| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2021/01578/И |
| Дугаар | 101/ШШ2021/01914 |
| Огноо | 2021-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2021/01914
2021 06 21 101/ШШ2021/01914
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Т-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.С-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 15,002,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Ю.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Т би хүргэн ах болох Г.С-т 2020 оны 11 сард ярилцаж гуйсны үндсэн дээр Г.С-ын нэр дээр байдаг хоёр төрлийн зээлийн мөнгө болох 15,002,270 төгрөгийг зээлүүлсэн билээ. Тухайн үед корона гарч хөл хориотой байсан тул нотариат орж амжаагүй. Дараа нь орох гэсэн боловч зугтаад ирээгүй. Би 2019 онд Судан улсад энхийг сахиулахаар 1 жилийн хугацаатай яваад 2020 оны 10 дугаар сард ирээд цалин болох 37,000,000 төгрөгийг авсан ба тэр мөнгөнөөсөө зээлүүлсэн билээ. 2020 оны 11 дүгээр сарын 27-нд 7,528,990 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7,473,280 төгрөгийг өөрийн 5057585533 Хаан банкны данс уруу хийсэн. Баримт болгон дансны хуулга болгон хоёр хуудас баримтын хамт явууллаа. Анх мөнгө зээлэхдээ бага багаар нь сар болгон төлнө гэж авсан боловч, мөнгө аваад л сонин зан гаргаж төлөхгүй, аваагүй шүүх цагдаадаа өг гээд холбоо барихгүй болсон. Би төрсөн эгчийн минь нөхөр учраас итгээд зээлүүлсэн. Одоо эгчээс минь хүртэл салж байгаа. Ийм учраас хариуцагч Г.Саас миний зээлүүлсэн 15,002,270 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 15 002 270 төгрөг нэхнэ. Нэхэмжлэгч нь 2019 онд Судан улс явж ирээд 2020.10.30-нд Монгол улсад ирсэн. Дараа нь тусгаарлалтаас гараад манайд ирсэн. Хариуцагч нь дүүгээс цалингийн болон ББСБ-н зээлээ төлүүлэхээр гуйсан. Ингэхдээ зээлээ төлөөд дахин зээл авбал илүү их зээл авч болно гэсэн. Нэхэмжлэгч нь картаа өгөөд хариуцагч нь картаар нь өөрийнхөө нэрийг тавиад зээлээ төлсөн. Нотариат дээр зээлийн гэрээ байгуулах гэж байхад гараад алга болсон. Үүнээс болж гэр бүл салах маргаан үүссэн. Би бодохдоо санаатайгаар дүүгээр зээлээ төлүүлээд салах зорилготой байсан гэж ойлгож байгаа юм. Машиныг өөрсдийн байрыг барьцаалж авсан зээлээр авсан. Цалингийн зээлээ огт ярихгүй байна. Иймд энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй. Машин нь энэ мөнгөнд огт хамааралгүй. Гэр бүлийн хүмүүс зээлээр авсан машинд дүү хамааралгүй. Итгэж өгсөн болохоос тусламж гэж өгөөгүй гэв.
Хариуцагч Г.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ганзүрх овогтой С миний бие 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь иргэн С.Б бид хоёр Монгол Улсын хуулийн дагуу бүртгэлтэй гэр бүл болсон. Тодорхой шаардлагаас болж С.Б салах өргөдлөө өгч одоо эвлэрлийн хугацаанд байгаа билээ. Уг мөнгийг нэхэмжлээд байгаа шалтгааныг ойлгохгүй байгаа. Хамтдаа байхдаа цалингийн зээл авч гэр бүл хувийн хэрэгцээнд хангасан. Дараа нь өөрсдийн нэр дээр байдаг хоёр өрөө байрыг “БИД” ББСБ-д барьцаанд тавьж 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 зээл авсан. Үүнээс 8,000,000 төгрөгөөр С.Бгийн нэр дээр Приус 20 маркийн 6136 улсын дугаартай авто машин худалдан авсан. Одоо тэр машин нь нэхэмжлэл гаргасан С.Т эгч С.Б хоёр хувийн хэрэгцээнд ашиглаж хэрэглэж байсан. Иймд С.Бг хамтран хариуцагчаар татан оролцуулахыг хүсэж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ю.Батболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээний үүрэг нэхэмжилж байна. Учир нь уг мөнгийг ББСБ-с авсан зээлээр авсан машины мөнгөний үлдэгдлийг төлөхөд зориулсан байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчтай гэр бүлийн харилцаатай байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хамтран зээлдэгчээр орсон байдаг. Улмаар нэхэмжлэгч нь эгчдээ туслах зорилгоор зээлийг нь хааж өгсөн байдаг. Дараа нь мөн ББСБ-д мөнгө шилжүүлсэн. Үүнийг мөн автомашины зээл гэдэг. Гэтэл цалингийн зээл гэдгийг анх удаа сонсож байна. Авсан мөнгөнд автомашины үнэ шингэсэн тул зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь уг машиныг эзэмшиж байсан гэдгийг зөвшөөрч хэлж байна. Нэхэмжлэгч нь хэлэхдээ хүргэн ахдаа туслах гэж зээлийн данс уруу нь шилжүүлсэн гэдэг. Бүрэн итгэсэн учраас картаа өгч шилжүүлсэн гэдэг. Нөгөө 7 саяын асуудлыг сая л цалингийн зээл гэдгийг мэдэж байна. Надад бол авто машины зээл л гэж хэлж ойлгуулж байсан. Иймд хариуцагчийн өөрийнх дансанд орсон мөнийг төлөхийг зөвшөөрнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Т нь зээлийн гэрээний үүрэгт нийт 15,002,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний төлөөлөгч Ю.Батболд нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу хариуцагчийн дансанд шилжүүлэгдсэн 7,528,990 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин “БИД ББСБ” ХХК-ний дансанд шилжүүлэгдсэн 7,473,280 төгрөг нь гэр бүлийн хэрэгцээнд авсан автомашины төлбөрийг төлөхөд зориулагдсан бөгөөд уг автомашиныг нэхэмжлэгч, түүний эгч нар эзэмшдэг гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Хаан банк дахь өөрийн 5057585533 тоот данснаас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 7,528,990 төгрөгийг тус банк дахь 5074151708 тоот дансанд, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7,473,280 төгрөгийг тус банк дахь 5128020426 тоот дансанд тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 50 дугаар тал/
Нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн 5074151708 тоот дансыг хариуцагч Г.С, 5128020426 тоот дансыг “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК буюу “БИД ББСБ” ХХК эзэмшдэг болох нь “Хаан банк” ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 50/4943 дугаар албан тоотоор тогтоогдож байна. /хэргийн 57 дугаар тал/
Нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд 7,528,990 төгрөгийг олгосон байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь энэхүү мөнгөн дүнг буцаан төлөхийг зөвшөөрсөн бөгөөд зохигч хэн аль нь хариуцагчийг энэхүү 7,528,990 төгрөгийг буцаан төлөөгүй талаар маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үүргийн дагуу хариуцагчаас 7,528,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хариуцагч нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “БИД ББСБ” ХХК-д 10,000,000 төгрөгийн зээл олгох хүсэлт гаргаснаар мөн өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 10,000,000 төгрөгийн зээл хариуцагчид олгогдсон болох нь хүсэлт, зээлийн гэрээ, хариуцагчийн дансны хуулгаар тус тус тогтоогдсон. /хэргийн 61-64, 16 дугаар тал/
Улмаар энэхүү зээлээс 7,473,280 төгрөгийг нэхэмжлэгч нь “БИД ББСБ” ХХК-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн болон “БИД ББСБ” ХХК-ний Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 50, 69 дүгээр тал/
Мөн зохигчид нэхэмжлэгчийн данснаас “БИД ББСБ” ХХК-ний дансанд зээлийн эргэн төлөлтөд 7,473,280 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.
Харин хариуцагч нь энэхүү зээл төлөлт нь нэхэмжлэгч нь өөрийн эгч буюу гэр бүлд туслах зорилгоор буцаан шаардахгүйгээр, өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээний харилцааны дагуу зээлийн зарим хэсгийг төлсөн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь энэхүү тайлбарыг үгүйсгэж, хариуцагчийн хүсэлтээр буцаан төлөх нөхцөлтэйгээр олгосон гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Гэвч хариуцагч нь бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэх өөрийн тайлбарыг нотлоогүй.
Түүнчлэн хариуцагч нь “БИД ББСБ” ХХК-с авсан 10,000,000 төгрөгийн зээлээс автомашин худалдаж авсан, улмаар уг автомашиныг нэхэмжлэгч, түүний эгч нар эзэмшдэг тул энэхүү 7,473,280 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б болон хариуцагч Г.С нар нь гэр бүл болох нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хэргийн 17 дугаар тал/
Мөн “БИД ББСБ” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 10,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээнд нэхэмжлэгч оролцоогүй байна. Улмаар энэхүү зээлийн гэрээний дагуу олгосон мөнгөн хөрөнгөнөөс автомашин худалдан авсан болох нь хариуцагчийн Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон. /хэргийн 16 дугаар тал/
Дээрх үйл баримтыг харьцуулан үзвэл автомашиныг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр худалдан авсан байх бөгөөд харин нэхэмжлэгч нь 7,473,280 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн буцаан төлөлтөд шилжүүлжээ.
Үүнээс гадна уг автомашин нь нэхэмжлэгчийн эзэмшилд бүртгэгдсэн боловч зээлдүүлэгчийн барьцаанд буюу “БИД ББСБ” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байгаа талаар зохигчид маргахгүй байна.
Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл энэхүү автомашин нь нэхэмжлэгчид хамааралтай гэж үзэх үндэслэлгүй.
Харин хариуцагч нь уг автомашиныг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзвэл энэ асуудлаар зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.
Иймд хариуцагч нь өөрийн хөрөнгийг хэмнэх буюу өөрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх замаар 7,473,280 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр хариуцагч нь 7,528,990 төгрөгийг буцаан төлөх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, өөрийн хөрөнгийг хэмнэх буюу өөрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх замаар 7,473,280 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД