Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/01077

 

 

 

 

            2021        04          05

                                 101/ШШ2021/01077

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Г.Г-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,753,892.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлж, 2,867,945.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.О, С.С, хариуцагч Г.Г, өмгөөлөгч Ч.П, гэрч Г.Б, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч Г.Г 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай компанитай зээлийн гэрээ байгуулан 4,139,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 3.9 хувийн хүүтэйгээр зээлсэн ба талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагчийн өмчлөлийн *******,*******,******* хаягт байрлалтай 40 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 637 м.кв талбайтай газрын хамт барьцаалсан.

 

Бид, хариуцагч Г.Г болон гэрч Г.Б нарт тухайн зээлийг худлаа хэлж өгөөгүй, зээлдэгч нар автомашины урьдчилгаа төлбөрийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлдэгчид “Н” ХХК-иас 8,750,000.00 төгрөгийг зээлж, 12,500,000.00 төгрөгөөр автомашин худалдаж авсанд манай компанийг буруутгаад байгааг ойлгохгүй байна.

 

Хэрэглээний зээлийн онцлог нь зээлдэгч нь тухайн зээлийг юунд захиран зарцуулж байгааг судлах, тогтоох шаардлагагүй байдаг. Гэтэл хариуцагч Г.Г нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаад хожим зөрчиж эхэлсэн ба одоо зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Учир нь, нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК нь хуульд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлдэг бөгөөд талууд зээлийн гэрээг дүр үзүүлж байгуулаагүй гэдгийг хариуцагч, мөн гэрч  мэдэж байгаа билээ. Улсын Дээд Шүүхийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсгийг тайлбарласан хэсэгт гэрээний үр дагаврыг хүсээгүй, зөвхөн гэрээ байгуулсан гадаад илэрхийллийг бий болгох зорилго агуулсан гэсэн байдаг.

 

Гэтэл хариуцагч нь зээлийг авсан өдрөөс эхлэн зээлийг төлж байсан, барьцааны гэрээг өөрийн биеэр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд хууль болон зан суртахууны хэм хэмжээг зөрчөөгүй болохоо нотолсон баримтыг хэргийн материалд хавсаргасан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл уг баримтуудаар няцаагдана. Өөрөөр хэлбэл, хуульд заасан тусгай зөвшөөрлийн хүрээнд  үйл ажиллагаа явуулдаг учраас нэхэмжлэгч хууль болон зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байхгүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх тайлбарын хувьд талууд гэрээг байгуулсан гэдэгтэй маргадаггүй ба харин хариуцагч нь манай нөхөр нас барсан учраас зээлээ төлөх чадваргүй гэсэн тайлбарыг хариуцагч нь шүүхэд өгсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, хууль зүйн үр дагавар үүсгэхгүй хэлцлийг дүр үзүүлсэн хэлцэл гэдэг. Гэвч хариуцагч тал зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж, тодорхой хугацаанд зээлийн төлбөрөө төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож.

 

Гэвч хариуцагч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон cap хугацаа хэтрүүлсэн, тус компанийн зүгээс түүнд удаа дараа энэ талаар сануулж, өдөр бүр утсаар ярьж, хаягаар очиж уулзаж байсан боловч зээлийг төлөөгүй. Иймд, хариуцагчаас зээлийн үлдэгдэл 3,026,689.05 төгрөг, зээлийн хүү 2,272,700.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 454,530.00 төгрөг, нийт 5,753,892.00 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.   

 

Хариуцагч нь тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

 

“Би, нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хууль бус гэж үзэж байгаа тул үл хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

 

Миний хүү Г.Бнь “Н лизинг” ХХК-иас автомашины зээл авахаар уулзахад тус байгууллагаас нэмэлт барьцаа хөрөнгөтэй бол зээлийн асуудлыг шийдвэрлэж өгъе гэсэн тул ээжийнхээ нэр дээрх хашаа, байшинг автомашины зээлийн төлбөрийн урьдчилгаанд барьцаалан зээл авахаар болсон. Ингээд би, хүүгээ автомашинтай болгох зорилгоор “Н ББСБ” ХХК-нд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүүтэйгээ хамт очиж, зээлийн гэрээ байгуулаад 4,139,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.90 хувийн хүүтэй зээлсэн ба баталгаат ипотекийн гэрээгээрээ Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн*******,*******ны хаягт байрлах 637 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хамт барьцаалсан.

 

Улмаар гэрээ байгуулагдсаны дараа Г.Б-ийн “Х банк” ХХК-ийн дансанд мөнгө орсон ба 4,139,000.00 төгрөгийг миний бие бодитой зээлж аваагүй, тус зээлийг “Н ББСБ”ХХК-иас надад зээлж байгаа мэтээр дүр үзүүлсэн гэрээ байгуулж, өөр зээлийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн гэдгийг мэдсэн. Гэтэл Г.Б-ээс зээлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэж автомашиныг нь хураан авч худалдан борлуулсан байсан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т хууль зөрчсөн, дүр үзүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж зааснаар “Н ББСБ” ХХК-иас дээрх зээлийг надад бодитойгоор шилжүүлээгүй тул зээлийн гэрээг хууль бус гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгчид анхнаасаа надад зээл олгох хүсэл зориг байгаагүй, миний хүү Г.Б-ийн автомашины урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх зорилгоор надтай дүр үзүүлсэн зээлийн гэрээ байгуулсан. Иймээс дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул зээлийн болон баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

 

Надад, зээлийг олгохдоо авсан зээлийн үйлчилгээний шимтгэл болон зээлийн тооцооллын талаар маргаан байхгүй. Гэвч нэхэмжлэгч нь бидний зээлээр худалдаж авсан автомашиныг нь хурааж авсан ба хашаа байшинг хурааж авахаар шүүхэд хандаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох зохицуулалттай боловч нэг асуудалд холбогдож байгаа хоёр зээлийн гэрээний асуудлыг тус тусад нь иргэний хэрэг үүсгэх замаар шийдвэрлүүлж байна.

 

Гэтэл зээлээр худалдаж авсан автомашиныг хурааж аваад худалдан борлуулсан гэх боловч үлдэгдэл зээл, хүүгийн төлбөрийг дахиад нэхэмжлээд явж байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэж байгаа. Нэхэмжлэгчийн хийсэн энэхүү үйлдэл нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргаж байгаа нь харагддаг. Нэг зээлийн гэрээний дагуу нэг л зээлийн гэрээ байгуулагдаж, хүү бодогдох ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч, гэрч нартай хоёр зээлийн гэрээ байгуулж, тус тусад нь хүү бодохыг хариуцагч нь хүсээгүй.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь дүр үзүүлэх замаар хариуцагчийн хөрөнгийг авах санаа зорилго агуулсан тул дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байна. Тиймээс *******,*******,*******,******* хаягт орших 737 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 40 м.кв талбай бүхий барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна

 

Иймд, нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дуүргийн*******,*******ны хаягт байрлах 637 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, 2,867,945.0 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хангаж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-иас хариуцагч Г.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,753,892.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлж, 2,867,945.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд,

 

Хариуцагч нь энэ хэрэгт хамтран хариуцагчаар Г.Б-ийг оролцох ёстой маргасан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан.

 

            Тодруулбал, шүүх эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэх бөгөөд гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ба хариуцагчийг солих, өөр этгээдийг хамтран хариуцагчаар татахад диспозитив зарчим зөрчигдөхгүй байх ёстой.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч этгээд хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах, хэнийг хэрэгт хамтран хариуцагчаар оролцуулахыг шийдэх эрх хэмжээтэй бөгөөд тэрээр хариуцагчийн хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд бусад этгээдийг ийнхүү хамтран хариуцагчаар оролцуулж болно, харин хариуцагч нь бие дааж хамтран хариуцагчийг тодорхойлох эрхгүй.

 

Мөн хариуцагч нь тус хэргийг “Н лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Б-т холбогдох хэрэгт нэгтгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж маргаж байна. Гэтэл дээр дурдсан хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т “Нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.

 

Тодруулбал, нэг нэхэмжлэгчээс хэд хэдэн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан, аль эсхүл хэд хэдэн нэхэмжлэгчээс нэг хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан бол тэдгээр хэргийг нэгтгэн шийдвэрлэж болно.

 

Гэвч тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа “Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г-д холбогдох иргэний хэргийг “Н лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Б-т холбогдох хэрэгт нэгтгэх боломжгүй. Учир нь, эдгээр хэргүүд хоёр өөр нэхэмжлэгчтэй хоёр өөр хариуцагчид холбогдох маргаан байх тул дээрх хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасантай нийцэхгүй байна.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК нь хариуцагч Г.Г, мөн гэрч Г.Б нартай 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 4,139,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирсон ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар хариуцагч Г.Г-ийн өмчлөлийн *******,*******,******* хаягт орших 637 м.кв талбайтай газар, түүн дээр баригдсан 40 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалахаар барьцааны гэрээ байгуулжээ /х.х-ийн 8-14, 21 хуудас/.

           

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг” хэлнэ гэж заажээ. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байна /х.х-ийн 117-119 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2.-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талд төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ.

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-д зааснаар зээлдэгч Г.Г, Г.Б нар уг 4,139,000.00 төгрөгийг автомашин худалдан авах зорилгоор зээлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.Б-ийн мэдүүлэгт дурдсанаар тэрээр зээлийн гэрээний зүйлийг автомашины худалдагчид төлж, автомашиныг хүлээн авсан байна.

 

Гэтэл хариуцагч Г.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “миний бие гэрээний зүйлийг хүлээн аваагүй, автомашиныг эзэмшиж, ашиглаагүй тул зээлдэгч биш” гэж маргасан. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-иас 4,139,000.00 төгрөгийг хариуцагчийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь ******* тоот дансанд шилжүүлсэн бөгөөд тухайн дансыг хариуцагч Г.Г-ааг эзэмшдэг гэдгийг тус банкны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 5/1966 тоот тодорхойлолтонд дурдсан байна /х.х-ийн 15, 16, 109 хуудас/.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-ийг Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.2-т “Энэ хуулийн 207.1.3-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягаар мөнгийг илгээхээр банк, түүнтэй адилтгах бусад байгууллагад шилжүүлснээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцно” гэж зааснаар 4,139,000.00 төгрөгийг хариуцагч Г.Г-аад хүлээлгэн өгсөнд тооцно.

 

Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар зээлдэгч нарт автомашин худалдсан этгээдэд автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 4,139,000.00 төгрөгийг шилжүүлсэн бол нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-ийг үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх зохицуулалттай.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар зээлдэгч Г.Г, Г.Б нар тус 4,139,000.00 төгрөгийг автомашин худалдан авах зорилгоор зээлэх шаардлагатай байгаа гэдгээ анхнаасаа зээл хүсэгчийн анкетад тодорхой дурдсан ба нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-нд хэрэглээний зээлийн хувьд олгосон зээлээр зээлдэгчийн үйл ажиллагааг санхүүжүүлж, зээлдэгч нь үйл ажиллагаанаасаа олсон орлогоос зээлийг буцаан төлөх үүргийг хүлээдэг зээлийн төрөл биш тул заавал зарцуулалтад нь хяналт тавих шаардлагагүй юм.  

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн  242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж, түүнчлэн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч Г.Г, гэрч Г.Б нар нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, гэрээний зүйлийг хүлээн авсан учраас тэд нэхэмжлэгчид уг зээлийг буцаан төлөх үүргийг хамтран хүлээсэн үүрэг гүйцэтгэгчид бөгөөд нэхэмжлэгч нь тэдгээрийн хэн нэгнээс үүргийг бүхэлд нь, аль эсхүл хэсэгчлэн шаардах эрхтэй юм.

 

Иймд, хариуцагч нь 4,139,000.00 төгрөгийг хүлээн авсан тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Энэхүү зээлийн гэрээгээр зээлдэгч Г.Г нь 4,139,000.00 төгрөгийг 24 сарын хугацаанд эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр хүүгийн хамт төлсөөр 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн ба зээлийн хүүнд нийт 2,777,273.41 төгрөгийг төлөх ёстой байсан ажээ. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тодруулбал, хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй, хэрэв төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг байна.

 

Гэтэл хариуцагч Г.Г нь зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй ба нэхэмжлэлийг гаргасан буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,026,689.05 төгрөг, зээлийн хүү 2,272,700.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 454,530.00 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаарх тооцооллын талаар маргахгүй гэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэсэн зарчимтай бөгөөд нэгэнт хариуцагч нь тооцооллын талаар маргаагүй тул 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагчийг тооцооллыг хүлээн зөвшөөрсөн  тооцно.

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заажээ.

 

Хариуцагч нь өнгөрсөн хугацаанд зээл, зээлийн хүүнд 2,847,000.00 төгрөгийг төлсөн боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан өдөр тогтмол төлөх ёстой 277,330.00 төгрөгийг бүрэн, аль эсхүл хугацаандаа төлөөгүйгээс улбаалан тийнхүү бүрэн төлөх хүртэлх хугацаанд өмнө нь зохих ёсоор төлж, хасагдаагүй үндсэн зээлийн үлдэгдэлд хүү, нэмэгдүүлсэн бодогдсоор хуримтлагдсан өр үүссэн байна.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн хугацаанд зээл, зээлийн хүүг сар бүр тогтмол хэмжээтэйгээр төлж, үндсэн зээл хасагдах ёстой байтал хариуцагч нь зээлийг зохих ёсоор төлөөгүй тул үндсэн зээлийн хасагдаагүй хэсэгт хүү, нэмэгдүүлсэн бодогдож, хуримтлагдсан байна.

 

Иймд, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан “хариуцагчийн төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 3,026,689.05 төгрөг, зээлийн хүү 2,272,700.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 454,530.00 төгрөг” гэсэн тайлбар үндэслэлтэй байна. 

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Г.Г-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул уг гэрээ хүчин төгөлдөр юм.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.    

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

Хариуцагч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг дүр үзүүлсэн, хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчсөн, стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд хариуцагчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй байх эрхийг зөрчсөн” гэж тус тус маргасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж, мөн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хууль зөрчсөн гэдэгт талууд холбогдох хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд энэ нь хэлцлийн үндэслэлийг үгүйсгэж байгаа бол, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэдэгт нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлийг зөрчсөн, аль эсхүл нийтийн дэг журам, тогтсон зан заншилд нийцэхгүй гэрээг байгуулсныг тус тус ойлгох бол, харин дүр үзүүлсэн гэдэгт зохигчид анхнаасаа гэрээний үр дагаварыг бий болгох хүсэлгүй буюу эрх, үүргийн хувьд холбогдох сэдэлгүйгээр зөвхөн бусад этгээдэд гэрээ байгуулсан гэсэн ойлголтыг бий болгох зорилгоор хийгдсэн хэлцэл хамаардаг байна.

 

Гэтэл нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК болон хариуцагч Г.Г, гэрч Г.Б нарын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь нэхэмжлэгчийн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны хүрээнд Иргэний хууль, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нийцсэн байх тул хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар зээлдэгч Г.Г, Г.Б нар нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-иас гадна мөн “Н лизинг” ХХК-иас гэрч буюу зээлдэгч Г.Б нь нэмж 8,750,000.00 төгрөгийн зээл авсан боловч зээлийг төлж чадаагүйн улмаас шүүхэд дуудагдсныг нэхэмжлэгчийн буруутай үйлдэл гэж маргасан.

 

Гэтэл гэрчийн мэдүүлэгт дурдсанаар тэрээр бусад этгээдээс 12,500,000.00 төгрөгийн үнэтэй автомашин худалдан авахад түүнд санхүүгийн боломж байхгүй байсны улмаас худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 4,139,000.00 төгрөгийг төлөх зорилгоор нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-иас зээлсэн, харин үлдэх хэсгийг “Н лизинг” ХХК-иас зээлэхдээ худалдан авсан автомашинаа барьцаалуулсан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлий 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй................” гэж заажээ. Гэвч халдашгүй чөлөөтэй байх эрх нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд үүнд гэрээ байгуулах эрх чөлөө багтах ба хүний сайн дураар, тэгш эрхтэйгээр бусад этгээдтэй хэлцэл хийж, эрх, үүрэг бий болгосон харилцааг буруутгах боломжгүй юм.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар хариуцагч Г.Г, гэрч Г.Б нар 12,500,000.00 төгрөгийн үнэтэй автомашин худалдан авахдаа бусад этгээдээс зээл авсан үйлдлийг буруутгахад нэхэмжлэгчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх ёстой.

 

Гэтэл нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-иас зээлдэгч Г.Г, Г.Б нартай зээлийн гэрээ байгуулахдаа тэдгээрийг дарамталсан, хуурч мэхэлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар талууд гэрээний агуулга, гэрээ байгуулах этгээдийн хувийн шинж, гэрээний сэдлийн талаар ноцтой төөрөгдөж болох хэдий ч хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-иас 4,139,000.00 төгрөгийг автомашин худалдан авах зорилгоор зээлэх хүсэлт гаргасан, зээлийг авсан өдрөөс хойш хугацаанд 2,847,000.00 төгрөгийг төлсөн зэргээс дүгнэхэд түүнийг ноцтой төөрөгдсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж, мөн 202 дугаар зүйлийн 202.1-д “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч нь хэрэглэгч буюу зээлдэгч нартай урьдчилан бэлдсэн байнга хэрэглэдэг тодорхой загвар бүхий зээлийн гэрээг өөрчлөлт оруулах нөхцөлгүйгээр байгуулсаныг стандарт нөхцөл бүхий гэрээнд тооцох бөгөөд тухайн гэрээгээр хариуцагч /хэрэглэгч/-ид шударга бус нөхцлийг ногдуулсан, тус хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т заасан нөхцлийг агуулсан байх тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.

 

Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тэдгээрийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч Г.Г-аад илт хохиролтой, шударга бус нөхцөл байдлыг хүлээлгэсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.  

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 5,753,892.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Г.Г-аас 5,753,892.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-нд олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Г-ийн гаргасан нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-нд холбогдох зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлж, 2,867,945.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г-2204011482 тоот улсын бүртгэлийн дугаартай *******,*******,******* хаягт орших 637 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,215.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 212,225.00 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 177,215.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР