| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0131/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/147 |
| Огноо | 2024-04-03 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/147
2024 04 03 2024/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0131/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Шүүгдэгч Б.Дугаржав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Баярмагнайн Дугаржавыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000156 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баярмагнайн Дугаржав /РД: ТБ81041370 /, 1981 оны 04 дүгээр сарын 13 -ны өдөр Дархан-Уул аймгийг Дархан суманд төрсөн, 43 настай , эрэгтэй , бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Дөл харуул хамгаалалтын албанд харуул ажилтай, ам бүл 3 , эх , дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Октябрын 11 06 тоотод оршин суух хаягтай,
Урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар хойшлуулсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг 424 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 1 жил 6 сарыг хорих ялыг өршөөлд хамруулсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2 жил 7 сар 15 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 8 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн хянан харгалзаж суллагдсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 125 дугаар зүйлийн 1, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.12 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Дугаржавыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Дугаржав нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө, мөн 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан хүлэг ХХК -ийн Ундрал зочид буудлын хашаанд байсан иргэн Б.Мөнхдаваагийн эзэмшлийн 1782 ДАР улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дугаржавын мэдүүлсэн: “Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу. Би улсын яллагчтай 1,300,000 төгрөгийн торгуулийн ял тохиролцсон.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2418000000156 дугаартай хэргээс:
Дархан хүлэг ХХК -ийн Ундрал зочид буудлын авто гараашийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
Хохирогч Б.Мөнхдаваагийн мөрдөн байцаалтад 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод байхдаа фэйсбүүк зараас харж байгаад хувь хүнээс 1782ДАР улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан. 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш байрныхаа гадаа ил байрлуулснаас харуул хамгаалалттай газар байлгая гэж бодоод манай байрны хажуу талд байдаг Ундрал зочид буудлын гадна талын төлбөртэй ил зогсоолд 1 хоногийн 2000 төгрөгөөр байрлуулдаг болсон. Тэгээд яваандаа гурван хамгаалагчтай нь ойр болж танилцахад Дугаржав гэх 45-50 орчим насны хамгаалагч нэлээн яриа хөөрөөтэй байдаг байсан. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэж санаж байна. Дугаржав буюу Дугараа ах надад буудлын доод талын зогсоолд машинаа байрлуулчих. Өнөөдөр цасаар шуурна гэж байна. Чиний байрлуулсан газраас цаад талынх нь машин өглөө эрт гарна. Чи надад түлхүүрээ үлдээчих. Би холдуулчихъя гэхээр нь би зөвшөөрөөд түлхүүрээ өгөөд маргааш өглөө нь машинаа аваад унаад явсан ба тухайн үед машин доголдож байгааг мэдээгүй. 2024 оны 02 дугаар сарын 03-ны болон 04-ний өдийн үед машин доголдоод мотор нь салгалаад байгаа мэдрэмж өгч байсан. Тэрнээс өмнө ямар нэгэн дуу чимээ байгаагүй. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өглөө Улаанбаатар хот руу явах гээд машинаа асаасан чинь миний машины хянах самбар дээр шар өнгийн чек гэсэн алдаа гарсан байсан. Тэр өдрөө зайлшгүй Улаанбаатар явах шаардлагатай байсан тул машины урд талын өнгийн + утсыг салгаж залгаад алдааг нь унтраачхаад Улаанбаатар хот ороод маргааш нь буюу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өглөө Дорноговь аймаг руу явсан. Тэгээд Дорноговь аймаг руу орох цагаан хаалганы ойролцоо ирэхэд миний машины мотор салгалаад явахаа больчихсон. Тэгээд тэр чигээрээ явсаар байгаад Дорноговь аймаг руу орж Доктор авто сервист үзүүлж оношилгоо хийлгэж EGR ком цэвэрлэгээ /120,000 төгрөг/, 4 ширхэг шинэ свеча /120,000 төгрөг/, өөр нэг засварын газраас катушка 1 ширхэг /100,000 төгрөг/-өөр солиулсан боловч мотор хэвийн болоогүй бөгөөд дахиад оношилгоо хийлгэхэд 2 дугаар цлиндр дээр алдаа заагаад байна. Мотор солихгүй бол болохгүй болсон байна гэсэн. Тэгээд машин явахааргүй болсон. ...машин задаргааны газраас 1,800,000 төгрөгөөр мотор худалдаж аваад 350,000 төгрөгөөр солиулах хөлс, 100,000 төгрөг машин засварын газар ашигласан, моторын тос 56,000 төгрөг, хөргөлтийн шингэн 20,000 төгрөг буюу нийтдээ 2,300,000 төгрөгийн зардал гарч машинаа янзлуулж авсан. 2024 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 05 цагт Дархан-Уул аймагт ирээд Ундрал зочид буудлын гадна зогсоолд байрлуулсан. 2024 оны 02 дугаар сарын 10-ны өглөө машинаа авах гэхэд Дугараа байсан бөгөөд би машины мотор цохиод шинэ мотор солиулсан тухай хэлсэн. Тэгээд тэр орой машинаа байрлуулах гэхэд Дугараа надад хандаж өнөөдөр цасаар шуурна гэж байна. Доор нэг дулаан зогсоол байна. Чи машинаа байрлуулаад надад түлхүүрээ өгчих цаад талаас машин гарах байх гэхээр нь зөвшөөрөөд түлхүүрээ өгөөд үлдээсэн. 2024 оны 02 дугаар сарын 11-ний өглөө би машинаа дулаан зогсоолоос гаргах гээд асаасан чинь миний машин салгалаад хаазны пидал дээр гишгээгүй байхад өөрөө өндөр хааз аваад мотор нь халчихсан байсан ба Дугараа хажууд зогсож байсан жижиг юмандаа байгаадаа гэсэн утгатай юм яриад байсан. Би тухайн үед нэг их юм бодоогүй. Цагаан сар болох үе байсан тул гайгүй болчих байх гээд гарч яваад Хавцал руу ирж буцахын 60-аад км яваад буцаад ирсэн ба мотор доголдолтой хэвээрээ ирээд Ундрал зочид буудлын гадна зогсоолд байрлуулсан. 2024 оны 02 дугаар сарын 13-ны өглөө засварын газар цэвэрлэгээ хий гэхээр нь би саяхан шинээр авсан мотор юм чинь цэвэрлэх шаардлага байхгүй гэж бодоод хадам аав Жамсранжавын хашаанд 4 свечаг нь тайлж үзэхэд 4-н свеча нь ажиллагаагүй болсон сахал нь тасраад хар өнгөтэй болсон байхаар нь шинээр сольж тавиад моторын чичиргээ нь гайгүй болсон боловч автомат хааз аваад байдаг нь болихгүй байсан. Тэгээд агаарын хоолойг нь шалгаад үзэхэд агаарын хоолойн дээр байрладаг мотор руу ордог шланк нь мултарчихсан байсныг залгахад моторын хааз авалт нь хэвийн болсон. Тэгсэн чинь хадам аав энэ шланк хүчтэй даралтаас мултрах шланк биш, хүн салгахгүй бол гэж хэлсэн. Тэр өдөр машин зүгээр болсон ба намайг Улаанбаатар хотод байхад 2024 оны 03 дугаар сарын 03-ны орой Дугараа манай эхнэрт хандан хэлж байсан зүйлээ хэлээд дулаан гараашд машиныг байрлуулаад түлхүүрээ авч үлдсэн байна лээ. Тэр орой нь манай машины хянах самбарын наад талын хуванцар хэсэг хугарсан байсныг эхнэр над руу зургаар явуулахад км-ын заалт нь харагдаж байсан. Тэгээд маргааш өглөө нь эхнэр машинаа авахад хянах самбар дээр алдаа заасан бөгөөд 50 км явчихсан байсан. Тэгээд эхнэр Дугараад та яагаад хүний машин зөвшөөрөлгүй унаж явж байгаа юм бэ гэсэн чинь ах нь унаж яваагүй гэхээр нь таны явсныг мэдэж байна. Хүн харсан байна гэсэн чинь ах нь ойрхон дэлгүүр явчхаад ирсэн юм гэхээр нь та 50 км дэлгүүр явдаг юм уу гэсэн чинь ах нь Хонгор явсан гэж хэлээд худлаа яриад байхаар нь дарга руу нь орж уулзаад бичлэгийг нь шалгаж үзэхэд 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө манай машиныг гараашаас авч гарч байгаа болон буцаж авчирч байгаа бичлэг нь байсан. Дугараа ах эхнийх дээр нь миний машиныг авч гарахдаа мотор солиод хоёр дахь дээр нь свеча сольсон. Ямар нэгэн эд анги салгаж авсан гэж бодож байна. Гурав дахь дээр нь юу авсныг мэдэхгүй. Ямар ч байсан алдаа заасан. Маш их гомдолтой байна. Би Дугараа гэх хүнээс нийт зардал 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
Гэрч Ж.Цогзолмаагийн мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “... Би нөхөртэйгөө хамт 1782 ДАР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 16,5 сая төгрөгөөр худалдан авсан. Үүнээс хойш Дархан-Уул аймагт ирээд дандаа Ундрал зочид буудлын хашаанд гадаа өдрийн 2000 төгрөгөөр тавьдаг байсан. Зарим үед авто зогсоолын харуул Дугаржав гэх хүн манай нөхөр рүү залгаад өнөөдөр гараашид нэг ч машин ирж хонохгүй гэж байна. Машинаа тавиад түлхүүрээ үлдээчих. Машин зайчлах шаардлагатай бол хөдөлгөх болно гэж хэлсэн. Миний мэдэж байгаагаар 2024 оны 02 дугаар сарын эхээр, 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гадаа тавьж байхад дотор оруулчих гээд түлхүүр аваад үлдсэн. 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 16 цагт машинаа тавихад 18 цагийн үед над руу залгаад орой дулаан гараашд нэг жип ирж хонохгүй юм байна. Машинаа ирээд гараашд оруулчхаад түлхүүрээ үлдээчих гэсэн. Ингээд би тэр хүнд орой 20 цагийн үед тавина гээд 20 цагийн үед гараашд машин тавих гээд очиход манаач нь алга байсан бөгөөд би алга байна удахгүй очно. Түлхүүрээ ресейпшнд үлдээчих гэсэн. Ингээд би буудал руу ороод ресейпшнийг нь хайгаад олоогүй. Тэгээд буцаад гарч байхад Дугаржавтай таараад түлхүүрээ үлдээгээд явсан. Энэ үед би машин үлдээхдээ машин явсан км зураг авахад 153,4 км явсан байсан. Өглөө нь 05 цагийн үед машинаа авахад машины км 216 км болсон байсан. Ингээд би машинаа гараашаас гаргачхаад манаачид та яагаад машин унаад яваад байгаа юм гэхэд машин унаж яваагүй гэсэн. Тэгэхээр нь би тулгаад хүн амьтнаас сонссон шүү гэсэн чинь ах нь ойрхон дэлгүүр орсон юм гэсэн. Тэгэхээр нь би км-ын зураг авсан. Та 60 орчим км унаад явсан байна. Хаашаа юунд явсан талаараа үнэнээр нь хэл гэсэн чинь юу ч хэлээгүй. Тэгээд хашаанаас нь гаргаад 18 дугаар байрны буланд ирэхэд машины хянах дээр моторын анхааруулах шар гэрэл буюу чек ассан байсан. Ингээд буцаж очоод манаачид гэрэл ассан талаар харуулаад энэ машины гэрэл тантай холбоотой шүү. Би цэцэрлэгт хүүхдээ өгчхөөд 9 цагт хүрээд ирье. Та байж байгаарай гэж хэлчхээд буцаад 9 цагт гэрийнхээ гадаа ирээд утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан болохоор дарга дээр нь 10 цагийн үед орж уулзахад дарга нь манай машиныг дулаан гараашд хоносон талаар мэдэхгүй байсан. Зөвхөн гэрээтэй машин хоносон гэдгийг хэлсэн. Миний машиныг унаж явсан хүн тухайн шөнө 2 машин гараашд хоносон гэж хэлсэн байсан. Би буудлын камер шүүхэд миний машин камерт бичигдэж хадгалагдсанаар миний машиныг зөвшөөрөлгүй авч явж унасан байсан. Унахдаа 5-6 цаг болсон байсан. 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 22 цагаас миний машиныг гараашаас авч гараад 00 цаг 20 минутад авчирч тавьсан. Буцаад 01 цаг 20 минутад авч яваад машин ирээгүй байхад өөрөө 05 цаг 20 минутад авто зогсоолын хашаанд явж байсан. 05 цаг 40 минутад машин орж ирсэн байсан. 02 дугаар сарын эхээр нэг удаа машины түлхүүр өгч байсан. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өглөө Сайншанд руу явахад машин тачигнаж салгалаад дуугараад байсан. Тэр үед машинд 500,000 төгрөгийн засвар хийгээд зүгээр болохгүй байсан. Ингээд Сайншандад өөр хувь хүнд үзүүлэхэд мотор солиулах шаардлагатай гээд манай тэндээс 2,2 сая төгрөгөөр мотор аваад сольж тавьчхаад хуучин мотороо ачаад 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирсэн. 2024 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цаг 20 минутад авч яваад 04 цаг 14 минутад авчирч тавьсан. 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр доктор авто засвар дээр үзүүлж оношлуулахад миний машины нүүрсэн яндан мэдрэхгүй, 3 амаржин маш муу руллийн аппарат эвдрэлтэй гэж оношилсон. Би машины эвдэрсэн асуудлыг манаачтай холбоотой гэж бодож байна. Одоо эвдэрсэн байгаа эд анги болон цаашид гарах бүх зардлыг нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Капитал зууч ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “... Тоёота приус 30 маркийн 1782 ДАР улсын дугаартай саарал өнгийн суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 13000000 /арван гурван сая/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 19, 20 дахь тал/,
Б.Дугаржавын мөрдөн байцаалтад 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнийн 00 цаг 45 минутын үед 1782ДАР улсын дугаартай саарал өнгийн приус 30 маркийн машиныг унаж гараад дэлгүүр орж ундаа авах гээд 16 давхрын хажуу талын CU сүлжээ дэлгүүр рүү орж том кола ундаа аваад буцаад явж байсан чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөөд зогсож байсан ба зогсоод тухайн хоёр хүнийг авсан чинь 30,000 төгрөг өгье Хонгор сум руу дөхүүлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь тухайн хоёр хүнийг суулгаад Хонгор сум руу явсан. Тэр хоёр хүнийг хүргэж өгчхөөд шууд буцаж Дархан сум руу орж ажил дээрээ 02 цаг 30 минутын үед ирээд байж байгаад буцаад 03 цаг 25 минутын үед 1782ДАР улсын дугаартай машиныг унаад гараад дотор таксинд яваад 8,000 төгрөг хийгээд буцаад 04 цаг 15 минутын үед ирж машиныг байрлуулсан. Тэгээд тухайн машины жолооч эмэгтэй 05 цаг 40 минутын үед ирээд машинаа авсан. Тухайн үед тэр эмэгтэй надад хандан та машиныг унаж гарсан юм уу гэхээр нь би тийм Хонгор сум руу хүн хүргэж өгөөд ирсэн гэж хэлсэн. Би 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 1782ДАР улсын дугаартай машиныг зөвшөөрөлгүй авч гараад Хабитат руу явж бууз авчирсан ба буцааж явж байхдаа дотор таксинд жаахан явсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Дугаржавын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Дугаржав нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон гэж мэдүүлсэн боловч хохирогч Б.Мөнхдаваа шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед шүүгдэгчээс 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа илэрхийлжээ.
Хохирогч Б.Мөнхдаваа нь гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд ирүүлээгүй байх тул өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Б.Дугаржаваас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Дугаржав нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Дугаржавыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дугаржавт 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 13 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Дугаржав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Баярмагнайн Дугаржавыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дугаржавыг 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дугаржавт оногдуулсан 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Дугаржав нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Дугаржав нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогч Б.Мөнхдаваа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Б.Дугаржаваас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Дугаржавт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР