Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2021/00047/и |
Дугаар | 133/ШШ2021/00218 |
Огноо | 2021-06-03 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 133/ШШ2021/00218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүү М.Ө-ийг эх Г.Д- миний асрамжид тогтоох, хүү М.Ө-д эцэг Б.М-оос тэтгэлэг гаргуулах, 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Д- /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О-, хариуцагч Б.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У- нар оролцов.
-ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Д миний бие 1994 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Говь-Аптай аймагт төрсөн. Одоо 26 настай. Хүү М.Ө-ийн хамт амьдардаг. Би Б.М-той 2018 онд анх танилцаж үерхэж эхэлсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бид хурим найраа хийж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүү М.Ө нь төрсөн. Нөхөр Б.М нь өмнө нь архи, дарс их хэмжээгээр хэрэглэдэг байсан бөгөөд 2019 хүүг гэдсэнд байхад согтуу ирээд намайг хардаж зодож байсан бөгөөд миний бие хурим найраа хийгээд тусдаа гарчихвал гайгүй болох байх гэж бодож байсан боловч нэг гэрт орсоноос хойш энэ байдал нь өөрчлөгдөхгүй улам ихээр архи ууж, улмаар бид зан харилцааны хувьд ойлголцохоо байж хүү бид хоёрыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээс хөөсөн. Түүнээс хойш хүү бид хоёр аав, ээжийнхээ гэрт амьдарч байгаа. Цаашид Б.М-той хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү М.Ө-ийг миний асрамжид үлдээж, эцэг Б.М-оос хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Г.Д миний бие шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: Г.Д миний бие Б.М-той 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бид хурим найраа хийсэн бөгөөд хуримын бэлгэнд нийтдээ 8.000.000 төгрөг цугларсан. Тухайн цугларсан мөнгөнөөс бид хэрэглээд одоо 4.000.000 төгрөг нь үлдсэн байгаа. Уг мөнгөний тал болох 2.000.000 төгрөгийг Б.Б-оос гаргуулах хүсэлтэй байна. Иймд бидний хуримын бэлгэнд цугларсан мөнгөний үлдэгдэл 4.000.000 төгрөгийн тал болох 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Д-ын гэрлэлт цуцлуулах, хүүхэд өөрийн асрамжид тогтоох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбодуулж дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нэхэмжлэгчтэй 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хурим найраа хийж, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэр бүл болсон. Миний хүү М.Ө 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. Нэхэмжлэлийн шаардлагадаа үндэслэсэн шиг эхнэрээ зодож, хүчирхийлсэн зүйл байхгүй бөгөөд архийг хааяа хэрэглэдэг байсан үнэн. Гол маргаан гарах болсон шалтгаан нь эхнэрийн хадам ах гэрт ирж архи ууж байгаад маргалдаж, харилцан зодолдож, танхайрч Зөрчлийн тухай хуулиар хоёулаа торгох шийтгэл хүлээсэн. Бид хоёр хурим найраа хийгээд гэр бүл болоод 1 сар 18 хоног болоод салж сарних дээрээ тул байгаа тул миний зүгээс эхнэр хүүхдээсээ салах бодолгүй, цаашдаа архи уухгүй байж дутагдлаа засаж, гэр бүлтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна. Иймд гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Г.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Б.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 2.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Б.М нар нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2020 оны 10 дугаар саын 30-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь 8201000067 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Д нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан байх боловч 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгосноор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.
Гэрлэгчид нь 2020 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гэрлэгчдийн дундаас 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүү М-ийн Ө төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй, хариуцагч нь гэрлэлтээ хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ, мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь хүүхдээ асрамжидаа авах шаардлага гаргасан, хариуцагч нь хүүхдүүдийн асрамж дээр маргаагүй тул 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүү М-ийн Ө нь гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш эхийн асрамжид өсч торниж байгаа нөхцөл байдал, хүүхдийн насны онцлог, ээнэгшсэн орчин зэргийг үндэслэн хүү М-ийн Ө-ийг эх Га-ийн Д-ын асрамжид үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар шүүх хүүхдүүдийн эрх, ашгийг хамгаалах үүднээс М-ийн Ө-д хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож эцэг--Моор тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Хүүхдийн эцэг эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг бөгөөд эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг тул хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хөгжих эрхээ хэрэгжүүлэх эрхтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Д-д үүрэг болгох нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.М-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Д нарт даалгах нь зүйтэй байна.
Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй.
2.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Г.Д нь хуримын бэлгэнд цугларсан мөнгөний үлдэгдэл 4.000.000 төгрөгийн тал болох 2.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ гэж, мөн хуулийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж тус тус заасан.
Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч тухайн хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д гэр бүл цуцлахаас бусад тохиолдолд гэр бүлийн гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тодорхойлох үндэслэлүүдийг заасан бөгөөд энэ тохиолдолд баримтлах хэмжээг 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан байна. Харин 129 дүгээр зүйлийн 129.3-т гэрлэлт цуцалсан тохиолдолд гэрлэгчдэд хуваарилахдаа гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзах байдлаар зохицуулсан, мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдгийг тодорхойлохдоо гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө гэж буюу энэ нь зөвхөн гэрлэгчдийн эд хөрөнгийн ойлголт байхаар тодорхойлжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. дэх хэсэгт зааснаар гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг ойлгох ба гэрлэгчдийн хүүхэд эцэг, эхийнхээ хөрөнгөөс тэдгээрийн адил тэнцүү хувааж авах эрхгүй бөгөөд шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэх үүрэгтэй бөгөөд энэ нь гэрлэгчдийн эд хөрөнгийг хүүхдүүдэд нь тэнцүү хуваах тухай ойлголт биш юм.
Хариуцагч Б.М 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 221.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 221190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.М Г.Д нарын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8201000067-рт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү М-ийн Ө-ийг эх Г.Д-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү М.Ө-ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, сар бүр эцэг Б.М-оор тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Б.Мнарт үүрэг болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Г.Д-д даалгасугай.
6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Б.М нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д-ын хуримын бэлгэнд цугларсан мөнгөний үлдэгдэл 4.000.000 төгрөгийн тал болох 2.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М нь хүлээн зөвшөөрсөнийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Г.Д Б.М нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Хишигжаргалд даалгасугай.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 221.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 221190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож олгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ