Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 829

 

Л.Дт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Отгонтөгс,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэрэннадмидын өмгөөлөгч Т.Одгал,

цагаатгагдсан этгээд Л.Дын өмгөөлөгч Э.Ганбат, Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргиийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/466 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэрэннадмидын өмгөөлөгч Т.Одгалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Л.Дт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д овгийн Лгийн Д, 1977 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй /РД:.../;

 

Л.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ... тоотод иргэн М.Этой морины талаар ярьж байгаад “чиний морь дандаа хоёрт ордог байсан, харин миний морь дандаа айрагддаг байсан гэж хэллээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь гавал тархины битүү гэмтэл буюу гавлын зүүн чамархай, зүүн ухархайн ар ба дээд хана, дагзны зүүн хэсгийг хамарсан хугарал, тархины зүүн зулай, дагзны гадна хэсэг, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх зүүн зулай, дагзны гадна хэсэг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн урд гадна хэсгийн эдийн няцрал, зүүн чамархайн урд хэсэг, шанааны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун шуу, ташаанд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан прокурорын газраас: Л.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт Лгийн Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Л.Д 132 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг” загварын гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэрэннадмидад буцаан олгож, архины шил 6 ширхэг, ундааны сав 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дээж сав 1 ширхгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хард диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Л.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, хохирочгийн хууль ёсны төлөөлөгч М.Цэрэннадмидын хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Отгонтөгс бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт улсын яллагчийн яллах талын нотлох баримтын үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлуулсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэрэннадмид, гэрч Б.Халзан, С.Отгонсайхан, Ч.Төвшин, Б.Бямбацогт, Д.Ганболд, Ц.Дготов Б.Анхбаяр, насанд хүрээгүй гэрч П.Ууганбаатар нарын мэдүүлэг мөн шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буман-Өлзий хорооллын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үнэлж няцаан үгүйсгэснийг дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал, шинжээч эмч Ч.Эрдэмболор нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэмболор нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байна. Иймд шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дахин шинжилгээ хийлгэх үндэслэл болж байна.

Шүүхээс амь хохирогч М.Эын нас барсан цаг хугацаанаас өмнө хүнд гэмтэл авсан байх боломжтой хугацааг тооцоолбол доод хугацаа болох 6 цагийг ухрааж тоолбол 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг, дээд хугацаа болох 18 цагийг ухрааж тоолбол 2019 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 02 цагт гэмтлийг авсан байх боломжтой буюу амь хохирогч гавал тархины битүү гэмтлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 02 цагаас өдрийн 14 цагийн хооронд авсан байх боломжтой гэж дүгнэж шүүгдэгч Л.Дын үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учраагүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг зөрчсөн гэж үзнэ. Учир нь, амь хохирогч М.Э нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагаас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13:30 цаг хүртэл гэрээсээ гараагүй, энэ хугацаанд амь хохирогч нь хэн нэгэнтэй  маргалдсан, зодолдсон үйл баримт тогтоогдоогүй, шинжээч эмчийн мэдүүлсэн гавал тархины битүү гэмтлийг авсан даруйд толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илрээгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэрэннадмид, гэрч Б.Халзан, Б.Анхбаяр нарын мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон. Шүүхээс нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, хэрэгт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, Л.Дт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэрэннадмидын өмгөөлөгч Т.Одгал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гавал тархины битүү гэмтэл буюу гавлын зүүн чамархай ба дээд хана дагзны зүүн хэсгийг хамарсан хугарал ... дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба хүний цохилтын хүчээр үүсэх боломжтой гэсэн байдаг. Л.Д нь баруун гараараа юм бичдэг, үйлдлээ хийдэг тухай гэрчийн мэдүүлэг бий. Амь хохирогч нь орцондоо унтаж байгаа байдалтай олддог бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэрэннадмид мэдүүлэхдээ баруун шанаагаараа унасан байсан гэдэг. Мөн шинжээчийн дүгнэлтэд өөрөө өөртөө учруулах магадлал бага гэж дүгнэсэн байсан. Учир нь, шинжээч нар өөрийн биеийн өндрөөс унах, хальтирч унах, согтуудаа унаж бэртэх үеийн гэмтлийн зэргийг тогтоодог. Насанд хүрээгүй гэрч П.Ууганбаатарын мэдүүлгээс харахад насанд хүрээгүй гэрчийн гарсны дараа зодоон болсон байна гэж үзэж байна. Учир нь, Дын хоёр хөл өвдөг хэсгээрээ хавдсан, дух нь зулгарсан нь фото зургаас харагддаг бөгөөд анх удаа өгсөн мэдүүлэгтээ ч мэдүүлсэн байдаг. Хэрэв гавал тархины битүү гэмтэл нь хүнд гэмтэл бөгөөд хүн учруулсан юм бол хэн учруулсныг тогтоох ёстой ба шүүх хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах нь зүйтэй. Учир нь, амь хохирогч цус харваж эсвэл хууч өвчинтэй байсан нь энэ хэрэгт тогтоогдоогүй байдаг. Иймд хэргийг эцэслэн шийдвэрлэж хэргийг хаах нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий цагаатгах тогтоол гарах хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Дын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд шүүх хэргийг шийдвэрлэхгүйгээр буцаах байсан тухай хуулийн заалт л бичсэн. Яг ямар ажиллагаа хийгээгүй талаар бодитой үндэслэл гаргаж гомдол гаргаагүй. Улсын яллагчийн зүгээс энэ хэргийг прокурорын шатанд шалгаж хэрэгсэхгүй болгож, уг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан боловч шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн байр суурьтай байсан. Өмнө энэ хэрэгт өөр прокурор хяналт тавьж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдврлэх тухай хуульд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг хэн, хэзээ, ямар үйлдлээр гэмтэл учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон зүйл байхгүй. Харин эсрэгээрээ Л.Дыг хохирогч цохиж зодсон талаар насанд хүрээгүй гэрч Ууганбаяр харж, Эрдэнэчимэгт очиж хэлсэн байдаг. Камерын бичлэгээс үзэхэд цас, мөстэй гудамж талбайг цэвэрлээгүй нөхцөл байдалтай байсан. Камерын бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судалж, хохирогч Л.Дын гэрт тархины гэмтэл авсан шинжтэй нөхцөл байдал байгаагүйг тогтоосон. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэрэннадмидын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр Э нь хүүхдээ цэцэрлэгээс авах гээд гарах гэж байна гэж утсаар ярьсан. Тэгэхдээ Л.Дт цохиж зодуулсан зүйл байхгүй байсан. Хэргийн газрын үзлэгээр “хохирогч орцныхоо хаалганы үүдэнд тавцантай хэсэгт унасан байдалтай байсан. Хөдөлгөөн хийгээгүй, согтуу, тасарч унасан байдалтай байсан учир гэртээ оруулахад бие нь эвгүй байхаар нь түргэн тусламж дуудсан” гэж мэдүүлсэн. Нас барсан хугацаа болон түүнд үндэслэж тархины цусан хураанаас дээж авч цусан хурааны насжилт буюу хэзээ үүссэн цус болохыг тогтоохын тулд хэсэг хэсгээс нь авч, түүнийг шинжлүүлэн тогтоосон. Үүнд ямар нэг зөрүүтэй дүгнэлт байхгүй. Шинжээч нар анхан шатны шүүх хуралдаанд “бид нар хэсэг газраас нь дээж авдаг. Хамгийн удсан байдал нь 18 цагийн шинжтэй байна. Хамгийн ойр нь буюу гадаргуун дээд хэсэг нь 6 цаг байна” гэх нөхцөл байдлыг тогтоосон талаараа тайлбарлаж хэлсэн. Үүнээс үзэхэд, Л.Дын ямар үйлдэл байгаа нь тогтоогдоогүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй учир хэргийн нотолбол зохих байдал эргэлзээтэй тул шүүх цагаатгах тогтоол гаргасан. Хохирогчийн хувьд хамгийн сүүлд Л.Дын гэрт орсон, хоорондоо муудалцсан гэсэн үйл баримт байдаг учир буруутгахаар хардаж байгаа. Гэтэл хуульчдын хувьд хэргийн талаар зайлшгүй нотлох үүрэгтэй. Нотолж чадахгүй бол шүүх энэ хэрэгт өөр шалгах ажиллагаа байхгүй учир хэргийг эцэслэн шийдвэрлэж цагаатгасан нь үндэслэлтэй. Түүнчлэн, шүүх хуралдааныг явуулахдаа талуудын хүсэлтээр насанд хүрээгүй гэрч Ууганбаяр болон гэрч Эрдэнэчимэг нарыг оролцуулж явуулсан. Дын хувьд толгой нь өвдөөд хэд хэдэн өвчин намдаах эм уусан. Мөн шулуун гэдэсний хагалгаанд орж лаа хэрэглэдэг байсан. Тус лаа нь өвчин намдаах эм агуулдаг тул энэ нь хууль бус эм бэлдмэл биш болохыг баталсан шинжээчийн дүгнэлт байгаа. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Дын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд “нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь “Шүүхийн тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болно.

Прокуророос Л.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ... тоотод иргэн М.Этой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож биед нь гэмтэл учруулж, хүнийг алсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Л.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Тухайн нас барсан цаг хугацаанаас өмнө хүнд гэмтэл авсан байх боломжтой хугацааг тоолбол доод хугацаа болох 6 цагийг ухрааж тоолбол 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг, дээд хугацаа болох 18 цагийг ухрааж тоолбол 2019 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 02 цагт гэмтлийг авсан байх боломжтой буюу амь хохирогч гавал тархины битүү гэмтлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 02 цагаас өдрийн 14 цагийн хооронд авсан байх боломжтой... Л.Дын үйлдлийн улмаас хохирогчид гавал тархины битүү гэмтэл учраагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Л.Д үйлдсэн болох нь тогтоогдоогүй...” гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн байх бөгөөд, прокурорын ялласан дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлүүдийг заагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 97 дугаартай “...Дээрх гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө 12-18 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт, мөн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаартай “...гэмтэл нь шүүх эд, эсийн шинжилгээгээр нас барахаас 6-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна. ...” гэсэн дүгнэлтүүд хэрэгт авагдсан байх ба уг зөрүүтэй дүгнэлтүүдийг дахин шинжилгээ хийх замаар эргэлзээ бүхий нөхцөл байдлыг арилгах боломжтой байхад амь хохирогчийн хувьд гэмтэл авсан байж болох цаг хугацаа зөрүүтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлын хүрээнд шинжээчийн дүгнэлтийг дахин нэмэлт шинжилгээгээр гаргуулж амь хохирогч М.Эын амь нас хохирсон нь Л.Дт зодуулсны улмаас учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой эсэхийг нотлох, мөн амь хохирогч гэмтэл авснаас хойш хэдэн цагийн хугацаанд амьд байж болох талаар нарийвчлан тогтоох, энэ нь боломжтой эсэх, амь хохирогч өөр бусад шалтгааны улмаас амь нас хохирсон шалтгаант холбоотой байж болох нөхцөл байдлуудыг дахин шалгаж тодорхойлох хэрэгтэй тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх эргэлзээ бүхий байдлыг нэг мөр тогтоох нь гэмт хэрэгт холбогдогчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой болохыг дурдах нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хэргийн холбогдогч болон хохирогч нарын хувийн байдал, тэдний харилцаа холбоо зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Мөн хэрэгт авагдсан шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 275 дугаартай дүгнэлт /1хх 220/-ээр Л.Дын шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис амфетамин /АМР/ илэрсэн байна. Гэтэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүйгээр өөрөөс нь тайлбар авах байдлаар “...биеийн эрүүл мэндийн улмаас ийм бодисын найрлагатай эм уусан байх” гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн байна.  

Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой үүргээ биелүүлж чадаагүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан тул “Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Одгалын давж заалдах гомдол, прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд  энэ удаа эцэслэн дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/466 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Л.Дт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Л.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ