Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 166

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Болдоод холбогдох 201605000319 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 07-ны өдөр  хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Жаргалант суманд 1992 оны 10 сарын 27-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, эгчийн хамт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВМ92102711 тоот регистрийн дугаартай, Ширэм овогт Мягмарсүрэнгийн Болдоо,    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Болдоо нь 2016 оны 10 дугаар сарын 26-наас 2016 оны 10 дугаар сарын 27-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Жаргалант сумын төв 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших иргэн С.Уранцэцэгийн эзэмшлийн “Мөнгөн ембүү” нэртэй хүнс, барааны дэлгүүрийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч хэтэвч /шинэ/ 1 ширхэг, самсунг галакси Нөүт-2 маркийн гар утас /хуучин/ 1 ширхэг, алим 2 килограмм, лаазалсан сайра /загас/ 1 ширхэг, 1.6 литрийн багтаамжтай Нийслэл нэртэй шар айраг 6 ширхэг, 2.5 литрийн багтаамжтай Нийслэл нэртэй шар айраг 3 ширхэг, 0.75 литрийн багтаамжтай Ерөөл нэртэй архи 5 ширхэг, Дотно сэтгэл нэртэй бэлэн гоймон 2 ширхгийг тус тус хулгайлж 323.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ “Мөнгөн ембүү нэртэй дэлгүүрийн цонхыг хагалж 30.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж бусдад нийт 353.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :   

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Хохирогч С.Уранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

... Би Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Мөнгөн ембүү” гэх нэртэй хүнс барааны дэлгүүр ажиллуулдаг. Би 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан ба дэлгүүр цоожтой үлдэж дэлгүүрийн галлагааг Насанбаатар гэх хүн хийж үлдсэн. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 27-ны өглөө над руу Насанбат залгаад “танай дэлгүүр рүү хулгай орсон байна, цонх хагалж орсон байна, яаралтай ирээрэй” гэхээр нь би Улаанбаатар хотоос гарч 2016 оны 10 дугаар 29-ний өдөр очход дэлгүүрийн урд талын цонхыг давхараар нь хагалж орсон, дотроос нь эд зүйл алдагдсан байсан. Манай дэлгүүрээс Болдоо гэх залуу эд зүйл хулгайлсан байсан. Эмэгтэй хүний улаан цоохор өнгийн хэтэвч, алим 2 килограмм, лаазалсан сайра загас 1 ширхэг, Note-1 маркийн гар утас, Нийслэл шар айраг 1.6 летрын багтаамжтай 6 ширхэг, шар айраг 2.5 летрын багтаамжтай 3 ширхэг, “Ервөл” нэртэй архи 0.75 летрын багтаамжтай 5 ширхэг, бэлэн гоймон 2 ширхэг тус тус алдагдсан байгаа. Мөн дэлгүүрийн урд талын модон рамтай цонхны давхар шил хагарсан. Би хэтэвчийг 25.000 төгрөг, алим 2 килограммийг 9000 төгрөг, лаазалсан сайра загас 1 ширхэгийг 3500 төгрөг, Note-1 маркийн гар утсыг 250.000 төгрөг, шар айраг 1.6 летрийн багтаамжтай 6 ширхэгийг нийт 39.000 төгрөг, “Нийслэл” нэртэй шар айраг 2.5 летрийн багтаамжтай 3 ширхэг 24.000 төгрөг, “Ерөөл” нэртэй архи 0.75 летрийн багтаамжтай 5 ширхэг нийт 60.000 төгрөг, бэлэн гоймон 2 ширхэгийг 2000 төгрөг, модон рамтай цонхны давхар шилийг 36000 төгрөгөөр тус тус үнэлсэн байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-25/,

Гэрч Б.Насанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

... Манайх Жаргалант сумын 4 дүгээр багт байдаг ба Уранцэцэг гэх хүнтэй найз нөхдийн холбоотой. 2016 оны 10 дугаар сарын 23-ны орчимд санагдаж байна, Уранцэцэг нь Улаанбаатар хот руу эмчилгээнд хэд хоног яваад ирнэ, тэр хооронд манай дэлгүүрийн галлагааг хийж байгаач гэсэн, би зөвшөөрсөн ба өдөрт өглөө, оройд нэг удаа галлагааг хийдэг байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн орчимд галлагааг хийхээр ганцаараа яваад очтол дэлгүүрийнх нь урд талын цонхны хамгаалалт төмрийг газарт авч тавьсан, цонхыг нь хагалсан байсан. Тэгээд би Уранцэцэгт утсаар хэлсэн. Надад дэлгүүрийн түлхүүр байгаагүй, 2016 оны 10 дугаар сарын 26-ны оройн 20 цагийн орчимд галлагааг хийхэд дэлгүүр зүгээр байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч Б.Түмэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:  

... М.Болдоогийн ээж нь Болдоог жаахан өлгийтэй байхад нь нас барчихсан юм. Болдоогийн ээж нь миний эгч байсан. Тэгээд Болдоо эмээгээрээ буюу Мягмарсүрэнгээр овоглож явдаг. Ээж Болдоо бид 3 хамт байдаг ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/,

Шүүгдэгч М.Болдоогийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:  

... Манайх Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3 дугаар баг “Цохиот” гэх газарт байдаг ба би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хөдөөнөөс сумын төвд орж ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-нд шилжих шөнө 00 цагийн бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуухан сумын төвд явж байтал С.Уранцэцэг гэх хүний “Мөнгөн ембүү” гэх дэлгүүр цоожтой байхаар нь хаалганы хажуу талын цонхны хамгаалалт төмрийг авч тавиад цонхыг түлхэж хагалаад дэлгүүр дотогш орсон. Би дотогш ороод шар айраг, архи, дэлгэц нь мэдэрдэг саарал өнгийн гар утас, сайра загас, бэлэн гоймон, алим, түрүүвч зэрэг эд зүйлүүдийг том торонд хийгээд заримыг нь дээлний өвөрт хийгээд авч гарсан. Би хулгай хийсэн шөнөө шар айрагнаас 3 савтайг нь ганцаараа уусан. Тортой эд зүйлүүдийг сумын төвийн нүүрнээсээ хоёр дахь гудамжны ард өвсөн дунд нүхэнд нууж үлдээсэн. Маргааш нь би эд зүйл үлдээсэн газартаа иртэл миний үлдээсэн зүйл алга болчихсон байсан ... Би цонхны хамгаалалт төмрийг нааш татахад мултраад гараад ирсэн. Тэгэхээр нь цонхыг хагалж дотогш орсон. Надад хулгайлсан эд зүйлээс байхгүй. Тухайн үед торонд хийгээд сумын урд талын нүүрнээсээ хоёр дахь гудамжны ар талд дутуу баригдсан одоо баригдахгүй байгаа газарт ухсан нүхэнд өвсөн дунд хийгээд үлдээсэн байсан. Маргааш нь очиход алга болсон байна лээ. Тэрүүгээр явсан хүмүүс авчихсан байхаа. Би хэн авсныг нь мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49, 52-53/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 17-19/,

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Эд зүйл үнэлсэн тухай тайлан /хх-ийн 36-38/,

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын III багийн Засаг Даргын тодорхойлолт /хх-ийн 54/,

Шүүгдэгч М.Болдоогийн иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 55-60, 65-74/ зэрэг болно.  

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч М.Болдоо нь 2016 оны 10 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жаргалант сумын төв 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших иргэн С.Уранцэцэгийн эзэмшлийн “Мөнгөн ембүү” нэртэй хүнс, барааны дэлгүүрийн цонхыг хагалж нэвтэрч Нөүт-2 маркийн гар утас болон хүнсний эд зүйл хулгайлж бусдад нийт 353.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Болдоод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Болдоог бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.     

Хохирогч С.Уранцэцэг нь шүүгдэгчээс хохирол хүлээн авч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн /хх-ийн 57-58/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч М.Болдоо нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч М.Болдоогийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч М.Болдоогийн эд хөрөнгийг хураахгүйгээр ял оногдуулсан тул хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Болдоогийн 2 тооны эм хонийг буцаан олгож 2016 оны 11 сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ширэм овогт Мягмарсүрэнгийн Болдоог бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болдоод эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй .

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болдоод оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар  хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй .

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болдоод оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Болдоогийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Болдоогийн 2 тооны эм хонийг буцаан олгож 2016 оны 11 сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Цэндсүрэн, Т.Цэнджаргал нарт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ