Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 928

 

186/2019/0056/Э

 

 

 

 

 

  2020        07            23                                            2020/ДШМ/928    

 

П.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

шүүгдэгч П.А-ы өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШТ/53 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Солонгийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцлээр П.А-д холбогдох 1811012520406 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А-,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

П.А- нь 2017 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-615 тоотод амь хохирогч Д.Хашхүүгийн толгойн тус газарт төмөр алхаар цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.А- талийгаачийн биед хүнд гэмтэл учруулсан, энэ нь зөвхөн түүний өгсөн мэдүүлгээр, гэтэл энэ мэдүүлгээсээ шүүгдэгч буцсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хөдөө амьдарч байсан тухай гэрчүүд мэдүүлсэн, талийгаач гэмтлийн улмаас бус осгож нас барсан, энэ гэмт хэргийг өөр этгээд үйлдсэн байж болохуйц нөхцөл байдлууд байсаар байтал прокуророос, шүүгдэгч П.А-ыг амь хохирогч Д.Хашхүүгийн толгойн тус газарт алхаар цохиж алсан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүгдэгч П.А-ы өмнө өгсөн мэдүүлгээр түүний үйлдлийн улмаас Д.Хашхүүгийн биед хүнд гэмтэл учруулсан гэж үзвэл нас барсан “хүнийг алах гэмт хэргийн” хор уршгийн хоорондох шалтгаант холбоог тогтоогоогүй, яллах дүгнэлтдээ дүгнээгүй байна. Прокурор шүүгдэгчийн өмнө өгсөн мэдүүлгийг үнэн зөв, нотлох баримт гэж үзэж байгаа бол тэрээр бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлснийг орхигдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг өмнө хянаад энэ талаар тодорхой дүгнэж байсан бөгөөд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ хэргийг бүрэн гуйцэд шалгаж тогтоогоогүй, үйл баримтыг зөв үнэлэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл болж байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...тухайн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг өдрөөр нь нарийн тооцож гаргах боломжгүй юм. Учир нь талийгаачийн цогцсыг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 53-618 тоот хашаанд ухсан нүхнээс 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр олсон.

Хавтас хэрэгт гэрч Б.Баярмөнхийн “...би хамгийн сүүлд Д.Хашхүүтэй 12 дугаар сарын дунд үед таарсан...надтай уулзсанаас хойш 3-4 хоногийн дараа манай тэр хавьд “Хашхүү гэртээ байхгүй байна, хайчсан юм бол” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1хх 184-185/,

гэрч Х.Энхдалайн “...Д.Хашхүүгийнд 2017 оны 12 дугаар сард нэг удаа тог нь тасарсан гэж сонсоод очиж байсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сард гэрийнхээ ойр орчимд байдаг хүмүүсээс сонссон чинь алга болсон, харагдахаа больсон гэж сонссон...” гэх мэдүүлэг /1хх 191-191/,

гэрч Ц.Солонгын “...Д.Хашхүү ах манайд 2017 оны 12 дугаар сарын дундуур ганцаараа өглөө 11 цагийн орчимд орж ирсэн..., ...Маргааш өглөө нь Хашхүү ах орж ирээгүй. Орой 18 цагийн орчимд Бооёо ахын эхнэр Жагай эгч орж ирээд “танайхаар Хашхүү ах орж ирэв үү” гэж асуусан. Тэгэхээр нь би “орж ирээгүй, өчигдөр орой та 3 цуг орж ирээд гараад явсан ш дээ” гэж хэлсэн чинь “харин тиймээ Хашхүү ах өглөө болгон манайд орж ирж цай уудаг юм. Өнөөдөр ирсэнгүй, Бооёог гэр лүү нь явуулсан чинь хүн байхгүй гэрийнх нь хаалга онгорхой, гэрт нь нохой ороод эд зүйлийг нь замбараагүй болгосон байна” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Жагаа эгч орж ирээд Хашхүү ахыг дахин асуугаад “би Хашхүү ахыг алга болсон талаар цагдаагийн байгууллагад тэмдэглүүлчихлээ” гэж байсан...” гэх мэдүүлгүүдээр /1хх 196/ талийгаач Д.Хашхүү нь 2017 оны 12 дугаар сарын дунд үеэс хойш алга болсон гэж үзэхээр байгаа учир гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2017 оны 12 дугаар сард гэж тогтоосон.

Цагдаагийн албан хаагч, мөрдөгч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шүүгдэгч П.А-д эрүү, шүүлт тулгасан эсэхийг Авлигатай тэмцэх газар шалгасан. Хэргийг тус прокурорын газрын хяналтын прокурор П.Нямцэцэг хянаад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дэлгэрэнгүй дурдаж, эрүү шүүлт тулгасан нь тогтоогдоогүй учир гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч П.А- нь гэмт хэрэг гарах үед буюу 2017 оны 12 дугаар сард Төв аймгийн Заамар суманд “Сонор нар трейд” ХХК-ийн “Арьс, ширэн эдлэл гутлын үйлдвэр”-т ажиллаж байсан гэж мэдүүлсэн боловч “Сонор нар трейд” ХХК-ийн “Арьс, ширэн эдлэл гутлын үйлдвэр”-ийн ажилчдын ажлын цаг, хийсэн ажил цалинг бүртгэдэг гэх дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлд “...П.А-ы нэр болон гарын үсэг, ирцийн талаарх мэдээлэл бичигдээгүй байна. ...” гэсэн тэмдэглэлээр /1хх 97/ П.А- нь 2017 оны 12 дугаар сард Төв аймгийн Заамар суманд байсан нь тогтоогдохгүй байна. П.А- нь хохирогч Д.Хашхүүгийн толгойн тус газарт алхаар цохиж алсан буюу П.А-ы үйлдлийн улмаас талийгаач Д.Хашхүү нь амь насанд аюултай гавал тархины хүнд гэмтэл авч нас барсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэрэв шүүх талийгаач Д.Хашхүүг тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэж байгаа бол хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтын хэмжээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч П.А-ы өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1 дүгээр хавтас хэргийн 232 дугаар талд мөрдөгчийн тодорхойлолт авагдсан. Мөрдөгч н.Төмөрбаатар нь ямар нэг ашиг сонирхолгүй гэрч юм. Прокурорын хэлснээр талийгаач 2017 оны 12 дугаар сард нас барсан гэдэг нь энэхүү нотлох баримтаар няцаагдаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” бүрэн нотлогдоогүй гэж үзэж байна. Мөн эрүү шүүлт тулгасан болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хаасан нь эрүүгийн шүүлт тулгаагүй гэх үг биш гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс хойш цагдан хоригдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэж заасан хугацаанаас хэтэрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байгаа нь эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзэж байна. Заамар суманд ажиллаж байсан талаар ар гэрийнхэн нь болон гэрч нар мэдүүлдэг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх боломжтой гэсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар П.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, П.А-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШТ/53 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, П.А-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл П.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН