Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 03

 

Ж.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 275 дугаар захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр магадлалтай, ялтан Ж.Д-д шүүхээс оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Ж.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.     

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Багануур дүүргийн ... дүгээр хороо, .... гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, Б овогт Ж-ын Д нь Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.11, 91.2.15-д зааснаар 25 жил хорих ял шийтгүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 275 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Ж.Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.11, 91.2.15-д зааснаар 25 жил хорих 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 20 жил хорих ял болгон хасаж, уг ялаас биечлэн эдэлсэн 11 жил 2 сар 1 хоногийн ялыг хасаж, эдлэх ялыг 8 жил 9 сар 29 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “... Ж.Д” гэснийг “... Ж.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан багтаасан ялаас чөлөөлж” гэж, “... 91.2.11” гэснийг хасч, “... 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт” гэснийг “... 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.7” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Ж.Дгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд ялтан Ж.Д гаргасан гомдолдоо “...: Улсын ерөнхий прокурор болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн албаны хүмүүс шинэ Эрүүгийн хууль хэрэгжихээр хорих ял эдэлж буй хүмүүсийн бүх зүйл ангид тусаж оноосон ял 20-30 хувь хөнгөрч багасана, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн бүх зүйл заалт тусаж хэрэгжинэ гэж мэдээлж байсныг үндэслэж надад анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс оноосон Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.7 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жил хорих ялыг багасгаж, ял эдэлсэн байдлыг харгалзан Улаанбаатар хотын аль нэг нээлттэй хорих ангид шилжүүлэн өгөхийг хүсэж гомдол гаргаж байна” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан болон давж заалдах шатны шүүх ялтан Ж.Д-д урьд оногдуулсан 25 жилийн хорих ялыг 2015 онд батлагдсан шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ түүний эдлэх ялыг 20 жил болгож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх хэрэглэвэл зохих хуулийг буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болно.

Ялтан Ж.Д нь Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн ЗОа дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.11, 91.2.15-д зааснаар цаазаар авах ял, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 10 жил хорих ял, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, цаазаар авах ял шийтгүүлжээ.

Улсын дээд шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 113 дугаар тогтоолоор Ж.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 126 дугаар зүйлийн 126.2.6-д заасан хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.15-д зааснаар 25 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 25 жилийн хугацаагаар тогтоосон байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинээр дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтай санаатай алах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод болон дээд хэмжээг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас хөнгөрүүлэн тогтоожээ.

Энэ нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл мөн болно.

Анхан шатны шүүх ялтан Ж.Д-д 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.15-д зааснаар оногдуулсан 25 жил хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.7-д зааснаар 20 жил болгон ялыг дүйцүүлэн тогтоож хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хүнд ялд багтаасан ял буюу Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил хорих ялаас чөлөөлөөгүй орхисон анхан шатны шүүхийн алдааг засч захирамжид үндэслэл бүхий өөрчлөлт оруулжээ.

Иймд ялтан Ж.Д-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... 20 жил хорих ялыг багасгаж, Улаанбаатар хотын аль нэг нээлттэй хорих ангид шилжүүлж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 275 дугаар захирамж, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтан Ж.Д-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                 Б.ЦОГТ 

                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН