Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1486

 

МАГАДЛАЛ

 

2018.06.25                                                     Дугаар 1486                                Улаанбаатар хот

 

 

 

 

Ө.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01018 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ИНЕГ-т холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийн дуустал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх мөн үндэслэлгүй хасч, дутуу олгосон үр дүнгийн шагналт цалин 230 000 төгрөг, илүү 31 цаг ажилласан хөлс 405 120 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.З нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2008 онд Хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийн тасагт мэргэжилтнээр ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүйгээр ажиллаж байна. Ингэж ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. 2016 оноос миний бие ажилчдынхаа саналаар ҮЭ-ийн хороон даргын сонгуульт ажлыг хийж байна. Гэтэл захиргааны зүгээс нийт ҮЭ-ийн гишүүдийн эрх ашгийг зөрчөөд жилийн эцсийн үр дүн болон илүү цагийг өөрийнхөө үзэмжээр хасч, хүйтны нэмэгдэл өгөхгүй байна гэж Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Ч.Н-тэй 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уулзсан. Энэ уулзалтаар үл ойлголцолд хүрээд маргасан. Тэрээр намайг тэтгэвэрт гарах нас чинь болсон байна тэтгэвэртээ гар гээд хөөсөн. Захиргаа удирдлагын газрын даргатайгаа тохироод 2018 онд тэтгэвэрээ тогтоолгохоор Иргэний нисэхийн салбарт 10 жил болох бөгөөд жилээ гүйцэхээр яриад тохирсон тул та захиргааны ажилд бүү оролц гэж маргасандаа өс санаад маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тэтгэвэрт гарах эрх үүссэн гэдгээр ажлаас халсанд гомдолтой байна. Ажил олгогчдоо ҮЭ-ийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалан зүй ёсны шаардлага тавьсны төлөө надад хэлэлгүйгээр шууд тэтгэвэртээ гар гэсэнд гомдолтой байна. Мөн миний жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нэгжийн дарга 100 хувь өгөхөөр тодорхойлсныг 50 хувь үндэслэлгүйгээр өөрийн үзэмжээр хасч, илүү ажилласан 31 цагийн мөнгийг олгоогүй зэрэг ингэж миний хөдөлмөрлөх эрхэнд Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга С.Н дур мэдэн халдаж байгаад гомдолтой байгаа болно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх мөн үндэслэлгүй хасч, дутуу олгосон үр дүнгийн шагналт цалин 230 000 төгрөг, илүү 31 цагаар ажилласан хөлс буюу 405 120 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан ИНЕГ”-аас илүү цагийн хөлсөнд 405 102 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Д-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Аж ахуйн тасагт барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 6 970 250 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, дутуу олгосон үр дүнгийн шагналт цалин 230 000 төгрөг гаргуулах, өндөр насны тэтгэмжид дутуу олгосон 1 380 336 төгрөг гаргуулах, бууруулсан цалингийн зөрүү 260 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12 803 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 60 нас хүрсэн нь ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар цуцалсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэдийгээр 60 нас хүрч тэтгэвэрт гарсан гэж байгаа боловч нэхэмжлэгч нь 2016 оноос ИНЕГ-ын ҮЭ-ийн хорооны даргын сонгуульт ажлыг хийж байхдаа үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй давхар хийж байсан тул ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т "Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно" гэж заасан байхад хамт олны саналыг харгалзахгүйгээр ажлаас халсан байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. /хавтаст хэргийн 12,13 дугаар хуудас/. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд ажлаас халагдсаны тэтгэмжид хэдэн төгрөг авсан тухай баримт байхгүй байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хурал дээр 21809308 төгрөг авахаас 20120067 төгрөг авсан гэдгийг тайлбараар хэлсэн бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгээгүй зөвхөн яагаад хасагдсан шалтгаан нөхцөлийг болохоор Сангийн яамнаас батлагдаж ирсэн төсвийн дагуу өгсөн гэж тайлбарласанг шүүхээс харгалзаж үзсэнгүй. Хариуцагч ч гэсэн нотлох баримтаа цуглуулж өгөх үүрэгтэйг шүүхээс харгадзаж үзсэнгүй. Жилийн эцсийн үр дүнгийн урамшуулалыг 40 хувь олгох ёстой атал 20 хувиар өгсөн байна гэдгийг хариуцагчаас гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байхад нотлох баримтаар нотлоогүй гэдэг нь үндэслэлгүй. Жилийн эцсийн урамшуулалыг 12 сард олгох болохоос хариуцагчийн хэлээд байгаа шиг тухайн сард нь олгох урамшуулал биш болно. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гаргаж өгсөн цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлээс оны урамшуулалд 219 620 төгрөг авсан байгааг харж болохоор байхад нотлох баримтгүй гээд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн дутуу цалин хөлс авах асуудлаар шаардах эрх нь хэзээ үүссэн болон шүүхээр асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад тус дүүргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болохоос огт шүүхэд хандаагүй байж байгаад гэнэтхэн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн хандаагүй байгааг шүүхээс анхаарч үзэлгүйгээр анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслээд тушаалаар ажилд нэг талыг барьсан шүүхийн шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ө.Д нь хариуцагч ИНЕГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх мөн үндэслэлгүй хасч, дутуу олгосон үр дүнгийн шагналт цалин 230 000 төгрөг, илүү 31 цаг ажилласан хөлс 405 120 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч тэтгэвэрт гарах насанд хүрсэн ажилтныг ажиллуулж байгаа талаар эрх бүхий албан тушаалтнууд мэдэж, ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч Ө.Д-ыг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ерөнхий захирлын Б/491 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэнээр Аж ахуйн тасгийн барилгын инженерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь зөв байна.

Учир нь нэхэмжлэгч нь тэтгэвэрт гаргах 60 насанд хүрсэн боловч Захиргаа удирдлагын даргатай 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажиллахаар тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн татгалзлыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, дутуу олгосон цалин   230 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                                      ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА                                               

 

                                                                                      М.НАРАНЦЭЦЭГ