Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 900

 

2020           7              09                                          2020/ДШМ/900

                                                                       

     С.Л-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цэрэнжамц,

шүүгдэгч С.Л-ийн өмгөөлөгч Ц.М,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/680 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Л-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906052501922 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн С-ийн Л, .........ны өдөр Хэнтий аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ж” ХХК-д барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .............дүүргийн ......... дугаар хороо, ............-2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

            С.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 119 тоотод Г.Ог согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хоолойг нь боож алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                      

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Лийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд цагдан хоригдсон 217 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар С.Лоос 4.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д нь талийгаач Г.Огийн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, С.Лид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Л давж заалдах гомдолдоо: “...миний бие анх удаа ял шийтгүүлж байгаа бөгөөд үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Шүүхээс тогтоосон хохирол төлбөр төлж барагдуулах бөгөөд цаашид үр хүүхдүүдийг нь насанд хүртэлх хугацаанд санхүүгийн туслалцаа үзүүлэх болно. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан хорих ялын хугацааг багасгаж, ял эдлэх дэглэм нөхцөлийг бууруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч С.Лийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. С.Л нь олон жил архи уугаад архины хамааралтай болчихсон. Үүнээс болж анх удаа гэмт хэрэгт холбогдсон байсан гэв.  

Прокурор Г.Цэрэнжамц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Л нь давж заалдах гомдолдоо гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтын хэмжээ хязгаарт багтсан, шийдвэр нь үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна. Хорих ял өөрчлөх, дэглэм өөрчлөх зэрэг нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

С.Л-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх үүнийг үл анхаарч хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны болж чадаагүй байна.

Учир нь, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатар нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр С.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, харин тус дүүргийн хяналтын прокурор А.Аварзэд нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 39 дугаартай прокурорын тогтоолоор С.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсээс С.Л-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байх бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч С.Лийг яллагдагчаар татсан тогтоолд нь өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан ял сонсгон дахин мэдүүлэг авахад /1хх 191-192/ өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй.” гэсний 1.4 дэх заалтад “бүх насаар нь хорих ял оногдуулж болох” гэж заажээ.

Гэтэл “бүх насаар нь хорих ял оногдуулж болох” гэмт хэрэгт буруутгагдаж буй шүүгдэгч С.Лид холбогдох хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна.

            Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан ноцтой зөрчлийг арилгуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Л-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч С.Л-ийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Л-д холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол С.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ