Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 165

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, 

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг,  

Улсын яллагч Э.Гантулга,  

Хохирогч Х.Хүслэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цэцэгдулам,

Шүүгдэгч Ж.Батзориг, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Ж.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000275 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн 38, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-5-51 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЮ78082974 тоот регистрийн дугаартай, Мянгад овогт Жадамбын Батзориг,

Үйлдсэн хэргийн талаар:

Ж.Батзориг нь 2016 оны 09 сарын 17-ны өдөр 13-14 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ”Буян” хүнсний дэлгүүрийн урд төв засмал дээр 13-77 УБР улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 /Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарч байвал зам тавьж өгнө/ гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарган явган хүний гарцаар гарч байсан 7 настай Х.Хүслэн гэх хүүхдийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                               

                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Насанд хүрээгүй хохирогч Х.Хүслэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 09 сарын 17-ны өдөр Болдоо, Отгоо нарын хамт “Их номгон” дэлгүүрээс баруун тийш зам хөндлөн гарах гээд явган хүний гарцаар гарах гээд зам хөндлөн гарч явсан чинь цагаан өнгийн приүс маркийн машин ирээд мөргөсөн юм. Би замын цагаан зураастай хэсэг буюу явган хүний гарцаар гарч байсан юм. Миний баруун хөл хугарсан, баруун нүдний чамархайн яс хугарсан, ухархайн дотор хана хугаралттай, тархинд цус хуралттай гэсэн. Гэмтлийн эмнэлэгт 14 хоног, аймгийн эмнэлэгт 2 хоног эмчлүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт баруун хөлний хугарлыг бэхлэх эмчилгээнд орсон, ил шархыг нь одоо хүртэл боолгож байгаа. Нүдний хараанд өөрчлөлт орсон тул 21 хоног эмчилгээ хийлгэж байгаа. Тархины цус хуралтыг шимэгдүүлж байгаа. Анагаахын сургууль дээр тархины цахилгаан бичлэг хийлгэсэн байгаа. Ж.Батзориг нь эмчилгээний зардалд 6.200.000 төгрөг өгсөн.. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-42-р хуудас/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэрээсээ гараад найзындаа очсон. Болдоо, Отгоо бид 3 Их номгон супер маркет орж юм авах гээд явсан. Зам руу би түрүүлээд орсон чинь Болдоо, Отгоо гэдэг дүүгээ татаад авсан. Би зам руу гүйсэн чинь машин зогсоод хүн авах гэж байсан. Гэтэл хойноос цагаан өнгөтэй машин ирээд мөргөчихсөн гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цэцэгдуламын “...2016 оны 09 сарын 17-ны өдөр намайг хотод байхад манай хүүхэд осолд орсон байсан. Тэгээд би очиж авчран Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа. Хүслэнгийн баруун хөл хугарсан, баруун ухархайны чамархайн яс хугаралттай, тархинд цус хуралттай, баруун нүд хараа өөрчлөлттэй, баруун хацар мэдээ муутай, баруун нүд битүү цус хуралттай, баруун хацар, хөл, баруун гар шуу зулгаралтай байсан. Одоо тарихны цусны хурааг шимэгдүүлэх, тарихны үйл ажиллагааг сайжруулах, эмчилгээ, баруун хөлний хугарлыг бэхлэх хагалгаанд орсон. Баруун хацар, хүзүүнд физик шарлага эмчилгээ баруун нүдэнд эмчилгээ хийлгэсэн, тархины цахилгаан бичлэг хийлгэсэн. ... Цаашид биеийг нь сайжирч биеээ даах чадвартай болтол нь аваартай холбоотой ямар нэгэн эрсдэл гарвал Батзориг нь хариуцна гэсэн баталга гаргаж өгвөл ямар нэгэн гомдолгүй байна...” гэх мэдүүлэг /хх- ийн 43-44-р хуудас/

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 551 дугаартай: 1.Шинжээч эмч Ч.Эрдэмболорын 489 дугаартай дүгнэлтэнд Х.Хүслэнгийн биед гавлын баруун чамархай ясны шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан болон хийн хураа, баруун шаант, тахилзуур, баруун гайморын хөндийн ар хана, баруун ухархайн дотор ханын хугарал, толгойн хуйханд няцарсан шарх, нүдний зовхинд цус хуралт, нүүр, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэжээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин Х.Хүслэнгийн биед шинээр тогтоогдсон баруун шилбэний хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 98-99/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагчийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 7 дугаартай “Уг зам тээврийн осол нь тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчин замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалан зам тээврийн осол гарсан байна. 13-77 УБР улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.Батзоригийн буруутай үйлдлээс болж уг зам тээврийн осол гарсан байна. 13-77 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.Батзориг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 / Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарч байвал зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гарсан үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 60-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 сарын 17-ны өдөр 13 цагийн үед би өөрийн эзэмшлийн 13-77 УБР улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй Э.Булгамаагийн хамтаар төв зам уруудаад 4-н замын гэрлэн дохион дээр зогсож байгаад 2 дугаар эгнээгээр явж байхад урд 1-дүгээр эгнээгээр явж байсан жижиг машин “Буян” хүнсний дэлгүүрийн урд талын явган хүний гарцан дээр зогсож хүн авсан. Би 2 дугаар эгнээгээр явган хүний гарцаар явах гэтэл сургуулийн бололтой 3 хүүхэд гэнэт гараад ирэхээр нь машины тоормосоо дартал 2 хүүхэд нь машин хараад зогссон, харин 1 хүүхэд нь амжилгүй машины баруун урд талаараа мөргөөд унасан манай эхнэр буусан. Би машинаа аюулгүй болгож зогсоогоод буугаад хартал хүүхдийн хөл нь гэмтсэн байхаар нь яаралтай эмнэлгийн тусламж үзүүлье гэж бодоод эмнэлэг явж эмнэлэгт үзүүлсэн юм. ...тухайн үед намайг цагдаа нар драгер багажаар үлээлгэх үед 00% хувьтай гарсан. ...тухайн үед би гэрлэн дохион дээр 30 км цагийн хурдтай явж байгаад явган хүний гарцанд ирэх үед 20 км цагийн хурдтай явж байсан. Би явган хүний гарцаар хүүхэд гарч байхыг хараагүй. Гэнэт 3 хүүхэд гүйгээд гараад ирсэн. Миний машинд тухайн үед ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Миний машины урд талд манай эхнэр Булгамаа сууж явсан өөр хүн байхгүй байсан. ... Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би одоогийн байдлаар хохирол болох эмчилгээний төлбөрт 5.600.000 төгрөгийг өгсөн одоо 600.000 төгрөгийг удахгүй төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130, 133-134-р хуудас/ 

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 09 сарын 17-ны өдөр эхнэр Булгамаагийн хамт төв гандан орсон. Маргааш нь миний хуримын өдөр байсан. Гандан орчихоод төв замаар уруудсан, би тухайн үед гэрлэн дохио уулзвар дээр 20-30 км цагийн хурдтай 2 дугаар эгнээгээр явж байсан. 1 дүгээр эгнээнд тахси бололтой 1 машин хүн авахаар миний өмнө явган хүний гарцан дээр зогссон. Би гарц руу харахад хүн харагдахгүй болохоор нь 2 дугаар эгнээнээр хажуу талаар ороход миний өмнүүр 3 хүүхэд орж ирсэн. Би зүүн гар тийшээ дарж, тооромз гишгэсэн боловч 1 хүүхэд нь гүйж ирээд машинд мөргүүлсэн. Би сандраад машинаа зогсоогоод бууж ирэхэд машинд мөргүүлсэн хүүхдийн хөл эвгүй болсон байсан. Би яаралтай түргэн тусламж үзүүлэх бодолтой эмнэлэгт дээр очсон. Би хүүхэд гэмтээсэндээ маш ихээр харамсаж байна. Энэ миний буруу гэх мэдүүлэг

            -хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-7/,

            -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 8-15/,

            -жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 17/

            -эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-30/

            -хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 31-34/

            -эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 35/

            -зам тээврийн осолын схем зураг, осолын акт /хх-ийн 57-59/

            -хохирогчийн компьютерт томографийн дүгнэлт /хх-ийн 65/

            -хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 71-95, 100-117/

            -Ж.Батзоригийн иргэний үнэмлэх болон жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 140/

            -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 141/,

            -Баянхонгор сумын 6-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 142/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хүсэлт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.      

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.       

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Ж.Батзоригийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Батзориг нь 2016 оны 09 сарын 17-ны өдөр 13-14 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ”Буян” хүнсний дэлгүүрийн урд төв засмал дээр 13-77 УБР улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 /Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарч байвал зам тавьж өгнө/ гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарган явган хүний гарцаар гарч байсан 7 настай Х.Хүслэнг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Батзориг нь насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид 6.200.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй, хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Харин шүүгдэгч Ж.Батзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, “В” ангилалын жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн насанд хүрээгүй хохирогч Х.Хүслэнгийн рентген зураг 2 ширхэг, томографийн зураг 1 ширхэгийг буцаан олгож шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч Ж.Батзоригийн эзэмшлийн 48 инчийн телевизорыг, Ж.Батнасангийн өмчлөлийн 13-77 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүтүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгов.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298,  299 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Мянгад овогт Жадамбаагийн Батзоригийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас насанд хүрээгүй Х.Хүслэнгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батзоригт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Батзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг уг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батзоригт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ж.Батзоригт хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан Ж.Батзоригт сануулсугай.

7. Шүүгдэгч Ж.Батзориг нь бусдад төлөх төлбөргүй ба хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Х.Хүслэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цэцэгдулам нь өөрт учирсан хохирол, нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батзоригийн эзэмшлийн 48 инчийн телевизорыг, Ж.Батнасангийн өмчлөлийн 13-77 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүтүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан насанд хүрээгүй хохирогч Х.Хүслэнгийн рентген зураг 2 ширхэг, томографийн зураг 1 ширхэгийг буцаан олгож, шүүгдэгч Ж.Батзоригийн В ангилалын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Батзоригт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ