Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1462

 

МАГАДЛАЛ

 

2018.06.22                                                     Дугаар 1462                                Улаанбаатар хот

 

 

 

 

ХГ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00728 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХГ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын   29-ний өдрийн 304 дүгээр тогтоолоор ХГ ХХК-иас 760 800 276 төгрөгийг гаргуулж, КБ-нд  олгохоор шийдвэрлэсэн. НШГА нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот 220 мкв талбайтай орон сууцыг зах зээлийн ханшийг 880 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 24, 25 тоот авто зогсоолуудыг тус бүрийг нь 25 000 000 төгрөгөөр үнэлэн үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэх хуудсыг манай компанид биш дээрх үл хөлдөх эд хөрөнгийн байгаа газрын хаягаар шууданд хийснийг манай компани 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр очиж шуудангаас утсаар мэдэгдсний дагуу хүлээн авсан. НШГА нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн, үнэ тогтоож, энэ талаараа манай компаний албан ёсны хаягаар ирүүлээгүй, үнэлгээг танилцуулаагүйд гомдолтой байгаагийн зэрэгцээ дээрх нь үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 55.7 дахь заалтуудыг зөрсөн байна. Г.А гэдэг хүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Г.А гэдэг хүнд шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан. Иймд НШГА-аас үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож, дахин зах зээлийн бодит ханшийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөнд төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөнд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон орон сууцны үнэ 880 000 000 төгрөгөөр, автозогсоолын тус бүрийн үнэ 25 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч ХГ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т-д 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/23077 тоот албан бичгээр, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.А-т 2017 оны 09 дүгээр сарны 22-ны өдрийн 3/23078 тоот албан бичгээр тус тус хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баримтжуулсан. НШШГГ  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчийг эд хөрөнгө үнэлсэн үнэлгээнд тайлбар, асуулга гаргуулахаар шүүх хуралд шинжээчээр оролцуулж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-ын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот автозогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч ХГ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ХГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: НШГГ нь ХГ ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй, үнийн санал аваагүй, мэдэгдэл хүргүүлээгүй. Иргэн Г.А нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ зээлийн барьцаанд тавьсан барьцааны зүйлүүдийн өмчлөгч юм. Гэтэл НШГГ нь иргэн Г.А-т холбогдуулан гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их сургуулийн гудамж-3 хаягт байрлах өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулж байхад Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, Зайсан тойруу 62/6 дугаар байр руу мэдэгдэх хуудас хүргүүлэн, үүнийгээ төлбөр төлөгчид мэдэгдсэн, мэдэгдлүүдийг хүлээн авсан гэсэн хариуцагчийн тайлбарт үндэслэн шүүх шийдвэрлэсэн. Эд хөрөнгөө барьцаалуулсан иргэн Г.А-т шинжээчийн дүгнэлт буюу үнэлгээг танилцуулсан, дуудлага худалдаа явуулах гэж буйгаа ХГ ХХК-д биш иргэн Г.А-т мэдэгдсэн гэх хариуцагчийн хийсэн ажиллагаа нь хууль бус байхад анхан шүүх анхаараагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ХГ ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг харицагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 шийдвэрээр ХГ ХХК-иас 760 800 276 төгрөгийг гаргуулж, КБ-нд  олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч НШГА нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот 220 м.кв талбайтай орон сууцыг, мөн хаягт байрлах 24, 25 тоот автозогсоолуудын зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсоны дагуу зах зээлийн ханшийг 880 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байгааг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь заалтуудад тавигдсан шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээтэй байна.

Хариуцагч нь үнэлгээний тайланг төлбөр төлөгч ХГ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т-д 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/23077 тоот албан бичгээр, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.А-т 2017 оны 09 дүгээр сарны 22-ны өдрийн 3/23078 тоот албан бичгээр тус тус хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баримтжуулсан гэх боловч хэргийн 48 дахь талд авагдсан бичгийн баримт нь хариуцагчийн тайлбарыг нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай, уг баримтыг үйлдсэн огноо тодорхойгүй байв.

Шүүх дээрх байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, “...нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн...” гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00728 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

        ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

                                                                               М.НАРАНЦЭЦЭГ