Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 141

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

          Улсын яллагч Д.Ууганцэцэг,

          Шүүгдэгч Ж.Нэргүй, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Хөхнуур овогт Жанчивсэнгээгийн Нэргүйд холбогдох эрүүгийн 2016 2601 2635 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

          Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эмээлтэд ажилладаг, Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг, Намтолгой гэх газарт оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10 дугаар гудамжны 9 тоотод түр оршин суух, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Хөхнуур овогт Жанчивсэнгээгийн Нэргүй /РД:ВМ90072715/  

 

 

            Холбогдсон хэргийн талаар:  

            Шүүгдэгч Ж.Нэргүй нь давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32Б байрны гаднах зогсоолд байсан иргэн А.Өнөрбаянгийн эзэмшлийн 47-19 УБГ улсын дугаартай Тоёото Кроун маркийн автомашины толийг хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан, 

            2016 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 6а байрны гаднах зогсоолд байсан иргэн Л.Нармандахын эзэмшлийн 61-99 УНҮ улсын дугаартай Тоёото приус маркийн автомашины 2 ширхэг толийг хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан, 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад нийт 680.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

            Шүүгдэгч Ж.Нэргүй нь давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32Б байрны гаднах зогсоолд байсан иргэн А.Өнөрбаянгийн эзэмшлийн 47-19 УБГ улсын дугаартай Тоёото Кроун маркийн автомашины толийг хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан,  

            2016 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 6а байрны гаднах зогсоолд байсан иргэн Л.Нармандахын эзэмшлийн 61-99 УНҮ улсын дугаартай Тоёото приус маркийн автомашины 2 ширхэг толийг хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан, 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад нийт 680.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

            - хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-22/,

- хохирогч А.Өнөрбаянгийн:...2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 00 цагийн орчимд байрныхаа гадаа буюу буюу Сонгинохайрхан 27 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах 32Б байрны гадна талын машины зогсоол дээр 47-19 УБГ улсын дугаартай Тоёота Кроун машинаа тавиад гэртээ орж амарсан. Тэгсэн шөнө 04 цагийн орчимд цагдаагийн алба хаагч утсаар залгаад машины толийг чинь хулгайлсан байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд гараад машинаа үзсэн чинь миний машины жолоочийн эсрэг талын толь хулгайд алдагдсан байсан. Миний машины 2 толийг сууриар нь хугалсан. Жолооч талын толь нь машиндаа дүүжлэгдсэн байсан. Харин нөгөө талын толийг нь сууриар нь хугалаад аваад явсан байсан.. миний машины толийг сууриар нь хугалаад цахилгааны утсыг тасалсан болохоор удирдлагаар автоматаар эвхэгдэж тохиргоо хийгддэг байсан нь бүгд больсон. Одоо сууриар нь наагаад л арын хэсгээ харж байгаа...гэх мэдүүлэг /хх-28-30, 89/,

- хохирогч Л.Нармандахын:...2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед өөрийнхөө 61-99 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинаа гэрийнхээ гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6а байрны гадна машины ил зогсоол дээр тавиад гэртээ орж амарсан. Би гараад машинаа харсан чинь миний 2 талын толинуудыг сууриар нь хугалсан, толь байхгүй байсан. Миний толийг сууриар нь хугалаад цахилгааны утсыг нь тасалсан. Одоо миний машины толь эвхэгдэхгүй, мөн автоматаар тохируулдаг байсан нь ажиллахаа больсон. Би машиныхаа толины суурийг нь наалгаад л ухрах үйлдэл хийхдээ л толиндоо харж байгаа. Миний толь зүгээр хэвийн ажиллагаатай толь байсан. Толины мөнгө болох 250.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-34-36, 88/,

- иргэний нэхэмжлэгч О.Мөнхбатын:...2016 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6а байрны 1 дүгээр орцны үүдэнд өөрийнхөө 25-68 УБР улсын дугаартай Приус-20 маркын машинаа тавиад гэртээ орсон. Тэгсэн шөнө 03 цагийн орчимд миний утас руу цагдаагийн алба хаагч яриад толийг чинь хулгайлсан байна, гараад ир гэж хэлсэн. Тэгээд би гараад яваад очсон чинь миний машины баруун талын толийг нэг согтуу залуу барьчихсан зогсож байсан. Тухайн үед тэр залуу нилээн хэдэн толь барьсан байсан. Би хулгайд алдсан толио хүлээж авсан. Би хулгайд алдсан 1 ширхэг толийг 60.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-31-33/,

- үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний  “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай “...Япон улсад үйлдвэрлэсэн Тоёота үйлдвэрийн Приус-20 маркийн автомашины тольны зах зээлийн үнэ дунджаар 1 ширхэг толь 180,000 /нэг зуун наян мянган/ төгрөг, хос толь 340.000 төгрөг болохыг тодорхойлж байна...гэх дүгнэлт /хх-94/,

- үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний  “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 28/а дугаартай “...Япон улсад үйлдвэрлэсэн Тоёота үйлдвэрийн Кровн маркийн автомашины тольны зах зээлийн үнэ дунджаар 1 ширхэг толь 180.000 төгрөг, хос толь 340.000 төгрөг болохыг тодорхойлж байна...гэх дүгнэлт /хх-94/,

- гэрч Б.Баатарбүргэдийн:...2016 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд би гэрээсээ гараад явж байсан чинь 6а байрны 1 дүгээр орцны үүдэнд нэг хүн 25-68 УБР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус машины толь хугалаад зогсож байхаар нь би болиоч гэж хэлсэн чинь надад нэг юм хэлээд зугтаахаар нь би араас нь гүйж очоод бариад авсан. Тухайн үед тэр залууг бариад авсан чинь энгэрт нь нилээн хэдэн янз бүрийн толь байсан. 175 см орчим өндөртэй, 25-30 орчим насны залуу байсан. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Гэхдээ тийм согтолттой биш байсан...гэх мэдүүлэг /хх-98/, 

- гэрч Б.Билгүүний:...2016 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ-118 чиглэлд ахлах ахлагч Базарсадын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө 02 цаг 05 минутанд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 6а байрны гадна машины толь хулгайлсан хүнийг барьсан байж байна, хулгайлсан хүн нь зугтах гээд байна гэсэн дуудлагын дагуу яваад очиход дуудлага өгсөн Баатарбүргэд нь Ж.Нэргүй гэгчийг барьчихсан хоорондоо ноцолдоод байж байсан. Нэргүй нь зугтаах гээд байсан. Би Нэргүйг зугтаахаар нь араас нь хөөж барьж аваад машинд суулгасан чинь Ж.Нэргүй гэгчийн өврөөс 3 машины толь гарч ирсэн. Мөн Ж.Нэргүй нь 25-68 УБР улсын дугаартай цагаан Приус-20 машины толийг хугалсан байсан. Тэгээд Нэргүйгийн өврөөс гарч ирсэн толинуудын машинуудыг хайж олоод эзэд рүү нь утсаар мэдэгдсэн. Приус-20 машины 2 ширхэг толь, Кроун машины 1 ширхэг дохиотой толь байсан...гэх мэдүүлэг /хх-37-38/,

- гэрч Ө.Базарсадын:...2016 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ-118 чиглэлд дэслэгч Б.Билгүүний хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 6а байрны гадаа машины толь хулгайлсан хүн барилаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагаар яваад очтол Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 6а байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талд нь дуудлага өгсөн хүн буюу иргэн Баатарбүргэд нь 25-68 УБР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн машины хажууд Ж.Нэргүй гэгчийг барьсан зогсож байсан. Тухайн үед 25-68 УБР улсын дугаартай Тоёота Приус машины толь нь хугарсан байдалтай, утсан дээрээ тогтож байсан. Дэслэгч Билгүүн бид хоёр машинаас буугаад очсон чинь Нэргүй зугтаах гэж оролдсон чинь дэслэгч Билгүүн барьж авахад куртикнээс нь 3 ширхэг машины толь унасан. Тэгээд Нэргүйг машинд суулгаад энгэрээс нь унасан машины тольнуудыг авч машиндаа хийгээд ямар машины толь болохыг тогтоохоор 6а байрны орчимд хайсан. Тэгсэн 6а байрны баруун хойд талын зогсоол дээр байсан 61-99 УНҮ улсын дугаартай Тоёота Приус машины 2 толь нь байхгүй байсан. Нэргүйгийн өврөөс гарч ирсэн 2 ширхэг хар өнгийн тольны хугарал нь уг машины тольны суурьтай ижилхэн байсан. ...Мөн байрны зүүн хойд тал буюу Чухаг хотхоны 32 дугаар байрны баруун хойд талд 47-19 УБГ улсын дугаартай Тоёота Кроун маркийн машины 1 толь хугараад утсан дээрээ тогтсон, нэг толь нь байхгүй байсан ба Нэргүйгийн өвөрт байсан 1 ширхэг толь уг машиных байсан. ...Приус-20 машины 2 ширхэг толь, Кроун машины 1 ширхэг толь байсан. Ж.Нэргүй нилээн согтолттой байсан...гэх мэдүүлэг /хх-99/,

- ял шалгах хуудас /хх-54/

- эд зүйлийн үнэлгээ /хх-39-41/,

- шүүгдэгч Ж.Нэргүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр найз Мөнхжаргалтай Сонгинохайрхан дүүргийн Депод байрлах гэрт нь уулзаад 1 шил архи хувааж уусан. Би Мөнхжаргалын амьдардаг нийтийн байрнаас гараад Хархорин зах гараад өөртөө гутал аваад орой нь ганцаараа 21 дүгээр хороололд байдаг Цэлмэг нэртэй нийтийн караокед ороод 1 шил 0,5 литрийн Чингис архи ганцаараа уусан. Тэгээд би тэндээс яаж, хэдэн цагийн үед гарснаа мэдэхгүй байна. Шөнө нэг байрны гадаа явж байгаад машины зогсоол дээр байсан 3 машины толийг хулгайлаад нэг хүнд баригдсан. ...Би согтуу явж байгаад машины толийг худалдаж авдаг гэхээр нь мөнгөтэй болох гээд хулгайлсан...гэх мэдүүлэг /хх-51-52, 90/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

            Шүүгдэгч Ж.Нэргүй нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

             Хохирогч А.Өнөрбаян, Л.Нармандах, иргэний нэхэмжлэгч О.Мөнхбат нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгийг /хх-133-135/ бүрэн хүлээн авсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

             Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 55.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

            Шүүгдэгч Ж.Нэргүй нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж.Нэргүйг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нэргүйг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Нэргүйд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Нэргүйд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Нэргүйд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР