Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2021/00477

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/01372/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Зурагт 3-р гудамж, 35 тоотод оршин суугаа, УР87101001 регистрийн дугаартай, Ван овогт Батбаярын Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Сэргэлэн 1-р гудамж, 7 тоотод оршин суугаа, ТВ59112271 регистрийн дугаартай, Бэсүүд овогт Халтарын Дагвадоржид холбогдох,

 

Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Сэргэлэн 1-р гудамж, 7 тоотод байршилтай хүн амьдрах зориулалттай 7*7 хэмжээтэй, 2 давхар 60 сая төгрөгийн үнэ бүхий өвлийн сууц байшин, гараашийн өмчлөгчөөр тогтоолгох,

Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Сэргэлэн 1-р гудамж, 7 тоот, 171.0 мкв талбайтай, гэрчилгээний 000808103 дугаартай, Бэсүүд овогт Халтарын Дагвадоржийн нэг хүний өмчлөлд бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах,

Эд зүйлсийн үнэ 2 245 000 төгрөг болон гэрийн зуух, тоонын уяа, чагтан уяаг биет байдлаар гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэрэнхүү, хариуцагчийн өмгөөлөгч Э.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Оюунцэцэг миний бие нь нөхөр Д.Рэнчинмядагтай 2006 онд танилцаж 2007 оны 04 сарын 01-ний өдөр албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 2008 оны 10 дугаар 27-ны өдөр охин Р.Мөнхсарнай, 2012 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хүү Р.Чингүүн нар төрсөн. Нөхөр Д.Рэнчинмядаг бид хоёр хамтын амьдралын хугацаанд өөрийн гэсэн байшинтай болохыг үргэлж төлөвлөж, мөрөөддөг байсан. Ингээд 2018 онд байшингаа барихаар болж хаана барих талаар ярилцаад нөхрийн аав ээжийн хашааны илүү талбай дээр барихаар болсон. Тэрхүү хашааны газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, Сэргэлэнгийн 1-р гудамж, 7 тоот хаягт байршилтай манай хадам аав Х.Дагвадорж, ээж Ч.Цэрэнхүү нарын хууль ёсны өмчлөлийн газар юм.

Ингээд нөхөр бид хоёр эхний ээлжинд байшин барих санхүүгийн эх үүсвэрээ бий болгохын тулд Дархан-Уул аймаг, Дархан сум, 017-р анги 3-3 тоот хаяг байршилтай өөрсдийн өмчлөлийн 0,7 га газартай байсныг нөхрийн дүү Бадамцэцэгт 6 000 000 төгрөгт тооцож худалдсан. Түүнээс 4 000 000 төгрөг аваад 2 000 000 төгрөгийг түүний нөхрийг байшин барихад туслуулах хөлсөнд тооцуулсан. Мөн гэр бүлийн дундын өмч болох нөхөр Д.Рэнчинмядагийн нэр дээр бүртгэлтэй байсан 57 39ДАР улсын дугаартай TOYOTA IST маркийн мөнгөлөг өнгөтэй суудлын автомашиныг 2018 оны 01 сарын 12-нд худалдах худалдан авах гэрээгээр Б.Пүрэвбаатар гэж хүнд 4 500 000 төгрөгөөр худалдсан.

Мөн Хаан банкнаас 2018 оны 05 сарын 30-нд 5 000 000 төгрөгийг, 2018 оны 11 сарын 20-нд 16 800 000 төгрөгийг тус тус хамтран зээлсэн, би өөрөө дангаараа 2018 оны 07 сарын 25-нд Голомт банкнаас 6 000 000 төгрөгийг зээлсэн. 2018 оны 11 сарын 01-нд Хаан банкнаас мөн би 8 000 000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан хажуугаар нь энд тэнд барилгын ажил халтуур хийж нэмэрлэн 100% өөрсдийн хүч бололцоогоор хүсч байсан байшингаа босгож байсан. Бид хоёрын барьсан байшин хоёр давхар 7х7 харьцаатай, өвлийн, нам даралтын зуухаар халдаг, байшингийн залгаа гарааштай үнэхээр сайхан барьж чадсан юм. Байшингаа 2018 оноос 2020 он хүртэл бариад дотор заслаа хийж дуусангуут 2020 оны 08 дугаар сарын 13-нд нүүж ороод шинэ байшингийн найр хийн ойр дотны ахан дүүс, хоёр талын ажлын газрын хамт олон, найз нөхдөө урьж дайлан шинэ байшингийн баяраа хуваалцаж тэмдэглэж байлаа. Харин уг өдрөөс 9-н хоногийн дараа 2020 оны 08 сарын 22-ны өдөр нөхөр минь ажлаа хийж яваад Дархан-Сэлэнгийн цахилгаан сүлжээ ХК-ний гэрэл борлуулахын хашаан дотор нас барсан байсан харамсалтай үйл явдал болсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр зүрхний өвчний улмаас зүрхний хурц дутагдлаар нас барсан нь тогтоогдсон. Ингээд ханиа алдчихаад удаагүй байж байтал хадам ээж бидний байшинд нүүж орж хамт амьдрья гэсэн санал тавьсан, саналыг би хүлээж аваагүй юм. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл би хадам ээжийнхээ хамгийн муу хүн болж хувирсан. Энэ талаар олон зүйл бичих шаардлага байхгүй барьсан байшингаа орхиод явахаас аргагүй байдалд намайг оруулсан хадам ээж хаа тааралдсан газраа нөхрийнхөө толгойг залигсан эм, шээснүүдээ аваад хашаанаас зайл гэх болсон. Сүүлдээ арга буюу цаг хугацааны аясаар тайвшрах байх гээд би өөр газар амьдрахаар шийдээд байшингаа түр орхиод явсан. Тэгсэн одоо хэр нь гудамжинд таарсан ч нөхрийнхөө толгойг залгисан гэж дуудаж байна. Харин дараа сонсоход намайг хоёр хүүхдээ аваад нүүсний дараа манай байшинд нүүгээд орсон эргээд ирүүлэхгүй гэж надруу хаа тааралдсан газраа орилж хашгирдаг юм байна гэж ойлгосон. Би барьсан байшингийнхаа гэрчилгээг гаргуулж авья гэхээр газрын гэрчилгээгээ надад өгөхгүй хохь чинь үхсэнээ хийж манай газар дээр байшин барьсан гэж хэлсэн учраас гэрчилгээгээ авч чадахгүй өдий хүрсэн. Одоо би өөрийн гэсэн орох оронгүй айлын хашаанд гэр барин хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа. Бидний сайхан амьдрал өөрчлөгдөж хүүхдүүд минь аавгүй, би ханьгүй болж, хадам намайг үзэхгүй, энэ тэнд гэр түрээсэлж явж зутруу амьдарч байгаа зэрэг нь том охины сэтгэл санаа хямарч 5 давхраас амиа хорлохоор үсрээд одоо биеийн байдал хүнд хэвтэрт миний асаргаанд, байнгын эмчилгээ хийлгэж охиноо бас харч байна.

Иймд нөхрийнхөө амьд ахуйд нь хамтдаа барьж бий болгосон, 60 000 000 төгрөгөөр үнэлэгдэх, Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэргэлэнгийн 1-р гудамж, 7 тоотод баригдсан, хүн амьдрах зориулалттай, 7х7 хэмжээтэй, өвлийн, сууц гарааш үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

... Би нөхөртэйгөө суухдаа дагавар охин Б.Урангоо гэж охинтой миний охин төрөхөд манай аав Батбаяр ээж Алтанцэцэг нар өөрсдийн нэрээр төрсний гэрчилгээ авч байсан. Урангоог 1 ой гарантай байхад эцэг эх маань нас барсан. Би охиноо өөрөө өсгөж байгаад нөхөртэйгөө гэрлэж байсан. Нөхөр бид хоёр миний дагавар охин болон өөрсдийн дундаас төрсөн хоёр хүүхэд 5 ам бүлээр амьдарч байсан. Бидэнд өөрийн гэсэн байр байхгүй байсан учир байр сууцны хэрэгцээ шаардлага байсан. Хүүхдүүд жоохон байхад боломжгүй байж байгаад 2017 оноос эхлэн бид хоёр нэг барьсных нэг мөсөн хоёр давхар сайхан байшинтай больё гэж зорьж байшин барихад шаардлагатай барилгын материалууд өөрсдийн цалин орлогоос авч цуглуулж байгаад 2018 оны 6,7 саруудад байшингаа ерөнхийд нь босгосон. Анх байшингаа барихдаа хаана барих ярилцаж байх үед хадам ээж Цэрэнхүү манай хашааны илүү сул талбай дээр барь гэж гуйж байсан учраас хадам аав, ээжийн хашаанд Дархан-Уул аймаг , Дархан сум, 7-р баг,Сэргэлэнгийн 1 гудамж, 7 тоот хаягт блокоор өрж, буланг нь улаан тоосгоор бариулж 7х7 харьцаатай, хоёр давхар, өвлийн, хувийн сууцыг, нам даралтын өрөө, гараашийн залгаа хэлбэрээр барьж босгосон. Байшинг барих хөрөнгө зардлыг өөрсдийн зүгээс босгосон. Би Дархан Нэхий ХК-нд 2010 оноос хойш оёдолчноор ажиллаж байсан тогтмол цалин орлоготой байсан. Нөхөр Рэнчинмядаг 2012 оноос хойш Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-нд монтёроор ажилдаг, тогтмол цалин орлоготой байсан. Байшин барихад хэрэгцээтэй мөнгийг бид хоёр цалингийн зээл хамтран зээлэх, машинаа зарах, газраа зарах, охин Урангоогийн тэжээгчээ алдсан тэтгэврийн зээл болон өөрсдийн цалин, миний төрсөн ах Б.Батмөнхөөс барилгын материал авахуулах гэх зэргээр бий болгосон. Би цалингаа буухаар байшин барьж байгаа тусалж байгаа тухайн үеийн хүмүүсийн хоол хүнсийг өөрөө авч байсан. Байшингаа бариад 2018 оны 07 сарын 24-ний өдөр манай нөхөр бид хоёр, миний том охин Б.Урангоо, охин Р.Мөнх-Сарнай хүү Р.Чингүүн бид тав нүүж орсон, шинэ байрны найрыг 2018 оны 08 сарын 14-нд хийсэн. Шинэ байрны найранд миний ажлын хамт олон Дархан Нэхий ХК-ны ажилчид, Дархан-Сэлэнгийн Цахилгаан сүлжээ ХХК-ний ажилчдын төлөөлөл нөхрийн ажлын талаас, миний ах дүүгээс том ах Б.Батбаяр болон найз нөхөд, нөхрийн найз нөхөд зэрэг хүмүүс ирж манай гэр бүлийг шинэ байшинтай болсонд баяр хүргэж бэлэг дурсгалын зүйлс гардуулж байсан. Хадам аав ээж ах дүү нарын зүгээс Эрдэнэт хивснүүд баатарын зурагтай, таван хошуу малын зурагтай хивс зэргийг бэлэглэж байсан. Шинэ байрны найр хийгээд удаагүй байхад буюу 2018 оны 08 сарын 22-нд өдөр нөхөр маань ажлын байрандаа буюу Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ны Гэрэл борлуулахын хашаан дотор нас барсан байсан ба шинжээчийн дүгнэлтээр зүрхний өвчний хурц дутагдлаар нас барсан байна.

Бид байшингаа бариад удаагүй байшин дээрээ гэрчилгээгээ авч амжаагүй байх үед миний амьдралд маш том гарз гэнэт тохиож би ханиа алдсан, нэг хэсэгтээ яаж амьдрах учраа олохгүй өдий хүрсэн. Нөхрөө алдаад 9 сар байшиндаа хүүхдүүдтэйгээ амьдарч байсан энэ хугацаанд хадам ээж намайг нөхрийнхөө толгойг залгисан алуурчин, гичий хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, хүүхдүүдээс ээж чинь гэртээ хоносон уу гэж асуух зэргээр нэг хашаанд амьдрах үнэхээр хүнд хэцүү болоод байсан. Гэрийн гадаа машин ирээд явсан ч хэн бэ гээд өөдөөс гэрээсээ гараад ирнэ манай хүүгийн гэрт хэн ч ирэх ёсгүй шүү гэж дарамтлах охин Урангоог зодсон, ингээд би тэвчиж байсан ч тэсэлгүй нэг удаа муудалцахад шээснүүдээ аваад зайл гэж гэр орноос минь хөөсөн. Хэд хэдэн удаа хөөсөн. Тэгээд би гомдоод ах дүү нартаа хэлж байшин дотроосоо ойр зуурын хэрэгтэй эд зүйлээ аваад 2019 оны 3 сарын 2-нд нүүж айлын хашаанд гэр барьж амьдарч байна. Нүүхдээ цонхны хөшигнүүд, шалан дээр дрож, хананд өлгөөтэй 6 хивс, жааз гэрийн зарим тавилгууд, Монгол гэрийн зуух, гэрийн голын чагт уяа, Монгол гэрийн хоёр багана, тонны уяа зэргийг үлдээж нам даралтын усаа шавхаад, тогоо салгаад, гэрээ цоожлоод гарсан. Тэгвэл бид нарыг нүүсний сарын манай хадмууд надад хэлэлгүйгээр манай гэрт нүүгээд орчихсон байсан. Намайг өвлөх эрхээсээ татгалзаж явсан гэж тайлбар өгсөн байсан. Энэ байшин хадам аав ээжийн өмч хөрөнгө биш манай нөхөр бид хоёрын байшинтай болох хүсэл зорилго, хөлс хүч хөдөлмөрийн үр шимээр бий болсон манай гэр бүлийн дундын өмч юм. Намайг байшингийнхаа өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 12 сард гаргасны дараа хадам аав Х.Дагвадорж нь 2021 оны 1 сард өөрийн өмчлөлөөр бүртгүүлж гэрчилгээ авсан байна, хадам ээж Ч.Цэрэнхүү миний эх байх эрхийг хасуулж, өөрийн асрамжиндаа охин Р.Мөнхсарнай, хүү Р.Чингүүн нарыг авна гэж нэхэмжлэл гаргасан ба надтай холбоотой бүх зүйлийг маань надаас булааж авах үйлдлүүд хийгээд байгааг буруу гэж үзэж байна. Талийгаач хүүгийнхээ ноогдох хэсгийг өвлөх эрх нь тэдэнд нээлттэй. Иймд нэхэмжлэгч Б.Оюунцэцэг , нөхөр Д.Рэнчинмядаг бид хоёрын 2017-2018 оны хооронд өөрсдийн хүч хөрөнгө хөдөлмөрөөр барьж буй болгосон гэр бүлийн дундын өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг, Сэргэлэнгийн 1-р гудамжны 7тоот , улсын бүртгэлийн ү-2003023090, гэрчилгээний 000808103 дугаартай Х.Дагвадоржийн өмчлөлд 2021оны 01дүгээр сарын 11-ны улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

Б.Оюунцэцэг миний бие нөхөр Д.Рэнчинмядагтай гэр бүлийн амьдралтай байх хугацаандаа буюу 2017-2018 онд барьж босгож бүтээсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын, Сэргэлэнгийн 1 гудамж 7 тоот хаягт байршилтай хүн амьдрах зориулалттай хувийн сууцыг манай хадам аав Х.Дагвадорж нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ү-2003023090 дугаарт бүртгэн 000808103 дугаартай гэрчилгээ гаргуулан авсан байдаг юм. Энэ хувийн сууц нь бодит үнэндээ нөхөр Д.Ренчинмядаг бид хоёрын буюу манай гэр бүлийн дундын өмч хөрөнгө юм. Нөхөр бид хоёр шинээр барьсан байшиндаа гэрчилгээ авч амжаагүй байхад 2018 оны 08 сарын 22-ны өдөр нөхөр маань зуурдаар нас барсан. Нөхрөө өөд болсны дараа барьсан байшиндаа 3 хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаад хадмуудтайгаа таарч тохирохгүй болоод гэрээсээ явж хамаатныхаа хашаанд одоо гэр барьж амьдарч байна. Нүүх үедээ хувийн сууцандаа зарим эд зүйлээ авч чадаагүй үлдээсэн байсны дараа хадам аав ээж манай гэрт ороод суучихсан.

Одоо би хувийн сууцандаа үлдээсэн байгаа зарим эд зүйлийнхээ үнийг Х.Дагвадоржоос гаргуулан авч, зарим эд зүйлсийг биет байдлаар нь гаргуулан авмаар байна. Үүнд:

Гэрт үлдсэн байсан Баатарын зураглалтай 5-н ширхэг цуврал хивс нэг ширхэг нь 96 000 төгрөг х 5= 480 000 төгрөг,

Байшингийн найранд манай гэр бүлд хадмуудаас бэлэглэж өгч байсан Таван хошуу төлийн зураглалтай ханын Эрдэнэт хивс 1 ширхэг 570 000 төгрөгөөр худалдан авч байсан гэдэг энэ хивсний үнэ 570 000 төгрөгийг,

Барьсан байшиндаа гэрэл цахилгаан тавихад авсан шонгийн модноос байшин луу оруулсан 25 метрийн урттай цахилгааны утас нэг метр нь 5000 төгрөг буюу 125 000 төгрөгийг,

Байшингийн нам даралтын зуухнаас байшинг халаах зориулалтаар тавьсан 4х 2,5-ын голчтой 10 метр зэс 1 метр нь 50 000 төгрөг буюу 500 000 төгрөгийг,

Мөн Соронзон дулааны эрлийз гэж нэрлэдэг паар цахилгаанаар халаадаг төхөөрөмжийг миний төрсөн ах Б.Батмөнх надаа цоо шинээр нь хайрцаг савтай нь авчирч өгөөд өөрөө суурилуулж өгч байсан уг төхөөрөмжийн үнэ 250 000 төгрөгийг,

Цонхны хөшгөө аваагүй 8 цонхонд 4 хөшиг татсан байсан. 4 хөшигний 1 бүрийн үнэ 80 000 төгрөг нийт 320 000 төгрөг зэргийн үнийг буюу нийт 2 245 000 төгрөгийг гаргуулан авч эд зүйлсийг нь Х.Дагвадоржид үлдээнэ.

Байшин хувийн сууцанд үлдээсэн манай гэр бүлийн Монгол гэрийн зуух, Монгол гэрийн голын чагт уяа, Монгол гэрт хэрэглэдэг тооны ноосон томсон уяа 4 ширхэг байх ёстой эдгээрийг биет байдлаар нь гаргуулан авна. Биет байдлаар гаргуулан авах эд зүйлс нь манай нөхрийн эд зүйлс бөгөөд гал голомтыг нь үргэлжлүүлэн авч явах хүү Р.Чингүүн аавынхаа эд зүйлсийг авч үлдэх ёстой гэж би үзэж байгаа юм эдгээрийг мөнгөөр үнэлбэл 500 000 төгрөгт багтана. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Дагвадорж нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэрэнхүү, хариуцагчийн өмгөөлөгч Э.Одончимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чулуунхүү овогтой Цэрэнхүү миний бие нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 1-7тоотод байх 2 давхар байшин, гараашийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь миний хүүг 2020 онд нас барсан, байшинг 2018-2020 онд барьсан мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байна. Миний хүү нь 2018 оны 08 сарын 22-ны өдөр буюу одоогоос 2 жил гаруй хугацааны өмнө нас барсан. Хүүг минь өнгөрснөөс хойш бэр Оюунцэцэг 3 хүүхдүүдтэйгээ хамт 6 сар манай хашаанд бидэнтэй нэг дороо амьдарч байгаад 2019.03.05-ны өдөр 3 хүүхдүүдтэйгээ гэр бүлийн дундын өмчлөлийн монгол гэр болон өөрсдийн худалдаж авсан бусад эд хөрөнгө болох тавилга эд хөрөнгө, байшин барихад зориулан авсан мужааны багаж хэрэгсэл гээд хоосон хөндий байшингаас бусад бүх эд зүйлсийг аваад нүүгээд явсан. Одоо Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Зурагт 3-35 тоотод амьдарч байгаа.

Миний хүү 2016 оноос эхлэн гэртээ ирж аав ээжтэйгээ хамт амьдарна гээд байдаг болсон байна. Тэгэхээр нь нөхөр бид 2 ярилцаж байгаад хажуудаа байшин барьж өгөхөөр болсон. Тэгээд эгч, дүү нартай нь ярилцаж байгаад энэ байшинг барьсан. Байшингийн талаар миний хүү Аав, ээжийгээ байхад би та хоёрын юмыг нэр дээрээ шилжүүлж авахгүй гэж хэлж байсан. Нөхөр бид 2 гэсэн ирээдүйд талийгаач хүүдээ гал голомтоо үлдээнэ гэж бодож тэр байшинг барьсан болохоос миний талийгаач хүү Ренчинмядаг, бэр Оюунцэцэг нарын бий болгосон хөрөнгө биш юм. Оюунцэцэг ч энэ талаар мэдэж байгаа.

Байшин барьсан үндсэн материалын зардал нь 30 орчим сая төгрөг болсон. Харин ажлын хөлс гэж мөнгөөр үнэлэгдэх юу ч гараагүй. Миний нөхөр, манай том бага 2 охин, том бага 2 хүргэн, талийгаач хүүгийн хамт барьсан. Би хоолыг нь хийж өгөөд байж байсан. 2017 оны 7,8 сард 20 гаруй хоног ,2018 оны 7 сард 20 гаруй хоног нийтдээ 2 зуны дотор нийт 50 орчим хоногт л барьсан байшин юм. Эхний жил байшингийн өрлөг, дээвэртэй нь хамт барьж дуусгахад 7 сая төгрөг л багтсан байсан. Үндсэндээ байшин 2018 оны 8 сарын 7-нд бүрэн ашиглалтад орж талийгаач хүүгийнх орж амьдарч эхэлсэн.

Байшин барих материал авсан мөнгөний тухайд талийгаач хүүгийн нэр дээр 2017 онд , нэмээд 2018 онд цалингийн зээл авахуулж, 2018 оны 6 сард би тэтгэврийн зээл авч, байшин барих бүх материалыг авч байсан. Хүүгийн авсан зээлд Оюунцэцэг хамтран зээлдэгчээр орсон юм. Цэрэнхүү миний бие хүүгийн авсан зээлийн эргэн төлөлтөд нийт 18 440 000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлсөн байна.

Мөн хүүгийн өмчлөлийн хашааг 4 сая төгрөгөөр дүүдээ зарж байсан. Гэтэл 6 саяар зараад үлдсэнийг нь ажлын хөлсөнд тооцуулсан гэж худлаа бичсэн байна. Байшин барихад цалин мөнгөний талаар ямар ч яриа болоогүй байдаг. Мөн хүүгийн нэр дээр байж байгаад зарсан хашаа бол улсаас иргэн бүрт үнэгүй олгох замаар орж ирсэн газар. Тэр газар дээр нь би 2009 онд тэтгэврийн зээлээ 6 сараар авч хашааг нь барьж өгч байсан миний хүүгийн хуваарьт хөрөнгө юм. Хашаа зарсан мөнгөө бол хүү минь байшинд оруулсан. Гэтэл Оюунцэцэг нь дундын өмчлөлийн газар гэж худлаа бичсэн байна.

Мөн 2018.11.01-нд Хаан банкнаас 8 000 000 төгрөгийн тэтгэврийн зээл, 2018.11.20-нд 16 800 000 төгрөгийн цалингийн зээл авч байшин барьсан,өөрсдөө 100 хувь барьсан гэсэн нь огт үндэслэлгүй худлаа юм. Учир нь 2018.08.14-нд байшингийн найраа хийсэн, бүрэн ашиглалтад орсон байсан байшинг түүнээс хойш буюу 2018 оны 10,11 сард авсан зээлээр барих ямар ч боломжгүй юм.

Хүүг өнгөрснөөс хойш бид орон гэрээсээ бэрийгээ болон ач нараа хөөж туусан зүйл байхгүй. Харин Оюунцэцэг нь өөрөө нүүнэ гэж зүтгэсээр байгаад хүүг өнгөрснөөс хойш 6 сарын дараа нүүгээд явсан. Нүүнэ гээд тас зүтгээд байхад нь ядаж хүүхдүүдээ үлдээгээд яваач гэж их гуйсан. Гэтэл Нөхрийнхөө толгойг залгисан эм шээснүүдээ аваад хашаанаас зайл гэж хэлсэн гэж намайг ор үндэслэлгүй гүтгэсэн байна. Миний хүү Оюунцэцэг хоёрын дундаас төрсөн Мөнхсарнай бол миний хамгийн анхны ач охин, Чингүүн бол миний хамгийн анхны ач хүү нар юм. Үрэгдсэнээс үлдсэн хоёр ачийгаа яаж шуухан байгаа бол гэж өнөөдрийг хүртэл араас нь санаа зовж, тарчилж сууснаас биш зүхэж үзээгүй юм шүү.

Харин Оюунцэцэг миний хүүг өнөөдрөөс хойш намайг байнга дарамталдаг. Манайхаас явснаасаа хойш мессеж бичээд дарамтлаад байхаар нь мессежүүдийг нь үзүүлээд цагдаад өгсөн Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан байх. Энэ байшинг барьж байгуулахад миний хүүгийн нөр их сэтгэл шингэсэн. Бас миний хүүгийн хөдөлмөр шингэсэн. Мөн хашаагаа зарсан 4 сая төгрөг орсон. Харин Оюунцэцэгийн хөдөлмөр, хөрөнгө мөнгө юу ч ороогүй. Хүүгийн оролцсон хэсгээс бэр Оюунцэцэг нь хүртэх эрхтэй байсан. Гэвч миний хүүг өнгөрснөөс хойш 6 сарын дараа та нарын байшинд амьдрахгүй гээд хаяад явснаараа хүүд оногдох хэсгээс өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай талаас 1 370 000 төгрөг болон эд зүйлүүдийг нэхэмжлэгчид өгөхийг зөвшөөрч байна. Байшингийн өмчлөлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Х.Дагвадорж нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Миний бие Х.Дагвадорж нь бэр Б.Оюунцэцэгийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бэр Б.Оюунцэцэг болон бид хүүг минь амьд сэрүүн байхад сайхан харилцаатай байсан. Эхнэр бид 2 хүүхдүүдийг ажилтай үед ач нараа харж, хооллож ундлаад заримдаа цэцэрлэг,сургуульд нь хүргэж өгдөг байсан. Хүүгээ нас барснаас хойш бэрийгээ сэтгэл санаагаар унах вий гэж санаа зорьж, тусалж, дэмжье гэж бодож явснаас яг юуг нь буруу хийснээ мэдэхгүй юм.

Миний 3 ач надтай бүх зүйлээ илэн далангүй ярилцдаг байсан. Гэтэл гэнэт дүү нар нь орох гээд гүйхээр том охин Урангоо гэр лүүгээ уйлуулаад чирээд орчихдог болсон. Ээж нь тэгж хэлсэн юм болж яалтай билээ гээд эхнэр бид яаж ч чадахгүй бэрийг гэртээ байхгүй үед ач нартаа хоол унд зөөдөг байсан. Бэрийгээ сэтгэл санаа нь тогтворгүй байхад нь нэмж зовоогоод яахав гэж бодоод аясаар нь байлгасан.

Тэгж байж байгаад 2019 оны цагаан сарын үеэр хүүхдүүдээ аваад нүүгээд байшинг хоосолж хөндийрүүлээд хаалга үүдээ онгорхой орхиод явсан. Бид шууд хориглож чадахгүй учирлаж зөндөө гуйсан. Та нарын наад байшинтай байшингүй амьдарчихна гэж хэлээд явсан.

Миний талийгаач хүү Ренчинмядаг аав ээжийнхээ дэргэд ирж хамт амьдарна гэснийх нь дагуу бид ярилцаж байгаад хашаандаа байшин барьсан юм. Ирээдүйд голомтоо сахиж хүү минь үлдэнэ гэж бодсон.

Эхнэр маань бэрийг хүүхдүүдээ аваад явснаас хойш байнга уйлж, даралт нь ихсэж сэтгэл санаа нь их хэцүү байдалтай байдаг болсон. Байшин барихад авсан зээлийг бид төлж байсан ч байшингийн гэрчилгээ гаргуулах зэрэг бичиг цаасны ажлыг бодох сөхөөгүй он жилүүд өнгөрсөн байна.

Бид эхнэр бид 2 байшинг барихад зарцуулсан мөнгийг өөрсдөө бүрэн гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахдаа хууль зөрчөөгүй тул бэр Б.Оюунцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Миний бие Х.Дагвадорж нь бэр Б.Оюунцэцэгийн 2021.03.250-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа надаас нийт 2 245 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.

Хүүг өнгөрснөөс хойш 6 сар амьдрах хугацаандаа байшингийн нам даралтын зуухыг халаах зорилгоор нэмж хийсэн 25 метр цахилгааны утас, соронзон дулааны реле зэргийг нийт 800 000 төгрөгөөр үнэлсэн байна. Бид эдгээр зүйлсийг нь ашиглахгүй багаа тул биетээр нь буцааж өгнө. Монгол гэрийн зуух, чагт уяа гэх зэрэг зүйлсийг бичээд 500 000 мянган төгрөг нэхэмжилсэн байна. Эдгээр зүйлс нь миний өөрийн эд зүйлс бөгөөд миний хувьд мөнгө төгрөгөөр үнэлэх боломжгүй эд зүйлс юм. Ямар аргаар яаж үнэлээд 500 000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Баатрын зурагтай 5 хивсний 3 ширхгийг нь би авсан, 2 ширхгийнх нь мөнгийг хүүгийнх өгсөн байдаг. Тухайн үед хямраад 80 000 төгрөгт нэгийг нь авч байсан. Энэ мэтээр нэхэмжилж байгаа зүйлийн үнийг таамгаар бичсэн байна гэж бодож байна. Бэр Оюунцэцэг нь хүүгээс хойш өр ширэнд ороод ар гэр амьдралаа авч явахад хэцүү болоод надаас мөнгө авах гэж байна гэж ойлгож байна. Гэхдээ үнэн учраа хэлээд өөрөө хүрээд ирвэл бид хэзээ ч туслахад бэлэн. Энэ мөнгө төгрөг нэхээд байгаа асуудалд бид ярилцаад хэл үгээ ололцох боломжтой байх гэж бодож байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь хариуцагч Ч.Цэрэнхүүд холбогдуулан Дархан-Уул аймаг Дархан сум Сэргэлэнгийн 1 гудамж, 7 тоотод байршилтай, 7х7 хэмжээтэй, хоёр давхар 60 сая төгрөгийн үнэ бүхий өвлийн сууц, байшин, гарааш зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага анх шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж, хариуцагчаар Х.Дагвадоржийг татан дээрх өвлийн сууц байшин, гараашийн өмчлөгчөөр тогтоолгохоор, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг Х.Дагвадоржийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулахаар, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Х.Дагвадоржоос эд зүйлсийн үнэ 2 245 000 төгрөгийн үнэ бүхий гэрийн зуух, тоонын уяа, чагтан уяа, хивснүүдийг биет байдлаар гаргуулахаар тус тус нэмэгдүүлжээ. /хх-ийн 71-73, 92 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг ихэсгэх эрхтэй учир шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... нөхөр Д.Рэнчинмядагтай 2018 онд байшингаа барихаар болж хаана барих талаар ярилцаад нөхрийн аав ээжийн хашааны илүү талбай дээр барихаар болсон. Тэрхүү хашааны газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, Сэргэлэнгийн 1-р гудамж, 7 тоот хаягт байршилтай манай хадам аав Х.Дагвадорж, ээж Ч.Цэрэнхүү нарын хууль ёсны өмчлөлийн газар юм. Ингээд нөхөр бид хоёр эхний ээлжинд байшин барих санхүүгийн эх үүсвэрээ бий болгохын тулд Дархан-Уул аймаг, Дархан сум, 017-р анги 3-3 тоот хаягт байршилтай өөрсдийн өмчлөлийн 0,7 га газартай байсныг нөхрийн дүү Бадамцэцэгт 6 000 000 төгрөгөөр, мөн гэр бүлийн дундын өмч болох нөхөр Д.Рэнчинмядагийн нэр дээр бүртгэлтэй байсан 5739 ДАР улсын дугаартай TOYOTA IST маркийн мөнгөлөг өнгөтэй суудлын автомашиныг 2018 оны 01 сарын 12-нд худалдах худалдан авах гэрээгээр Б.Пүрэвбаатар гэж хүнд 4 500 000 төгрөгөөр тус тус худалдсан. Мөн Хаан банкнаас 2018 оны 05 сарын 30-нд 5 000 000 төгрөгийг, 2018 оны 11 сарын 20-нд 16 800 000 төгрөгийг тус тус хамтран, би дангаараа 2018 оны 07 сарын 25-нд Голомт банкнаас 6 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. 2018 оны 11 сарын 01-нд Хаан банкнаас мөн 8 000 000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан хажуугаар нь энд тэнд барилгын ажил халтуур хийж нэмэрлэн 100% өөрсдийн хүч бололцоогоор хүсч байсан байшингаа босгож байсан. Бид хоёрын барьсан байшин хоёр давхар 7х7 харьцаатай, өвлийн, нам даралтын зуухаар халдаг, байшингийн залгаа гарааштай үнэхээр сайхан барьж чадсан юм. Байшингаа 2018 оноос 2020 он хүртэл бариад дотор заслаа хийж дуусангуут 2020 оны 08 дугаар сарын 13-нд нүүж ороод шинэ байшингийн найр хийн ойр дотны ахан дүүс, хоёр талын ажлын газрын хамт олон, найз нөхдөө урьж дайлан шинэ байшингийн баяраа тэмдэглэсэн. Харин уг өдрөөс 9-н хоногийн дараа 2020 оны 08 сарын 22-ны өдөр нөхөр минь ажлаа хийж яваад нас барсан байсан харамсалтай үйл явдал болсон. Би барьсан байшингийнхаа гэрчилгээг гаргуулж авья гэхээр газрын гэрчилгээгээ надад өгөхгүй хохь чинь үхсэнээ хийж манай газар дээр байшин барьсан гэж хэлсэн учраас гэрчилгээгээ авч чадахгүй өдий хүрсэн. ...Иймд нөхрийнхөө амьд ахуйд нь хамтдаа барьж бий болгосон, 60 000 000 төгрөгөөр үнэлэгдэх, Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэргэлэнгийн 1-р гудамж, 7 тоотод баригдсан, хүн амьдрах зориулалттай, 7х7 хэмжээтэй, өвлийн, сууц гарааш үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг шүүхэд хандсан гэжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Зээлийн гэрээнүүд, барьцааны гэрээнүүд, зээл эргэн төлөлтийн хуваарь, байшингийн зураг, тэтгэврийн зээлийн гэрээ, гэрэл зургууд, барилгын материал худалдаж авсан зарлагын баримтууд, шүүхийн шийдвэр зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 6,8-30 дугаар тал/

 

Хариуцагч Х.Дагвадорж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэрэнхүү нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ ...миний хүү 2016 оноос эхлэн гэртээ ирж аав, ээжтэйгээ хамт амьдарна гээд байдаг болсон, тэгээд эгч, дүү нартай ярилцаж нөхөр бид хоёр хажуудаа байшин барьж өгөхөөр болсон. Байшингийн талаар миний хүү Аав, ээжийгээ байхад би та хоёрын юмыг нэр дээрээ шилжүүлж авахгүй гэж хэлж байсан. Нөхөр бид 2 ч гэсэн ирээдүйд талийгаач хүүдээ гал голомтоо үлдээнэ гэж бодож тэр байшинг барьсан болохоос миний талийгаач хүү Д.Рэнчинмядаг, бэр Оюунцэцэг нарын босгосон хөрөнгө биш юм. Байшин үндсэн материалын хамт 30 сая төгрөг болсон. Харин ажлын хөлс гэж мөнгөөр үнэлэгдэх юм гараагүй, миний нөхөр, манай том, бага 2 охин, том, бага хоёр хүргэн, талийгаач хүүгийн хамт барьсан. Байшин барих материал авсан мөнгөний тухайд талийгаач хүүгийн нэр дээр 2017 онд, нэмээд 2018 онд цалингийн зээл авахуулж, 2018 оны 6 сард би тэтгэврийн зээл авч, байшин барих бүх материалыг авч байсан. Хүүгийн авсан зээлд хамтран зээлдэгчээр Оюунцэцэг орсон. Зээлийн эргэн төлөлтөд 18 440 000 төгрөг төлсөн байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гарааш нь байшинтай залгаа баригдсан үндэслэлээр гараашийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2 210 000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйлсээс монгол гэрийн зуух, чагтан уяаны үнэ нийт 265 000 төгрөгөөс татгалзаж, цахилгааны кабель утас 125 000 төгрөг, 4х2,5 голчтой зэс голтой цахилгааны кабель утас 250 000 төгрөг, соронзон дулаан эрлийз гэж нэрлэдэг паар цахилгаанаар халаадаг төхөөрөмж 200 000 төгрөг нийт 575 000 төгрөгийн эд зүйлсийг биет байдлаар нь, бусад эд зүйлсийн үнэ 1 370 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрч талууд дээрх эд хөрөнгийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн болно.

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий хувийн сууцны хөрөнгийн эх үүсвэрийг өөрсдөө гаргасан гэж тайлбар гаргаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Капитал зууч ХХК-иас 41 375 000 төгрөгийн үнэ цэнтэй болохыг тодорхойлж шинжээчийн дүгнэлт ирүүлжээ. /хх-ийн 54-64 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь талийгаач нөхөр Д.Рэнчинмядаг болон 3 хүүхдийн хамт амьдарч байх хугацаандаа хадам аав Х.Дагвадоржийн Дархан сум, Сэргэлэнгийн 1 гудамж, 7 тоот хаягт түүний өмчлөлийн газар дээр харилцан тохиролцож, 7х7 хэмжээтэй, 2 давхар, өвлийн сууц болон залгаа гараашийн хамт барьж эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх өвлийн сууцыг барьж орсноос хойш 9 хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр түүний нөхөр Д.Рэнчинмядаг нас барсан байна. /хх-ийн 10 дугаар тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаанд ... Дархан сум 7 дугаар баг, Сэргэлэн 1 дүгээр гудамжны 7 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 715 м.кв талбайтай газрыг анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 316 дугаар захирамжаар иргэн Х.Даваадорж өмчилснийг 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2003005818 дугаарт бүртгэн 000115175 тоот гэрчилгээ олгосон байх бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр нэгж талбарын дугаарын өөрчлөлтийг бүртгүүлж 000599665 дугаартай гэрчилгээ олгосон байна. Дээрх хаягт 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Х.Даваадорж хувийн сууцаа анх удаа бүртгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2003023090 дугаарт бүртгэн 000808103 дугаартай гэрчилгээ олгосон нь бүртгэлтэй байна. Дархан сум 7 дугаар баг Сэргэлэн 1 гудамжны 7 тоот хаягт гарааш бүртгэгдээгүй болно гэжээ. /хх-ийн 49-51 дүгээр тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ..хүү Д.Рэнчинмядагийг өөрийн өмчлөлийн газар дээр байшин барихыг зөвшөөрсөн, гэхдээ бидний өмчлөлийн газрыг цаашид өв залгамжлалаар авах тул гэрчилгээ гаргуулах асуудлыг хүү маань аавыгаа амьд дээр нь газрыг нь авахгүй гэж хэлж байсан. Хүүгээ нас барсны дараа тухайн бичиг баримтыг бэр Оюунцэцэгт өгсөн боловч Х.Дагвадоржийн нэр дээр газрын гэрчилгээ гарсан үндэслэлээр авч чадаагүй гэсэн тайлбар, Ч.Цэрэнхүү, Х.Дагвадорж нарын нэхэмжлэлтэй Б.Оюунцэцэгт холбогдох эх байх эрх хасуулахыг хүссэн иргэний хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Х.Дагвадоржийн ...бэр Оюунцэцэг байшингийн гэрчилгээг хөөцөлдөх гэж байхад би хэлсэн. Энэ газар миний нэр дээр байдаг, хөөцөлдөөд хүүхдүүдийнхээ нэрийг бичүүлээд гэрчилгээгээ гаргуулаарай гэдэг зүйлийг хэлсэн. Оюунцэцэг хэлэхдээ таны нэр дээр газрын гэрчилгээ байдаг юм байна. Тэгэхээр болохгүй байна гэдэг шалтгаанаар миний нэр дээр гэрчилгээ гарсан гэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тус хаяг дээр өөрийн өмчлөлийн байшин барихыг хүлээн зөвшөөрсний улмаас нэхэмжлэгч нь хөрөнгийн эх үүсвэрийг бий болгож, нөхрийн хамт байшин сууц барьсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Х.Дагвадорж нь өөрийн талийгаач хүү Д.Рэнчинмядагт өөрийн өмчлөлийн газар дээрх хувийн сууцаа барихыг зөвшөөрсний улмаас нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь гэр бүлийн хүний хамт хувийн сууцыг барьж улмаар гэр бүлийн хамт уг байрыг эзэмшиж, ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Дархан-Уул аймаг Дархан сум Сэргэлэнгийн 1 гудамж, 7 тоотод байршилтай, 7х7 хэмжээтэй, хоёр давхар бүхий өвлийн сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Оюунцэцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй.

 

Хариуцагч нь маргаан бүхий байранд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, талийгаачийн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан талаар тайлбар гаргаж, нотлох баримтаар Ч.Цэрэнхүүгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ талаар шаардлага гаргаагүй болохыг дурдаж байна.

 

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн хавтаст хэргийн 159-167, 189-191, 194 дүгээр хуудсанд авагдсан шүүхийн шийдвэр, насанд хүрээгүй хүүхдээс авсан тайлбарууд, асран хамгаалагчаар тогтоосон захирамж, тэтгэврийн зээлийн гэрээ нь тухайн хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Сэргэлэн 1-р гудамж, 7 тоот, 171.0 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ван овогт Батбаярын Оюунцэцэгийг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн гараашийн өмчлөгчөөр тогтоолгох, монгол гэрийн зуух, чагтан уяаны үнэ нийт 265 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан татгалзлыг, хариуцагчийн цахилгааны кабель утас 125 000 төгрөг, 4х2,5 голчтой зэл голтой цахилгааны кабель утас 250 000 төгрөг, соронзон дулаан эрлийз гэж нэрлэдэг паар цахилгаанаар халаадаг төхөөрөмж 200 000 төгрөг нийт 575 000 төгрөгийн эд зүйлсийг биет байдлаар нь өгөхийг, бусад эд зүйлсийн үнэ 1 370 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрсөн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д тус тус зааснаар маргаан бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Х.Дагвадоржийн өмчлөлд 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн нэр дээр бүртгэл хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587 020 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 374 901 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА