг гэх хүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар шалгахад 2,19% гарсан. Уг хүний биеийн байцаалтын дагуу цагдаагийн тусгай сангаас шүүн үзэхэд М.Баярзориг нь 2023 оны 08дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ  1 жилийн хугацаагаар хасуулсан байсан учир бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Уг хүн ямар нэгэн байдлаар согтуурлын зэрэг шалгуулахад татгалзаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

М.Баярзоригийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр сэжигтнээр, 04 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн өдөр Улаанбаатар хотоос манай найз ирээд гурван найзын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Хараа голын эрэг дээр архи согтууруулах ундааны зүйл буюу 700 граммтай Агар нэртэй архи 1 шил, 2 ширхэг Нийслэл нэртэй пиво хувааж уугаад найз Эрдэнэболдыг машин бариад өгөөч зам дээр хүлээгээд байя гэж хэлчхээд 5777 ДАУ улсын дугаартай Mitsubishi Delica маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Найз Батхишиг жолоочийн эсрэг талын урд суудалд суугаад явж байсан. Тэгтэл цагдаа зогсоогоод  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 2,19% гарсан. Би 2023 оны 08 дугаар сарын дундуур найзуудтайгаа пиво уучхаад явж байгаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 24 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Баярзоригийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Баярзоригийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Баярзориг нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч М.Баярзоригийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баярзоригт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 16 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх  хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Баярзориг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Аюуш овогт Мөнхбаярын Баярзоригийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баярзоригт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баярзоригт оногдуулсан 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг 16 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Баярзориг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баярзоригт шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Баярзориг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Баярзоригт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР