Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/00727

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/00727

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ........ сумын ........дугаар багийн ........... тоотод оршин суух, Даргууд овогт Л-ийн М (Р.............4)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ..... сумын .... дугаар багийн ...... тоотод оршин суух, Ш овогт Б-ийн Н (Р........8)-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2021/00625/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Л.М, хариуцагч Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л овогтой М нь Б.Нтай 2011 онд танилцаж үерхэж байгаад бид 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн ба бидний дундаас охин Н.А 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Одоо 9 настай. Бид албан ёсоор өрх тусгаарлаагүй бөгөөд хоёр талынхаа аав ээжүүдээр ирэн очин амьдардаг байсан. Цуг байх хугацаандаа бид үзэл бодол, зан байдлын хувьд үргэлж маргалдаж, буруу ойлголтоос болж архидан согтуурч хэл амаар доромжлох тохиолдол олон гарах болсны улмаас 2015 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш үр хүүхдээ ойшоохгүй, гэрлэлтээ салгуулъя гэж зөндөө хэлж ярьсан боловч зугтаасаар байгаад өдийг хүргэсэн. Энэ хугацаанд би өөр хүнтэй гэрлэж, үр хүүхэдтэй болсон. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас №01....7 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн охин Н.А..........-аа өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй тул хуулийн дагуу шийдвэрпэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б овогтой Н нь Л.Мтэй 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах явцад 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр охин Н.А төрсөн. Л.М нь 2017 оны 04 дүгээр сард охиныг 5 настай байхад хот руу яваад алга болсон ба жил гаруй хугацааны дараа ирэхдээ өөр хүнтэй суучихсан байсан. Одоо тэдний дундаас үр хүүхэд нь гарсан.

Иймд би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Н.А-аа ээжийнх нь асрамжид өгнө. Хүүхдийн тэтгэлгийн тухайд тусдаа байсан хугацаанаас би өөрийн боломжоороо тусалж дэмжиж ирсэн ба цаашид дэмжиж тусалж байна. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Шүүхээс эвлэрэх хугацаа авах шаардлагагүй гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Б.Нт холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигч нь 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсноо 2012 оны 03 дугаар сарын 01-ний бүртгүүлсэн болох нь №0..............7 Г-...7 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр охин Н.А төрснийг 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн 1..5 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа, мөн гэрлэгчид нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан ба зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч Л.М нь 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Н.А-г өөрийн асрамжинд авах талаараа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг.

Шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, хүүхдийн насны байдал, түүний өсөж дадсан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцлийг харгалзан, 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Н.А-г эх Л.М-н асрамжид үлдээж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Н.А-г эх Л.М-н асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Б.Н-г хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.М-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д овогт Л-н М  /Р..............4/, Ш овогт Б-н Н /Р..................8/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Н.А-г эх Л.М-н асрамжинд үлдээсүгэй.

3.Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-с 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.М-т олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг хэвээр үлддэг болохыг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН