| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0136/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/180 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч А.Г-т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Г.Хн эзэмшлийн “Даюун” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклыг завших зорилгогүйгээр, Г.Хн зөвшөөрөлгүйгээр авч явсаны улмаас 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн **********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч А.Г нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Г.Х гийнд туслах малчнаар ажиллаж байхдаа Г.Х гийн эзэмшлийн улаан өнгийн “Даюун” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Гын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Х-гийн өгсөн: “...2023 оны 08 дугаар 05-ны өдөр Хөвсгөл аймгийн ******сумын 3 дугаар баг “Рашаант” гэх газар манай туслах малчин А.Г миний өөрийн улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг гэрийн хаяанд байхад унаж яваад одоо болтол сураг чимээгүй алга болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би А.Г-ыг танина манай туслах малчин байгаа юм. 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр хорооны Баян-Цагаан дэлгүүрийн урд талын гудамжнаас айлаас аваад **** суманд туслах малчнаар 20 хоног мал маллаж байгаад миний мотоциклийг унаад яваад өгсөн. Тухайн үед манайд хүн байгаагүй манай тэр хавиар байдаг хонины хүнд гэрт нэг мотоцикль байгаа тэрийг унаад явна гэж хэлсэн байсан. Би танина. Улаан өнгийн Даюун маркийн 200 мотортой мотоцикль байсан юм. Улсын дугааргүй тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь олдохгүй байна. Би 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 тал/,
Хаан банкны Хөвсгөл салбарын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5890/615 дугаартай: “.............../.........регистрийн дугаартай, ......тоот дансны 2023 оны 08 дугаар 05-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга, эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар хүргүүлж байна...” гэх албан бичиг, А.Гын .......... дугаартай дансны хуулга...” гэх /хх-ийн 44-46 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар 21-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 23 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-023/ 7972 дугаартай: “...Үнэлэгдэж буй Даюун мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 10 дугаар сарын байдлаар 1,400,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх тайлан /хх-ийн 31-32 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,
Шүүгдэгч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зарын дагуу холбогдож Хөвсгөл аймгийн ........суманд .........гэдэг хүний малыг харахаар очсон. Тэр айлд очсон чинь надад улаан өнгийн супер даюун маркийн мотоциклоо унаж, малдаа явж байгаарай гэж хэлээд тэр мотоциклоо унуулдаг байсан. Би мотоциклоор нь малд явж малыг нь 20 хоног хараад 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мотоциклийг нь унаад Түнэл сум орж архи уугаад, архиныхаа халуунд тэр чигтээ Цагаан-Үүр сум руу яваад, Цагаан-Үүр суманд архи ууж байгаад согтуудаа мотоциклоо айлын гадаа хаяад явчихсан байсан. Би яг ямар айлын гадаа мотоциклоо хаясан талаар сайн санахгүй байгаа юм. Би нилээн их согтуу байсан. Тэгээд мотоциклоо олохоо байсан. Мотоциклгүй болсон, хэлэлгүй шууд явчихсан болохоороо тэр айлдаа буцаж очоогүй юм. Би хэлэлгүй шууд явчихсан. Зөвшөөрөлгүй явчихсан юм. Тэр айлын хүмүүс хөдөө гэртээ байдаггүй, би малыг нь хараад гэрт нь ганцаараа байдаг байсан. Малыг нь орхиод явчихсан юм. Би одоогоор ажил хийхгүй байгаа. Ямар нэгэн орлого байхгүй. Би ажил хийж байгаад хохирол нөхөн төлбөрийг төлж барагдуулна гэж бодож байгаа. Мотоциклийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Би сургуульд сурч байгаагүй. Тоо бичиг үсэг мэдэхгүй. Надад яг малаа тоолж бүртгэж хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Манай мал энэ шүү гээд хонь малаа зааж өгсөн, бэлчээрээ зааж өгсөн тэгээд харж байхыг л зөвлөсөн. Би угаасаа тоо бичиг үсэг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...шүүгдэгч А.Г нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Г.Хн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклыг завших зорилгогүйгээр, Г.Хн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэм хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа явуулсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 772 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн тэмдэглэл, яллагдагч А.Гын хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна..” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүүгийн гаргасан: “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байх. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
шүүгдэгч А.Г болон түүний өмгөөлөгч Ч.Будхүү нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Хгийн мэдүүлэг, мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хаан банкны Хөвсгөл салбарын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5890 /615 дугаартай албан бичиг, А.Гын дансны хуулга, мөрдөгчийн 2024 оны 03 дугаар 21-ний өдрийн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-023/7972 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч А.Г нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Г.Хгийнд туслах малчнаар ажиллаж байхдаа Г.Хгийн эзэмшлийн улаан өнгийн “Даюун” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч А.Г нь Г.Хгийн эзэмшлийн “Даюун” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг авч явахдаа уг автомашиныг авч ашиглах, захиран зарцуулах, ашиг орлого олох санаа зорилго агуулаагүй, харин өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтгүйгээр нэг газраас нөгөө газарт хүрэх унаж явах шаардлагаар бусдын өмчлөх эрхэд нь халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтгүйгээр үйлдэгддэг бөгөөд материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч А.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
Өөрөөр хэлбэл дураараа аашилж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын автотээврийн хэрэгслийг жолоодох сонирхол болон нэг газраас нөгөө газарт очих шаардлагын дагуу газраа хүрээд тухайн тээврийн хэрэгслийн хэрэгцээ сонирхол, шаардлага үгүй болох, ашиглаад тухайн тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолгүй буюу эд зүйлийг нь авахгүй үлдээх, тухайн автотээврийн хэрэгсэл болон түүний эд ангийг худалдан борлуулах, ашиг хонжоо олох, захиран зарцуулах идэвхитэй үйлдэл хийхгүйгээр үйлдэгддэгээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч А.Гын үйлдэл идэвхтэй, тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлтгүй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Гыг Хөвсгөл аймгийн ********сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Г.Хгийн эзэмшлийн “Даюун” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсны улмаас Г.Хд 1,400,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Хд 1,400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ 023/7972 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.
Хохирогч Г.Х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гаргуулж авна гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч А.Гаас 1,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Хд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Гыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Гын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...шүүгдэгч А.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна..” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байх. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 4 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 32 цагийг хасч түүний эдлэх ялыг 268 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч А.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч А.Г нь 4 хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******овогт А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-г 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 4 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож оногдуулсан 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 32 (гучин хоёр) цагийг хасч түүний эдлэх ялыг 268 (хоёр зуун жаран найм) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан 268 (хоёр зуун жаран найм) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч А.Г-аас 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Х-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч А.Г нь 4 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН