| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0096/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/102 |
| Огноо | 2024-04-25 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/102
2024 04 25 2024/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0096/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч Ц.Э, Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г нарт холбогдох эрүүгийн 2339002870413 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 2-4а тоот хашааны гадна хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Г-той маргалдаж, улмаар монгол стандарт архины шилний хагархайгаар хэвлийн тус газар нь 1 удаа хатгаж, түүний эрүүл мэндэд "хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний чацархайд няцрал" бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Г нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 2-4а тоот хашааны гадна хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Э-тай маргалдаж, улмаар зодож, түүний эрүүл мэндэд "толгойн дагзны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун хөмсөгт шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы урд дээд хэсэг, баруун гуяны урд доод хэсэгт цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339002870413 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-15-р хуудас)
Хохирогч Ц.Э-ы (хх-ийн 24-26-р хуудас), хохирогч Д.Г-ын (хх-ийн 30-31-р хуудас), гэрч Х.Сумъяагийн (хх-ийн 24-35-р хуудас), гэрч Б.Бат-Эрдэнийн (хх-ийн 88-89-р хуудас), гэрч Л.Эрдэнэбаатарын (хх-ийн 42-43-р хуудас), гэрч З.Отгонжаргалын (хх-ийн 46-47-р хуудас), гэрч Э.Отгон-Эрдэнийн (хх-ийн 21-р хуудас), гэрч Х.Сүхбаатарын (хх-ийн 24-26-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч, хохирогч Ц.Э, Д.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай дүгнэлт (хх-ийн 52-53-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 495 дугаартай дүгнэлт (хх-ийн 60-61-р хуудас),
Шүүгдэгч Ц.Э-ы хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 120, 122, 123, 135-р хуудас)
Шүүгдэгч Д.Г-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 168, 169, 170, 183-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339002870413 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Э нь хохирогч Д.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Г нь хохирогч Ц.Э-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Ц.Э-ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж,
Шүүгдэгч Д.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар тус тус маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Ц.Э нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 2-4а тоот хашааны гадна хэсэгт 2023 оны 6 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Г-той маргалдаж, улмаар монгол стандарт архины шилний хагархайгаар хэвлийн тус газар нь 1 удаа хатгаж, түүний эрүүл мэндэд "хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний чацархайд няцрал" бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Г нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 2-4а тоот хашааны гадна хэсэгт 2023 оны 6 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Э-тай маргалдаж, улмаар зодож, түүний эрүүл мэндэд "толгойн дагзны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун хөмсөгт шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы урд дээд хэсэг, баруун гуяны урд доод хэсэгт цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-15-р хуудас)
Шүүгдэгч Ц.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр орой 22 цагийн үед найз Эрдэнээгийн гэр болох Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 2-03 тоотод унтаж байхад зүс таних Г намайг гараараа алгадсаар байгаад сэрээсэн. Г согтуу байсан бөгөөд би ч их согтуу байсан....Эрдэнээгийн гэрт Г-той маргалдаж муудсан бөгөөд юунаас болж маргалдаж муудсан гэдгээг огт санахгүй байна. Тэгээд Эрдэнэгийн гэрээс Г надаас түрүүлж явсан бөгөөд үүний дараа би Эрдэнэгийн гэрээс гараад Эрдэнэгийн төрсөн ах болох Түвшингийн гэр болох Булгийн 2-3 тоот хашаа руу явж байгаад Түвшингийн хашаан дотор Г-той 23 цагийн үед таарахад Г төмөр аралтай тэлээгээр толгой руу ороолгоод толгойноос цус гарахаар нь доошоо газар суугаад гарт баригдсан архины шилээр Г-ын хэвлий хэсэгт нь нэг удаа дүрсэн. Дүрсэн архины шилний хагархайг зүүн талын айлын хашаа давуулж чулуудчихаад хашааны хойд буланд очиж суусан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Э-тай Эрдэнээгийн гэрт маргалдаад байсан. Харин юунаас болоод маргалдаж муудсан гэдгээ санахгүй байна. Би Эрдэнээгийн гэрээс гарч яваад өөрийн хашааны зүүн хойд талын догол хэсэгт байх хашааны хаалгаа балбаж байхад миний ард нэг хүн хөдлөх шиг болохоор нь эргээд хартал Э нэг хатуу зүйлээр хэвлий рүү хатгаад авсан...Би Э-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Г-той юм ярьж зогсож байгаад бид хоёр маргалдаж Г намайг юмаар ороолгож зодсон. Юунаас болж маргалдсан, юугаар намайг ороолгож цохиод байсныг санахгүй байна...Миний биед толгойны ар талд хагарсан, баруун нүдний гадна хажуу талд зулгарсан, цээжин бие хөндүүр болсон гэмтэл шарх учирсан байна. Энэ гэмтлүүдийг надад Г учруулсан...би болсон үйл явдлын зарим үйл явдлыг сайн санахгүй байна...Гадаа харанхуй байсан. Г бид хоёроос өөр хүн байгаагүй шиг санаж байна...Архины хагархай шил газар хэвтэж байсан. Тэгээд л авсан байх. Сайн санахгүй байна...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),
Хохирогч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Э-тай Эрдэнээгийн гэрт маргалдаад байсан. Харин юунаас болоод маргалдаж муудсан гэдгээ санахгүй байна. Би Эрдэнээгийн гэрээс гарч яваад өөрийн хашааны зүүн хойд талын догол хэсэгт байх хашааны хаалгаа балбаж байхад миний ард нэг хүн хөдлөх шиг болохоор нь эргээд хартал Э нэг хатуу зүйлээр хэвлий рүү хатгаад авсан...Э миний хэвлийг ямар зүйлээр хатгасан гэдгийг мэдээгүй. Энэ үйл явдал 23 цагийн орчим болсон...Би архинд их амархан согтчихдог. Дээр ярьсан зүйлээ л санаж байна....Э-ы биед халдсан эсэхээ санахгүй байна...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),
Гэрч Х.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн орчим нөхөр Г гэрээсээ гарсан бөгөөд орой гэртээ ирэхгүй байхаар нь нөхөр Г-ыг гадуур хайж байгаад гэртээ ирээд дахин нөхрийг хайх гээд гэрээсээ 23 цаг 30 минутанд гэрээсээ гарсан. Би гэрээсээ гарахдаа цаг хараад гудамжны гэрэл унтрах болж байгаа юм байна гэж бодоод байшингийнхаа хаалгыг цоожилж байхад хашааны зүүн хойд хэсэгт нөхөрГ хаалгаа намайг хүн дүрчихлээ гэж хэлсэн. Би хашааны хаалгаар гараад хэн гэж асуухад нөхөр Г Хулгар гэж хэлээд ухаан алдаад газар унасан. Тэгээд би утсаар нөхөр Г-ын дүү Болороогийн хүү болох Бат-Эрдэнийг ах чинь хүнд дүрүүлчихлээ. Чи ирээд эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Бат-Эрдэнэ би танай гэрт ойрхон Булагт айлд ирээд байна удахгүй очлоо гэж хэлсэн. Нөхөр Г-ын хэвлий хэсгээс цус ихээр гарч байсан бөгөөд нөхөр 2 гарын алгаараа хэвлийгээ дарсан байсан. Бат-Эрдэнэ дүү удахгүй ирсэн. Тэгээд эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Нэгдсэн эмнэлэгт ирээд манай нөхөр шөнөдөө хагалгаанд орсон. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 орчим, мөн Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 10 орчим хоног хэвтэж эмчлүүлсэн....нөхөр Д.Г архи уучихсан согтуу байсан...Хулгар гэж Э гэдэг хүнийг хэлдэг юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),
Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 20-ны орой 23 цагийн орчим гэртээ байж байхад Сумъяа эгч утсаар Г ахыг чинь хүн хутгалаад зугтчихлаа гэж хэлсэн....Г ах Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 2-4А тоот хашаанд байдаг бөгөөд би гэрээсээ гараад Г ахын хашааны хойд талд очиход Г ах хэвлий хэсэгтээ хутгалуулсан байдалтай хашааныхаа хойд талд цус алдсан байдалтай газар хэвтэж байсан. Г ах өөрийн ухаангүй цус алдаад шоконд орсон байсан. Ахын хажууд эхнэр нь болох Сумъяа эгч байсан өөр хүн байгаагүй. Тэгээд би утсаар түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эмнэлгийн түргэний машин ирээд Г ахыг аваад явсан. Үүний араас цагдаа нар ирсэн. Хэрэг гарсан газрын ойр орчинд хутга хайгаад олоогүй. Г ахын хашааны хойд гудамжны хойд талаар харанхуйд хүн гүйхээр нь очоод барьж авахад Э гэх хүн байсан. Тэр хүнийг цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Тэгээд би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),
Гэрч Л.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэртээ эхнэрийн хамт байж байхад найз Э орой согтуу ирээд манай байшин дотор унтсан. Үүний дараа удалгүй зүс таних Г ах согтуу манай гэрт 500 граммын "Хараа" архитай ирсэн. Эхнэр Г ах бид гурав 500 граммын хэмжээтэй "Хараа" нэртэй архийг хувааж уугаад дуусгасан. Г ах их согтуу байсан бөгөөд манайд унтаж байсан Э-ыг хацарт нь алгадсаар байгаад сэрээсэн. Э сэрээд Г-ыг алгадаж сэрээсэнд уурлаад Э, Г нар хоорондоо маргалдаж хэрэлдэж байгаад Г манайхаас гараад явахад асаар нь Э мөн манай гэрээс гарч явсан. Э, Г хоёр цувраад манай гэрээс орой 22 цаг өнгөрч байхад л гарсан байх. Миний ах Түвшинбаатарын гэр манай урд талын эгнээнд манайхаас баруун урд зүгт ойрхон байдаг бөгөөд би хэсэг гэртээ сууж байгаад төрсөн ах Түвшинбаатарын гэрээс хэсэх гээд ахын гэр рүү явсан. Ахын хашаа хойд болон урд талдаа задгай бөгөөд би ахын хашаан дотор найз Э-тай таарсан. Э-ы нүүр болон гар нь цус болчихсон Г ах толгой хагалчихлаа гэж хэлээд надтай зөрөөд хашаанаас хойшоо гарсан. Би ч ахын гэр рүү орсон. Сүүлд нь цагдаа нар ирээд Э-ыг дагуулаад явж байсан... 2023 оны 06 дугаар сарын 20-ны орой Э-ы манай гэрт ирэхэд толгойд нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэр орой Г ахын араас гарахад хүртэл толгой тархи нь зүгээр байсан. Гэртээ байж байгаад асаар нь гараад ахын хашаанд дотор таарахад Э-ы нүүр, гар нь цус болчихсон Г ах толгой хагалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),
Гэрч З.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэртээ нөхрийн хамт байж байхад нөхрийн найз Э орой согтуу ирээд манай байшин дотор унтсан. Энэ үед цаг хараагүй болохоор хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Э-ы дараа удалгүй зүс таних Г ах согтуу манай гэрт 500 граммын "Хараа" архитай ирсэн. Нөхөр Эрдэнэбаатар, Г ах бид гурав 500 граммын хэмжээтэй "Хараа" нэртэй архийг хувааж уугаад дуусгасан. Г ах их согтуу байсан бөгөөд сэрээгээд хэрэггүй гэж хэлээд байхад манайд унтаж байсан Э-ыг хацарт нь алгадсаар байгаад сэрээсэн. Э сэрээд Г-ыг алгадаж сэрээсэнд уурлаад Э, Г нар хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад Г манайхаас гараад явчихсан. Г ахын араас нь Э мөн манай гэрээс гарч явсан. Г, Э хоёр цувраад манай гэрээс гарахад орой 22 цаг өнгөрч байсан байх. Нөхрийн төрсөн ах Түвшинбаатарын гэр манай урд талын гудамжинд манайхаас баруун урд зүгт ойрхон байдаг бөгөөд нөхөр хэсэг гэртээ сууж байгаад Түвшинбаатар ахын гэрээр хэсээд ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. Нөхөр гэртээ ирэхгүй байхаар нь Түвшинбаатар ахын гэрт нөхрийн араас ирэхэд нөхөр Эрдэнэбаатар надад Э Г ахад толгойгоо хагалуулсан гээд толгой нь цус болчихсон таарсан гэж хэлсэн...2023 оны 06 дугаар сарын 20-ны орой Э-ы манай гэрт ирэхэд болон Г ахын араас гарч явахад цус гарсан ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Г, Э хоёр манай байшин дотор маргалдаж муудсан, гэхдээ зодолдсон зүйл огт болоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай:
1.2. Ц.Э-ы биед толгойн дагзны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун хөмсөгт шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы урд дээд хэсэг, баруун гуяны урд доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы урд дээд хэсэг, баруун гуяны урд доод хэсэгт цус хуралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 52-53-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 495 дугаартай:
1.2. Д.Г-ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний чацархайд няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь нийтдээ болон тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 60-61-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Г-той маргалдаж улмаар түүнийг монгол стандарт архины шилний хагархайгаар хэвлийн тус газарт хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Э-тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай уруулсан” гэмт хэргийг,
шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Д.Г-ыг монгол стандарт архины шилний хагархайгаар хэвлийн тус газарт хатгасан гэмт үйлдэл, шүүгдэгч Д.Г нь хохирогч Ц.Э-ыг зодсон гэмт үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирлууд учирсан байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ....эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ц.Э нь хохирогч Д.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол, шүүгдэгч Д.Г нь хохирогч Ц.Э-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол, санал, нэхэмжлэхгүй зүйл байхгүй гэх мэдүүлгийг тус тус өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,
Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон.
Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Э нь урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан шийтгэгдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 135, 137-145, 146-149, 152-155-р хуудас)-аар,
Шүүгдэгч Д.Г нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 183-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 1 зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ы цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай, шүүгдэгч Ц.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Монгол Стандарт” нэртэй архины шилний дээд хэсгийн хагархай 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгалаа.
Эрүүгийн 2339002870413 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ны цагдан хоригдсон 65 (жаран тав) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г-д оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г-д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Монгол Стандарт” нэртэй архины шилний дээд хэсгийн хагархай 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн 2339002870413 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай, шүүгдэгч Ц.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР