| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2021/0210/и |
| Дугаар | 182/ШШ2021/01390 |
| Огноо | 2021-06-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2021/01390
| 2021 06 23 | 182/ШШ2021/01390 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ТӨХХК -д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 172,697,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунтуул, Ц.Мөнхбаяр, өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн төлөөлөгч Д.Ууганбаяр, Ж.Санчир, гэрч О.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2014/2-35 дугаартай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2015/2-02 дугаартай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2016/2-06 дугаартай гэрээ зэргийг Т ТӨҮГ-тай хийж ажилласан. Эдгээр 4 гэрээний үүргээ хууль болон гэрээнд заасан журмын дагуу бүрэн биелүүлсэн. Гэтэл 2014/2-35 дугаартай гэрээ ёсоор манай компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдах Буянт Ухаа 2 хорооллын 54 айлын 9 давхар 48 орон сууцны барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналтыг хийж ашиглалтад оруулж, барилга угсралтын ажлыг улсын комисст хүлээлгэн өгөх үүргийг 378,129,117 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд энэ үүргээ гэрээнд зааснаар бүрэн биелүүлсний үр дүнд уг барилгыг 2019 оны 9 дүгээр сард Улсын комисс барилга угсралтын ажлыг хүлээн авсан. Харин Т нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 13,251,647 төгрөг төлөх үүргээ, 2014/2-60 дугаартай гэрээгээр Буянт Ухаа 2 хороолол төслийн батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2 дугаар ээлжийн барилгажих 12 давхар 72 айлын 60 ширхэг орон сууцны барилгын холболтын зураг төсөл, төсөв боловсруулах ажлыг 1,624,884,540 төгрөгөөр хийж гүйцэтгэх үүрэг хүлээж, үүргийн гүйцэтгэлийг захиалагч талтай хамтран 2016 оны 02 дугаар сарын 29-ний байдлаар Буянт Ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн зураг төслийг 87.01 хувиар тооцож акт үйлдсэн гэрээг дүгнэсэн байгаа ч Т нь үлдэгдэл тооцоо болох 149,346,676.25 төгрөгийн төлбөр төлөх үүргээ, 2015/2/02 дугаартай гэрээгээр Орхон аймаг, Баян-Өндөр сум дах 63 айлын 9 давхар 5 орон сууцны барилгын барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналтыг барилга угсралтын ажлыг улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд 38,807,147 төгрөгөөр хийж гүйцэтгэх үүргээ манай компани бүрэн биелүүлж, захиалагч Т-д ажлын тайлангаа 2019 оны 12 дугаар сард хүргүүлж, Улсын комисс уг барилга угсралтын ажлыг хүлээн авсан ч захиалагч тал гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 7,107,147 төгрөгийг төлөх үүргээ, 2016/2-06 дугаартай гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 8 дугаар хэсгийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12.5 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг 14,960,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон үүргээ манай компани бүрэн биелүүлсэн боловч Т нь гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 2,992,000 төгрөг төлөх үүргээ тус тус биелүүлэхгүй байгаа тул К ХХК нь дээрх 4 гэрээний дутуу гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлд Төрийн орон сууцны корпорац ТӨҮГ-аас нийт 172,697,470 төгрөг гаргуулна. Нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.6 дахь хэсэгт заасан гадна шугам сүлжээний иж бүрэн ажлын зураг төсөв буюу манай туслан гүйцэтгэгч Түвшинжин ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/209 албан тоотоор хүргүүлсэн зураг төслийг хүлээн авсан тухай баримт гаргаж өгөхийг даалгах, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.7 дахь хэсэгт заасан үйлчилгээний барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй экспертизийн дүгнэлт гаргуулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгах, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.8 дахь хэсэгт заасан кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй зураг төсвийн даалгавар боловсруулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгахаар нэмэгдүүлсэн. Т ТӨХХК нь өөрийнхөө гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйнхээ бурууг хүлээхийн оронд шүүхэд гаргасан тайлбартаа манай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... К ХХК нь нийт хийгдэх ажлуудаас 2014/02-60 тоот гэрээний 2.1.6-д заасан гадна шугам, сүлжээний иж бүрэн ажлын зураг, төсөв, 2.1.8-д кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг, төсөв зэрэг нийт 280,000,000 төгрөгийн ажлуудыг огт хийгээгүй, Т ТӨХХК-д хүлээлгэн өгөөгүй байна гэж манай компанийг гэрээний 5.1, 5.2, 5.3-т заасныг зөрчсөн мэтээр илт мушгин гуйвуулж, дан ганц өөрийнхөө хийсэн тооцоог хавсарган ирүүлж байгаа нь биднийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Манай К ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2 дугаар зүйлд заасан 8 ажлыг бүрэн биелүүлж, үүргээ гэрээнд заасан ёсоор гүйцэтгэсэн ба гэрээний 2.1.6-д заасан гадна шугам сүлжээний иж бүрэн ажлын зураг төсөв, 2.1.8-д заасан кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг төсөв төдийгүй 2.1.7 дах хэсэгт заасан үйлчилгээний барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн ажлуудыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон боловч харин хариуцагч буюу захиалагч тал болох Т-ийн зүгээс дээрх ажлуудыг баталгаажуулахад шаардлагатай техникийн нөхцөлийг гаргаж өгөхгүй, гүйцэтгэсэн ажлуудыг хүлээн авахгүй байгаа атлаа өнөөдөр ийм юм яриад сууж байгааг гайхаж байна. Т нь энэхүү 2014/2-60 дугаартай барилгын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зураг, төсөв зохиох, боловсруулахад шаардлагатай зургийн даалгавар, геодезийн дэвсгэр зураг, инженер геологийн дүгнэлт зэрэг холбогдох баримтыг бэлтгэн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны дотор гүйцэтгэгчид өгсөн байна гэсэн үүргээ биелүүлээгүй байснаас үүдэн, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Буянт Ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн зураг төсөл хүлээлцсэн актаар манай гүйцэтгэсэн ажлыг бүрэн хүлээж авах боломжийг хангах тодорхой үүрэг хүлээсэн. Энэ актаар хууль болон гэрээнд заасан журмаар талууд хамтран үүргийн гүйцэтгэлээ харилцан дүгнэж, гэрээний үүргээ хэн нь хэрхэн, яаж биелүүлснийг дүгнэж 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр талууд хамтран Буянт ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн зураг төсөл хүлээлцсэн акт үйлдэж үүнийхээ 10, 11, 12 дугаар мөрүүдэд дээр дурдсан ажлын гүйцэтгэл, тэдгээрийн нийт гэрээт ажилд эзлэх хувийн жин, хүлээлцээгүй шалтгаанаа тодорхой дурдаж захиалагч талаас гүйцэтгэх үүргийг тодорхойлж өгсөн боловч тэднийх уг актаар хүлээсэн үүргээ ч одоо хэр биелүүлээгүй, манай хийсэн ажлыг ч хүлээж авахаас элдвээр зайлсхийж байгаа атлаа өнөөдөр манайхыг үүргээ гүйцэтгээгүйгээс шалтгаалж гэрээт ажлын төлбөрийг төлөх боломжгүй гэсэн тайлбар хийж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Ингэж хариуцагч Т нь 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 4.1 дэх хэсэгт захиалагчийн хувьд зураг төсөв зохиох, боловсруулахад шаардлагатай холбогдох баримтыг гүйцэтгэгч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Хариуцагч Т ТӨХХК-д гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Буянт Ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн зураг төсөл хүлээлцсэн актын 10, 11, 12 дугаар мөрүүдэд дурдагдсан, манай зүгээс бэлэн болгочихсон байгаа ажлуудыг баталгаажуулахад шаардлагатай холбогдох баримт бичгүүдийг гаргуулах, дурдсан ажлуудыг хүлээн авахыг Т ТӨХХК-д даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Ууганбаяр, Ж.Санчир нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн орон сууцны корпорац ТӨХХК нь К ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2014/2-60 тоот Буянт Ухаа 2 хороолол төслийн батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2 дугаар ээлжийн барилгажих 12 давхар 72 айлын 60 ширхэг орон сууцны барилгын холболтын зураг төсөл, төсөв боловсруулах барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээг байгуулан тус гэрээний 3.1-т Захиалагч нь гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд 1,624,884,540 төгрөгийг олгох бөгөөд урьдчилгаа 10 хувь буюу 168,488,454 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 2 хоногийн дотор гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ, мөн 3.2-т Үлдэгдэл төлбөрийг энэ гэрээний санхүүжилтийн 5 хувь буюу 81,244,227 төгрөгийг эхний санхүүжилтээс суутган БУА-ыг улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл 1 жилийн хугацаанд барьцаанд үлдээнэ гэж заасны дагуу Т ТӨХХК нь гэрээнийхээ үүргийг биелүүлж гэрээнд заасан зарим ажлуудыг хийж 80,18 хувьтай хүлээлгэн өгсөн. Үүнээс нийт 1,264,465,362 төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Дээрх гэрээний 4.2-т Геологийн дүгнэлттэй уялдуулан иж бүрэн экспертизээр орсон зураг, төсөв хүлээн авна, 4.5-д Зургийн ажлыг эхлэхэд зургийн үнийн урьдчилгаа төлнө. Зургийн ажлыг бүрэн боловсруулж, дууссаны дараа иж бүрдлийг шалгаж, бэлэн болсон зургийг хүлээн авна гэж заасны дагуу Т ТӨҮГ нь К ХХК-иас гэрээнд заасан шаардлагын дагуу зургийн ажлуудыг авч холбогдох санхүүжилтийг олгож байгаа бөгөөд К ХХК нь гэрээний 5.1-д Гүйцэтгэгч байгууллагыг төлөөлсөн барилгын ажлын зураг, төсөв боловсруулах БНбД-д заасан үүргийн дагуу гүйцэтгэнэ, мөн 5.2-т Барилгын ажлын зураг, төсвийг энэ гэрээгээр тохирсон тоо, хугацаанд багтаан чанартай хийж тухай бүр нь албан ёсны дүгнэлт гарган захиалагчид хүргүүлнэ, 5.3-т Барилга тус бүрээр барилгын ажлын зургийг хүлээлгэн өгөхдөө эх хувиас гадна 4 хувь хуулбар зургийг захиалагчид өгнө гэж заасныг зөрчин өнөөдрийг хүртэлх хугацаанд К ХХК нь нийт хийгдэх ажлуудаас 2014/2-60 тоот гэрээний 2.1.6-д заасан Гадна шугам, сүлжээний иж бүрэн ажлын зураг, төсөв, 2.1.8-д Кино театр үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг, төсөв зэрэг нийт 280,000,000 төгрөгийн ажлуудыг огт хийгээгүй Т ТӨХХК-д хүлээлгэн өгөөгүй. Иймд нэхэмжлэгч К ХХК-ийн2014/2-60 тоот гэрээний 4.2-д заасан болон Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан барилгын зураг, төсөвт заавал “Магадлал” хийлгэсэн байх хуулийн шаардлагыг хангасан зураг төсөв ирүүлээгүй бөгөөд тус гэрээний 2.1.6, 2.1.7, 2.1.8-д заасан барилгын зураг, төсөвт заавал “Магадлал” хийлгэсэн байх ажлыг захиалагч болох Төрийн орон сууцны корпорац ТӨХХК-иар хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэсэлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Т ТӨХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 172,697,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.6 дахь хэсэгт заасан гадна шугам сүлжээний иж бүрэн ажлын зураг төсөв буюу манай туслан гүйцэтгэгч Түвшинжин ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/209 албан тоотоор хүргүүлсэн зураг төслийг хүлээн авсан тухай баримт гаргаж өгөхийг даалгах, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.7 дахь хэсэгт заасан үйлчилгээний барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй экспертизийн дүгнэлт гаргуулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгах, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.8 дахь хэсэгт заасан кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй зураг төсвийн даалгавар боловсруулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгах”-аар нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 172,697,470 төгрөг гаргуулна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь дээрх нэхэмжлэлийн үндэслэл биш, шаардлага гэж тайлбарлав.
Хариуцагч Т ТӨХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч К ХХК нь нийт хийгдэх ажлуудаас 2014/2-60 тоот гэрээний 2.1.6-д заасан Гадна шугам, сүлжээний иж бүрэн ажлын зураг, төсөв, 2.1.8-д Кино театр үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг, төсөв зэрэг нийт 280,000,000 төгрөгийн ажлуудыг огт хийгээгүй Т ТӨХХК-д хүлээлгэн өгөөгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Т ТӨҮГ-тай 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2014/2-35 дугаартай Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2014/2-60 дугаартай Барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2015/2-02 дугаартай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2016/2-06 дугаартай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 8 дугаар хэсгийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12.5 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил нэртэй гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулжээ.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2014/2-35 дугаартай гэрээний нийт дүн 378,129,117 төгрөг үүнээс үлдэгдэл 13,251,647 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай гэрээний нийт дүн 1,624,884,540 төгрөг үүнээс үлдэгдэл 149,346,676.25 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2015/2-02 дугаартай гэрээний нийт дүн 38,807,147 төгрөг үүнээс үлдэгдэл 7,107,147 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2016/2-06 дугаартай гэрээний нийт дүн 14,960,000 төгрөг үүнээс үлдэгдэл 2,992,000 төгрөг нийт 172,697,470 төгрөгийн тооцоололд маргаагүй.
Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй, үлдэгдэл төлбөр үүссэн гэж тайлбарлаж, шаардлагаа гаргасан бол хариуцагч гэрээнд заасан үүрэг бүрэн биелэгдээгүй буюу цаг хугацаа, үйл явдлын хувьд зарим зүйлс биелээгүй, гэрээний биелэлтийн эцсийн үр дүн гараагүй байгаа, хэрвээ үр дүн эцэслэн гарвал гэрээний төлбөрийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй тул одоо төлөх боломжгүй үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2015/2-02 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөрөөс 7,107,147 төгрөгийг хангаж, харин 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2014/2-35 дугаартай гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2016/2-06 дугаартай гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг олгох үндэсгүй гэж үзлээ.
Тодруулбал: 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2015/2-02 дугаартай гэрээний зохиогчийн хяналтын гэрээний санхүүжилтийн хуваарийн 2, 3, 7 дугаартай ажил хийгдээгүй, харин 1, 4, 5, 6 дугаартай ажлууд хийгдсэн болох нь зохигчийн тайлбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06-а/20 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул 7,107,147 төгрөгийг төлөх үндэстэй. /хх-ийн 205-209 тал/
Харин 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2014/2-35 дугаартай гэрээний нийт дүн 378,129,117 төгрөг үүнээс үлдэгдэл 13,251,647 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай гэрээний нийт дүн 1,624,884,540 төгрөг үүнээс үлдэгдэл 149,346,676.25 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2016/2-06 дугаартай гэрээний нийт дүн 14,960,000 төгрөг үүнээс үлдэгдэл 2,992,000 төгрөг байна.
Эдгээр гэрээний төлбөрийн үлдэгдэл төлөгдөх үндэслэл, ажлын гүйцэтгэлийг дүгнэх аргачлал нь тухайн ажлыг улсын комисс хүлээж авсны дараа байхаар талууд харилцан тохиролцсон гэж үзэхээр байх ба гэрээнд заасан ажлыг Улсын комисс хүлээж авсан нь баримтаар тогтоогдоогүй.
Гэрч О.Ууганбаяр шүүх хуралдаанд “К ХХК-тай байгуулсан 2014 оны гэрээгээр Буянт-Ухаа хорооллын барилга болон үйлчилгээний барилгыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Энэ 188, 89, 90, 91, 92, 93 дугаартай блокын барилга нь манай Буянт-Ухаа 2 хорооллын эхний ээлжийн 48 барилгын ерөнхий төлөвлөгөөнд орсон үйлчилгээний барилгын зураг байна. Буянт-Ухаа 2 хороолол гэдэг нь дахиад 60 блок барилгын тусдаа ерөнхий төлөвлөгөөтэй зураг байх ёстой. Энэ өгсөн зураг нь Буянт Ухаа 2 хорооллын зураг биш, өмнө нь хийгдсэн эхний 48 барилгын ажлын зураг бөгөөд энэ зураг нь магадлалаар ороогүй зураг байна. Магадлалаар орсон бол экспертизийн тамга байх ёстой. Тэгэхээр энэ 2 зураг нь хүчин төгөлдөр бус” гэж мэдүүлсэн.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж, мөн зүйлийн 208.4 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй” гэж, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж заажээ.
Үүнээс үзвэл хариуцагчийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2014/2-35 дугаартай гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2015/2-02 дугаартай гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2016/2-06 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүйд буруутгах үндэсгүй.
Иймд “Т” ТӨХХК-иас 7,107,147 төгрөг гаргуулж, К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 165,590,323 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн
шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч К ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.6 дах хэсэгт заасан гадна шугам сүлжээний иж бүрэн ажлын зураг төсөв буюу манай туслан гүйцэтгэгч Түвшинжин ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/209 албан тоотоор хүргүүлсэн зураг төслийг хүлээн авсан тухай баримт гаргаж өгөхийг даалгах, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.7 дахь хэсэгт заасан үйлчилгээний барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй экспертизийн дүгнэлт гаргуулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгах, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.8 дахь хэсэгт заасан кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй зураг төсвийн даалгавар боловсруулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгах”-аар нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.6 дахь хэсэгт заасан гадна шугам сүлжээний иж бүрэн ажлын зураг төсөв буюу манай туслан гүйцэтгэгч Түвшинжин ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/209 албан тоотоор хүргүүлсэн зураг төслийг хүлээн авсан тухай баримт гаргаж өгөхийг даалгах” шаардлага нь нотлох баримт гаргуулах хүсэлт гэж үзэхээр байх ба Т ТӨХХК нь уг зураг төслийг хүлээн аваагүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч К ХХК нь шүүхэд Түвшинжин ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/209 албан тоот, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний гадна шугам сүлжээний иж бүрэн ажлын зураг төсөв гэх баримтыг ирүүлсэн /хх-ийн 121-125 тал/ боловч захиалагчид хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй.
Мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.7 дахь хэсэгт заасан үйлчилгээний барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй экспертизийн дүгнэлт гаргуулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгах, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.8 дахь хэсэгт заасан кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй зураг төсвийн даалгавар боловсруулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгах шаардлага нь үндэслэлгүй байх бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний захиалагчийн эрх үүргийн 4.2-т Геологийн дүгнэлттэй уялдуулан иж бүрэн экспертизээр орсон зураг төсөв хүлээн авна, харин 5.2-т барилгын ажлын зураг төсвийг энэ гэрээгээр тохирсон тоо, хугацаанд багтаан чанартай хийж, тухай бүр нь албан ёсны дүгнэлт гарган захиалагчид хүргүүлнэ гэж гүйцэтгэгчийн эрх үүрэгт хамааруулан харилцан тохиролцсон байх тул захиалагч Т ТӨХХК-ийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч К ХХК нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, “Т”-ийн Буянт-Ухаа 2 хорооллын үйлчилгээний барилга 188, 189, 190, 191, 192, 193 дугаартай блокууд /Ажлын зураг/, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, “Т”-ийн Буянт-Ухаа 2 хорооллын Кино театрын барилга /Ажлын зураг/ ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй хуулбар зураг байх ба гэрч О.Ууганбаярын “Энэ зураг нь манай Буянт-Ухаа 2 хорооллын эхний ээлжийн 48 барилгын ерөнхий төлөвлөгөөнд орсон үйлчилгээний барилгын зураг байна” гэх мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй.
2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ТХЗХ-ын мэргэжилтэн Г.Цэнгэл дүгнэлт гаргаж “...гэрээт ажлын 2.1.6-д заасан гадна шугам, сүлжээний ажил хүлээлгэн өгсөн гэх ажил одоог хүртэл манайд хүлээлгэн өгөөгүй ба К ХХК-иас ирүүлсэн 2020/47 тоот албан бичигт хавсралтаар ирүүлсэн байгуулалтын зураг нь тухайн үед манай байгууллагад мөн ирүүлсэн трассын танилцуулга зураг байсан тул ажлын зурагт тооцох үндэслэлгүй учир Түвшинжин ХХК-иас тодруулга авсан ба 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр А/053 дугаар бүхий албан бичиг ирүүлснийг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 тоот гэрээний хэрэгжилтийг бодит байдлаар өмнө нь үнэлсэн үнэлгээ хэвээр буюу эцсийн үнэлгээ 80,18 хувиар дүгнэж байна” гэх дүгнэлтийг, мөн Түвшинжин ХХК-иас тодруулга авсан тухайгаа 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/367 тоот албан бичгээр К ХХК-д мэдэгджээ. /хх-ийн 109-110 тал/
Гүйцэтгэгч К ХХК нь нийт хийгдэх ажлуудаас 2014/02-60 тоот гэрээний 2.1.6-д заасан гадна шугам, сүлжээний иж бүрэн ажлын зураг, төсөв, 2.1.8-д кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг, төсөв зэрэг нийт 280,000,000 төгрөгийн ажлуудыг огт хийгээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Т ТӨХХК-иас 7,107,147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 165,590,323 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заасныг баримтлан хариуцагч Т ТӨХХГ-иас 7,107,147 /долоон сая нэг зуун долоон мянга нэг зуун дөчин долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 165,590,323 төгрөгт холбогдох хэсгийг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.6 дахь хэсэгт заасан гадна шугам сүлжээний иж бүрэн ажлын зураг төсөв буюу манай туслан гүйцэтгэгч Түвшинжин ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/209 албан тоотоор хүргүүлсэн зураг төслийг хүлээн авсан тухай баримт гаргаж өгөхийг даалгах, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.7 дахь хэсэгт заасан үйлчилгээний барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй экспертизийн дүгнэлт гаргуулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгах, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.8 дахь хэсэгт заасан кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй зураг төсвийн даалгавар боловсруулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,232,137.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128,664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ