| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0386/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/400 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/400
2024 05 15 2024/ШЦТ/400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч Д.Агар, шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч П.Дэлгэр, хохирогч Ц.Ч, түүний өмгөөлөгч А.Бүдханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гд холбогдох эрүүгийн “2403001010208” дугаартай, 186/2024/0386/Э индекстэй хэргийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял эдэлж байгаагүй, Х.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Г нь Чингэлтэй дүүргийн .. дүгээр гудамжинд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 12 минутын орчим “Toyota Prius 11” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3. “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, хороолол доторх замд зорчиж явсан явган зорчигч Ц.Чыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Х.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч Ц.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би дэлгүүр орж тамхи аваад буцаад гэрлүүгээ өгсөөд явж байсан чинь миний араас нэг машин хаазлаад байхаар нь эргээд харсан, тэгээд л намайг мөргөсөн гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Чын:...би 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим манай гудамжинд байдаг доод талын "Супер маркет" нэртэй дэлгүүрээс тамхи аваад буцаад гэртээ харихаар Чингэлтэй дүүргийн ... гудамжны өөд өгсөөд явж байтал араас машин тулаад хаазлаад байх шиг чимээ гарсан эргээд харсан чинь яах ийхийн завдалгүй ирээд намайг мөргөсөн би тухайн үед хашаа руу шахаж өгсөн. Яаж байна та гэсэн чинь нар гялбаад мөргөчихлөө харагдсангүй гэж хэлсэн. Тэгээд мөргүүлээд газар унасан босож ирээд би хөл дээрээ зогсож чадахгүй болохоор нөгөө намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч залуугаар түшүүлээд гэртээ орсон. Түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эхлээд түргэн ирээд намайг аваад явсан. Мөргүүлсний дараа миний хамаг хүйтэн хөлс гараад бие салганаад байсан. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр үзлэг оношилгоонд ороод явж байхад цагдаагийн алба хаагч нар ирж драйгер багажаар үлээлгэж шалгахад надаас 0.00 хувь гарсан. Тухайн өдөр тархины томограф, хөлийн томограф, цээжний томограф зэрэг зураг авхуулсан. Цээжний томографикаар 5, 6 дугаар хавирга хугарсан гэсэн онош гарсан, Хөлийн томографикаар ямар нэгэн яс хугарсан зүйл гараагүй харин бүдүүн гуяны мах тасарсан гэж онош гарсан. Эдгээрийг үзүүлсний дараа шууд эмчилгээнд ороод дусал тариа гэх мэт зүйл хийлгэж эмчилгээнд хамрагдсан. Гэмтэл гэмтэл согог судлалын үндэсний төвийн цээж хэвлийн тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн хэвтэн эмчлүүлсний дараа нь 7 хоноод эмнэлгээс гаргах үед эмчлэгч эмч нь гам сайн барь гэж эмч зөвлөмж өгсөн. Түүний дагуу гэртээ гам барьж хэвтсээр байна аль болох хөдөлгөөн хийхгүй байгаа гэх мэдүүлэг. /хх-17 дугаар тал/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.М.... н:…би 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэн Х.Гыг ус аваад ирье гэхээр нь уг тээврийн хэрэгслийг өгч явуулсан. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй, буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-21, 24 дүгээр тал/,
2.3.102 -ийн дуудлага лавлагааны хуудас. /хх-ийн 5 дугаар тал/,
2.4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, шороон, өгсүүр, цастай, халтиргаатай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 1 эгнээтэй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байв. /хх-6-9, 12-13 дугаар талд/,
2.5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2716 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Ц.Чын биед зүүн 5, 6 хавирга зөрүүгүй далд хугарал, баруун гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулай, дух, баруун зовхи, хацарт, өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 56-57 дугаар тал/,
2.6. Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1112343 дугаартай дүгнэлт. /хх-ийн 47-50 дугаар тал/,
2.7. “Хас үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар Toyota Prius-11 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 210.000 төгрөгийн хохирол учирсан гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 39-40 дүгээр тал/,
2.8. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 436 дугаартай магадалгаа. /хх-ийн 67-68 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч: 102 дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дугаар тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/, хохирогч Ц.Чын мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Мөнхбатын мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дүгээр тал/, 2716 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-57 дугаар тал/, тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 436 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 67-68 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэрэгээс: миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.
3.3. Хохирогчийн өмгөөлөгч хавтас хэрэгээс: хохирлыг үнэн, зөвөөр тогтоолгох, хохирлыг нөхөн төлүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.
3.4 Шүүгдэгч болон хохирогч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Х.Г нь Чингэлтэй дүүргийн .... дүгээр гудамжинд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 12 минутын орчим “Toyota Prius 11” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3. “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, хороолол доторх замд зорчиж явсан явган зорчигч Ц.Чыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Ц.Чын:...би 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17:00 цагийн орчим манай гудамжинд байдаг доод талын "Супер маркет" нэртэй дэлгүүрээс тамхи аваад буцаад гэртээ харихаар Чингэлтэй дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах сургуулийн 21 дүгээр гудамжны өөд өгсөөд явж байтал араас машин тулаад хаазлаад байх шиг чимээ гарсан эргээд харсан чинь яах ийхийн завдалгүй ирээд намайг мөргөсөн би тухайн үед хашаа руу шахаж өгсөн. Яаж байна та гэсэн чинь нар гялбаад мөргөчихлөө харагдсангүй гэж хэлсэн. Тэгээд мөргүүлээд газар унасан босож ирээд би хөл дээрээ зогсож чадахгүй болохоор нөгөө намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч залуугаар түшүүлээд гэртээ орсон… гэх мэдүүлэг. /хх-17 дугаар тал/,
- иргэний нэхэмжлэгч Б.М.... ын:…би 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэн Х.Г ус аваад ирье гэхээр нь уг тээврийн хэрэгслийг өгч явуулсан. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй, буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-21, 24 дүгээр тал/,
- 102-ийн дуудлага лавлагааны хуудас. /хх-ийн 5 дугаар тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, шороон, өгсүүр, цастай, халтиргаатай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 1 эгнээтэй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байв. /хх-6-9, 12-13 дугаар талд/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2716 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 56-57 дугаар тал/,
- Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1112343 дугаартай дүгнэлт. /хх-ийн 47-50 дугаар тал/,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 436 дугаартай магадалгаа. /хх-ийн 67-68 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, Х.Гантулгын гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Г нь жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах ёстой гэдгийг мэдсээр байж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Х.Гын гэм буруугийн улмаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зураг дугаар хавсралтаар сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэгт багтаж байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 560.000 төгрөгийг 15 дахин үржүүлж 8.400.000 төгрөгийг шүүгдэгч Х.Гас гаргуулж хохирогч Ц.Чд олгох,
харин хохирогч Ц.Ч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Гн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан “...шүүх эрх хасах ял дээр нэмж торгох ял оногдуулсан бол оногдуулсан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг” тоолно гэсэн байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн эрх хасах ялыг тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянган долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаан/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Гас 8.400.000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Чд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ