Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00001

 

Т-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2022/00942 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 207/МА2022/00096 дугаар магадлалтай,

Т-н нэхэмжлэлтэй

Хүсэлт гаргагч “Ө” ХХК-д холбогдох

“Ө” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,

Татварын өр төлбөр 66,310,688.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ны хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т-ээс “Ө” ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр 66,310,688.840 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хүсэлт гаргагчаас “Ө” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг гаргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2022/00942 дугаар шийдвэрээр: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан “Ө” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж,

Татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар татварын өр төлбөр 6,435,652 төгрөгийг “Ө” ХХК-аас гаргуулж Т-эст олгож,

Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц “Ө” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлж,

Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3, 35 дугаар зүйлийн 35.1, 38-р зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгч Э-н зардлыг нэхэмжлэгч, хүсэлт гаргагч нарт хариуцуулж, төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч Э-д хариуцуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т-сийн “Ө” ХХК-д холбогдуулан гаргасан татварын өр төлбөр 59,875,036.8 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Ө” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Т-сийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 207/МА2022/00096 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2022/00942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны магадлалыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргаж байна.

4.1. “Ө” ХХК-ийн 2018-2020 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийхдээ бусдад шилжүүлсэн болон худалдсан хөрөнгийн байдлыг огт тодорхойлон дурдаагүй. Хэрэг гүйцэтгэгчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан гэсэн дүгнэлтээр үндэслэл болгож байгаа нь хэргийг нэг талаас нь харсан хуульд үл нийцсэн шийдвэр болсон. Мөн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг эцсийн шийдвэр болгон үнэлсэн нь шийдвэрт эргэлзэх, хуульд заасан бүх боломжийг ашигласан эсэх эргэлзээг төрүүлж байна. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд шинжээчийн дүгнэлт гаргуулж болох боломжтой байсан гэж үзэж байна.

4.2. Байгууллагын балансад мөнгөн дүн бүртгэлтэй байхад шүүх дүгнэлт өгч чадаагүй. Татвар төлөгч тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаад хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх замаар дампууруулж байгаа нь шүүхийн шийдвэрээр хууль татвар төлөгчдөд тэгш үйлчлэх бололцоогүй болгож байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасан татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх боломжийг хуулиар олгох нь буруу юм.

4.3. Аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэхэд хариуцагчийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх санхүү, удирдлагын болон бусад боломж, тэдгээрийн тооцоо, өөрчлөн байгуулагдсан аж ахуйн нэгжийн хэтийн төлөвийн талаар тусгана гэж хуульд заасан. Нэхэмжлэгч байгууллагын хувьд татвар төлөгчийн төлсөн, төлбөл зохих албан татварыг хуулийн дагуу хураан барагдуулж улсын төсөвт төвлөрүүлэх, татвар төлөгчдөд татварын хууль, журмын талаар хуулийн зөвлөгөө өгч ажиллах үндсэн үүрэгтэй төсвийн байгууллага юм. Татвар төлөгчийг дахин хөрөнгөжүүлэхэд шаардагдах санхүүгийн чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн тусгайлсан төлөвлөгөө гаргах хууль зүйн хувьд болон чиг үүргийн хувьд боломжгүй юм.

Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож, татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхийг шаардах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа тул холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгон шийдэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бы гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.11.25-ны өдрийн 001/ШХТ2022/01353 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. “Ө” ХХК шүүхэд гаргасан хүсэлтээ: “...Тус ХХК 2006.02.16-ны өдөр Хүнсний бөөний худалдаа, барилгын засвар, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх чиглэлээр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, 1 гишүүнтэйгээр байгуулагдаж, 2013 оноос эхлэн барилгын засвар, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн, 2016 оноос үйл ажиллагаа доголдож, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлж, үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээг хэрэгжүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал, үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл үүссэн тул “Ө” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах хүсэлт гаргаж байна, ...төлбөрийн чадваргүй болсон үндэслэл нь ...зардлын тооцооллыг буруу хийснээс үүдэж, үйлчилгээ үзүүлэх гэрээний үнийг бага тогтоож, алдагдал хүлээж, ашиггүй ажилласан, ...мөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон удирдлагын буруу арга барил, сахилга бат хангалтгүй байсан зэрэг нөлөөлсөн, ...компанийн хөрөнгийн хэмжээ 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар үндсэн хөрөнгө 0, эргэлтийн хөрөнгө 0, нийт 0 төгрөгийн хөрөнгөтэй, ...Тэст 2012-2019 оны хооронд үүссэн татварын өр хуримтлагдаж нийт 66,310,688.84 төгрөгийн өртэй байгаа нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэсэн зохицуулалтад нийцэж байгаа буюу компани өөрийн хөрөнгөгүй тул компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, дампууруулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Нэхэмжлэгч Тэс тайлбартаа: “......тоот регистрийн дугаартай “Ө” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, тус хэлтэст бүртгэгдсэн, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш орон нутгийн төсөвт нийтдээ 20,431,414.6 төгрөгийн албан татвар төлсөн. Тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулан орлого олсон атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул дахин хөрөнгөжүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна, ...“Ө” ХХК нь 2012-2019 оны цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын нийт 66,310,688.84 төгрөгийн албан татварын өртэй байна. Иймд татварын өрийг гаргуулж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

8. Анхан шатны шүүх хүсэлтийг хангаж, “Ө” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, татварын өр 6,435,652 төгрөгийг гаргуулан Татварын хэлтэст олгож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц “Ө” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгчид шилжүүлж, 59,875,036.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

9. Нэхэмжлэгч Тэс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...байгууллагын балансад мөнгөн дүн бүртгэлтэй байхад энэ талаар дүгнэлт өгөөгүй, ...хуулийн этгээдийг татвар төлөхөөс зайлсхийх замаар дампууруулж, ...хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй... үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхийг шаардаж өгнө үү...” гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

10. Гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянавал хоёр шатны шүүх нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэглэвэл зохих хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.

11. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэлд тухайн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцуулах, төлбөрийн чадваргүй болсон гэж үзэх үндэслэл, түүний хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тус тус тусгаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана гэж, хавсаргах баримтад тухайн хуулийн этгээдийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан, өөрийн хөрөнгийн жагсаалт, үнийн санал, нэхэмжлэгчдийн нэр, хаяг, нэхэмжлэгч тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээ, хариуцагчид төлбөртэй этгээдийн нэр, хаяг, төлбөрийн хэмжээ зэрэг хамаарахаар, улмаар шаардлагатай тохиолдолд шүүх хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нэмэлт нотлох баримтыг нэхэмжлэл, хүсэлт гаргасан этгээдээс шаардаж болно гэж зохицуулжээ.

12. “Ө” ХХК дампуурсанд тооцуулж, татан буулгуулахаар гаргасан хүсэлтийн үндэслэлээ: “...тус компани нь бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ зардлын тооцооллыг буруу хийснээс гэрээний үнийг бага тогтоож, алдагдал хүлээж ашиггүй ажилласан, дээрх хүчин зүйл нь компанид зорилго, зорилт, эдийн засгийн тооцоолол, төлөвлөлт байхгүй байснаас бий болсон, мөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, удирдлагын буруу арга барил,  санхүүгийн сахилга бат хангалтгүй байсан зэрэг нь компанийг төлбөрийн чадваргүй болгосон...” гэж тайлбарлаж, 2018, 2019, 2020 оны санхүүгийн тайланг хавсаргасан байна.

Дээр дурдсанаар “...“Ө” ХХК нь бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ зардлын тооцооллыг буруу хийснээс гэрээний үнийг багаар тогтоож, алдагдал хүлээж, ашиггүй ажилласан...” гэх боловч дээрх үндэслэлтэй холбоотой баримтыг хавсаргаагүйгээс ямар компанитай гэрээ байгуулж, ажил, үйлчилгээ үзүүлсэн нь хэрхэн ашиггүй болсон, хэдий хэмжээний алдагдал хүлээсэн нь тодорхойгүй, хүсэлтэд заасан үндэслэлээ нотлоогүй байхад шүүх энэ талаар тодруулаагүй байна.

Дампуурлын тухай хуулийн 7.1.1-д заасан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан тэнцэл гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлгох байтал хүсэлт гаргагч үйл ажиллагаа явуулаагүй сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг хавсаргасан, хэрэг гүйцэтгэгч дээрх тайланг үндэслэн дүгнэлт гаргасан нь хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй гэж үзнэ.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үндсэн болон эргэлтийн хөрөнгөгүй, бусдаас авах авлагагүй, татварын өртэй гэж тайлбарласан байх бөгөөд хэрэгт хавсаргасан баримт, хүсэлтийн шаардлага хоорондоо зөрүүтэй байхад шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Тухайлбал,

а/. Т-эс “Ө” ХХК-аас 2012-2015 оны татварын өр 59,875,036.8 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.09-ний өдрийн 142/ШШ2017/00210 дугаартай шүүгчийн захирамжид тусгагдсанаар хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...“Ө” ХХК 2010 онд иргэн н.Гэсэр болон н.Төмөрхүү нарт 47,900 ам.долларыг компаниас гаргаж бараа материал захиалсан боловч одоо болтол бараагаа нийлүүлээгүй, ...дээрх иргэдээс хохирлоо барагдуулсан тохиолдолд татвараа төлөхөд бэлэн байна...” гэсэн тайлбар гаргаж байжээ. /хх-132/

Дээрх Шүүгчийн захирамжаар хүсэлт гаргагч “Ө” ХХК 2017 онд бусдаас 47,900 ам.долларын авлагатай талаар шүүхэд мэдүүлж байсан байтал энэ талаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тусгагдаагүй, хоёр шатны шүүх тодруулаагүй,

  б/. Хүсэлт гаргагч “Ө” ХХК нь 2006 онд “О” ХХК нэртэйгээр байгуулагдаж, 2015 онд “Ө” ХХК болж нэрээ өөрчилсөн байх ба арилжааны зарим банкинд /.../ “О” ХХК нэрээр бүртгэлтэй хэвээр байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь компанийн хөрөнгийн мэдээлэл бүрэн тогтоогдсон  гэж үзэх боломжгүй,

в/. Татварын өрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр Татварын Ерөнхий хуулиар зохицуулсан бөгөөд “Ө” ХХК нь санхүүгийн чадамжтай, үйл ажиллагаа нь хэвийн явагдах хугацаанд татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй, улмаар үйл ажиллагаа нь зогссон гэх 2020 оны байдлаар мөнгөн хөрөнгө нь 97,178,000 төгрөг байсан нь Санхүүгийн тайлан шинжилгээ, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тогтоогдсон, энэ нь татварын өр төлбөрийг барагдуулах боломжтой байтал төлөөгүй үндэслэл шалтгаан тодорхойгүй байхад 2022 оны 01 сарын байдлаар дансанд 28,903.82 төгрөг байгаа гэх үндэслэлээр компанийг төлбөрийн чадваргүй гэж дүгнэсэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт учир дутагдалтай, үндэслэл муутай байх ба шүүх энэ талаар тодруулаагүй байна.

Эдгээр нь хүсэлт гаргагчийг төлбөрийн чадваргүйд тооцох Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэсэн үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

14. Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад нийцээгүй, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

15. Дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх “Ө” ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон үндэслэлийг бүрэн нотлолгүйгээр төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх ба хэрэгт цугларсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2022/00942 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 207/МА2022/00096 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бы гомдлын заримыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                                                                                                                                 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦОЛМОН

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                            Н.БАЯРМАА

                                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД