| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0138/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/138 |
| Огноо | 2024-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч-хохирогч Н.Болормаагийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч-хохирогч Н.Болормаа, Б.Батнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Наранцэцэгийн Болормаа, Хунт овогт Батсуурийн Батнасан нарт холбогдох эрүүгийн 2421000000131 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч-хохирогч: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 4-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатгин овогт Наранцэцэгийн Болормаа /РД:Ж........./
Шүүгдэгч-хохирогч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тун гуан майнз” ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 19-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хунт овогт Батсуурийн Батнасан /РД:.........../
Шүүгдэгч-хохирогч Б.Батнасан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалт хорооллын 20-10 тоотод хохирогч Н.Болормаатай маргалдан улмаар нүүрэн тус газар нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч-хохирогч Б.Батнасан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч-хохирогч Н.Болормаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч-хохирогч Н.Болормаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалт хорооллын 20-10 тоотод хохирогч Б.Батнасантай маргалдан улмаар түлхэх, газар унагаах, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч-хохирогч Б.Батнасан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалт хорооллын 20-10 тоотод хохирогч Н.Болормаатай маргалдан улмаар нүүрэн тус газар нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч-хохирогч Н.Болормаа, Б.Батнасан нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Т.Энхбаярын: “...2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд ... Ялалтын 20-10 тоотод Наранцэцэгийн гэрт очиж бид нар архи уусан юм. ... тухайн үед Н.Болормаа, Б.Батнасан нар юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна гэнэт л хоорондоо маргалдаад зодолдож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/
Гэрч Б.Одонтуяагийн өгсөн: “...Тухайн үед Болормаа, Батнасан нар Төрөөгийн утаснаас болж маргалдаж эхэлсэн. ... Тэр хоёр маргалдаж муудаж байгаад Батнасан, Болормаа нар зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/
Гэрч Э.Жаргалын өгсөн: “...Орой 18 цагийн орчимд байх Хэрлэн сумын 10 дугаар баг “Ялалт” хорооллын ....тоотод оршин суудаг Наранцэцэгийн гэрт орсон юм. ...Ингээд намайг орж ирэхэд гэрийн хойд талын орон дээр миний эхнэр Б.Батнасан дээш харсан түүний дээр нь Н.Болормаа гарчихсан бие биеийнхээ үснээс зулгаасан байдалтай мөн Н.Болормаагийн хувьд зүүн гарыг нь дарчихсан байсан ба тэр үед би тэр хоёр дээр очиж Н.Болормааг татаж босгоод доор нь хэвтэж байсан. ... Б.Батнасан босож ирээд түүний нүүрийг маажсан юм. Ингээд миний хувьд эхнэрээ аваад гарах гэж байхад гэрийн үүдэнд гадаа Н.Болормаа нь араас ирээд миний эхнэрийн үснээс зулгааж арагш унагааж дахин биеийнхээ үснээс зулгаахад мөн би голоор нь орж салгасан бөгөөд тэр үед бие биеэ самардаж цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/
Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Өнөрборгилын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 158 тоот дүгнэлтэд: “...
- Н.Болормаагийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөг, хамрын зүүн хажуу хэсэг, зүүн шанаа, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
- Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 тал/
Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 172 тоот дүгнэлтэд: “...
- Б.Батнасангийн биед зүүн гарын тохой, сарвууны ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
-. Дээрх гэмтлүүд нь 7-10 хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна.
- Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч-хохирогч Н.Болормаа, Б.Батнасан нарын хууль бус үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч-хохирогч Н.Болормаа, Б.Батнасан нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, тэдгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч-хохирогч Н.Болормаа, Б.Батнасан нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч-хохирогч нар нь харилцан бие биедээ гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч-хохирогч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч-хохирогч Н.Болормаа, Б.Батнасан нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокуророос шүүгдэгч-хохирогч нарт санал болгож, шүүгдэгч-хохирогч нараас хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Б.Батнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох, шүүгдэгч Н.Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялууд нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч-хохирогч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч-хохирогч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Батнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450,000 төгрөгийн торгох, шүүгдэгч Н.Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нь оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч-хохирогч Б.Батнасан нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч-хохирогч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч-хохирогч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч-хохирогч Хатгин овогт Наранцэцэгийн Болормаа, Хунт овогт Батсуурийн Батнасан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч-хохирогч Б.Батнасанг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зууун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч-хохирогч Н.Болормааг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч-хохирогч Б.Батнасан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч-хохирогч Н.Болормааг 1 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч-хохирогч Н.Болормаад мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч-хохирогч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч-хохирогч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч-хохирогч Н.Болормаа, Б.Батнасан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ