Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1460

 

МАГАДЛАЛ

 

2018.06.22                                                     Дугаар 1460                                Улаанбаатар хот

 

 

 

 

Г.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00934 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Б-д холбогдох,

 

3 056 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 11500 ам.долларыг 2 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл зээлсэн. Зээлдэгч Р.Б нь зээлийг 2015 оны 11 дүгээр сарын 28-нд 5000 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 01-нд 1000 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 03-нд 3500 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 04-нд 1500 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 18-нд 270 ам.долларыг тус тус төлсөн. Р.Б нь үндсэн зээл ба хүүнд нийт 11 270 ам.доллар төлсөн. Гэвч үлдэгдэл 764 ам.доллар төлөгдөхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Р.Б-гаас зээлийн үлдэгдэл 764 ам.доллар, зээлийн хүүгийн алданги 382 ам.доллар, нийт 1146 ам.долларыг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэлийн шаардлага зөрүүтэй байсныг залруулж, тооцооллоо дахин нарийвчлан гаргасан. Манай тооцооллоор нийт үндсэн зээлээс 10 660 ам.доллар, хүүнд нь 605 ам.доллар төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 835 ам.доллар үлдсэнээс 1 сарын хүү нь бодогдоод 852 ам.доллар болсныг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний Монгол банкны хаалтын ханшаар бодон 3 056 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.  

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г.Э өөрийн биеэр гадаадруу шилжүүлсэн. 2015 оны 09 дүгээр сард миний хүү н.Т Г.Э-д итгэл үзүүлж хамтран бизнес хийх санал тавьсан. Голланд улсаас нэг бүр нь 55 ам.долларын үнэ бүхий 200 хос гутлыг 11 000 ам.доллараар худалдаж авахаар болж Г.Э санхүү мөнгө босгоё гэж хэлсэн. Ингээд мөнгө болчихлоо чи Монголд байхгүй байгаа болохоор төлөөлөл болгоод ээжээрээ гарын үсэг зуруулчих гэсэн. Хэн хэндээ итгэж байгаа болохоор санаа зоволтгүй ээжийг очоод гарын үсэг зуруучихая гэсэн юм. Тухайн үед зээлж буй мөнгө хугацаатай дүүгийнх нь гэж хэлж байсан. Хүний мөнгийг хэлсэн хугацаандаа өгчихвөл асуудалгүй гэсэн. Миний хүү хариуцлагатай хандахаа илэрхийлсэн. Голландруу мөнгөө шилжүүлсэн гээд баримтынхаа зургийг явуулсан байсан. Миний хүү Голландруу холбогдож худалдаж авах гутлынхаа размерын сонголтоо цахим шуудангаар илгээсэн. Хэсэг хугацааны дараа тэдний худалдаж авахаар санал болгосон размерын сонголт тоо ширхэгтээ хүрэхгүй байна гэсэн мэдээ ирсэн. Ийм асуудал боллоо тиймээс асуудал болгохгүйн тулд захиалгаа цуцлая гэж Г.Э-д хэлсэн гэсэн. Захиалгаа цуцлах болсон гол том шалтгаан гутлын размерүүд хэтэрхий том байсан болохоор борлуулахад хүндрэл гарна гэж үзсэн. Голландаас хэрэв гутал худалдаж авсан бол борлуулж чадахгүй хүний итгэлийг алдаж мөн цаашлаад зээлсэн мөнгөө буцааж өгч чадахгүйд хүрч болзошгүй байсан юм. Ингээд Голландаас мөнгөө буцааж авахаар миний хүү Голландын компанитай ярилцаж 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр 5 000 ам.долларын буцааж авсан түүнийгээ Г.Э-д шилжүүлсэн байдаг. Миний хүү тэр гэрээг ч хараагүй байсан болохоор үнэхээр хүүтэй байсан бол чи бид хоёр харилцан хариуцлагатай байх ёстой, ашиг олсон бол ашигаа 50%, 50% хувааж авах байсан, хүү төлөх болохоор би дангаараа хүү төлж хариуцах ёсгүй тиймээс хүүг нь 50%-иар хариуцая гэж хэлсэн. Тэгээд тухайн цаг хугацаанд тохирох тооцооллоор хүү нь 540 ам.доллар болох байсан. Тиймээс 270 ам.доллар хүүнд шилжүүлсэн. Энэхүү зээл нь хэн нэгнийг хууран мэхлэх гэсэн ямар ч санаа агуулаагүй бөгөөд цэвэр бизнес түншлэлийг эрхэмлэсэн үйлдэл. Мөн хүүгийн төлбөрийг тухайд, хамтран бизнес эрхэлж ашигаа хуваах байсан хүмүүс эрсдлээ ч мөн адилхан үүрэх нь зүй ёсных тул хүүгийн төлбөрийн талыг шилжүүлсэн болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-аас 2 014 805 төгрөг гаргуулж Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 041 195 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Бурмаагас 48 787 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 846 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанчлан Р.Б би Г.Э-аас бэлнээр мөнгө хүлээн аваагүй. Тиймээс Г.Э болон Р.Б бидний хооронд ямар нэгэн байдлаар мөнгө зээлэх, зээлдүүлэх харилцаа үүссэн, бэлэн мөнгө хүлээн авсан зүйл байхгүй учир Г.Э нь надаас мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Р.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 056 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч 11 500 ам.долларыг зээлдүүлэх, хариуцагч Р.Б нь уг мөнгөн хөрөнгийг 4 сарын хугацаанд, сарын 2 хувийн хүүтэй төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй байгуулсан байна. /хх 4 дүгээр хуудас/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Талуудын байгуулсан гэрээг хариуцагч нь “11 000 ам.долларыг хүлээн авахдаа бизнес эрхлэх зорилгоор хүү Б.Т-руу Г.Э шилжүүлсэн” гэж тайрбарласан байна. Хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг аваагүй гэж маргасан боловч тэрээр уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тухайн 11 000 000 ам.долларыг Г.Э-ын хувийн данс болох Хаан банкны данснаас шилжүүлсэн, хүлээн авагч нь Б.Т өөрөө гарын үсэгээ зурж баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх 45,46 дугаар хуудас/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж  дүгнэсэн нь зөв. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 785 ам.доллар, алданги 57.5 ам.доллар, нийт 842.5 ам.доллар буюу Монгол төгрөгийн нэгжээр нийт 2 014 805 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00934 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 787 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                 ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД

                                                                                 М.НАРАНЦЭЦЭГ