Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1488

 

Магадлал

2018.06.25                                                  Дугаар 1488                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/01286 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Д-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б,

Нарийн бичгийн дарга: А.З нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Д, Г.О-той хамт ирж Б.Б-өөс 19 000 000 төгрөгийг зээлэхээр ирсэн. Тухайн үед байрны зээл хаагаад дахин мөнгө зээлэх гэсэн юм, мөнгө зээлүүлээч гэсэн. Г.О өмнө нь мөнгө зээлээд өгөөгүй байсан тул Г.Б өгөхгүй гэсэн. Гэтэл Д.Д мөнгийг 5 хоногийн хугацаанд өгнө гэж баталгаа гаргаад 19 000 000 төгрөгийг түүний 5003399670 тоот дансанд 2015 оны 10 дугаар сарын 29-нд шилжүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар Д.Д-д мөнгө зээлүүлсэн тул 19 000 000 төгрөгөө нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа 20 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч 1 000 000 төгрөгийн баримт байхгүй учраас 19 000 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д-ийн хадам эцэг С.Ж нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр              10 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус Г.О-д зээлсэн. Нийтдээ С.Ж нь Г.О-оос 20 000 000 төгрөг авах ёстой байсан, Д.Д-г Г.О-той уулзуулж мөнгөө шаардсан байдаг. Тэгээд Г.О Б.Б-өөс хадам эцгийн чинь мөнгийг аваад өгье гээд Д.Д-г дагуулж очсон. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 19 000 000 төгрөгийг Д.Д-ийн дансаар шилжүүлж өгсөн. Шилжүүлсэн мөнгийг Д.Д 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу нэг хоногийн дараа      19 000 000 төгрөгийг Г.О-ийн зээлийг хаав гээд С.Ж-ийн дансанд шилжүүлсэн байдаг. Д.Д-д байрны зээл чөлөөлүүлэх шаардлага байхгүй, хэрвээ тийм байсан бол 19 000 000 төгрөгийг банкинд шилжүүлнэ. Б.Б , Д.Д нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй. Д.Д нь Г.О-оос мөнгөө авсан болохоор Б.Б д мөнгө төлөх тухай ойлголт байхгүй. Г.Б гомдол гаргаж Д.Д-г эрүүгийн журмаар шалгуулсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд Д.Д нь 19 000 000 төгрөгийг хариуцах этгээд биш гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д-аас 19 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч Г.Б нь ээлдэгч Д.Д-д зээлийг бодитойгоор түүний дансанд шилжүүлэн өгсөн бөгөөд авсан зээлээ зээлдэгч буцаан төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлсэнээр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд Д.Д нь тус зээлийг цаашаа хэрхэн   зарцуулах нь зээлдүүлэгчид хамаагүй. Хэргийн 8 дугаар хуудасны ар талд авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаар магадлалд “...хохирогч Г.Б нь өөрт учирсан 31 600 000 төгрөгийн хохиролоос 19 000 000 төгрөгийн хохирол нь Г.О дангаар хариуцах бус харин хариуцвал зохих этгээд нь Д.Д байсан бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болсон тул хохиролыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авахаар хүсэлт гаргасан байна. Д.Д Г.О нар нь 2015 оны 10 дугаар сарын 29 өдөр хохирогч Б.Б-өөс 19 000 000 төгрөгийг өндөр хүү амлаж авсан байх ба анхан шатны шүүх Г.О-г энэ үйлдэлд дангаар гэм буруутай гэж дүгнэн түүнээс төлбөрийг гаргуулсан байна. Хавтаст хэрэгт дээрх 19 000 000 төгрөгийг “...Хаан банкин дахь Б.Б-ийн данснаас Д.Д-ийн дансанд шилжүүлсэн баримт байх ба Д.Д нь уг мөнгийг дангаар захиран зарцуулж өр төлбөрт шилжүүлсэн тухай мэдүүлсэн байна. Иймээс уг төлбөрийн асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлье гэсэн хохирогч Б.Б-ийн хүсэлт нь үндэслэлтэй байх тул Г.О-д холбогдох эрүүгийн хэргээс хохирогч Б.Б д учирсан 31 600 000 төгрөгийн хохиролоо 19 000 000 төгрөгийн хохирол бүхий үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов гэж дүгнэсэн. Ялтан Г.О түүний өмгөөлөгч нар нь хохирогч Б.Б-өөс авсан гэх      19 000 000 төгрөгийг Г.О хамааралгүй Д.Д авсан гэж маргадаг бөгөөд энэ хэсгийг нь давж заалдах шатны шүүх хүлээн авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Д.Д Г.Б нарын хооронд зээлийн харилцаа үүссэн байхад хэрэгт хамааралгүй Г.О С.Ж нарын хоорондын зээлийн харилцааг үнэлэн хэрэгт хамаатуулан Г.О нь С.Ж-аас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус зээлсэн, 2015 оны сарын 15 өдөр зээлийн гэрээг 1 сараар сунгасан, 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөг зээлж нийт 18 000 000 төгрөгийг 3 дугаар сарын 6-ны өдөр төлж тооцоог дуусгахаар тохирч гарын үсэг зурсан, баримт эх хувиараа хэргийн 75 дахь хэсэгт авагдсан байна. Харин Г.О С.Ж дээрхи төлбөрийг төлөөгүй байсан, энэ зээлийг төлөх зорилгоор Б.Б-өөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 19 000 000 төгрөгийг зээлэхдээ Д.Д-ийн дансаар шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын   30-ны өдөр Г.О-оос зээл хаав гэж 18 960 000 төгрөгийг шилжүүлсэн үүнээс хойш буюу 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Г.О Б.Б-өөс авсан 19 000 000 төгрөгийг Д.Д-ийн хадам ааваас зээлсэн мөнгийг өгсөн гэсэн баримтыг үйлдсэн /хх 74/, Б.Б-өөс мөнгө зээлэх бусдын өр төлбөрийг төлөх хүсэл зориг Г.О-д байсан, дээрх нөхцөл байдал баримтууд хоорондоо шалтгаант холбоотой байжээ гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байхад хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үнэлж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Д.Д-аас 19 000 000 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 000 000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 19 000 000 гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “Г.О нь С.Ж-аас зээлсэн мөнгөө төлөхийн тулд Б.Б-өөс зээлсэн 19 000 000 төгрөгийг миний дансаар шилжүүлэн авсан, нэхэмжлэгч нь гомдол гаргаж намайг эрүүгийн журмаар шалгуулсан ч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон” учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Г.О-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын  18-ны өдрийн 24 тоот Шийтгэх тогтоолд нэхэмжлэгч Г.Б нь “...Би зээл чөлөөлнө гэж “Шуурхай зар мэдээ” сонинд зар өгсөн, зарын дагуу Г.О нь хамт ажилладаг гэх Д.Д-г дагуулан ирж 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 19 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг чөлөөлбөл байрыг нь барьцаанд тавьж зээл аваад мөнгийг чинь өгнө гэсэн, мөнгийг Д.Д-ийн данс руу шилжүүлсэн...” гэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаар магадлалаар дээрх тогтоолд өөрчлөлт оруулан,   “...Г.Б нь өөрт учирсан 19 000 000 төгрөгийн хохирлоо хариуцвал зохих этгээдээс жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй” гэж дүгнэсэн нь энэхүү иргэний хэргийн    хариуцагч нь Д.Д байх тухай агуулгыг илэрхийлэхгүй юм.

Түүнчлэн Г.О-д холбогдох эрүүгийн хэрэгт Д.Д-г сэжигтнээр татан шалгасан байх ба Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 тоот тогтоолд “сэжигтэн Д.Д нь яллагдагч Г.О-д 19 000 000 төгрөгийг хадам ааваасаа авч өгөн залилуулсан” гэж тэмдэглэсэн, Б.Б-өөс 19 000 000 төгрөгийг Г.О-той бүлэглэн залилан мэхэлж авсан гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр Д.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэвэл Д.Д-ийн дансанд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчээс шилжүүлсэн 19 000 000 төгрөгийг хариуцагч нь С.Ж-ийн харилцах дансанд “Г.О-оос зээл хаав” гэсэн гүйлгээний утгаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон С.Ж нь “...Г.О-д мөнгө зээлдүүлсэн, зээлсэн мөнгийг Д.Д-ийн дансанд Г.О хийсэн, бэр Д.Д нь Г.О-ийн зээлсэн мөнгийг авсан гэж ойлгосон” гэж мэдүүлсэн байх тул хариуцагч Д.Д нь зээлийн гэрээний дагуу 19 000 000 төгрөгийг хүлээн авсан, буцаан төлөх үүрэг үүссэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/01286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

      ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 М.НАРАНЦЭЦЭГ