Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/00728

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/00728

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ............ сумын ..... дүгээр багийн .... тоотод оршин суух, Х овогт М-н Ө (Р...........)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ....... сумын ............... багийн .............. тоотод оршин суух, У овогт Г-н Б. (Н.................)-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2021/00631/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч М.Ө /онлайнаар/, хариуцагч Г.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Ө нь Бтэй 1998 онд танилцаж, үерхэж байгаад 2000 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин Б.Б 2000 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, охин Б.А 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус тус төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, үргэлж маргалдаж, хэрэлдэх болсон. 2014 оноос Г.Б нь гэр бүлээс гадуур амьдралтай болж тэдний дундаас хоёр хүүхэд төрсөн. Иймд учраас цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон. Г.Б бидний дундаас төрсөн охин Б.Б одоо насанд хүрсэн, 3 дугаар курсын оюутан. Бага охин Б.А одоо 14 настай, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч, удахгүй оюутан болж суралцаад явах учраас би бага охиндоо эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байгаа. Том охиндоо би ямар нэгэн тэтгэлэг, дэмжлэгийг эцгээс нь авч байгаагүй болно. Иймд 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаарт бүртгүүлсэн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би бага охин Б.Аг өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г-н Б нь М-н Ө-тай 1998 онд танилцаж 2000 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2000 оны 03 дугаар сарын 03-ны өдөр том охин Б.Б, 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бага охин Б.А нар тус тус төрсөн. Хамт амьдрах хэдэн жилд хоорондын үзэл бодол, зан ааш таарахгүйн улмаас 2014 оноос тус тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш одоог хүртэл тусдаа амьдарцгааж байна. 2 охин маань ээжийнхээ асрамжинд байдаг юм. Одоо би тусдаа гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Том охин Б нь насанд хүрсэн тул бага охин А-г ээжийнх нь асрамжинд үлдээж хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч Г.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигч нь 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсноо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 72 дугаарт бүртгүүлсэн болох нь 115/0.............6 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2000 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин Б.Б төрсөн болох нь түүний иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Б.А төрснийг 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бүртгэсэн №00......1-122 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа, мөн гэрлэгчид нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан ба зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтооно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч М.Ө нь 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Аг өөрийн асрамжинд авах шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, ээждээ ээнэгшин дассан байдал, мөн хүүхдийн насны байдал зэргийг харгалзан, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн охин Б.Арг эх М.Ө-н асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэснийг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.А-д хариуцагч Г.Б-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Б.Аг эх М.Ө-н асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Г.Б хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч М.Ө улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Б-с эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага буюу Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.А 14 настай байх ба тэтгэлэг авагч хүүхдүүдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 213.800 төгрөгийг охин Б.А-д эцэг Г.Б-н зүгээс сар бүр төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.А-д сар бүр төлөх 213.800 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 213.800х12=2.565.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 56.000 төгрөг, нийт 70.200+56.000=126.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт М-н Ө (Р..............), У овогт Г-н Б (Н..............) нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.А-г эх М.Ө-н асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.А-г 11-16 нас /суралцвал 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Б-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Г.Б-с 126.200 (нэг зуун хорин зургаан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Г.Б-т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг М.Ө нарт тус тус даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН