Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2021/00288

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  *******ийн ******* /*******/ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн ******* /*******/- д холбогдох

хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Ю.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2010 онд хүүхдүүдийн аав Ю.*******тай гэр бүл болж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 4-р сарын 5-ны өдрийн №135 тоот дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ, цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгосон. Шүүхийн шийдвэрээр 2010 онд төрсөн хүү У.Алтанхүүг эцэг Ю.*******ын асрамжид үлдээсэн. Тухайн үед би ажил төрөлгүй, оюутан өөрийн гэсэн амьдрах оронгүй байсан, би гэсэн амьдралаа төвхүүлэх, сурч боловсрох шаардлагын улмаас хүүгээ аавд нь үлдээхийг зөвшөөрсөн. Одоо би Улаанбаатар төмөр замд замчнаар ажилд ороод 2 жил болсон. Би хүүтэйгээ байнга холбоо барьж чаддаггүй. Хүү маань одоо 11 настай. Ю.*******ыг архи уух болгонд хүү маань сүүлийн үед та намайг авахгүй юм уу, ээжтэйгээ л баймаар байна, аав гэрт хүнтэй архи уугаад би айгаад гээд ярих болсон. Гэрт ганцаараа айгаад, гадаа гарч бие засдаг, хүүг маань ганцаарангийн гэрт нь орхиод архи уудаг үүнээс хойш сэтгэл тавгүйрхэж, өмсөөн хувцас, царай алдсан зэргийн хараад хүүгээ өрөвдөж маш их санаа зовж байна. Мөн намайг байнга элдвээр хэлдэг утасны бичлэг байгаа. Мөн би хүнтэй суугаагүй. Иймийн учир хүү У.Алтанхүүгээ аав Ю.*******ын асрамжаас ээж Ш.*******ын асрамжид шилжүүлж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ю.******* бид хоёр 2009 онд танилцаад гэр бүлээ батлуулсан. Ингээд амьдарч байгаад 2010 онд өөрсдийн хүү болох Алтанхүүг төрүүлсэн. Хариуцагч Ю.******* нь намайг байнга зодож дарамталдаг байсан учраас салах болсон тул 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан. Одоо миний хүү өөрийн эцэг болох Ю.*******тай хамт амьдарч байгаа. Хүү маань байнга ганцаараа айгаад байна гээд над руу залгаж ярьдаг. Хүүхэдтэйгээ уулзмаар байна гэхээр уурлаад уулзуулдаггүй тул хүү Алтанхүүгээ өөрийн асрамжид шилжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан...гэх.

 

Хариуцагч Ю.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Ш.******* бид хоёр 2009 онд танилцаж гэр бүл болоод 2010 онд хүү Алтанхүүг гаргасан. Ингээд амьдарч байгаад таарч тохирохгүй байсан учраас 2014 онд гэрлэлтээ цуцлуулсан. 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Хөтөл сум дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүүхдийн асрамжлагчаар намайг тогтоосон. Хүү Алтанхүү одоо надтай хамт амьдардаг. Би хүүхдээ эхтэй нь уулзуулдаг. Миний ажил цаг наргүй тул шөнө оройгоор дуудлагаар явж ажилладаг. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон учраас нэхэмжлэгч өөрийн нэр дээр хүүхдийн асрамжлах эрхийг шилжүүлэх гэж нэхэмжлэл гаргасан байх гэж бодож байна...гэх.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Ш.*******ын шүүхэд гаргасан ... хүү У.Алтанхүүг өөрийн асрамжид авч, асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь; Ш.*******, Ю.******* нар нь 2009 онд танилцаж, 2011 онд албан ёсоор гэр бүл болж тэдний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү Алтанхүү төрсөн бөгөөд Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 135 дугаартай шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж хүү Алтанхүүг эцэг Ю.*******ын асрамжид үлдээж, эх Ш.*******аас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр, мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5-д зааснаар ... У.Алтанхүүг Ш.*******тай хүссэн үед уулзуулж байхыг эцэг Ю.*******ад даалгаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн /хх-ийн 8-11/ шийдвэр, мөн хүү У.Алтанхүүгийн асрамжийг өөрчилж, эх Ш.*******ын асрамжид өгөх үндэслэлгүй болох нь Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын, хөгжлийн газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Хүүхдийн асран хамгаалагч тогтоох сэтгэл зүйч мэргэжилтэнүүдийн дүгнэлт /хх-ийн 40-60/-д ... хариуцагч Ю.******* нь хүү У.Алтанхүүг 4 настайгаас нь эхлэн өөрийн асрамжид эцгийн хайр халамжаар өсгөсөн, гэр бүлийн нөхцөл хүүхдийн амьдарч буй орчин эмх цэгцтэй, дулаан, аюулгүй, цэвэр цэмцгэр, хүүхэд улирлын шинжтэй хувцас өмссөн, хүүхдийн физиологийн хэрэгцээгээ хангах хоол тэжээлээр хангагдсан байгаа, аав Ю.******* нь тус ажлын байранд тогтвор суурьшилтай 10 жил ажиллаж байгаа зэрэг нь нэхэмжлэгч Ш.*******аас давуу талтай байна. Судлуулагч У.Алтанхүүгийн хувьд ... хүү аавдаа ээжээсээ илүү дасан ээнэгшсэн байна. Аавтайгаа илүү ойр дотно эерэг хүлээн зөвшөөрсөн харилцаатай, эцэгтэйгээ ээнэгшил өндөр байгаа нь харагдаж байна. Тиймээс Ю.******* нь хүү У.Алтанхүүгийн хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдвол хүүхдийн эрх зөрчигдөхгүй байж, сэтгэл санааны хувьд тайван, сурч боловсрох, эрүүл өсөн торних, хөгжих бололцоогоор хангаж, хайр халамжаар дутаахгүй, өсгөн хүмүүжүүлж чадна гэх дүгнэлт, мөн хавтаст хэргийн 29-30 дугаар талд авагдсан хүү У.Алтанхүүгийн шүүхэд өгсөн ...аавтайгаа хоёулаа амьдардаг, намайг гомдоож байгаагүй, цаашид би аавтайгаа хамт байвал гоё гэж бодож байна гэх санал зэргээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн тайлбартаа ... Ю.******* архи уух бөгөөд хүү маань намайг авахгүй юм уу, аав гэрт архи уугаад, би айгаад байна, гэрт нь ганцааранг нь орхиж, архи уудаг тул хүүгээ өөр дээрээ авах, асрамжилна гэх боловч энэ байдлыг шүүхэд нотлоогүй, өөрөөр хэлбэл; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...хэргийн оролцогч, зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү У.Алтанхүүг аав Ю.*******ын асрамжаас эх Ш.*******ын асрамжид шилжүүлэх, асрамж өөрчлүүлэхээр гаргасан Ш.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4, 26.6-д тус тус зааснаар эцэг эх үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг, энэхүү эрх үүргийг биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН