| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2024/0069/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/75 |
| Огноо | 2024-05-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч А.Лхагваа,
хохирогч Б.*******,
шинжээч эмч Б. /цахимаар/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, “” ХХК-д ажилтай, , эхнэрийн хамт Налайх дүүргийн , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн , тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, маргааныг таслан зогсоох гэсэн Б.*******ийн зүүн хөл рүү өшиглөн, биед нь зүүн шаант, тахилзуур ясны сэлтэрсэн хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “нотлох баримт бүрэн цуглараагүй, 60 хоног завсарлуулж нэмэлт ажиллагаа хийлгэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эхнэр бид хоёр өдөр ус авахаар худаг явах гээд хашаанаас машин гаргаж ирэхэд Б.******* гараад ирсэн. Тэгээд та хоёр хаачих гэж байгаа юм гэж асуухад нь худаг орох гэж байна гэж хэлсэн чинь би суугаад дэлгүүр орчихъё гээд манай машинд суугаад явсан. Дэлгүүрийн гадаа ирэхэд манай эхнэр, Б.******* хоёр бууж үлдээд би цаашаа худаг явсан. Тэгээд буцаж ирээд тэр хоёрыг аваад гэртээ ирсэн. Ирээд Б.******* гэр лүүгээ тортой юмаа барьж ороод хүүхдэдээ авсан юмаа өгчхөөд буцаагаад 2 шил архиа чихэр жимстэй аваад ороод ирсэн. Тэгээд нэг шил архийг нь уусан, “маргааш бид хоёр ажил төрөлтэй байгаа учраас чи үлдсэн нэг шил архиа гэртээ аваачаад уучих” гээд нэг шил архийг нь өгсөн. Маргаан огт болоогүй. Б.******* өөрөө өглөө архи уучихсан байсан. Манай эхнэр нэг шил архийг нь зүүн гарт нь тэврүүлээд Б.******* өөрөө тамхиа асаагаад манай эхнэр түшээд хашааны гадаа үүдэнд хүргэж өгөөд гэртээ орж ирсэн. Манайхаас гарахдаа Б.******* бэртэж гэмтсэн гараагүй” гэв.
Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 12 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгаас ажлаасаа ирээд 28-ны өдөр Улаанбаатар хотод буучхаад хотоос наашаа таксидаад Налайхад гэртээ ирсэн юм. Тэгээд оройдоо ирээд шууд унтчихаад өдөр босоод захирал дансанд 500.000 төгрөг хийчихсэн байна таны цалин гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүдтэйгээ гэртээ унтаж байгаад өдөр босоод дэлгүүр орох гээд гарсан. Тэгээд гараад байж байсан чинь Д.*******, эхнэр Д. хоёр хэзээ ирсэн юм гээд хашааны хаалгаа онгойлоод гарч байсан. Д. болохоор “бид хоёр хэд хоног уучихлаа өглөө дотроо зассан, халуураад явж байна” гэсэн. Тэгээд би энэ хоёрын машинд суугаад арын дэлгүүр орсон. Ороход миний карт ажиллахгүй байсан тул охиноороо 100,000 төгрөгт юм авхуулаад 2 ширхэг 0.75 литрийн архи, зээдээ тараг ундаа дэлгүүрээс авсан. Буцаж ирээд Д.*******, Д. хоёрын гэрт нь орсон, удалгүй би хашаан дээгүүр хүргэнээ дуудаад тараг жүүсээ өгчхөөд бид гурав уусан. Намайг ороход Д.*******, эхнэр Д. хоёр бид хоёр түрүүн нэг шил 0.75 литрийн архи уучихлаа гээд гэрийн тавиур дээрээ шилээ тавьчихсан байсан. Юм яриад сууж байгаад нөгөө 2 шил архиа гаргаад ширээн дээр нь тавьсан. Нэг шил архиа задлаад ууж байтал энэ хоёр хүн маргалдаад Д.******* эхнэр Д.ийн үснээс нь зулгаасан. Би нэг жижиг сандал дээр сууж, Д. миний хажууд, Д.******* орон дээр сууж байсан. Би голд нь жижиг сандал дээр сууж байсан. Д. эхлээд Д.*******ийг гэдэг ажлынх нь хүүхэнтэй хардаад орилоод байсан. Тэгээд үснээс нь Д.******* зулгаахаар нь эхлээд босч салгатал Д. орилоод хашхираад байсан. Гэтэл Д.******* гэнэт босож ирээд авгайгаа өшиглөх гэж байгаад дунд нь босоод зогсож байсан миний хөл рүү өшиглөсөн. Би тэр үедээ халчихсан архи уучихсан байсан болохоор нээх оошойгоогүй. Тэгээд энэ хоёр үргэлжлүүлж хэрэлдээд намайг нэг шил архиа аваад гэртээ орчих гэсэн. Тэр хооронд хүргэн намайг дуудаад “эхнэр, хүүхэдтэйгээ гурвуулаа хот явлаа, та архиа уучхаад гэртээ ороод амраарай” гэж хэлсэн. Д.*******, Д. бид гурав үлдэгдэл архиа уугаад нэг шил архийг маань надад өгсөн. Над руу энэ хоёр хоёулаа дайраад “яв чи, гай болсон юм, яах гэж ирсэн юм” гэж орилж байсан. Би эдний үүдээр гарах гээд л дөнгөж хөл дээрээ гишгэсэн чинь явж болохгүй байсан, намайг Д. гэр лүү оруулж өгөөгүй. Би мөлхөөд архиа барьчихсан байсан. Куртик, утас хоёроо Д.*******ийн гэрт үлдээчихсэн байсан. Би мөлхсөөр байгаад гэртээ орсон. Хүүхдүүд хот явахдаа бүслүүрт түлхүүр хийчихсэн шүү, хаалга түгжээтэй гэж байсан. Би таампартаа ороод хэвтэж байгаад түлхүүрээ хайгаад олоогүй, хаалгаа цүүнээс нь татаад байсан чинь ашгүй сугараад онгойсон. Тэр чигээрээ үүдэнд архиа хаячихаад ор луугаа авирсаар байгаад гараад тэр чигээр хэвтээд унтсан. Өглөө их эрт Д. орж ирэхдээ таампарт үлдсэн архийг бариад ороод ирсэн. Д. бид хоёр хуваагаад уусан, миний хөл аймар өвдөөд янгинаад байна, уучихъя гээд уусан. Д. буцаж гарахдаа их хорлонтой таампар, гэрийн хаалга дэлгэж орхиод гарсан. Чи миний утсыг аваад ирээ Д.ээ “хүүхэддээ хэлье би босч чадахгүй хөл хавдаад байна” гэж хэлсэн. Гэтэл арын айлын хүүхэн орж ирсэн. Охин маань хотоос “ээж яаж байна, гэр орон дулаан байна уу та ороод харчих” гэж хэлсэн байсан. Тэр хүүхэд орж ирээд хүүеэ та чинь хөлөө хугалчихсан байна шүү дээ гээд охиныг маань яаралтай дуудсан. Д.*******, Д. хоёр 0,5 литрийн архи барьж орж ирээд гурвуулаа уусан. Энэ хоёр гарч явснаас хойш би хэвтэж байтал хүүхдүүд хотоос ирсэн. Яаралтай эмнэлэг рүү яваад зургийг нь авхуултал мах нь бараг үхжсэн байна, та яаралтай хот яв гэсэн. Би хот руу таксидаад шууд яаралтай эмнэлэгт хэвтээд, 5 хоног хөлөө сойж байж байгаад, 01 дүгээр сарын 04-ний өдөр хагалгаанд орсон. ...Намайг эмнэлэгт байхад Д.******* нэг ч удаа эргээгүй, Д. өдөр болгон согтуу над руу агсам тавьж залгаж байсан. Чи яах гээд байгаа юм, бид нар чиний хөлийг яасан юм гэсэн. Охиныг минь утсаар залгаж янз бүрээр хэлж, цагдаад өгдөг хэн бэ гэж байсан. Би эмнэлгээс 9 хоноод гарч ирээд гэртээ хэвтсэн. Нэг орой охин маань утсаар дуудахад энэ хоёр тортой юмтай орж ирсэн. Блок тамхи, шил архи, мандаринтай орж ирсэн. Д.*******т би уйлаад хэлсэн, арай ч дээ найзыгаа ийм болгоод байхдаа яадаг юм гэтэл уучлаарай миний буруу гэж уучлалт гуйсан. Шөнө янгинаад өвдөөд байвал унтахдаа 100 гр татаад байхгүй юу гэж хэлсэн. Д.******* надаас уучлалт гуйж гар бариад би чамд мөнгө төгрөг өгье хэдэн төгрөг авах уу гэсэн. Би 3-4 сая төгрөг ядаж өгөхгүй юу, эмнэлэгт хэвтэхдээ охиноороо зээл авхуулсан, одоо хүртэл өвчин намдаах эм ууж байгаа гэсэн. Д.******* би ажлаасаа мөнгө төгрөг олъё, 3-4 сая төгрөг олж өгнө гэсэн. Маргааш нь энэ хоёр ч байдаггүй, архиа уугаал байх шиг байсан. Д. гэтэл утсаар залгаад юун мөнгө нэхээд байгаа юм, цагдаадаа өг арын хаалгатай гэж агсам тавьж байсан. Маргааш өглөө нь эрүүл болохоор нь манай охин Д.******* лүү залгатал утсаа авахгүй байсан. Д. болохоор өдөр болгон залгаад охиныг маань доромжилдог” гэв.
Шинжээч эмч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б.*******ийн биед учирсан зүүн шаант яс, тахилзуур яс буюу хөлийн шилбэний хоёр яс хоёулаа хугарсан байгаа. Энэ гэмтэл нь цохигдох болон юманд хөшигдөж унах гээд бүгдэд нь үүсэх боломжтой. Яг тэрнээс үүсчихсэн гээд ялгахад хэцүү бэрхшээлтэй. Хүчтэй цохилтын улмаас үүсэх боломжтой. Цохих гэдэг нь ямар нэгэн гаднын мод, чулуу гэдэг ч юм уу зүйлээр цохиход мөн үүснэ. Мөн хөлөөрөө өөрөө юм өшиглөхөд үүсэх боломжтой. Хөлөөрөө хүчтэй юм өшиглөх гэж байгаад юманд хөлөө цохих үед ч үүсэх боломжтой. Ясны хугарал бол ер нь 28 хоногоос дээш эдгэнэ гэж байгаа. Энэ нь гэмтэл бол удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулна. Тухайн хүний ясны сийрэгжилт, архаг хууч өвчин, насны байдлаас хамаараад эдгэрэлтийн явц харилцан адилгүй байна. Энэ гэмтлийн үед алхах гишгэх хөдөлгөөн хийж чадахгүй, өвдөлт ихтэй байдаг. Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн , тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, маргааныг таслан зогсоох гэсэн Б.*******ийн зүүн хөл рүү өшиглөн, биед нь зүүн шаант, тахилзуур ясны сэлтэрсэн хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь өөрийн эхнэр Д., хөрш айлын хүн болох хохирогч Б.******* нартай хамт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хувааж ууж байхад Д. нь согтуурч “өмнө нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн” гэх таарамжгүй харилцааны улмаас өөрийн нөхөр Д.*******тэй маргалдаж, хэрүүл маргаан үүсгэж, улмаар шүүгдэгч Д.******* уурлаж эхнэр Д.ийг өшиглөх гэж байгаад тэдний маргааныг зогсоохоор голд нь зогсож байсан Б.*******ийн зүүн хөлийн шилбэ хэсэгт төмөр хамгаалалт бүхий гуталтай хөлөөрөө 1 удаа өшиглөсөн байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.*******ийн эхнэр Д.ийг өшиглөх гэж байгаад хохирогч Б.*******ийг өшиглөсөн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байх бөгөөд хохирогч Б.*******ийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.******* нь тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны Б.*******ийн зүүн хөлийн шилбэ хэсэгт нэг удаа өшиглөсний улмаас биед нь зүүн шаант, тахилзуур ясны сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.*******, хохирогч Б.*******, гэрч Д. нарын ахуйн хүрээнд архидан согтуурсан, бие биетэйгээ зүй бус харьцаж, хэл амаар доромжилж маргалдсан байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа болох гэрч Д., хохирогч Б.******* нарын мэдүүлгийн зөрүүг арилгах үүднээс нүүрэлдүүлж мэдүүлэг авах, хохирогч Б.*******ээс дахин мэдүүлэг авч полиграфийн аппаратад оруулах, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой болгох, хохирогчийн шаант болон тахилзуур яс сөөлжиж хугарсан нь нэг удаагийн цохигдох үед үүсэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байх тул 60 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх дүгнэлт гаргаж, маргасныг шүүх хянаж үзлээ.
Хэрэгт цугларсан баримтаар хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тогтвортой байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ийн өгсөн “Д.******* гэнэт босож ирээд авгайгаа өшиглөх гэж байгаад дунд нь босоод зогсож байсан миний хөл рүү өшиглөсөн” гэх, шинжээч Б.гийн өгсөн “хохирогчийн биед учирсан зүүн шаант ясны доод хэсгээр ташуу, сэлтэрсэн хугарал, тахилзуур яс дээд хэсгээр сэлтэрсэн хугарал нь нэг удаагийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******ийн биед халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх ба хохирогчийг худал мэдүүлэг өгсөн, бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах, хохирогчоос дахин мэдүүлэг авч полиграфийн аппаратад оруулах зэрэг нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах” тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ оношилгоо, эм тарианы зардалд баримтаар нийт 1,129,987 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ оношилгоо, эм тарианы зардал 990,752 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардал гэж үзэж, шүүгдэгч Д.*******өөс гаргуулан хохирогч Б.*******т олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 139,235 төгрөгийг гэмт хэрэг гарахаас өмнөх огноотой баримт, мөн хүүхдийн ахуйн хэрэглээний зардал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зайлшгүй зардал биш гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
Шүүх хуралдаанд хохирогч Б.******* нь “хөл хугарснаас хойш ажлаа хийж чадаагүй, байнга өвчин намдаах эм ууж байгаа, хөлөндөө ялтас тавиулсан бүрэн эдгэрэхээр ялтсаа авахуулна” гэж мэдүүлсэн тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого зэрэг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.*******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь “хохирогч Б.*******т эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн 1,341,000 төгрөгийн зардлыг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Б.*******ийн биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,341,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Д.*******өөс уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Д.*******ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.******* 1,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,341,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “шүүгдэгч Д.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд архидан согтуурах явцдаа маргааныг таслан зогсоох гэсэн хохирогчийн биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөргүй байдал, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хагас түрийтэй, хоншоор хэсэгтээ төмөр хамгаалалттай 1 ширхэг гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.*******т буцаан олгож, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ