Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 122/2017/0009/З |
Дугаар | 398 |
Огноо | 2017-10-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 398
А.Ч-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0534 дүгээр магадлалтай, А.Ч-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.Ч-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалын 1 дүгээр заалтын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Т.М, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.М-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, А.Ч-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.572.506 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч А.Ч-д олгохоос урьд олгосон тэтгэлэг 2.201.589 төгрөгийг хасч үлдэгдэл 1.370.917 төгрөгийг олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгажээ.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0534 дүгээр магадлалаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.Ч-ыг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалын 1 дүгээр заалтын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Т.М-д, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.М-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, А.Ч-ыг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “... хариуцагчид ...” гэснийг “...Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт...” гэж, 3 дахь заалтын “... хариуцагчаас ...” гэснийг “...Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас...” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 534 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу иргэн А.Ч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/14, А/25 дугаар тушаалуудыг хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар, тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдлоо гаргасан эсэх, гомдлыг нь хянан шийдвэрлэсэн эсэх талаарх бичгийн нотлох баримт хэргийн материалд байхгүй.
Гэтэл давж заалдах шатны шүүх аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/10 дугаар тушаалд Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж, хариу авсныг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шийдвэр магадлалын Тогтоох хэсэгт “...аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/14, А/25 тоот тушаалын А.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор...” заасан.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэсэн хэрэглэх ёстой байсан хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 534 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт орууласан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Хяналтын шатны шүүх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь:
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэсний дагуу нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд уг хуулийн 39.1.1, 39.1.3-т заасан үндэслэлээр гомдол гаргасныг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан “... гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага”-д гаргасан гэж үзнэ.
Мөн, маргаан бүхий акт /тухайн актаар томилоогүй эс үйлдэхүй/ нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гарсан байх бөгөөд түүнээс хойш 1 өдрийн дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хугацаанд байна.
Ийнхүү хуульд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зохих ёсоор явагдсан, Төрийн албаны зөвлөлөөс холбогдох хариуг ирүүлсэн тул захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлээс татгалзах үндэслэлгүй хэмээн үзэн хэрэг үүсгэсэн байх бөгөөд харин түүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбоотой нэмэгдүүлсэн шаардлагын хувьд дахин урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг шаардах боломжгүй юм.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн “нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/14, А/25 дугаар тушаалуудыг хуульд нийцэж буй эсэхийг хянуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой” гэсэн агуулгатай хариуцагчийн гомдлыг хангалгүйгээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0534 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ