Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/00635

 

 

 

 

 

            2021        03          01

                                 101/ШШ2021/00635

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд З.Баярмаа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б-ийн гаргасан,

 

Хариуцагч: Г.Г-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 34,200,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгчийн өмчлөлийн Ланд круйзер 200 маркийн ******* улсын дугаартай автомашиныг түүний аав Ш.С унаад 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18:30 цагийн үед Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн 13 дугаар буудлын замаар зорчиж байх үед хариуцагч Г.Г Мерседес бенз маркийн ******* улсын дугаартай автомашинаар урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчин зам тээврийн осол гаргасан юм.

 

Тус зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд их хэмжээний хохирол учирсан. Энэхүү зам тээврийн ослыг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгасан бөгөөд осол гарах үед хариуцагч Г.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон.

 

 Бид, хариуцагч Г.Г-аас автомашинд учруулсан хохирлыг барагдуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч тэрээр өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байна. Нэхэмжлэгч нь тухайн автомашиныг 2017 онд “Т” ХХК-иас худалдан авсан бөгөөд тус компанийн албан ёсны авто засварын төвд хандаж оношлуулахад эвдрэлтэй эд ангийг сольж, засахад нийт 42,251,400.00 төгрөг болно гэсэн хариу өгсөн.

 

Гэвч бид нар уг үнийн дүнгээр хохирлыг нэхэмжлээгүй. Учир нь, зам тээврийн осолтой холбоотойгоор хөрөнгийн үнэлгээг хийдэг тусгай зөвшөөрөлтэй “И” ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэхэд 34,200,000.00 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан.

 

Мөн уг компаниар энэ төрлийн автомашиныг зах зээлд худалдан борлуулахад боломжит үнэлгээг хийлгэхэд 2018 оны 08 дугаар сард 205,000,000.00 төгрөгийн үнэтэй байна гэсэн. Ер нь автомашинд улсын бүртгэлийн дугаар авсан тохиолдолд үнэлгээ нь буурдаг. Гэвч үндсэн асуудал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн автомашины хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Тодруулбал, автомашины гол рамыг солих шаардлагатай гэсэн хариуг “Т” ХХК-иас өгсөн учир “И” ХХК-ийн үнэлгээнд рамыг 10,850,000.00 төгрөгөөр үнэлсэн. Эдгээр эвдэрсэн бөгөөд солих, засварлах шаардлагатай эд ангиас тус тус харахад уг автомашин нь цаашид хэвийн ажиллах боломжгүй болсон.

 

Нэхэмжлэгчийн зүгээс 205,000,000.00 төгрөгийн үнэтэй автомашиныг Ш.Д гэж хүнд 138,000,000.00 төгрөгөөр худалдан борлуулсан ба худалдахтай холбоотой санхүүгийн баримт олдохгүй байсан тул худалдан авагчаас гэрчээс мэдүүлэг авахад 138,000,000.00 төгрөгөөр худалдаж аваад бага хэмжээний засвар хийгээд 142,000,000.00 төгрөгөөр худалдсан гэж мэдүүлсэн.

 

Хариуцагч өөрийн буруутай үйлдлийн улмаас үүссэн хохирлыг барагдуулах үүрэгтэй ба хохирол учруулаагүй гэдгээ баримтаар нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгддөг. Гэвч хариуцагчийг хохирол учруулаагүй гэдэг баримт хавтаст хэрэгт байхгүй. Эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах хуулийн зохицуулалт нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлд гэм хор учруулсан этгээд учруулсан гэм хорын хохирлыг арилгах ба гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, эсвэл мөнгөөр төлнө гэж байдаг.

 

Тухайн автомашин нь 40 км цагаас дээш хурдтай явахад жолооны хүрд булаах, чичирхийлэх зэргээр доголдол үүссэн тул автомашиныг зах зээлийн ханшнаас доогуур үнээр худалдсан. Нэгэнт хэн нэгний буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тул нэхэмжлэгч нь өөрт учирсан буюу хөрөнгийн үнэлгээний “И” ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр хариуцагчаас 34,200,000.00 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Би, нэхэмжлэгч С.Б-ийн Ланд круйзер 200 маркийн улсын дугаартай авто машиныг төрсөн эцэг Ш.С нь унаад 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хөдөлгөөнд оролцож явах үед нь мөргөж хохирол учруулсан нь үнэн ба осол болсноос хойш нэхэмжлэгчтэй олон удаа холбогдох гэж оролдсон боловч нэг л удаа утсаа авсан.

 

Ингээд нэхэмжлэгчийн машиныг нь засуулж хохиролгүй болгож өгье гэхэд бид нар чамаар засуулах албагүй зүгээр л үнэлгээгээр тогтоогдсон 34,200,000.00 төгрөгийг бэлнээр нь гаргаж өг, үгүй бол шүүх, цагдаа дээр уулзъя гэж хэлээд утсаа тасалсан.

 

Уг 34,200,000.00 төгрөгийн үнэлгээг тогтоохдоо “И” ХХК-иар хийсвэр үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Миний бие тооцоолол хийж үзэхэд ойролцоогоор 7,000,000.00-8,000,000.00 төгрөгөөр засварлах боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс бусад компаниар өндөр үнэлгээ гаргуулсан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би, энэ хэргийг үйлдснийхээ дараа нэхэмжлэгтэй уулзаж, хаана, ямар газар очиж засварлуулах вэ гэдгийг асуухаар холбогдсон боловч надтай харилцдаггүй байсан, түүний засварлуулна гэсэн газарт нь засварыг нь хийлгэж өгнө гэдгээ хэлж байсан удаатай.

 

Гэвч нэхэмжлэгч нь намайг хэл амаар доромжилж, дайрч байсан. Миний бие шүүхээс хэд хэдэн удаа шинжээч томилуулж учирсан хохирлын үнэлгээг бодитоор тогтоолгуулах гэхээр нэхэмжлэгч нь татгалздаг, автомашиныг өөр хүнд худалдаж хэргийн ул мөрийг балласан. Би, өөрийгөө гэм буруугүй гэж маргаагүй, үйлдсэн хэрэгтээ тохирсон хариуцлагаа хүлээсэн. Иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаагийн хувь иргэний эрх зүйн объект байх ёстой байтал өнөөдөр объект нь байхгүй болсон.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмчлөлд автомашин байхгүй. Мөн тухайн үед уг автомашиныг хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар тодруулахад 227,000,000.00 төгрөгийн үнийн дүнд тооцон солилцож авсан гэсэн хариуг өгдөг. Тэгвэл уг асуудлыг нотлох баримт нь байна уу гэхэд хавтаст хэрэгт энэ талаар ямар ч баримт байдаггүй. 

 

“Т” ХХК-иас ямар нэгэн хэлбэрээр худалдаж авсан тохиолдолд гэрээ, хэлэлцээр байгуулах л ёстой. Иймээс автомашины анхны үнийг тогтоох боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэсэн нотлох баримт байх ёсгүй. Нэхэмжлэгчийн амаар хэлж байгаа, нотлогдохгүй байгаа үнийн дүнг зөвшөөрөх нь хариуцагчид эрсдэлтэй. Хариуцагч нь автомашиныг урьдын байдалд орох хүртэл нь засварлаж, засварлуулж өгье гэдэг саналыг гаргаж байсан. “Т” ХХК-ийн импортолдог сэлбэг хэрэгсэл бусад газар худалдан борлуулдаг сэлбэг хэрэгслийн хувьд чанарын хувьд ялгаа байхгүй.

 

Уг автомашиныг нэхэмжлэгч нь худалдсан тул үнэлгээг тогтоох боломж бүрдсэнгүй. Хэрэв “Т” ХХК-ийн үнэлгээгээр 42,000,000.00 төгрөг байна гэж үзвэл засварлуулахад зарцуулсан төлбөр, зарлагын баримт байх ёстой боловч ямар нэгэн баримт байхгүй, зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн тул “И” ХХК-ийн үнэлгээг эцсийн үнэлгээ гэж үзэхгүй. Иймд, энэ хэргийн үйл баримтыг тогтоох нотлох баримт бүрдэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Б-ээс хариуцагч Г.Г-д холбогдуулан гэм хорын хохиролд 34,200,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Г.Г нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн 13 дугаар буудлын замд өөрийн өмчлөлийн Мерседес бенз маркийн автомашиныг унаж явах үедээ Ш.С-ийн унаж явсан буюу нэхэмжлэгч С.Б-ийн өмчлөлийн Ланд круйзер 200 маркийн улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан байна.

 

Тодруулбал, хариуцагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн 8 дугаар зүйлийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн ажээ.

 

Энэ тухай Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16729 тоот дүгнэлтэд тодорхой дурдсан байх бөгөөд хариуцагч Г.Г өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн болон дээр дурдсан техникийн шинжээчийн дүгнэлтэнд тус тус  гомдол гаргаагүй байна.

 

Ингээд төрийн эрх бүхий байгууллагаас хариуцагч Г.Г-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 400,000.00 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах шийтгэл ногдуулсан нь хүчин төгөлдөр болсон байх тул хариуцагч нь гэм буруутай байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 14 дэх хэсэгт “..........бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заажээ. Тодруулбал, нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Г.Г-аас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “И” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээд тайланд дурдсанаар нэхэмжлэгч С.Б-ийн өмчлөлийн автомашинд 34,200,000.00 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

 

Тодруулбал, тус хохирлын үнэлгээний тайланд дурдсанаар 24 нэр төрлийн эд анги их хэмжээгээр эвдэрсэн тул зайлшгүй солих, 1 ширхэг эд анги бага хэмжээгээр, 3 төрлийн эд анги дунд зэрэг эвдэрсэн учир засварлах шаардлагатай гэсэн бөгөөд нэхэмжлэгч нь тухайн автомашиныг 2017 онд “Т” ХХК-иас худалдан авсан тул гэмтсэн эд ангийн эвдэрлийн зэрэг, үнийг уг компанийн үнийн саналыг үндэслэн элэгдэл тооцож, 1 дүгээр зэрэглэлийн засварын ажлын дундаж үнийн тарифыг баримталсан байна.

 

Гэтэл хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “энэхүү автомашины засварлах болон солих шаардлагатай эд ангиудын үнэ, ажлын хөлсийг заавал “Т” ХХК-иас өгсөн үнийн саналыг үндэслэн тодорхойлох шаардлагагүй, эвдэрсэн бөгөөд солих шаардлагатай болон засварлаж болох эд ангиудыг бусад этгээдээс худалдан авахад 9 сая орчим төгрөгийн зардал гарна, нэхэмжлэгч нь автомашиныг бусдад худалдсан тул нэхэмжлэл гаргах эрхгүй болсон” гэж маргасан.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заажээ. Тайлбарлавал, нэхэмжлэгч С.Б өөрийнхөө өмчлөлийн автомашиныг зам тээврийн осолд орохоос өмнө нь ямар байсан тэрхүү байдалд буцаан сэргээхийг хариуцагч Г.Г-аас шаардах эрхтэй бөгөөд эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахдаа Ланд круйзер 200 маркийн автомашиныг Монгол Улсад худалддаг албаны ёсны худалдааны төлөөлөгч компаниас адил нэр, төрөл, чанарын эд ангийг худалдан авах нь “өмнөх байдалд сэргээх” гэсэн зарчимтай нийцнэ.

 

Энэ талаар тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхой зохицуулсан байна.

 

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч Г.Г нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж зааснаар 9 сая орчим төгрөгийн үнэтэй эд ангиудыг дундаас доошгүй чанартай гэдгээ баримтаар нотлохгүй байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч С.Б өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах, бусад этгээдэд худалдах зэргээр захиран зарцуулах эрхтэй бөгөөд тэрээр зам тээврийн осолд өртсөн Ланд круйзер 200 маркийн автомашиныг бусдад худалдсан нь өөрт учирсан хохирлыг хариуцагч Г.Г-аас нэхэмжлэхэд саад болохгүй юм. Учир нь, нэхэмжлэгч тал уг автомашины өмчлөгч байсан цаг хугацаанд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний өмч хөрөнгөд хохирол учирсан бөгөөд автомашиныг гэрч Ш.Д-т худалдахдаа зах зээлийн ханшнаас учирсан хохирлын хэмжээг хасч тооцсон байна.  

 

Иймд, нэхэмжлэгч нь засварлах болон солих шаардлагатай эд ангиудын үнэ, ажлын хөлсийг “Т” ХХК-иас өгсөн үнийн саналыг үндэслэн хөрөнгийн үнэлгээний “И” ХХК-иар хохирлын хэмжээг тодорхойлуулсныг буруутгах боломжгүй ба хариуцагчаас учирсан хохирлоо шаардах эрх хэвээр байна.

 

Гэвч шүүх талуудын тайлбар, мэтгэлцэх эрх, үүргээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал зэргийг үндэслэн хариуцагчаас 34,200,000.00 төгрөгийн тал хувь болох 17,100,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Учир нь, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр хариуцагч Г.Г тус автомашиныг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй боловч учирсан бодит хохирлын хэмжээг хөндлөнгийн этгээдээр тодорхойлуулахаар мэтгэлцэх эрхтэй юм.

 

Тодруулбал, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, холбогдох нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй ч тийнхүү өөрөө олж авах боломжгүй буюу туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчээс мэдүүлэг авах зэргийг шүүхийн журмаар бүрдүүлэх тухай хүсэлт гаргах эрхтэй байдаг.

 

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчээр “Д” ХХК-ийг томилсон боловч тус компаниас “автомашиныг зассан, мөн хохирол учирсан үйл баримтыг нотолсон фото зураг, бусад баримтыг талуудыг авч ирж өг гэсэн боловч өгөөгүй, хэрэгт байгаа зургийг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариу өгсөн.

 

Ингээд нэхэмжлэгчийн хүсэлтээр зам тээврийн ослын газрын зураг, “И” ХХК-ийн хохирлын үнэлгээний дүгнэлтийг тус тус холбогдох газраас гаргуулж, улмаар 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор нэмэлт шинжилгээ хийлгэхээр “Д” ХХК-ийг томилоход уг компанийн зүгээс “нэхэмжлэгч нь эвдэрсэн хэсгийг зассан тул үзлэг хийж, хохирлын хэмжээг тогтоох боломжгүй, “И” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланг үндэслэх гэсэн хэдий ч шаардлага хангасан фото зураг шаардлагатай” гэсэн.

 

Гэвч нэхэмжлэгч С.Б нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг бүрэн засаагүй, эвдэрч, гэмтсэн эд ангийг тодруулах боломжтой гэсэн тул дахин “Д” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч нэхэмжлэгч нь шинжээчид автомашиныг үзүүлээгүй ба улмаар автомашиныг гэрч Ш.Д-т худалдсан нь хариуцагч Г.Г-ын хувьд учирсан бодит хохирлын хэмжээг тодорхойлуулахаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.

 

Энэ тохиолдолд зохигчдыг ижил эрх, үүрэгтэйгээр мэтгэлцсэн гэж үзэхгүй тул хариуцагчийн мэтгэлцэх эрхээ нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хэрэгжүүлж чадаагүй буюу хариу тайлбар, татгалзлаа нотлох боломж олгоогүй тэрхүү нотлох баримтаар бодит хохирлын хэмжээг бүрэн тогтоогдсон гэж дүгнэх нь учир дутагдалтайгаас гадна хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

 

Иймд, дээр дурдсанаар хариуцагчийн эрх тэгш мэтгэлцэх эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээр хязгаарлагдсан байх тул “И” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсон гэж үзэх нь зохигчдын шударгаар мэтгэлцэх зарчимд нийцэхгүй байгааг харгалзаж хариуцагчаас 17,100,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

  ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Г.Г-аас 17,100,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,100,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 243,450.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.МАНДАЛБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                       З.БАЯРМАА

 

                                                                                                Л.ЭНХЖАРГАЛ