Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 139

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,      

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,     

Улсын яллагч П.Болормаа, 

Шүүгдэгч Н.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч М.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Н.Бямбасүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0395 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.      

 

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 33-23 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Урианхай овогт Норовсамбуугийн Бямбасүрэн РД:РС93100210,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Бямбасүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэг дээр хохирогч Ё.Отгонсүхийг жирэмсэн эхнэрийг загнаж цохиж авлаа гэж зодож бие махбодид нь “тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хана, хажуу хана, зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  судлахад:       

 Шүүгдэгч Н.Бямбасүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэг дээр хохирогч Ё.Отгонсүхийг жирэмсэн эхнэрийг загнаж цохиж авлаа гэж зодож бие махбодид нь “тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хана, хажуу хана, зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

- хохирогчийн өргөдөл /хх-5/,

- хохирогч Ё.Отгонсүхийн:...Улаанчулуутын хогийн цэг дээр 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Уранчимэгтэй түүхий эд түүгээд явж байсан чинь зүс таних Отгонцэцэг миний хажууд ирээд хог ухаад байхаар нь “чи жоохон цаашаагаа яваад хог ухчих” гэж хэлсэн чинь, чиний хог дээр ямар ухаж байгаа юм уу гээд надтай хэрэлдээд би газраас ууттай хог аваад Отгонцэцэгийн бөгс рүү цохисон чинь түүний эгч дүү нар нь надтай маргалдахад Отгонцэцэгийн нөхөр нь миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Маш хүчтэй цохисон. Энэ гэмтлийг Н.Бямбасүрэн гараараа цохиж учруулсан. Би толгойны томографикийн зургийг 80.000 төгрөгөөр авахуулсан, мөн эм бичиж өгсөн...гэх мэдүүлэг /хх-14-15/,

- гэрч Г.Отгонтунгалагийн:...Отгонцэцэг бид 2 хог түүж байсан чинь Отгонцэцэгийг зүс таних ах Отгоо шилээр цохиод авсан. Отгонцэцэгийн нөхөр Бямбасүрэн Отгоо ахад та яаж байгаа юм гэсэн чинь Отгоо ах үг хэлээр доромжлоод Бямбасүрэн нэг удаа нүүр, толгой хэсэг рүү цохисон. Нэг л удаа толгой руу нь цохисон...гэх мэдүүлэг /хх-18/,

- гэрч Г.Отгонцэцэгийн:...Улаанчулуутын хогийн цэг дээр түүхий эд түүж байгаад Отгоо гэдэг ахын урдаас хуванцар авсан чинь өөрийнхөө цаанаас аваач пизда минь гэж хэлсэн. Отгоо ах нилээн согтуу байсан. Отгоо ах миний араас шилээр цохихоор нь би эргэж хараад цээж рүү нь цохисон. Манай нөхөр Бямбасүрэн ирээд надаас юу болоод байгаа юм бэ гэхээр нь “намайг Отгоо ах шилээр цохьчихлоо” гэж хэлсэн чинь Бямбасүрэн Отгоо ахыг гараараа толгойны зүүн хэсэгт 1 удаа цохисон. Отгоо ахын эхнэр нь цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-19/,

- гэрч Н.Чинболдын:...Улаанчулуутын хогийн цэг дээр түүний эд түүсэн. Отгонцэцэгийг Отгоо гэдэг зүс таних ах бариад авсан. Намайг салгах гээд очтол Отгоо ах архи уусан байдалтай дүү Отгонцэцэгийг загнаад байсан. Отгонцэцэгийн нөхөр буюу манай дүү Бямбасүрэн ирээд эхнэрээ өмөөрөөд Отгоо ахыг нэг удаа л цохисон...гэх мэдүүлэг /хх-22/,

- гэрч Ч.Уранчимэгийн:...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ё.Отгонсүхийн хамт Улаанчулуутын хогийн цэг дээр түүхий эд түүгээд явж байсан чинь Отгонцэцэг гэх охинтой хогноосоо болоод хэрэлдээд байсан. Манай нөхөр чи жоохон цаашаа хогоо түүчих гэсэн чинь Отгонцэцэг чиний хог дээр түүж байгаа юм уу гээд хэрэлдээд, манай нөхөр ч бас хэрэлдээд байсан. Н.Бямбасүрэнгийн эхнэртэй манай нөхөр маргалдсан чинь эхнэрээ өмөөрөөд л манай нөхрийг зодсон. Н.Бямбасүрэн нэг л удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-25/,

- хохирогч Ё.Отгонсүхийн компьютер томографикийн тэмдэглэл /хх-29/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2647 дугаартай:...Ё.Отгонсүхийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хана, хажуу хана зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-30/,

- шинжээч Н.Энхцолмонгийн:...гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Зүүн гайморын хөндийн урд талын цөмөрсөн хугарал нь хүндэвтэр гэмтэл, бусад гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл байна...гэх мэдүүлэг /хх-31-32/,

- ял шалгах хуудас /хх-44/,

- шүүгдэгч Н.Бямбасүрэнгийн:...би эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанчулуутын хогийн цэг дээр эхнэр Отгонцэцэг болох ах, эгч нарын хамт түүхий эд түүж байсан. Эхнэр Отгонцэцэг зүс таних Отгонсүх гэдэг ахтай маргалдаад байхаар нь очоод эхнэрээсээ юу болсон талаар асуухад “энэ ах намайг шилээр нуруу руу цохиод” гэж хэлсэн. Би эхнэрээ өмөөрөөд Отгонсүх ахын нүүр хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-44/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Н.Бямбасүрэнгийн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Ё.Отгонсүх хохиролд 200.000 төгрөг /хх-47/ төлөгдсөн, хохирогч нь ямар нэгэн гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч Н.Бямбасүрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулж, тухайн ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.    

Уг хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.     

          

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Н.Бямбасүрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Н.Бямбасүрэнг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Бямбасүрэнгийн эдлэх 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.      

4. Шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Н.Бямбасүрэнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, шүүгдэгчийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгчид хяналт тавихыг Сонгинохайран дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.       

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Бямбасүрэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР