Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/383

 

 

 

 

  2024         05          10                                    2024/ШЦТ/383

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч Б.Очгэрэл, шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч П.Дэлгэр, хохирогч А.Б, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мт  холбогдох эрүүгийн “2411000000169” дугаартай, 186/2024/0183/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, хххх  оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  С.М,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч С.М нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 277 тоотод хохирогч А.Бын нүдрүү цохиж биед нь “баруун нүдний алимын эвэрлэг бүрхүүлийн донорын суулгацын ховхрол, болрын бүрхүүлийн урагдал, болрын бүрэн цайлт гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

          1.1. Шүүгдэгч С.М нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... намайг цохисон гээд байгаа боловч би хохирогч гэх хүнийг цохиогүй. Гэрч нь тухайн үед хажууд байгаагүй байж намайг цохисон гэж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

          1.2. Хохирогч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2023 оны 12 дугаар сарын 16-ны  өдөр шүүгдэгч Мөнхбаатар нь намайг цохисон. Хийсэн хэргээ шударгаар хүлээн зөвшөөрчих хэрэгтэй гэв.

          Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Бын:...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10-11 цагийн үед буудлаасаа гараад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 277 тоотод байх түрээслэж байсан гэрлүүгээ жоохон халамцуу харьсан. Би хашаандаа очоод байж байгаад С.Мтай хашаандаа таараад бид хоёр хоорондоо юм ярилцаж байгаад 1 шил архи хувааж уухаар болоод би дэлгүүр явсан. С.М манай байшингийн засварыг хийгээд зуух шинээр тавиад суурилуулсан байсан ба гал түлж дулаацуулахаар болоод үлдсэн. Би дэлгүүр орчихоод гэрлүүгээ ороход С.М гал түлчихсэн байсан. Тэр үед Мөнхбаатарын эхнэр Адъяасүрэн гаднаас орж ирээд гарсан. С.М ах эхнэртэйгээ уулзаад 1 шил архи уух болчихлоо, манайд ороод уучихъя” гэсэн. Тэгэхээр нь би худалдаж авсан 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи, 1 ундааны хамтаар аваад гэрт нь ороход С.Мын эхнэр болон 2 хүүхэд /5-6 настай/ нар байсан. Тухайн үед 12 цаг өнгөрч байсан санагдаж байна. С.М бид хоёр миний авчирсан 1 шил архийг хуваагаад уугаад ойр зуурын зүйл яриад хууч хөөрөөд байж байтал 2 бага хүүхэд нь цаад өрөөнөөсөө гарч ирээд хажуугаар гүйлдээд байхаар нь ахын хоёр дүү битгий гүйлдээд бай, томоотой байгаач, том хүмүүс юм яриад байхад гээд жоохон ширүүн хэлсэн чинь гэнэт С.М уурлаад чи миний хүүхдүүдийг загнадаг хэн юм бэ бид нар хүүхдүүдээ загнадаггүй гээд миний баруун нүдрүү гараараа 1 удаа цохисон. Тэгсэн миний нүд харанхуйлаад юм харахгүй хавдаад эхэлсэн. Би урьд 2009 онд баруун нүдний эвэрлэгээ химийн бодисонд түлээд баруун нүдний алимны эвэрлэг бүрхүүлээ гэмтээгээд эмчилгээ хийлгэж хагалгаанд орж шинэ эвэрлэг бүрхүүл тавиулж байсан тул дахиж маргалдаад яах вэ гэж бодоод нүдээ дараад сууж байтал С.М гэрээсээ гараад явсан, араас нь эхнэр Адъяасүрэн нь дагаад гарсан. Тэгэхээр нь би нүдээ хэсэг дарж сууж байгаад тэр хоёрын араас нь гарахад хэн ч байгаагүй тул би хашаанаас гараад өөрийн найз Намжилмаатай утсаар яриад юу болсон талаараа хэлэхэд Намжилмаа хүрээд ирэхгүй юу гэхээр нь би тэндээс такси бариад Намжилмаагийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Саппоро орчимд байдаг гар урлалын газарт нь очиж уулзсан. Намжилмаа намайг тэр хавьд буудалд оруулж өгчихөөд явсан. Тэр өдөртөө миний нүд хавдчихсан, юм харах чадваргүй болсон. Тэгээд тухайн үедээ нүд хөхөрч хавдсан зүйл байхгүй байх гэж бодоод цагдаад хандаагүй үлдээсэн. Тэгсэн түүнээс 9 хоногийн дараа миний нүдний эргэн тойрны хөхрөлт гайгүй болсон боловч нүдний доторх эвэрлэг ногоорчихсон байхаар эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд миний нүдний эвэрлэг гэмтсэн байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн тул тухайн үедээ “Болор мэлмий” эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон гэх мэдүүлэг.  /хх-ийн 13-14 дүгээр тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Намжилмаагийн:...би 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед санагдаж байна манай найз А.Б надруу залгаад түрээсээр амьдарч байсан хашааны хажуу айлын хүнтэй архи ууж байгаад баруун нүдрүүгээ цохиулчихсан чинь нүд юм харахгүй, хавдчихаад байна, би энд хонохгүй гэх зүйл ярихаар нь би А.Быг такси бариад хүрээд ир гээд дуудсан. А.Б такси бариад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Цамбагарав дээр байрлах ажил дээр хүрээд ирсэн. А.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэхдээ болсон асуудлаа сайн мэдэж байсан, баруун нүд нь хавдчихсан, хөхөрсөн, нүднээс нь нулимс гоожоод тогтохгүй, нүд нь зэвхийгээд цайсан /үхсэн малын нүд шиг/ байдалтай байсан, нүд юм харж болохгүй байна гээд байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хажуу айлын залуутай хамт архи уусан нүдрүү хажуунаас цохисон очих газар алга гээд байхаар нь би ойрхон байх буудалд оруулж өгчихөөд явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Идэрзоригийн:...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би хөдөө ажлаар явах болоод өглөө А.Бтай холбогдоод хамт ажилд явъя хойшоо хашаанд очоод байж байгаарай гээд хэлсэн. Би өдөртөө ажил амжихгүй очиж чадахгүй байж байтал орой 19 цагийн үед санагдаж байна А.Б надруу согтуу залгаад С.Мтай 1 шил архи уусан чинь миний нүдрүү цохьчихлоо, би нүдээ цохиулчихлаа, юм харахгүй байна" гээд уйлаад согтуу яриад байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ айхтар сүрхий цохиж гэмтсэн зүйл гайгүй байх согтуу байгаа болохоор хүндээр хүлээж аваад байгаа байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд би түүнээс хойш 23 цагийн үед хашаандаа ирэхэд А.Б байхгүй байсан. С.Мтай уулзахад гэртээ нилээн согтуу байхаар нь юу болсон талаар асуухад А.Б бид хоёр 1 шил архи хувааж уусан, тэгсэн А.Б манай хүүхдүүд рүү орилоод эхнэртэй муудалцаад байхаар нь би эхнэр, хүүхдээ өмөөрөөд А.Быг нэг цохьсон чинь нүдрүү нь цохьчихсон гэж хэлсэн. Тухайн үедээ би та нар хамт архи уусан бол эвтэйхэн уухад яадаг юм гэж хэлчихээд ажилтай байсан болохоор яваад өгсөн. Түүнээс хойш 2 хоногийн дараа санагдаж байна А.Бтай уулзахад баруун нүдний болор ногоороод идээ татчихсан байсан. Тэгэхээр нь би санаа зовоод чи нүдээ яаралтай эмнэлэгт үзүүлээчээ гэж хэлээд С.Мтай холбогдоод А.Бын нүд аймар болчихсон байна, эмнэлэгт хамтдаа явж үзүүлж бариад эмчилгээний төлбөрийг нь төлөөд хоорондоо уулзаж учраа олоорой, яваандаа хүндрэх вий дээ, аюултай шүү гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 дугаар тал/,

          2.4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1509 дугаартай дүгнэлтэд:

          1. А.Бын биед баруун нүдний алимын эвэрлэг бүрхүүлийн донорын суулгацын ховхрол, болрын бүрхүүлийн урагдал, болрын бүрэн цайлт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

           4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх гэмтлийн эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 38-39 дүгээр тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1. Улсын яллагч хавтас хэргээс: хохирогч А.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дугаар тал/, гэрч Б.Намжилмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, гэрч Б.Идэрзоригийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1509 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/, яллагдагч С.Мын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 46-52 дугаар тал/, 60 хоног хойшлуулахад явуулсан ажиллагаа болох гэрч Баттулга гэх хүний мэдүүлгийг шинжлэн судлав.

           3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: гэрч Б.Намжилмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, гэрч М.Адъяасүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/, гэрч М.Түвшинбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, гэрч Н.Баттулгын мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дугаар тал/ зэрэг шинжлэн судлав.

           3.3.  Хохирогчийн өмгөөлөгч хавтас хэргээс: хохирогч А.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дугаар тал/, гэрч Б.Намжилмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, гэрч Б.Идэрзоригийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1509 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/, яллагдагч С.Мын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 46-52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           3.4. Шүүгдэгч болон хохирогч нар хавтас хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч С.М нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 277 тоотод хохирогч А.Бтай “хүүхэд яагаад загнаад байгаа юм гэх шалтгаанаар” маргалдаж түүний нүдрүү  цохиж биед нь “баруун нүдний алимын эвэрлэг бүрхүүлийн донорын суулгацын ховхрол, болрын бүрхүүлийн урагдал, болрын бүрэн цайлт гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

         - хохирогч А.Бын:...тухайн үед 12 цаг өнгөрч байсан санагдаж байна. С.М бид хоёр миний авчирсан 1 шил архийг хуваагаад уугаад ойр зуурын зүйл яриад хууч хөөрөөд байж байтал 2 бага хүүхэд нь цаад өрөөнөөсөө гарч ирээд хажуугаар гүйлдээд байхаар нь ахын хоёр дүү битгий гүйлдээд бай, томоотой байгаач, том хүмүүс юм яриад байхад гээд жоохон ширүүн хэлсэн чинь гэнэт С.М уурлаад чи миний хүүхдүүдийг загнадаг хэн юм бэ бид нар хүүхдүүдээ загнадаггүй гээд миний баруун нүдрүү гараараа 1 удаа цохьсон. Тэгсэн миний нүд харанхуйлаад юм харахгүй хавдаад эхэлсэн…гэх мэдүүлэг.  /хх-ийн 13-14 дүгээр тал/,

           - гэрч Б.Намжилмаагийн:...би 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед санагдаж байна манай найз А.Б надруу залгаад түрээсээр амьдарч байсан хашааны хажуу айлын хүнтэй архи ууж байгаад баруун нүдрүүгээ цохиулчихсан чинь нүд юм харахгүй, хавдчихаад байна, би энд хонохгүй гэх зүйл ярихаар нь би А.Быг такси бариад хүрээд ир гээд дуудсан. А.Б такси бариад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Цамбагарав дээр байрлах ажил дээр хүрээд ирсэн. А.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэхдээ болсон асуудлаа сайн мэдэж байсан, баруун нүд нь хавдчихсан, хөхөрсөн, нүднээс нь нулимс гоожоод тогтохгүй, нүд нь зэвхийгээд цайсан /үхсэн малын нүд шиг/ байдалтай байсан, нүд юм харж болохгүй байна гээд байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хажуу айлын залуутай хамт архи уусан нүдрүү хажуунаас цохисон очих газар алга гээд байхаар нь би ойрхон байх буудалд оруулж өгчихөөд явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр тал/,

          - гэрч Б.Идэрзоригийн:...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би хөдөө ажлаар явах болоод өглөө А.Бтай холбогдоод хамт ажилд явъя хойшоо хашаанд очоод байж байгаарай гээд хэлсэн. Би өдөртөө ажил амжихгүй очиж чадахгүй байж байтал орой 19 цагийн үед санагдаж байна А.Б надруу согтуу залгаад С.Мтай 1 шил архи уусан чинь миний нүдрүү цохьчихлоо, би нүдээ цохиулчихлаа, юм харахгүй байна" гээд уйлаад согтуу яриад байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ айхтар сүрхий цохиж гэмтсэн зүйл гайгүй байх согтуу байгаа болохоор хүндээр хүлээж аваад байгаа байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд би түүнээс хойш 23 цагийн үед хашаандаа ирэхэд А.Б байхгүй байсан. С.Мтай уулзахад гэртээ нилээн согтуу байхаар нь юу болсон талаар асуухад А.Б бид хоёр 1 шил архи хувааж уусан, тэгсэн А.Б манай хүүхдүүд рүү орилоод эхнэртэй муудалцаад байхаар нь би эхнэр, хүүхдээ өмөөрөөд А.Быг нэг цохьсон чинь нүдрүү нь цохьчихсон гэж хэлсэн. Тухайн үедээ би та нар хамт архи уусан бол эвтэйхэн уухад яадаг юм гэж хэлчхээд ажилтай байсан болохоор яваад өгсөн….гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын        29-ний өдрийн 1509 дугаартай дүгнэлт. /хх-ийн 38-39 дүгээр тал/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл,  шүүгдэгч нь хохирогчийг цохисныг хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг,   зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрсдийн  дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг “хүүхдүүд загналаа гэж” хэлсний төлөө түүнтэй маргалдаж, улмаар түүнийг цохисоны улмаас  хохирогчийн  биед "баруун нүдний алимын эвэрлэг бүрхүүлийн донорын суулгацын ховхрол, болрын бүрхүүлийн урагдал, болрын бүрэн цайлт” гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул С.Мын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас хохирогчид баримтаар нийт 1.789.936 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч С.М нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул  шүүгдэгч С.Мс 1.789.936 төгрөгийг гаргуулж хохирогч А.Бт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн сарын дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

Шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурьдаж  шийдвэрлэлээ. 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

          5. Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Маас 1.789.936  /нэг сая долоон зуун наян есөн мянга есөн зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Бт олгосугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ