Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1487

 

Магадлал

2018.06.25                                                  Дугаар 1487                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01008 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 818 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-той 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан    7 800 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, сар бүр үндсэн мөнгө, хүү, нийлээд 880 000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн боловч хүү болон үндсэн мөнгөө төлөлгүй өдийг хүрлээ. Гэрээнд заасны дагуу хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож, нийт 129 хоногийн алданги болох 3 018 600 төгрөг, үндсэн зээлийн 7 800 000 төгрөг, нийт               10 818 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М-тай 7 800 000 төгрөгийн зээлийн гэрээг хийж нотариатаар батлуулсан боловч ямар нэгэн мөнгө төгрөг авч өгөлцөөгүй болно. 2014 онд надад мөнгөний хэрэг гарч Б.М-аас асуухад Н.Г-тай уулзуулсан. Тэгээд 2014 оны 4 дүгээр сард Н.Г-тай аман хэлцэл хийж 1 сар тутам 5 хувийн хүү төлж байхаар тохирч 3 000 000 төгрөг зээлж авсан. Тэгээд хүүгээ төлж явж байгаад 2014 оны 7 дугаар сард дахин              3 000 000 төгрөг нэмж зээлээд нийт 6 000 000 төгрөг авсан. Би сар бүр хүүгээ алдалгүй төлж явсаар хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сард 300 000 төгрөг шилжүүлсэн. Барилгын салбарт нүүрлэсэн санхүүгийн хямралаас болж надад мөнгө орж ирэхгүй болсноор сүүлийн 6 сарын хүүг төлж чадаагүй байсан юм. Гэтэл Б.М над руу залгаж би чиний өмнөөс өрийг төлсөн надад тэр мөнгийг өгөөрэй гээд байн байн ярих болсон. Тэгээд миний ажил дээр болон эхнэрийн ажил дээр хүртэл ирж дарамтлаад байхаар нь аргагүйн эрхэнд нотариат орж зээлийн гэрээг 7 800 000 төгрөгөөр хийж батлуулсан. Н.Г-аас мөнгө зээлсэн болохоос биш Б.М-аас мөнгө зээлж авч үүрэг хүлээгээгүй, мөн Б.М-ыг миний өмнөөс төлөөд өгөөч гэж хүсээгүй, зөвшөөрөл өгөөгүй байхад би төлсөн, өг гэж надаас энэ мөнгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Иймд Б.М-ын нэхэмжилсэн 10 818 600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Б-оос 9 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-лд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу           1 818 600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 048 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос 158 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-лд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу дуудсан гэрчийн мэдүүлгийг үндэслэн 2014 онд гэрч Н.Г-аас зээлсэн 6 000 000 төгрөг дээр төлөгдөөгүй 6 сарын хүүг нэмж 7 800 000 төгрөг болгон Б.М-тай гэрээ хийсэн болохыг тогтоосон ч тухайн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 181 дүгээр зүйлд заасан “Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх...” гэсэн заалтыг хангаагүй байгааг анхааран үзэлгүй шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь хэзээ ч хариуцагчид мөнгө зээлдүүлж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зуучлан танилцуулсан Н.Г-аас анх нэхэмжлэлийн зүйл болсон мөнгийг зээлсэн болохоо гэрчийн мэдүүлэг, гэрчийн дансны хуулгыг шүүхэд нотлуулсан байхад шүүх зээлийн гэрээ байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч өгөөгүй мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч мөнгө аваагүй гэдгээ нотлоод байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь үндэслэлгүй, эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар эвлэрснийг бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.Бхолбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 818 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхэд талууд харилцан тохиролцож, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч Б.М нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 818 600 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн 4 818 600 төгрөгөөс сайн дураар татгалзаж, энэ гэрээний 2 дугаар зүйлд заасан хугацаанд хариуцагч Б.Б-оос 6 000 000 төгрөгийг гаргуулан авахаар, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Б.М-лд 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 6 000 000 төгрөгийг төлөхөөр, талууд энэхүү гэрээг байгуулснаар Б.М нь Б.Б-той байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой учирсан хохиролд аливаа нэхэмжлэл, гомдол, шаардлага, хүсэлтийг гаргахгүй, талууд энэхүү гэрээг өөрсдийн хүсэл зоригийг үндэслэж байгуулсан бөгөөд гэрээний агуулга, үр дагаварыг бүрэн ойлгож, энэхүү гэрээ нь талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд хариуцагч тал энэ гэрээний 2-т заасан мөнгөн төлбөрийг шилжүүлснээр дуусгавар болно, хариуцагч Б.Б нь энэ гэрээний 2-т заасан хугацаанд төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй бол албадан гүйцэтгүүлнэ” гэж заан, эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан журамд нийцүүлэн бичгээр байгуулсан байна. Уг гэрээний агуулга гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 818 600 төгрөг гаргуулах шаардлагын 4 818 600 төгрөгийн хэсгээс татгалзсаныг, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Б.М-лд 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 6 000 000 төгрөгийг төлөхөөр, талууд энэхүү гэрээг байгуулснаар Б.М нь Б.Б-той байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой учирсан хохиролд аливаа нэхэмжлэл, гомдол, шаардлага, хүсэлтийг гаргахгүй байхаар тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                       ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ