Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

Улсын яллагч Г.Ганбагана,

Хохирогч Г.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

Шүүгдэгч Х.*******ык нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 222 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******ыкэд холбогдох эрүүгийн 2207002760209 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******,******* төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт *******,*******,*******, тоотод оршин суух, урьд

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, эдлээгүй үлдсэн 488 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар захирамжаар 61 хоног хорих ялаар сольж шийтгэгдсэн.

******* овогт *******н *******ык /РД:/,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.*******ык нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчим *******,*******, тоотод хохирогч Г.*******ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг буюу Самсунг маркийн гар утас, кейс, Хаан банкны карт болон түүн доторх бэлэн мөнгө, жолооны үнэмлэх, автобусны карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Г.*******т 3,255,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Х.*******ык нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “..2022 оны 04 дүгээр сард н.******* болон түүний хүргэн бид 3 архи уусан. БИд 3 нэг 0.75 архи уугаа, байрны гадаа ирээд намайг архинд явуулахад тэр чигт нь би картыг нь аваад явсан. Тэгэхдээ данснаас нь 3.255.000 төгрөг бүхий гар утас, жолооны үнэмлэх, автобусны карт, 100 доллар, утасны кейс, виза карт зэрэг зүйлүүдийг нь авсан. Тухайн үед би согтуу байсан ...” гэв.

Хохирогч  Г.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Над руу н. залгаад урд өдөр нь архи уучихсан болохоор дотор муу байна гэхээр нь яваад очсон. Нэг юм авч өгөөд н.*******ык бид 3 уусан. Тэгээд дахиж нэг шил архи нэмж уухаар болоод гэртээ ороод унтсан. Босоод ирсэн чинь утас, бичиг баримт, карт зэрэг зүйл байхгүй болсон байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хөрөнгийн үнэлгээний тайлан,  гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-20/, хохирогч Г.*******ын мэдүүлэг /хх- 23/, гэрч Н.ын мэдүүлэг /хх- 29 /, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-35-36/, хохирогч Г.*******ын эзэмшлийн хаан банкны 5749759914 дугаартай дансны хуулга /хх- 48/, Хаан банкны 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 29/6609 дугаартай албан бичиг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы зүгээс: “шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг /хх-69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Шүүгдэгч Х.*******ыкийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.*******ык нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчим *******,*******, тоотод хохирогч Г.*******ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг буюу Самсунг маркийн гар утас, кейс, Хаан банкны карт болон түүн доторх бэлэн мөнгө, жолооны үнэмлэх, автобусны карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан хохирогч Г.*******т 3,255,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.*******ын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн*******, тоот гэртээ манай баз Баатараа, түүний найз гэх үл таних Казах залуугийн хамт 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тухайн үед дэлгүүрээс ус, ундаа авхуулахдаа казах залууд банкныхаа виза картыг нь хэлж өгөөд дэлгүүр явуулсан...тэгээд шөнө 21 цагийн үед архи гараад сэртэл ширээн дээр байсан миний Самсунг маркийн гар утас, гар утасны ард байсан 3,200,000 төгрөгтэй виза карт жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, автобусны карт, бэлэн 100 доллар алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

/хх-26 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.ын өгсөн: “...******* намайг анх дэлгүүр яваад ир гэж картаа өгөхөөр нь би яваагүй тэгээд *******ыкэд картаа нууц үгээ заагаад явуулсан. *******ык миний мэдэхээр 2 удаа дэлгүүр явсан. Тэгээд би архи ууж байгаад тасарчихсан, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна..." гэх мэдүүлэг,

/хх-34 дүгээр тал/,

 

  1.  Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НД-23-06 дугаар “...гар утас 80,000 төгрөг, гар утасны кейс 6,000 төгрөг, карт 5,000 төгрөг, жолооны үнэмлэх 12,500 төгрөг, автобусны үнэмлэх 3,600 төгрөг, иргэний үнэмлэх 48,300 төгрөг, нийт 155,400 төгрөг...” гэх дүгнэлт,

/хх-42-43 дугаар тал/

 

  1. Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга,

/хх-60, 62 дугаар тал/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-74 дүгээр тал/

 

  1. Х.*******ыкийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-69-73, 76-84, 121-130 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт 30 хоног цагдан хоригдсон. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хаан банкны 1 ширхэг сиди хэрэгт хавсаргагдсан байгаа. Энэ сидиг хэргийн хамт хадгалах саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирээгүй болно...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг бага хэмжээгээр буюу 240 цагийн ялыг  оногдуулж өгнө үү. *******ыкийн хүний картыг хулгайлан авч, ашигласан үйлдэлд 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг шүүгдэгчийн үйлдэлд тохирно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэх, дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.

 

Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба хэргийн бусад оролцогч маргаж мэтгэлцээгүй тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.*******ыкийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******т 3,255,400 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй учир түүнийг бусдад төлөх төлбөртэй гэж  үзэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдөөгүй байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Иймд Х.*******ыкэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.*******ыкэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн ба эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон 30 хоногтой, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.     

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ыкийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыкийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.*******ыкэд оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 17 хоногийн хорих ял дээр 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыкэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг хорих ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 3,255,400 төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******т олгосугай. 

 

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ