| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/113 |
| Огноо | 2024-05-03 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/113
2024 05 03 2024/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0012/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй,
Шүүгдэгч Э.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.З-д холбогдох эрүүгийн 2239000000373 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Э.З нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас М.Д-ын эзэмшлийн 4 тооны бяруу буюу олон тооны малыг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Б-д зарж борлуулж, хохирогч М.Д-д 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас хохирогч Ш.Б-ы эзэмшлийн 1 тооны гунжин үхрийг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Б-д зарж борлуулж, хохирогч Ш.Б-д 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.З-г бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239000000373 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч М.Д-ын (1-р хх-ийн 13-14, 17, 21-22-р хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Б-ын (1-р хх-ийн 25-26-р хуудас), гэрч Н.Цогтбаатарын (1-р хх-ийн 29-31-р хуудас), гэрч Б.Урангэрэлийн (1-р хх-ийн 42-р хуудас), гэрч Б.Б-ын (1-р хх-ийн 48-49-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШД-306 дугаартай: “...4 тооны үхэр 2.600.000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хх-ийн 53-55-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШД-344 дугаартай: “...1 тооны адуу 1.200.000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хх-ийн 60-62-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШД-307 дугаартай: “...1 тооны үхэр 1.200.000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хх-ийн 108-110-р хуудас),
Шүүгдэгч Э.З-гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 125, 126, 127, 129, 168-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2239000000373 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.З нь “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэв.
Шүүгдэгч Э.З нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
1. Шүүгдэгч Э.З нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас М.Д-ын эзэмшлийн 4 тооны бяруу буюу олон тооны малыг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Б-д зарж борлуулж, хохирогч М.Д-д 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл (1-р хх-ийн 5-8-р хуудас),
Шүүгдэгч Э.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би тухайн үед Д ах, Б эгч хоёрын үхрүүд гэж би мэдээгүй юм. Хэнийх гэдгийг нь мэдэхгүй үхрүүд байсан болохоор нь манай ойр хавийн айлынх биш байна. Холоос ирсэн айлын үхрүүд байна гэж бодоод л ашиглая гэж бодоод зарчихсан юм...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 баг Улаан булаг гэх газарт ганцаараа мал малладаг байсан. Гэтэл 2021 оны оны зунаар манай тэр хавиар үхэр худалдаж авч байсан Баяраа гэх залуу 2021 оны 12 сард шинэ жилийн үеэр над руу залгаад “зарах үхэр байгаа юу” гэж утсаар ярьсан. Харин би түүнд “зарах үхэр байхгүй” гэж бид хоёр утсаар ярьсан бөгөөд түүнээс хойш 2022 оны 02 дугаар сарын дунд үед гэж бодож байна, хугацааг нь сайн санахгүй байна. Манай тэнд байдаг хоёроос гурван айлын үхэр нэг бэлчээрт хамт бэлчдэг байхад хэнийх нь мэдэгдэхгүй им, тамгагүй дөрвөн тооны бяруу, бас зүсийг нь хараагүй нэг гунж манай үхэрт нийлээд арав гаран хоног цуг бэлчээрт яваад байсан. Тухайн үед би ямар үхрүүд хаанаас ирсэн юм бол манай эндэхийн үхэр биш л байна холоос ирсэн үхэр л байна гэж бодоод арав гаран хоног эзнийг нь ирэх нь үү гэж харж хүлээж байгаад ямар ч хүн сурж ирэхгүй, сураг ажиг гарахгүй байсан учраас мал мах авдаг Баяраа руу утсаар холбогдож мал авч байгаа юу гэж асуусан чинь мал авна, ямар мал зарах юм бэ” гэж надаас асуухаар нь би дөрвөн бяруу, нэг гунж байгаа юм гэсэн чинь би Хэнтий аймгийн төвд байна маргааш Дорноговь аймаг руу буцах замдаа авъя гэж яриад маргааш нь Баяраа над руу аймгийн төвөөс гарах гэж байна гэж утсаар ярих үед нь би бэлчээрт байсан хэнийх нь тодорхойгүй дөрвөн бяруу, нэг гунжийг өдөр гэрийнхээ гадна байдаг хашаандаа хашчихсан байсан юм. Тэгээд Баяраа гэгчийг ирэхээр нь түүний цагаан өнгийн Бонго маркийн машинд нь тухайн үхрүүдээ ачиж өгөөд явуулсан...Би Баяраа гэгчид миний үхрүүд гэж хэлээд л зарчихсан....Би өөрийнхөө мал маллахдаа унадаг 7 настай хээр зүсмийн мориор тууж гэрийнхээ гадна хашаанд аваачиж хашсан...Би тухайн үед үхрүүдийг Д ахын бяруу гэж мэдээгүй...Би Баяраа гэх хүнд дөрвөн бярууных нь мөнгийг нь төлж барагдуулсан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын эхэн үе, цагаан сарын дараа манай үхрээс 4 тооны үхэр дутсан юм. Тэр үед би өөрийн алдсан бяруунуудаа хайж явахад манай нутгийн З гэдэг залуу нь Дорноговь Иххэт сумын харьяат Баяраа гэх хүнд борлуулсан байсан. Тэгээд З гэдэг залуу манайд алдсан бяруунуудыг маань зүсээр нь эргүүлээд ачиж ирээд өгсөн...Манай алдсан бяруунууд нь бидэртэй хүрэн зүстэй, сартай бидэртэй хүрэн, шар амтай хүрэн, улаан зүстэй имгүй 3 охин, 1 эр нийт 4 тооны бяруу байсан юм. З гийн хулгай хийж байсан айлаас ирэхдээ хоёр чих цуулбар, хоёр чихэхдээ хул шар өнгийн бирктэй болсон байсан...Манай бяруу алдагдахын урд өдөр З гийн үхэртэй нийлсэн байсан юм. Алга болсныг нь мэдээд З гоос асуухад хараагүй гэж байсан... 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр манай эхнэр бид хоёр Баяраагийн гэрт очиж бяруунуудаа тэнд байсныг мэдсэн. Тэр үед манай нутгийн Б гэх эмэгтэй нэг тооны үхэр манайхтай нэг өдөр алдсан тул бид хоёрыг очсоны маргааш Босок Баяраагийнд очиж авсан гэж байсан. З надад Баяраа үхэр авна гэж зар байршуулсан байхаар нь би дуудаад танай 4 бяруу, Б эгчийн нэг гунж нийт 5 үхэр ачиж явуулсан гэж байсан...намайг утсаар ярьсны маргааш нь миний дөрвөн бярууг буцаагаад надад авчирч өгсөн...надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 13-14, 17, 21-22-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн иргэн Э.З гоос 2022 оны 02 дугаар сарын эхээр нэг тооны эрээн нүүртэй хязаалан гунжийг 800,000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Ш.Б гэх эмэгтэй манай гэрт ирээд тухайн гунжийг “миний энэ өвөл алдсан гунж байна” гэхээр нь би З гоос худалдан авсан тухайгаа хэлсэн. Маргааш нь Э.З манай гэрт ирээд “би хүний гунжийг өөрт чинь зарсан юмаа, буцааж өгөх хэрэгтэй байна” гээд зүсээр нь буцааж аваад явсан....” гэх мэдүүлэг (1-р-хх-ийн 25-р хуудас),
Гэрч Н.Цогтбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сард бяруу худалдаж авахаар Галшар сумын малчдад мөнгө тараасан юм. Тэгээд малчдаас 2022 оны 03 дугаар сард бяруунуудаа малчдаас авч цуглуулсан юм. Тэр үеэр Галшар сумаас баруун зүгт 30 км орчимд нутаглаж байсан Баяраагийнхаас очиж, үхэр сүргээс нь 4 бяруу өөрөөр нь бариулж авч явсан. ... тэгтэл нэг сар гаран хугацааны дараа уг 4 бярууны эзэн гэх хүн манай үхрээр орж манай бяруунууд байна, бяруунуудаа авъя гэж манай малчин Намсрайжавт хэлсэн байсан. Тэгээд энэ тухай Намсрайжав надад утсаар мэдэгдэхээр нь би Баяраатай утсаар ярьж “Юу болоод байгаа юм бэ, чи надад хулгайн бяруу өгсөн юм уу, энэнийхээ учрыг олоорой” гэж хэлэхэд Баяраа надад “би чамд өгсөн 4 бярууг З гэх хүнээс авсан юм. Би З той яриад энэ асуудлыг шийдье” гэж хэлсэн. Тэгээд тэр З гэх хүн манай үхэрт өөр 4 бяруу аваачиж тавиад өмнөх 4 бярууг ачиж явсан...” гэх мэдүүлэг (1-р-хх-ийн 30-31 хуудас),
Гэрч Б.Урангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын эхээр буюу цагаан сарын үеэр бидэртэй мухар эр бяруу, сартай бидэртэй эм бяруу, шар амтай хүрэн охин бяруу, ухаа охин бяруу гэх нийт 4 тооны бярууг Галшар сумын 3 дугаар баг Баянбулаг гэх газрын дэрснээс алдсан. Тэгээд тухайн үедээ цагаан сар болж байсан болохоор цагаан сар хуучирсны дараа гэрээс хойшоо хайгаад олоогүй. Тэгээд энэ оны хавар буюу 04 дүгээр сарын сүүлээр гэрээсээ урагш малаа хайж явж байгаад Баяраа гэх айлынд очиход манай алдсан 4 тооны бяруунууд зүсээрээ байсан. Харин манай 4 тооны бяруунд им хийгээд хоёр талын чихэнд бирк хийчихсэн байхаар нь манайхаас алдагдсан бяруу байна гэхэд Баяраа гэх залуу хүнээс авсан гэхээр нь хэнээс гэхэд Лундаагийн хүргэн З гоос худалдаж авсан гэж хэлэхэд нь “манайх алдсан бяруугаа авъя” гэж хэлэхэд Баяраа “би худалдаж авсан хүнтэйгээ холбоо бариадахъя” гээд удалгүй 98111655 гэх утасны дугаараас манай 98669774 дугаарын утас руу залгаад “би имгүй болохоор нь хүнд зарчихсан юм аа, танд орлуулаад өгчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь “манайх өөрийнхөө бярууг авна” гэхэд маргааш нь З манай 4 тооны бярууг цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 42-р хуудас)
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...З гэх залууд наад хавиараа бяруу зарах хүн сураглаж байгаарай худалдаж авна шүү гэж хэлж байсан юм. Тэгтэл З над руу хэд хоногийн дараа залгаад би 4 бяруу нэг тооны гунжтай зарна гэж хэлэхээр нь би Хэнтий аймгийн төв рүү явах ажилтай байсан учраас буцахдаа танайхаар дайраад авна гэж хэлсэн юм. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би Хэнтий аймгийн төвд очоод ажлаа амжуулж дуусаад Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг Цайдам гэх газар байдаг З гийн өвөлжөөнд 15 цагийн орчимд очиход З надад ямар нэгэн им тамгагүй 4 тооны бяруу, улаан сарман гунж нийт 5 тооны үхрийг зарна гэж үзүүлэхээр нь бяруу тус бүрийг 300.000 төгрөгөөр, гунжийг нь 800.000 төгрөгөөр тооцож нийт 2.000.000 төгрөгийн өртөгтэйгөөр бэлэн төлж худалдан авсан юм. Тухайн үедээ гэгээн цагаан өдрөөр өөрийнхөө хотон дээрээс 304 мал зарсан болохоор нь хулгайн мал гэж мэдээгүй. Би З гоос худалдан авсан бяруунуудаа өөрийн найз Цогтбаярт сүүлд нь тус бүрийг нь 500,000 төгрөгөөр зарсан байсан. Гунжийг нь өөрийнхөө үхэрт байлгаж байсан юм. 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Цогтоогийн малчин Нааяаа гэх залуу над руу залгаад Баянхутаг сумаас хэдэн хүн ирээд чамаас авсан бяруунуудыг манай алдсан бяруунууд байна гэж байна гэхээр нь би тэр хүмүүст З гэх хүнээс худалдаж авсан тухайгаа хэлсэн юм. Маргааш нь З ирээд надад худалдсан 4 тооны бяруу, нэг гунжаа бүгдийг нь зүсээр нь ачиж явсан...З надад миний чамд зарсан үхрүүд манай хажуу айлын үхрүүд байсан юм буцааж өгөхгүй бол болохгүйн гэхээр нь би өгч явуулсан. З надад нэг гунжны 800,000 төгрөгийг буцааж өгөөгүй байгаа. Харин 4 тооны бяруугаа өөрийнхөө үхрээс гаргаж тоогоор нь манай найз Цогтоогийн үхэрт өгсөн байсан... Би өмнө Э.З гэх залуугийн хадам аав Лундаа гэх хүнээс 8 тооны тугалтай үнээ худалдан авч наймаа хийж байсан юм. Тухайн үед би тэднийхээс үхрээ авахаар очихдоо З той анх танилцаж байсан. Тэгээд сүүлд наймаа хийхдээ З д хэлээд наймаа хийсэн нь энэ юм. Үүнээс өөр наймаа бид хоёр огт хийж байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 48-48-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШД-306 дугаартай: “...4 тооны үхэр 2.600.000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хх-ийн 53-55-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШД-344 дугаартай: “...1 тооны адуу 1.200.000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хх-ийн 60-62-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Э.З нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас хохирогч Ш.Б-ы эзэмшлийн 1 тооны гунжин үхрийг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Б-д зарж борлуулж, хохирогч Ш.Б-д 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч Э.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын дунд үед л байх гэж бодож байна. Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг болон Галшар сумын заагт байдаг Улаанбулаг гэх газарт манайх хаваржиж байсан. Тэр үед манай тэр хавийн айлуудын үхрүүд нь салж нийлээд, хаяа бөөндөө нэг бэлчээрт явдаг байсан юм. Гэтэл тэнд байсан үхрүүд дунд им тэмдэггүй, дөрвөн тооны бяруу мөн зүсийг нь харж байгаагүй гунж, үхрүүдийн дунд арав гаран хоног хамт явсан. Би бодохдоо тэр им тэмдэг байхгүй дөрвөн тооны бяруу, зүсийг нь хараагүй нэг гунжийг манай энэ хавийн айлуудын үхэр биш байна хэний үхэр нийлсэн юм бол гэж бодож байгаад дөрвөн бяруу нэг гунжийг хүн сурч ирэхгүй болохоор нь мал авдаг хүнд зарчихсан юм...Тухайн бэлчээрт байсан үхрүүдийг хэний үхэр вэ гэдгийг гадарлах байсан. Гэхдээ миний зарж борлуулсан үхрүүдийг бол ойр хавийн айлын үхрүүд биш байна гэж бодож байсан учраас зарчихсан юм...Би Ш.Б эгч болон Д ахын үхэр гэж мэдээгүй. Салхи шуурганд уурдаж ирсэн айлын мал юм байна л гэж бодсон. Би энэ үйлдлийг гаргасандаа маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-ны өдрийн шилжих шөнө манай үхрээс эрээн нүүртэй ухаа зүсний хязаалан гунж дутсан юм. Тухайн үедээ үхрээ ойр орчмын айлаар хайгаад олоогүй. Түүнээс нэлээн сүүлд үхрээ сураглаад явж байтал манай нутгийн Д манайхтай цуг алдсан 4 тооны бяруугаа Дорноговь аймгийн Их хэт сумын нутгаас авч ирсэн. Бяруу худалдаж авдаг айлаас нь авч ирлээ гэхээр нь би маргааш өдөр нь Д ын бяруунуудаа олсон гэж хэлсэн Дорноговь аймгийн Их хэт сумын Баяраа гэх айлд очиж үзэхэд манай алдсан үхэр байж байсан. Баяраа гэх хүнээс тодруулахад танай нутгийн З гэх хүнээс 800.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлж байсан...Манай алдсан хязаалан насны эрээн нүүртэй ухаа зүстэй гунж, буруу чих араасаа сүйх, зөв чих үзүүр нь мөлүү имтэй байсан... Намайг Баяраа гэдэг хүнтэй уулзаад гэртээ ирсний дараа Э.З нь миний гунжийг буцаагаад авчирч өгөөд танай үхэр гэдгийг мэдсэнгүй уучлаарай гэж хэлээд надад буцааж өгсөн...надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 92-93, 96, 99-101-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШД-307 дугаартай: “...1 тооны үхэр 1.200.000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хх-ийн 108-110-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.З нь бусдын олон тооны малыг хулгайлсан үйл баримтууд тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлж нийт 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Э.З-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж тайлбарласан ба шүүгдэгч Э.З нь бусдын үхрийг хулгайлсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан "Мал хулгайлах" гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.
Шүүгдэгч Э.З нь хохирогч М.Д , хохирогч Ш.Б нарын малыг нууц далд аргаар хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг шүүгдэгч Э.З нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.З нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Э.З нь бусдын олон тооны малыг хулгайлж хохирогч М.Д-д 2.600.000 төгрөгийн, хохирогч Ш.Б-д 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Хохирогч Ш.Б нь 1 үхрээ буцаан авсан. Хохирогч М.Д нь 4 бяруугаа буцаан авсан. Шүүгдэгч Э.З гоос хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй болсон тухай хүсэлтүүдийг (1-хх-ийн 177, 178, 179-р хуудас) хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.З-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч Э.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.З нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 168-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.З нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.З-гийн цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр зүсмийн 7 настай морины үнэ 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Э.З гоос гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2239000000373 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.З г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.З-г 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-д оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-гийн цагдан хоригдсон 81 (наян нэг) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох хээр зүсмийн 7 настай морины үнэ 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Э.З гоос гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн 2239000000373 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР