| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0163/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/176 |
| Огноо | 2024-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт ****гэрт Б.Г-той “миний хацрыг хутгаар зүссэн” гэж маргалдаж түүний нүүр, толгой хэсэгт нь цохиж биед нь хоёр нүдний дээд, доод зовхи, дээд уруул, буйл, зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүү, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/, хохирогч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 10 тал/, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 26/90 дугаартай албан бичиг, /хх-ийн 37 тал/, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын цахим системийн лавлагаа /38 тал/, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мэдүүлэг /хх-ийн 15 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 тал/, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт /хх-ийн 20 тал/, шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Г нарын хооронд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 39 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Г нь “...би өөрт учирсан хохирол төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор Б.Бээс авахаар тохиролцсон тул өөр ямар нэгэн гомдол саналгүй...” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 39 тал/-д авагдсан байх тул шүүгдэгч Б.Бээс 300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-т олгох нь зүйтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,758,900 төгрөгийг шүүгдэгч Б.Б-ээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,758,900 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Бээс 1,758,900 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ээс Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 1,758,900 (нэг сая долоон зуун тавин найман мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг хохирогч Б.Г-т тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН