Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0535

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц***** ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*****

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Б*****,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Газар зохион байгуулалтын албаны хуулийн мэргэжилтэн З.М***** нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****, З.М*****, гэрч Б.Т*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч Ц***** ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/416 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

          2. Нийслэлийн Засаг дарга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0711 дүгээр шийдвэрийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/100 дугаар захирамжаар 9900 м.кв газрыг контор, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар нэхэмжлэгч Ц*****  ХХК-д 15 жил эзэмшүүлэхээр эрх олгожээ.

          3. Улмаар нэхэмжлэгч компанийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан шийдвэр гаргажээ.

          4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж зааснаар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “... Ц*****  ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 9900 м.кв газар эзэмших эрхийг иргэнээс худалдан авч, дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/55 дугаар захирамжаар цэцэрлэг, орон сууцны зориулалтаар эрхээ шилжүүлэн баталгаажуулсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/899 дүгээр захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг бөгөөд энэ нь хууль зөрчсөн болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0711 дүгээр шийдвэрээр тогтоосон. Улмаар тус шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/100 дугаар захирамж гарч, 9900 м.кв газар эзэмших эрхийг сэргээн баталгаажуулж, 15 жилээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч уг газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг дарга 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/416 дугаар захирамжаараа хүчингүй болгосон. Уг захирамжийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

          5.1. Маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэсэн.

          Манай эзэмшил газарт автозамын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан авто замын трасс төлөвлөгдсөн, баруун талаар өндөр хүчдэлийн шугам тавигдах болсон зэрэг шалтгаанаар бид газар эзэмших эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй байсан. Автозамын болон өндөр хүчдэлийн шугамын трасс аль хэсгээр төлөвлөгдсөн, манай компанийн эзэмшил газрын хэмжээ хасагдах, байршил, эргэлтийн цэгт өөрчлөлт орох эсэхийг тодорхой мэдэгдээгүй, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд огт хүндэтгэлгүй хандаж байсан төрийн захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас тодорхойгүй, ойлгомжгүй байдал үүссэн. Энэ асуудлыг тодорхой болгохоор буюу цаашид хэрхэх талаар тодруулахаар хандаж, газар эзэмшигчийн зүгээс хариуцсан газар зохион байгуулагчтай нь уулзаж байсан боловч тодорхой шийдэл гаргаж, хариу авч чаддаггүй байсан.

          5.2. Шүүхийн шийдвэрийн дагуу сэргээн олгосон газрыг эзэмших, бодитоор ашиглах нөхцөл, үндэслэлийг бүрдүүлээгүй, төрийн байгууллагууд хоорондын уялдаа, хамааралгүй шийдвэрийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байхад аж ахуйн нэгжийг буруутгаж байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг хуульчилсан. Гэтэл газар эзэмшүүлэх харилцаанд оролцогч хоёр тал тэнцвэргүй, газар эзэмшүүлэгч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хүч түрэмгийлэн асуудлыг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Газар эзэмшүүлэгч буюу Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба өөрсдийн хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, газар эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэж, газар эзэмших, ашиглах нөхцөл бололцоог нь хангаагүй атлаа газрын төлбөр нэхэмжилж, газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэх үндэслэл зааж байгаа нь хууль бус байна.

          Газрын манай компанид контор, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд энэхүү зориулалтын дагуу газрыг ашиглахад барилга, бүтээн байгуулалтын ажил хийгдэх ёстой. 2020 оны 02 дугаар сараас Монгол Улсад ковид-19 цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа эхэлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой хугацаагаар хэд хэдэн удаа хилээ хааж, барилгын материалын импорт, дотоодын үйлдвэрлэлийг доголдуулсан. Үүний улмаас барилгын материалын үнэ хэт ихсэж, хомсдолд орж барилга, бүтээн байгуулалтын төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжгүй болсон. Тухайн үед барилга барьсан бол алдагдалд орох байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...бодит нөхцөлд тохирсон...” байх зарчимд нийцүүлэн шийдвэр гаргаагүй нь илэрхий байна.

          5.3. Хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжээгүй. 2019 онд шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо гэрээ хийж гэрчилгээ олгох ёстой боловч гэрээ, гэрчилгээ олгоогүй. Үүний шалтгаан нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагаатай шууд холбоотой. Тухайн газар орчмын хэсгийг ашиглуулахгүй, ундны усны ойн сан бүхий газартай давхцалтай, үүгээр зам барина гэсэн байдлаар гэрээ хийгээгүй, гэрчилгээ олгоогүй. Гэрчилгээ байхгүй учраас бусад иргэн, хуулийн этгээдтэй хамтран үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байсан. Мөн гэрчилгээгээ барьцаанд тавьж зээл авах боломжгүй, гэрчилгээ, гэрээгүй газар төслөө хэрэгжүүлэх боломж байгаагүй.

          5.4. Маргаан бүхий захирамж ирэхээс өмнө хоёр удаа мэдэгдэл ирж байсан. Тухайн мэдэгдэлд анхнаасаа газрыг энэ байршилд олгохооргүй байсан гэдэг шалтгаануудыг дурддаг. Тодруулбал, ойн сан, усан сан, өндөр хүчдэлийн шугам сүлжээ бүхий газартай давхцалтай талаар дурдсан байдаг. Харин маргаан бүхий захирамжид газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлийг дурдсан. Эдгээр үндэслэлүүд нь хоорондоо зөрчилтэй байгаа юм. Нэг нь анхнаасаа газрыг олгох ёсгүй байсан гэдэг утгыг илэрхийлсэн атлаа нөгөө нь газрыг ашиглах ёстой боловч ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн логикгүй байдлаар хандаж газар эзэмших эрхийг цуцалжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

          5.5 “... Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.7 дахь заалтуудыг шүүх харгалзан үзээсэй. Газрын төлбөр төлөх үүрэг гэрээгээр зохицуулагддаг. Гэрээнд хэзээ, хэдэн төгрөг төлөх талаар болон төлөөгүй тохиолдолд хэрхэх талаар зохицуулсан байдаг. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ гарснаар газраа ашиглах, үйл ажиллагаа явуулах, төсөл хэрэгжүүлэх эрхтэй болно. Хариуцагч захиргааны байгууллага бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргах ёстой. Тухайн газрыг анхнаасаа эзэмшүүлэх ёсгүй байсан газар гэж тайлбарлах гээд байгаа юм уу, эсвэл эзэмших ёстой гэхдээ үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарлах гээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Ийм хоёр утгатай санаа, тайлбар, байр суурь нь зөрчилдөөд байна. Одоо хүртэл тодорхойлж чадахгүй байна. Маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэсэн учраас өнөөдөр энэ хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлая гэж байна. Нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хэлсэн. Энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн юм бэ. Гэрээ гэрчилгээгээ авъя гэж удаа дараа хандаж байсан аж ахуйн нэгжийн хувьд газраа ашиглаагүй байна, төлбөрөө төлөөгүй байна гэж тайлбарлах нь үндэслэлгүй байна. Газар эзэмших эрх цуцлагдсаны дараа үзлэгийн зургаас харахад газрын яг дундуур замыг ажил хийгдсэн байгаа. Ийм байдлаар төрийн шийдвэр зөрчилдөөд байхад иргэд, аж ахуйн нэгж яах юм бэ, энэ иргэн аж ахуйн нэгжийн эрхийг хэн хамгаалах вэ. Автозамын трасс нь газар эзэмших эрх хүчингүй болсны дараа батлагдсан гэж тайлбарлаад байна. Монгол Улсын Их Хурлын 2013 оны Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлага хэрэгжүүлэх ажиллагааны төлөвлөгөө гэдэг бодлогын баримт бичгээр тодорхойлогдсон. Нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх хүчинтэй байхад Нийслэлийн Засаг дарга Зайсантай газрыг холбо гээд бичлэг хийж байсан. Уг замын трасст нэхэмжлэгч компанийн газар орсон. Тухайн бичлэгт нэхэмжлэгч компанийн асуудал ч мөн дурдагддаг. Төр өөрөө гаргасан шийдвэрээ үгүйсгээд нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөд үндэслэлгүй тайлбар хийж, үндэслэлгүй тодорхойлоод байгаа явдлыг зөвшөөрөхгүй байна. Хэрэв анхнаасаа газар эзэмшүүлэх ёсгүй байсан гэж тайлбарлаж байгаа бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан өөр зохицуулалт байдаг. Бусад хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой энэ хуулийн зохицуулалтуудаа барихгүй яасан юм бэ. Газар эзэмшигчээс шалтгаалах зөрчлийн асуудал огт байхгүй. Анхнаасаа олгох ёсгүй гэж тайлбарлаж байгаа бол захиргааны байгууллага албан тушаалтны ажиллагаатай холбоотой асуудал гэж үзэж байна. Шийдвэр гаргасан гэж үзээд аж ахуйн нэгжийг хохироож байгаа бол хохирлын нөхөн олговрын тухай асуудал мөн яригдана. Анх 2011 онд энэ газар олгогдсон. 2014 онд нэхэмжлэгч компанийн нэр дээр шилжсэн. Ингэхдээ иргэн хүнээс тухайн үеийн зах зээлийн үнээр худалдаж авсан. Энэ зардалтай холбоотой асуудлыг хэн шийдвэрлэх вэ, тухайн үед гэрчилгээтэй газар худалдаж авсан. Ямар нэгэн хууль зөрчөөгүй, гэрээ, гэрчилгээ нь байсан. Эдийн засгийн эргэлтэд орсон эрхийг хүчингүй болгосноороо газрыг эзэмшээд байгаа нэхэмжлэгч компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол яах вэ. Хариуцагч эхний тайлбартаа бид зөрчилгүй аж ахуйн нэгжийг хохиролгүй болгож байгаа гэдэг. Зөрчил гаргаагүй гэдгийг шүүхээр дүгнүүлээд өөр бусад шалтгаан байгаа бол нөхөн олговор авах, газрыг нүүлгэн шилжүүлэх, шугам сүлжээний давхцалтай хэсгийг нь хасах гэх мэт олон хэлбэрээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчихгүй байх боломж байсан. Энэ тухай яагаад судалдаггүй юм бэ. Бид өмнө нь шүүхээр шийдвэрлүүлээд энэ газрыг 2019 онд баталгаажуулаад авч байгаа. Энэ тохиолдолд дуудлага худалдааны анхны үнэ яригдахгүй. О.Э***** гэдэг хүнээс шилжүүлж авсан. 2019 оны А/100 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүссэн боловч гэрээ, гэрчилгээгээ олгоогүй байж танайх төлбөрөө төлөөгүй байна гэдэг үндэслэлгүй.  Гэрчийн тайлбарыг ойлгосонгүй. Ийм байдлаар үйл ажиллагаа явуулдаг гэсэн утгаар тайлбарласан боловч яг нэхэмжлэгч компани дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэдэг асуудал яриагүй. Газар эзэмших эрх үүсээд явж байхад төлбөрийн асуудал яригдахгүй. 120,000,000 төгрөгийн бодит зардал гарсан, үүнтэй холбоотой баримтаа өгсөн. Тухайн үед худалдаж авахдаа бэлэн мөнгөөр биш ч зээлээр буюу эдийн засгийн үр дагавар бүхий харилцаа үүссэн. Шүүх итгэл хамгаалах зарчмыг хэрэглэх ёстой. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байхад захиргааны байгууллага үл ойшоож болохгүй. Цар тахлын үед газар ашиглах, төсөл батлуулах, эскиз зураг гаргуулах, байгууллагуудтай гэрээ байгуулах гэх зэргээр үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нийслэлийн Засаг даргын А/416 дугаар захирамжийг хүчингүй болгосноор бидний газар эзэмших эрх сэргэнэ гэж үзэж байна. Үнэхээр газар эзэмшиж болохооргүй нийтийн ашиг сонирхолд хохиролтой гэж үзэж байгаа тохиолдолд бид газар эзэмших эрхээ сэргээлгэсний дараа нөхөн олговрын асуудал ярина. Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай газрыг нүүлгэх, шилжүүлэх тухай ярилцъя гэдэг хүсэлт эрмэлзэлтэй байгаа” гэжээ.

          5. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*****, Б.Б***** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Ц***** ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/100 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9900 м.кв газрыг орон сууц, контор, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Дээрх маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд багтсан бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Арга хэмжээ авах тухай” 02-01/1355 дугаартай албан бичгийг ирүүлсэн болно. Тус компани нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/416 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/2631 дугаартай албан бичиг, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-06/2893 дугаартай албан бичгээр тус тус сонсох ажиллагааг явуулсан байна. Маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч талд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/3940 дүгээр албан бичгээр мэдэгдсэн болно.

Ойн сан, усан сан бүхий гэдгийг газар дээр очоод үзэхээр туул голын хажууд, бургас, мод орсон газар байгаа. Эдгээр нь ойн сан бүхий газарт багтдаг. Иймд тухайн газрыг нэхэмжлэгч компани ашиглах боломжгүй буюу анхнаасаа буруу олголт хийгдсэн гэдэг нь тогтоогдсон. Гэхдээ Нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг аль хууль зүйн үндэслэлээр гаргах вэ гэдгийг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой. Нэхэмжлэгч газар дээрээ барилга байгууламж бариагүй, газрын төлбөр төлөөгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Маргаан бүхий захиргааны акт 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 гэсэн үндэслэлээр гарсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Сонсох ажиллагааны хувьд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл бичигдсэн байгаа. Төрийн захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа бодит байдлыг тогтоох чиг үүргийг хүлээдэг. Бодит нөхцөл байдал тогтоогдсоны үндсэн дээр мэдэгдлийг явуулсан. Маргаан бүхий захиргааны актыг гаргахгүй байх үндэслэл байна уу гэдгийг тал бүрээс нь судалсны үндсэн дээрээс гаргаж сонсох ажиллагааг явуулсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2019 онд газар эзэмших эрх олгосон. Нийт 19 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалсан. Учир нь тухайн газрын ойр орчмын иргэд Нийслэлийн Засаг даргад болон холбогдох байгууллагад гомдол гаргасан байдаг. Тус гомдолд “туул голын эрэг дагуу Улаанбаатарын цэвэр агаарыг хааж, барилга байгууламж барих нь зохисгүй, бид эрүүл аюулгүй орчинд амьдармаар байна”  гэсэн байдаг. Энэ агуулгаас харахад тухайн газарт анхнаасаа газар олгох буруу байсан гэж үзэж байна. Иргэд болон Улаанбаатар хотын нийтийн эрх ашиг хөндөгдөж байна. Иймд дээрх газрыг ямар нэгэн байдлаар чөлөөл гэдэг зүйлийг ярьсан. Нөхцөл байдлыг тогтооход тухайн газарт барилга байгууламж барихаас илүүтэй ногоон байгууламж барих нь зүйтэй байна гэж үзсэн. Маргаан бүхий газарт иргэн аж ахуйн нэгжийн судалгааг гаргахад хууль зөрчиж байгаагүй иргэн аж ахуй нэгж байгаа. Харин нэхэмжлэгч компанийн хувьд газар дээрээ барилга бариагүй байсан, үйл ажиллагаа эхлүүлээгүй, хашаа ч бариагүй байсан. Мөн газрын төлбөрөө төлөөгүй. Тухайн газрыг ашиглах гэж байгаа бол төлбөрийг төлөх ёстой. Газрын тухай хуульд тухайн газар эзэмшигч гэрээний үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ашиглахыг шаарддаг. Тухайн газрыг нэхэмжлэгч компанид эзэмшүүлж байгаа гол шалтгаан нь газраа зориулалтын дагуу ашиглаад нийгэм, Улаанбаатар хот, Монгол Улсад бодитой үр нөлөө үзүүлэхийг шаарддаг. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй байсан. Нэхэмжлэгч компани хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн тохиолдолд тухайн газар дээр барилга байгууламж барьж, нэхэмжлэгч компани ашигласнаар нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа гэрээ, гэрчилгээтэй уялдуулж тайлбарлаж байна. Гэрээ, гэрчилгээ гарсан эсэх нь тодорхой болоогүй гэж үзэж байна. Гэрч нь “...гэрчилгээг би  байхдаа бичээгүй” гэж тайлбарлаж байна. Тэрнээс хойш бичсэн эсэх нь тодорхойгүй байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэж захирамж гарсан. Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөрөө төлнө, гэрчилгээний үндсэн дээр газар эзэмших эрхтэй гэж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тайлбарлаж байна. Нэхэмжлэгч компанид гэрээ байгуулж, гэрчилгээ бичигдсэн эсэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тодруулах нь зүйтэй байна. Энэ нөхцөл байдал тогтоогдохгүйгээр шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарахгүй. Дүгнэлт болгож хэлэхэд бид төлбөрийг гэрээ байгуулж төлөхгүй. Та хэлэхдээ төрийн захиргааны байгууллагаас газар эзэмших эрх олгох тухай захиргааны акт гарч бидэнд эрх олгогдсон гэж хэлсэн.  Хэрэв тийм бол та Газрын тухай хуульд заасан 35 дугаар зүйлийн 35.3.3 дах хэсэгт заасан газар эзэмшигчийн үүрэг буюу хуульд заасны дагуу төлбөрөө төлнө гэж байгаа. Газрын тухай хуульд таныг гэрээний дагуу төлбөр төлнө гэсэн үүрэг байхгүй. Харин хуулийн дагуу газрын төлбөрийг төлнө гэж байгаа. Иймд газрын төлбөрөө төлөх үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна. Бид яаж төлөх вэ, мэдээгүй байхад гаргачихлаа гэдэг зүйл яриад байна. Газар эзэмших эрхийг шилжүүлж авсан уу, тэрнээс өмнө иргэнээс шилжүүлж авсан гэдэг. Тэр гэрээ, гэрчилгээнд өмнөх газар эзэмшигч улиралд ямар төгрөг төлөх зохицуулалт байгаа. Одоо бүх зүйл нээлттэй болсон, хүсвэл та шууд төлбөрөө төлж болно. Мөн таны газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө танд боломж олгосон. Танд 2 удаагийн мэдэгдэл өгч байна гэдэг нь танд 2 удаагийн боломж олгож байна. Таныг төлбөрөө төлөөд ирвэл таны газар эзэмших эрхийг цуцлахгүй байх гэдэг нөхцөл байдлыг тогтоох гээд байхад нэхэмжлэгч өөрөө үл хүндэтгэсэн атлаа төрийн захиргааны байгууллагыг буруутгаж байна. Мэдэгдэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг дурдсан байдаг. Газрын төлбөрөө төлснийхөө дараа манай газар эзэмших эрхийг битгий цуцлаач гэсэн хүсэлт гаргавал ийм нөхцөл байдал үүсэхгүй байх магадлалтай. Иймд нэхэмжлэгч өөрөө үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг нь өөрийнх нь тайлбар болон холбогдох нотлох баримтаар нотлогдож байна. Өөрийн үүргийг төрийн захиргааны байгууллага руу буруутгаж байгаа нь зохимжгүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалттай холбоотойгоор цар тахлын үед төрийн захиргааны байгууллага цахимаар ажиллаж байсан. Ямар нэгэн гомдлыг цахимаар авч байсан. Улсаас цахимаар ажиллах журам хүртэл баталсан. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар руу онлайнаар хүсэлтээ гаргаж болох байсан. Энэ хүсэлтээ гаргасан бол нэхэмжлэгчийг газраа ашиглах сонирхолтой байсан гэж үзэх байсан. Цар тахлын улмаас төрийн захиргааны байгууллага цахимаар ажиллах нөхцөл болзлоор хангаж өгсөн. Иймд нэхэмжлэгч компани үүргээ хэрэгжүүлээгүй атлаа өнөөдөр газар эзэмших эрхээ сэргээлгэнэ гэж маргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн гэрчийн хэлснээр дуудлага худалдааны анхны үнийг дутуу төлсөн учраас гэрээ гэрчилгээ өгөөгүй гэсэн. Төрийн захиргааны байгууллага дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байхад гэрчилгээ өгдөггүй нь гэрчийн хариултаас тодорхой болсон. Гэрээ, гэрчилгээг бичихгүй байх үндэслэл байхгүй. Төрийн захиргааны байгууллагад гэрээ, гэрчилгээ хадгалагдаж байгаа. Газар эзэмших эрх олгож байгаа эрх зүйн акт нь Нийслэлийн Засаг даргын буюу маргаан бүхий акт юм. Энэ актыг үндэслэж гэрээ, гэрчилгээ бичнэ. Энэ бичих эрхийг Нийслэлийн Засаг дарга олгоод түүний дагуу дагалдах бичиг баримтыг өгнө. Одоо бүх юм онлайн болчихсон, захиргааны акт цаасаар гарна бусад нь онлайн болсон. Энэ нөхцөл байдал нь танд эрх олгож байгаа эцсийн бичиг баримт биш. Энэ гэрээ гэрчилгээг олгох гэхээр та өөрөө зөрчилтэй байгаад байна. Нөхөн олговрын тухайд надад ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, эрх нь ч надад олгогдоогүй. Гэрээ, гэрчилгээг бичигдсэн эсэх талаар лавлагааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зайлшгүй тодруулах шаардлагатай. Хэрэв бичигдсэн бол авах шаардлагатай. Магадгүй өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд бичиг, баримт дутуу байна гэдэг байдлаар гомдох магадлалтай. Өнөөдөр бүтэн хэлэлцсэн учраас дараагийн хурлаар үлдсэн хэсэг дээрээ маргаад, шүүх хуралдаанаа ойрхон зарлаад шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Ц***** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/416 дугаар захирамжийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

2. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/416 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/100 дугаар захирамжаар эзэмших эрх олгогдсон Ц***** ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

3. Нэхэмжлэгч Ц***** ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн газар баталгаажилтын хувийн хэрэг, Ц***** ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Тодруулга авах тухай” 2021/001 дүгээр албан бичиг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Тайлбар, санал хүргүүлэх тухай” 2021/005 дугаар албан бичиг, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Тайлбар, санал хүргүүлэх тухай” 2021/006 дугаар албан бичиг болон гэрч Б.Т*****-ын өгсөн “...Тухайн үеийн удирдлагууд захирамж шийдвэр гаргасан боловч газраа эзэмшиж ашиглаагүй байвал эсвэл төлбөртэй холбоотой асуудлаар гэрээ, гэрчилгээ олгоогүй. Тухайн үед албаны дарга Э.Б***** гэж хүн байсан. Сүүлд Э.Э***** гэж дарга байсан. Гэрээ, гэрчилгээ бичих хугацаа заасан зүйл байхгүй. Захирамж шийдвэр гарсан ч газрын төлбөрөө төлсөн байх, дуудлага худалдааны үнэ төлсөн тохиолдолд бичнэ гэх мэт шаардлага тавигддаг. Тухайн үед энэ компанид газар эзэмших эрх олгосон боловч Газрын тухай хуулийн дагуу газраа ашиглаагүй, газрын төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүйгээс болоод Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан байх. Мөн байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой асуудал удааширсан байх. ...Миний бие тухайн үед хариуцаж байхад гэрээ, гэрчилгээ бичсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/100 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нэхэмжлэгч Ц***** ХХК-тай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байна.

4. Гэтэл Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий А/416 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь ойлгомжгүй буюу газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байхад түүнийг хүчингүй болгож буй захирамж гаргасан нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсэн хуулийн зохицуулалттай байхад захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компани газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

5. Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий 2021 оны А/416 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг баримтлаагүй, 24 дүгээр зүйлийн 24.1. “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

6. Учир нь захирамжийн үндэслэлтэй холбоотойгоор дараах баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Үүнд:

-2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/7084 дүгээр албан бичгээр Авто замын хөгжлийн газраас авто замын трасстай холбоотойгоор нотлох баримт гаргуулахаар шаардахад тус газар нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/1885 дугаар албан бичгээрээ “...эзэмшиж буй газар нь Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-д тусгагдсан авто замын нөлөөлөлд өртсөн” гэж,

-2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/0321 дүгээр албан бичгээр Хот  байгуулалт, хөгжлийн газраас эрчим хүчний шугамтай холбоотойгоор нотлох баримт шаардахад 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 08/299 дүгээр албан бичгээрээ “... нэгж талбарын дугаар бүхий газарт 110/10/6 кВ-ын “Өмнөд” дэд станцаас “Р***** г*****” хотхоны ХТП-1057 дэд станц хүртэлх үндсэн тэжээлийн 10кВ-ын 3х240мм2 хөндлөн огтлолтой хос кабель шугамтай байна” гэж,

-2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/4135 дугаар албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газраас Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолтой холбоотойгоор нотлох баримт шаардахад 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/10/1552 дугаар албан бичгээр “...Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нэхэмжлэгч компанийн газар нь  Цэцэрлэгт хүрээлэн газар зохион байгуулалтын бүс болон Туул голын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна” гэж,

-2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/4907 дугаар албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, энгийн хамгаалалтай бүстэй холбоотойгоор нотлох баримт шаардахад 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/1087 дугаар албан бичгээр “... газар нь ойн сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 248 м.кв талбайгаар, ойн тэлэн ургах нөөц газрын хамгаалалтын бүстэй 9580 м.кв талбайгаар, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 53 м.кв талбайгаар тус тус давхцаж байна” гэж тус тус хариу өгчээ.

Эдгээр баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч компанид эзэмшүүлсэн газар нь ойн сан, усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай, авто замын трасс болон эрчим хүчний шугам сүлжээ бүхий газартай давхцалтай нь тогтоогдож байх тул уг давхцалыг арилгаж, дахин шинэ актыг Нийслэлийн Засаг даргаас гаргах нь зүйтэй байна.

7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ гарсан эсэхийг дахин тодруулах, нотлох баримт авах шаардлагатай гэж тайлбарлаж байх боловч шүүх Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын нэгж талбарын хувийн хэргийг бүхэлд нь шаардаж, хэрэгт нотлох баримтаар авагджээ.

8. Иймд нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж шүүх үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/416 дугаар захирамжийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/416 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/416 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

              3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ӨЛЗИЙЖАРГАЛ