Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0597

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********** овогтой Н.А***** /РД:*************/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***********овогтой Э******,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Ж******, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулагч О.Х*******,

Гуравдагч этгээд: ********* овогтой Г********,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*********** овогтой Б********** нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э**** *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б*****, Г.Х******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж********, О.Х**********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Процессын түүх:

  1. Нэхэмжлэгч Н.Н.А***** нь Баянзүрх дүүргийн Засаг даргаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ****** тоот хаягт байрлах газрыг С.Г***** ******д эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0******* дугаар шүүхийн шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Н.А***** ийн газар эзэмших эрх олгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай хэмээн эцэслэн шийдвэрлэсэн.
  3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/19* дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ****** тоот хаягт байрлах 460мкв газрыг С.Г***** д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрх олгосон.
  4. Н.Н.А***** нь дээрх актыг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 06/16** дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг авсан.
  5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э**** гээс 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/19* дугаартай захирамжийн С.Г***** д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Миний бие Н.Н.А***** 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд хандан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх, ******тоот газрыг эзэмших эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 128/ШШ2020/0******* дугаар шийдвэр гаргасан нь хүчин төгөлдөр болсон байдаг. Тус шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан иргэн Н.Н.А***** ийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх, ******тоот газрыг эзэмших эрх олгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан байдаг. Үүнээс хойш 2021 оны 6 дугаар сард Н.Н.А***** миний амьдарч байгаа дээрх хаяг бүхий хашаанд иргэн М.Ө****** зөвшөөрөлгүй нэвтэрч орж ирээд энэ газрыг эзэмших эрхийг олж авсан гээд намайг эзгүй хойгуур гэрийг минь буулгасан. Ингээд Газрын мэдээллийн сангаас тодруулж харахад миний амьдарч байсан дээрх газарт иргэн С.Г***** д газар эзэмших эрх олгогдож, Засаг даргын захирамж гарсан болохыг олж мэдсэн. Иргэн С.Г***** огт амьдардаггүй, амьдарч байгаагүй, бусдын амьдарч, эзэмшиж, ашиглаж байгаа газарт газар эзэмших эрхийг хууль бусаар олж авсан байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/19* дугаар захирамжийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

  1. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх ******тоот хаягт байрлах газрыг эзэмших эрх олгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 128/ШШ2020/0******* дугаар шийдвэрийг биелүүлээгүй атлаа иргэн С.Г***** д миний бодитоор эзэмшиж, ашиглаж буй газрыг эзэмшүүлсэн,
  2. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь дээрх шүүхийн шийдвэрийн талаар болон тухайн газрыг эзэмшихээр Н.Н.А***** намайг хүсэлт гаргасныг мэдсээр байж Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу иргэн С.Г***** д газар эзэмшүүлсэн захиргааны акт гаргахдаа надад огт

мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй,

  1. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13/223 дугаар албан бичгээс үзэхэд ...С.Г***** г тухайн газарт оршин суудаг талаар Засаг даргын тодорхойлолт болон тухайн газрыг иргэн Д.Г***** худалдан авсан хэлцлийг өргөдөлдөө хавсарган өгсөн гэх боловч миний эзэмшиж, ашиглаж байсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх ******тоот газарт иргэн С.Г***** , Д.Г***** гэж хүмүүс огт амьдарч байгаагүй тул иргэн С.Г***** нь газар эзэмших хүсэлт гаргахдаа хуурамч баримт бүрдүүлсэн байх магадлалтай.

Иймд Н.Н.А***** миний хүсэлтийг шийдвэрлэхээр даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, захиргааны акт гаргах хуульд заасан журмыг зөрчин сонсох ажиллагаа хийлгүйгээр эргэлзээтэй баримтын дагуу газар эзэмших эрхийг иргэн С.Г***** д олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/19* дугаар захирамжийн холбогдох хэсэг хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие 2014 онд Баянзүрх дүүргийн 21 хороонд 4 айлын газар авч байсан. 2014 онд хүсэлтээ гаргаад 2015 онд гэрчилгээг авсан. Хашаагаа хатгаад амьдарч байтал 2016 онд нийтийн эзэмшлийн зам талбай хаасан үндэслэлээр 4 айлын газрыг цуцалсан. Ингээд шүүхээр яваад 2 айлын хашааг сэргээж авсан. Маргаан бүхий газрыг авахаар тухайн үед шүүхэд хандаагүй шалтгаан нь хорооны Засаг даргаар н.Ганбаатар байсан. Би тэр хүнийг таньдаг учраас ...таны нэр дээр энэ газрыг гаргачихая манай найз Сэлэнгэ аймгаас ирэхээр нь таниас авчихъя гэхэд зөвшөөрсөн. Ингээд цуцалсан газраа авахаар шүүхэд хандъя гэтэл 2016 оны сонгуулийн үе байсан учраас шүүхээр явахгүй гээд тухайн үед оролцуулаагүй. 2017, 2018, 2019 онуудад хүчингүй болсон газраа авахаар Газрын албанд хандсан боловч иргэдээс материалыг хүлээж аваагүй. 2019 онд хөөцөлдөөд явж байхад одоо гэрчээр дуудсан Г.Б өмнө нь манай газар зохион байгуулагч байсан. Би энэ хүнд 3-4 удаа очсон. Тэгээд намайг ...ямар асуудлаар явж байгаа талаар асуухад нь би ...урд талынхаа 2 газрыг шүүхээр сэргээлгээд авчихсан. Ард талын 2 газраа авмаар байна гэхэд ...манайх материал хүлээж авахгүй байгаа боломжгүй гэсэн. Тэгэхээр нь ямар боломж байгаа талаар асуухад ...газрын м.кв-ыг том болгож байж гэрчилгээ авах боломжтой гэсэн учраас 351 мкв газраа 700 мкв болгож кадастрын зургийг хийлгээд Газрын албанд 2018 онд хураалгасан. 2018 оны 8 билүү 9 сард ...Газрын албаны дарга зөвшөөрөхгүй байна гээд материалыг маань буцаасан. Ингээд 2019 онд Газрын алба материал хүлээн авч байна гэхээр нь шинээр материалаа өгсөн боловч С.Г***** бид нараас 1 сарын өмнө хүсэлтээ гаргачихсан байсан. Шүүхээр ороод 2 айлын газраа авсны дараа Засаг дарга надтай уулзаад ...танай газрын тэр хэсгээр автобус эргэх боломжгүй байна. Танайх иргэний үүргээ биелүүлээд хашаагаа жаахан татах боломж байна уу гэхэд нь Тэнүүн огоо автобусны баазын удирдах албан тушаалтнуудыг газар дээрээ авч ирсэн. Ингээд хэдэн метр хашаанаасаа татвал автобус эргэх боломжтой байгаа талаар асуухад ...хашаагаа 6 метр хойш нь татчихад болно гэсэн. Одоо гэрчээр оролцох Г.Б гэдэг хүнээр 6 метр хашаагаа хойш нь татуулсан кадастрын зураг гаргуулж мэдээллийн санд оруулж байсан гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/19* дугаар Баянзүрх дүүргийн Засаг даргын иргэн С.Г***** д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Хүчингүй болгуулах үндэслэл нь 2019 оны 10 сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Н.Н.А***** ийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн учраас шүүхэд хандсан. Э.Э**** нь би, бид гээд яриад байгааг зөвөөр ойлгох хэрэгтэй. Энэ газар дээр Н.Н.А***** ийг зөвшөөрч буулгасан хүн нь Э.Э**** найз нь юм. Н.Н.А***** өөрөө Сэлэнгэ аймагт ажилладаг учраас шүүхийн маргаанд биечлэн оролцох боломжгүй гээд Э.Э**** д итгэмжлэл өгсөн. Энэ газар дээр 2017 оноос хойш Н.Н.А***** амьдарч байсан. 2019 онд газрын гэрчилгээг авахаар Газрын албанд хандсан боловч хүлээж аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд шүүх Н.Н.А***** ийн Газрын албанд хандсан хүсэлтийг биелүүлэхгүй байгаа үйлдэл нь хууль бус байна. Хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Төрийн алба гэдэг утгаар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг нь хүлээгээд байсан боловч гэнэт 2021 оны 6 дугаар сард Н.Н.А***** ийн амьдарч байгаа маргаан бүхий хашаанд С.Г***** гийн нөхөр М.Ө****** гэх этгээд зөвшөөрөлгүй нэвтэрч орж ирээд Н.Н.А***** ийг байхгүй хооронд гэрийг нь ачаад буулгаад аваад явчихсан. Газрын мэдээллийн сангаас тодруулсан чинь С.Г***** д газар эзэмших эрх олгосон гэсэн бүртгэл гарч ирсэн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнуудтай удаа дараа уулзсан. Миний зүгээс О.Хтай очиж уулзаж байсан. Шүүхийн шийдвэрээр өгөх ёстой хариу маань С.Г***** д газар эзэмших эрх олгогдсоны дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч Д.Б надад хандаж хариу ирүүлсэн. Энэ хариу дээр газар олгох боломжгүй гэж бичсэн байсан. Н.Н.А***** 3 үндэслэлээр шийдвэрийг хууль бус гэж үздэг. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй байтал С.Г***** д өөрийнх нь газрыг эзэмшүүлсэн. Ингэж эзэмшүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй Н.Н.А***** д мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй. С.Г***** д яагаад хорооны Засаг дарга тодорхойлолт хийж өгөөд хүн амын өрхийн бүртгэл гарч ирээд байгааг бид нар сайн ойлгодоггүй. Энэ нь Н.Н.А***** ийн эрх ашгийг хөндөж байгаа учраас Баянзүрх дүүргийн Засаг даргын С.Г***** д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Ганбаатарт байсан газрыг шилжүүлж аваад тэр нь хүчингүй болоод С.Г***** шинээр газар олж авч байгаа асуудал яригдаад байгаа. Суурин судалгаа, хээрийн судалгаа, газар эзэмшүүлэх журамд заасан ажиллагаа хийгээгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Банязүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч О.Х****** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх, ******тоот хаяг бүхий 350 м.кв талбайтай газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/64* тоот захирамжаар иргэн ДД.Г***** эзэмшүүлсэн. Д.Г***** уг газар эзэмших эрхийг нийтийн эзэмшлийн зам талбай хаасан гэх үндэслэлээр тухайн үед дүүргийн Засаг даргын 2016 оны А/9* тоот захирамжаар хүчингүй болгосон. С.Г***** нь Газрын албанд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл хүсэлтээ гаргасан байсан. Материал дотор хорооны Засаг даргын тодорхойлолт, кадастрын зураг, Д.Г***** худалдаж авсан гэх хэлцэл, иргэний үнэмлэхний хуулбар, цахилгааны эрчим хүчээр хангагдаж байсан гэрээний хуулбар зэргийг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, газар эзэмших хүсэлтээ Н.Н.А***** ээс 3 сарын өмнө өгсөн. Н.Н.А***** нь тухайн газартай холбоотой хүсэлтээ 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариуцсан байцаагчийн цохолт, хорооны Засаг даргын тодорхойлолтгүй, тухайн газартай холбоотой баримтгүйгээр газрын кадастрын албанд хүлээлгэн өгсөн байдаг. 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай шийдвэрийг үндэслээд хариуцагч талаас тухайн 2 иргэний өгсөн материалд дүн шинжилгээ хийж дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл-ийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/19* дугаар захирамжаар иргэн С.Г***** д газар эзэмших эрх олгосон. Өмгөөлөгч нарыг ирэх бүрт нь захирамжийн төсөл явагдаж байгаа талаар хэлдэг байсныг нэмж хэлмээр байна гэв.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай шийдвэрээр шийдэгдсэн асуудал байгаа юм. Энэ шийдвэрээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх эрхийг олгох хүсэлтийг шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргад даалгасан байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ хүчин төгөлдөр болсон шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа юу, үгүй юу. Хэрэв ажиллагаа явагдаагүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх шаардлагатай зүйл байна лээ. Гэтэл нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин С.Г***** д олгосон газрыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага гарган яваад байгаа нь зүйд нийцээгүй байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол гэж заасан. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоовол түүнийг хүчингүй болгоно гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг хүчин төгөлдөр гэрээ гэрчилгээгээр эзэмшиж байгаа зүйл байхгүй учраас эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бигээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газар нь анх 2014 оны 12 сарын 17-ны өдрийн А/64* тоот шийдвэрийг үндэслэн иргэн Д.Г***** т 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгогдсон. С.Г***** гийн нөхөр М.Ө****** нэхэмжлэгч Н.Н.А***** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э**** тэй танилцсан. Э.Э**** гээр дамжуулан С.Г***** нь Д.Г***** тай танилцсан. Тэгээд уг газрыг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5 сая төгрөгөөр худалдан авах хэлцэл байгуулаад хэлцэлтэй холбогдуулан газар эзэмших эрхийг олгож өгнө үү гэдэг хүсэлтээ хорооны Засаг даргаар дамжуулаад газрын албанд гаргасан. 2016, 2017, 2018 онд газар эзэмших хүсэлт хүлээн авах боломжгүй байсан учраас боломжтой болсон хугацаа буюу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүсэлтээ гаргасан. Ингээд хуулийн дагуу Д.Г***** газрыг шилжүүлж авсан. 2017 онд Д.Г***** газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ч 2016 оны 12 дугаар сараас 2018 оны сүүл хүртэл 2 жил орчим хугацаанд С.Г***** нь өөрийн нөхрийн хамт газар дээрээ нүүрсээ хадгалаад худалддаг байсан. Ингээд өмнөх шигээ байнгын байх боломжгүй авто сэлбэг худалддаг байсан учраас 2 талд ирэн очин байх шаардлагатай болсон. Байнга байх боломжгүй болсон учраас н.Г****хүүхдийн хамт газар дээрээ байлгасан байдаг. Түүнээс өмнө газар нь хэдэн сар хүнгүй байх гээд байсан. Тэр үед Э.Э**** С.Г***** нар нь хэвийн харилцаатай байсан учраас манай найз Н.Н.А***** өөр аймгаас ирээд байх газаргүй байгаа. Танай газар хүнгүй түр байлгах хүн шаардлагатай байвал найз Н.Н.А***** ийг түр байлгая гээд 2018 оны сүүлээс 2020 оны эхэн хүртэл түр байлгасан. 2018 оны 7 сараас С.Г***** гийн хамаатны хүн 2 хүүхдийн хамт ирсэн.

Энэ хооронд С.Г***** гийн нэр дээр гэрчилгээ гараагүй шалтгаан нь 2017 онд Д.Г***** нэр дээрхи гэрчилгээ хүчингүй болсон учраас 2016 онд болон 2020 онд албан журмын дагуу 2 удаа газар эзэмших хүсэлтийг гаргасан байдаг. 2021 оноос тухайн газар дээр гэрчилгээ гарах боломжтой гэсэн үеэс процедурын дагуу холбогдох материалыг өгөөд Газрын албанаас өмнөх эзэмшигч Д.Г***** ыг дуудаад С.Г***** нэр дээрээ шилжүүлэх хүсэлт өгсөн. Газрын эрх шилжихэд татгалзах зүйл байхгүй гэсэн учраас тухайн өдрийн хурлаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдсэн. Ингээд 2021 оны 6 дугаар сард иргэн С.Г***** гийн нэр дээр 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ гарсан. Э.Э**** нь Н.Н.А***** ийн өнцгөөс биш өөрийнхөө өнцгөөр тайлбар хэллээ. Яагаад Н.Н.А***** өөрийнхөө газар гэж үзээд байгаа талаар ерөөсөө юм хэлсэнгүй. Өмнөх эзэмшигч Д.Г***** гэрчийн мэдүүлэгтээ анх би энэ газрыг авсан. 2016 онд С.Г***** д шилжүүлж өгсөн. Н.Н.А***** гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй өмнө нь харж байгаагүй. С.Г***** тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан нь Газрын албанд өгч байсан хүсэлт, цахилгаан эрчим хүчний гэрээ, хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа. Гэтэл Н.Н.А***** энэ газрын хуулийн дагуух эзэмшигч байсан бол ямар үндэслэлээр ирж суурьшаад эзэмшээд байгаа талаар хуулийн дагуу тайлбарлах ёстой байсан. Гэтэл Э.Э**** нь тайлбарлан хэлж чадахгүй байна. Газрын гэрчилгээ С.Г***** гийн нэр дээр гараагүй байсныг мэдээд энэ байдлыг ашиглаад газрын эзэмших гэрчилгээг Н.Н.А***** ийн нэр дээр гаргуулчихая гэсэн байдал харагдаад байна. Д.Г***** ч гэсэн энэ талаар хэлэх байсан. Нэхэмжлэгчийн тухайн хороо дүүргийн Засаг дарга, Газрын алба, бүгд С.Г***** тай хуйвалдсан юм шиг зүйл яриад байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулахаар 3 удаа хүсэлт гаргасан байсан. Д.Г***** нэхэмжлэлээс татгалзсан тухайд гэвэл Э.Э**** гийн явуулаад байгаа үйл ажиллагаа буруу юм байна гэдгийг мэдээд татгалзсан. Гуравдагч этгээдийн гомдоод байгаа зүйл бол Н.Н.А***** гэдэг хүн энэ газрын талаар ямар ч ойлголтгүй. Н.Н.А***** нь хотод байх хугацаандаа тэр газар дээр түр байснаас биш би авъя миний өмч гэдэг талаар ямар ч маргаан байхгүй. Э.Э**** гийн явуулж байгаа үйл ажиллагаа л гэж манай талаас үзэж байгаа. С.Г***** эрэлмээгийн нөхөр М.Ө****** нь зуучлалын хөлс гэж Ганбаатарт өгсөнтэй ижил хэмжээний мөнгө Э.Э**** д өгч байсан гэсэн гэв.

  ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх, нэхэмжлэгч Н.Н.А***** ийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/19* дугаар захирамжийг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

- шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 128/ШШ2020/0******* дугаар шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй атлаа иргэн С.Г***** д нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж, ашиглаж буй газрыг эзэмшүүлсэн,

- хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийн талаар болон тухайн газрыг эзэмшихээр Н.Н.А***** намайг хүсэлт гаргасныг мэдсээр байж Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу иргэн С.Г***** д газар эзэмшүүлсэн захиргааны акт гаргахдаа надад огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй,

- миний эзэмшиж, ашиглаж байсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх ******тоот газарт иргэн С.Г***** , Д.Г***** гэж хүмүүс огт амьдарч байгаагүй тул иргэн С.Г***** нь газар эзэмших хүсэлт гаргахдаа хуурамч баримт бүрдүүлсэн байх магадлалтай зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

3.1. Нэхэмжлэгч Н.Н.А***** ийн маргаж буй Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх ******тоот хаягт байрлах 350 м.кв талбай бүхий газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/64* дугаар захирамжаар иргэн Д.Г***** т иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон боловч мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/9* дугаар захирамжаар нийтийн эзэмшлийн зам талбай хаасан гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосон,

3.2. Иргэн Д.Г***** энэхүү А/9* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр уг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байх ба тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 309 дүгээр захирамжаар Д.Г***** ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/9* захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, ... захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн,

3.3. Маргаан бүхий газрыг эзэмшихээр С.Г***** гаас гаргасан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр огноологдсон хүсэлт, холбогдох баримтууд нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдлийн бүртгэлд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдсэн үйл баримтууд тус тус тогтоогдов.

4. Мөн нэхэмжлэгч Н.Н.А***** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э**** гээс 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх ******тоот хаягт байрлах 350 м.кв газрын эзэмшихээр гаргасан гэх хүсэлтийг мөн оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтан н.Э*******д гардуулсан болох нь Монгол шуудан ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 08/979 тоот албан бичгээр тогтоогдсон байна. /128/2019/0*******/3 индекстэй захиргааны хэргийн 52 хуудас/.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ хугацаанаас өмнө газар эзэмших тухай хүсэлтээ бичгээр гаргаж байгаагүй тухайдаа маргаагүй ба дүүргийн Газрын алба хүсэлт хүлээж авахгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0******* дугаар шүүхийн шийдвэрээр ...Н.Н.А***** ийн газар эзэмших эрх олгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай хэмээн эцэслэн шийдвэрлэжээ.

7. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх-аар заажээ.

7.1. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон энэхүү шийдвэрийн 3.1, 3.2 дахь хэсгүүдэд дурьдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч талын миний эзэмшиж байгаа газрыг С.Г***** д эзэмшүүлсэн нь хууль бус гэх тайлбар үндэслэлгүй байна. Тодруулбал, маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2014 оны А/462 дугаар захирамжаар анх Д.Г***** т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба шийдвэрийг мөн Засаг даргын 2016 оны А/9* дугаар захирамжаар хүчингүй болгосон, Д.Г***** нь А/9* дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул Д.Г***** хувьд газар эзэмших эрх нь дуусгавар болсон байна.

7.2. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс миний бие 2014 оны хүсэлтээ гаргаад 4 айлын газар авсан. Д.Г***** ыг таньдаг учраас гуйгаад Н.Н.А***** ийн газрыг таны нэр дээр гаргуулъя, Сэлэнгэ аймгаас ирэхээр нь таниас авчихъя гэхэд зөршөөрсөн гэж тайлбарлах боловч маргаан бүхий газрын эрх нэхэмжлэгч Н.Н.А***** , Э.Э**** нарт шилжсэн аливаа шийдвэр гараагүй байх тул нэхэмжлэгч Н.Н.А***** болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э**** нь Д.Г***** нэрээр тухайн газрыг эзэмшиж байсан гэж үзэхгүй.

7.3. Харин газар эзэмшүүлэх эрх шилжүүлж буй тохиолдолд тухайн эрх хүчин төгөлдөр байх шаардлагатай, Д.Г***** дүүргийн Засаг даргын 2016 оны А/9* дугаар захирамжаар хүчингүй болгосон эрхийг шилжүүлэх хууль зүйн боломжгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас С.Г***** болон Д.Г***** нарын хооронд хийгдсэн Ирээдүйн газар худалдах гэрээ гэх баримтыг үндэслэн уг газрыг С.Г***** д эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

8. Гэвч Д.Г***** хувьд газар эзэмших эрх дуусгавар болсон маргаан бүхий акт нь газар эзэмших эрх С.Г***** д шилжсэнийг баталгаажуулах бус шинээр Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн С.Г***** д газрыг шинээр эзэмшүүлсэн агуулгатайн зэрэгцээ уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх тайлбараар маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй. Иймд маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасан хариуцагч Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэрт тооцогдоно.

9. Мөн нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлтийг С.Г***** гаас түрүүлж гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, хариуцагч нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлж ажилласан гэж үзэхээр байна. Тодруулбал,

9.1. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх ******тоот хаягт байрлах 350 м.кв газрыг эзэмших тухай С.Г***** гаас гаргасан хүсэлт нь тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдсэн нь иргэн Н.Н.А***** ээс 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд өмнө байх тул хуулийн дээрх зарчмын дагуу С.Г***** д газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын маргаан бүхий акт гарах үед маргаан бүхий газрыг эзэмшихээр С.Г***** болон Н.Н.А***** нараас гаргасан хүсэлтүүд аль аль нь бүртгэгдсэн байсан, мөн шүүхийн шийдвэр гарсан байсан тул түрүүлж гаргасан өргөдлийн дагуу газар эзэмших эрх олгосон гэсэн тайлбарыг тус тус буруутгах боломжгүй байна.

9.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...тухайн газарт гэр бүлийн хамт хашаагаа хатгаад амьдарч байсан ба 2014 онд хүсэлтээ гаргаад 2015 онд гэрчилгээг авсан нийтийн эзэмшлийн зам талбай хаасан үндэслэлээр газрыг цуцалсан хэмээн тайлбарлаж байх боловч дүүргийн Засаг даргын 2014 оны А/462 дугаар захирамжаар Д.Г***** т эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгч Н.Н.А***** д, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э**** д газар эзэмших эрх олгосон гэж үзэх үндэслэл болохгүй.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийг хүлээж авахгүй байсан тул шуудангаар хүсэлтээ хүргүүлсэн, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн гэж тайлбарлах боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ******* дугаар шүүхийн шийдвэрээр ...Н.Н.А***** ийн газар эзэмших эрх олгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснээс Н.Н.А***** д газар эзэмших эрх олгохыг даалгасан агуулгагүй байх тул нэхэмжлэгч талын шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

11. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаар, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаар, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 134 дүгээр албан бичгээр тус тус шүүхэд ирүүлсэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх, ******тоот хаягийн Хүн амын өрхийн бүртгэлд 2019 онд С*******ын Г, П*******ийн Г******* нар бүртгэгдсэн, тус хэрэгт нотлох баримтаар авагдсан 128/2019/0*******/3 индекстэй хэргийн материалд эх хувиараа авагдсан Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт 2017 онд С*******ын Г, Ө*******ы Д******* нар бүртгэгдсэн, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр бодит байдал дээр маргаан бүхий газарт иргэн П.Г******* ...2018 оноос хойш тухайн хаягт амьдарч байгаа гэж тайлбарласан, гэрч Г.Баас шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ ...Хээрийн судалгаа хийж газар дээр нь би очсон, эзэнгүй гэр байсан, гэрийнх нь талаар тодруулахаар хороон дээр очиход Ггийнх гэж хэлсэн гэснээс тус тус үзвэл нэхэмжлэгч нь тухайн газарт 2014 оноос хойш амьдарч байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын миний эзэмшиж, ашиглаж байсан газарт иргэн С.Г***** , Д.Г***** гэж хүмүүс огт амьдарч байгаагүй байхад газар эзэмших эрх олгосон гэх үйл баримт нотлогдохгүй байна.

12. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зохицуулжээ.

12.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс миний бодитоор эзэмшиж байгаа газрыг бусдад эзэмшүүлэхдээ надад мэдэгдээгүй, тайлбар гаргах боломж олгоогүй гэж тайлбарлах боловч хуулийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмших эрх олгох шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулах нөхцөл нь газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээ бүхий, эсхүл тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх явдал байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хүсэлтээ түрүүлж гаргасан, мөн бодитоор тухайн газарт оршин сууж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байсан байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

13. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.Н.А***** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/19* дугаартай захирамжийн С.Г***** д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Г.Б***** нь өмнө нь манай газар зохион байгуулагч байсан. Би энэ хүн дээр 3, 4 удаа очсон. ... би урд талынхаа 2 газрыг шүүхээр сэргээлгээд авчихсан, ард талын 2 газраа авмаар байна гэхэд материал хүлээж авахгүй байгаа гэсэн. Газрыг хэмжээг нэмэгдүүлж авах боломжтой гэсэн тул дүү Х.З*******ийн газрын кадастрын зургийг 700 м.кв-аар хийлгэж 2018 онд өгч байсан ... гэж тайлбарлах боловч энэ нь Н.Н.А***** ээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/19* дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлд хамааралгүй байх тул шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулаагүй, тусгайлан дүгнээгүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Н.А***** ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/19* дугаартай захирамжийн С.Г***** д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ