| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2021/01196/И |
| Дугаар | 101/ШШ2021/01547 |
| Огноо | 2021-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2021/01547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Н-д холбогдох,
Арилжааны гэрээний үүрэгт 1,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс хариуцагч Ч.Нд нийт 2.600.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн болно. Тухай үед түүний нөхрийг таньдаг байсан тул амаар тохирч зээлийн гэрээ байгуулан түүний эзэмшлийн ******* тоот данс уруу өөрийн эзэмшлийн ******* тоот данснаас 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, оны 03 дугаар сарын 04-ний өдөр 100.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болно. Үүнээс хойш зээлээ буцаан төлөх хугацаа дууссан боловч хариуцагчийн зүгээс надад 700.000 төгрөгийг буцаан төлсөн ба үлдэгдэл 1,900,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагчаас үлдэгдэл 1.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зээлийн гэрээний үүрэгт 1 900 000 төгрөг гаргуулна. Хариуцагчийн нөхөр О******* болон манай нөхөр бид 4 машин солилцсон. Улмаар би 3 хувааж нийт 2 600 000 төгрөг өгсөн. Машины үнийн зөрүү юм. 9 сарын дараа Н******* нь машинаа буцаагаад солиод авсан мөнгөө буцааж өгөхөөр тохирсон. Улмаар 700 000 төгрөг өгсөн. Үлдэгдлийг нь 7-14 хоногийн хугацаанд өгнө гэсэн. О******* нь машин засдаг хүн юм. 2019 онд тохирсон боловч 2020 онд өгөөгүй. 2021 онд тааралдахад цар тахлаас болоод өгч чадахгүй гэсэн. Тэгээд би шүүхэд өгсөн. О******* нь машин засдаг хүн тул таньдаг хүнээрээ баримт бичүүлэх боломжтой. Машиныг манай хашаанаас унаад явсан. Би машиныг нь бараг ашиглаагүй. Эвдрэл гэмтэл учруулаагүй. Манай нөхөр тал харвасан тул ашиглаж чадаагүй. Жилийн хугацаанд манай хашаанд байсан ба 2-3 удаа л төмөр ачсан. Машин солилцсон боловч өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад зээл гэж бич гэснээр нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Ч.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.У-н 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Дээрх нэхэмжлэлд бодит байдлаас зөрүүтэй худал тайлбарласан байх бөгөөд миний зүгээс Б.У-с мөнгө зээлсэн үйлдэл огт байдаггүй бодит байдал дээр миний нөхөр Б.О*******тай наймаа хийж хоёр талаас машин солилцон Б.У*******-д ******* УБТ маяти2 маркийн тээврийн хэрэгслийг өгч зөрүүнд 3.500.000 төгрөгийг аван зөрүүлээд ******* УБМ портер маркийн тээврийн хэрэгслийг өгч солилцсон болно. Гэвч Б.У-н өгсөн тээврийн хэрэгсэл нь асдаггүй ашиглах боломжгүй байсан ба зөрүү мөнгөнд 1.600.000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгөө өгөх боломжгүй байна хэмээн төлөөгүй бидний зүгээс 800,000 төгрөгийг буцаан төлж тэд гэрээгээ цуцалж дээрх 2 тээврийн хэрэгслийг буцаан өгөлцсөн болно. Үүнтэй холбоотойгоор бидэнд ихээхэн хохирол учирсан бөгөөд Б.У нь биднээс авсан машинаа 1 жилийн хугацаанд ашиглан ашиг олж мөн ихээхэн эвдрэл учруулсан тул манай нөхөр өөрөөс нэмж зардал гарган эвдрэл гэмтлийг засварласан болно. Мөн манай нөхрийн авсан портер машин нь асдаггүй эвдрэл гэмтэлтэй байсан тул ахин зардал гарган засварласан болно. Иймд миний зүгээс түүнээс мөнгө зээлсэн зүйл огт байдаггүй бөгөөд гагцхүү миний нөхөр Б.О*******, Б.У нарыг хооронд үүссэн наймаа байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 800,000 төгрөг бэлнээр буцааж өгсөн учир баримт алга гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь зээлийн гэрээний үүрэгт 1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед зохигчийн хооронд арилжааны гэрээний харилцаа үүсэж, улмаар гэрээнээс татгалзсан бөгөөд арилжааны гэрээний зүйлийн үнийн зөрүүнд төлсөн төлбөрт 1,900,000 төгрөг буцаан гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч Ч.Н нь зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин авто машин солилцож үнийн зөрүүг авсан бөгөөд 800,000 төгрөг буцааж өгсөн ба буцаан авсан өөрийн машины эвдрэлийг зассан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх хариуцагчид 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан. Улмаар шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6-д зааснаар хүргүүлсэн. Түүнчлэн хэргийн оролцогч нь шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Гэвч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хуралдаанд оролцох боломжгүй талаар ямар нэг хүсэлт, тайлбар ирүүлээгүй байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа ******* УНТ улсын дугаартай авто машиныг нэхэмжлэгчид өгч, ******* УБМ улсын дугаартай авто машин болон үнийн дүнгийн зөрүүг нэхэмжлэгчээс авсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь энэхүү үйл баримтын талаар маргаагүй, зөвшөөрсөн.
Энэхүү үйл баримтаас дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний зүйлийн үнийн дүнгийн зөрүүг мөнгөн хэлбэрээр тооцож төлсөн нь мөн хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д нийцнэ.
Зохигч хэн аль нь энэхүү арилжааны гэрээний зүйл буюу авто машиныг харилцан буцааж өгсөн эсэх талаар маргахгүй байна. Иймд шүүх гэрээнээс татгалзах эрх үүссэн эсэх талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.
Харин зохигчид хэн аль нь үнийн дүнгийн зөрүүнд авсан мөнгө болон буцаан төлсөн мөнгөний талаар зөрүүтэй тайлбар гаргасан.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаан өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь Хаан банканд ******* тоот, хариуцагч нь тус банканд ******* тоот данс эзэмшдэг болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 5-7, 20-29 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус хариуцагчийн дээрх дансанд шилжүүлсэн болох нь хэн алины дансны хуулгаар тогтоогдсон. Үүнээс тооцвол нэхэмжлэгч нь нийт 1,600,000 төгрөгийг хариуцагчид олгосон байна.
Нэхэмжлэгч нь дээрх мөнгөнөөс 700,000 төгрөгийг буцаан авсан гэж тайлбарласан бол хариуцагч нь 800,000 төгрөг буцаан өгсөн гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Улмаар хариуцагч нь 800,000 төгрөг өгсөн талаар нотлоогүй бөгөөд баримтгүй гэж хариу тайлбартаа дурдсан байх тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээ болох 700,000 төгрөгийг буцаан өгсөн гэж үзнэ.
Хариуцагч нь үлдэх мөнгийг буцааж өгөөгүй талаар маргаагүй боловч өөрийн буцаан авсан авто машиныг засварлахад зарцуулсан гэж маргаж байна. Гэвч энэ асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх үүнийг дүгнэх, өөрөөр хэлбэл учруулсан гэх хохирлыг харилцан тооцох, дүгнэх боломжгүй.
Дээрхийг үндэслээд нэхэмжлэгчийн олгосон 1,600,000 төгрөгөөс хариуцагчийн буцаан өгсөн 700,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас үлдэх 900,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД