Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/00895

 

 

 

 

            2021        03          22

                                   101/ШШ2021/00895

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Ц-гийн гаргасан,

 

Хариуцагч: НШШГ-т холбогдох,

 

Дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц, өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар 144,429,439.00 төгрөгийг “Г *******” ХХК-нд төлөх ёстой болсон. ******* нь үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан *******,*******,*******, 179.47 м.кв талбайтай орон сууцыг “Ф” ХХК-иар үнэлгээ хийлгэж 411,000,000.00 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Гэвч хариуцагч нь эд хөрөнгийг минь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь заалтуудыг зөрчсөн. Би, уг байрыг авто зогсоолын хамт 570,000,000.00 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд “Г *******” ХХК-нд гэхэд зээлийн төлбөрт нэмж 120,000,000.00 орчим төгрөгийг төлсөн. *******-ын тогтоосон дээрх үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа тул үнийн саналыг хүчингүй болгож, зах зээлийн бодит үнэлгээг дахин тогтоолгох хүсэлтэй байна.

 

Иймд, *******-ын тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр С.Ц, М.С нараас 144.429.439 төгрөгийг гаргуулж “Г *******” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.

 

Тус байгууллагын зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 20260110 тоот тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч С.Ц, М.С нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөрийг төлөөгүй тул тэдгээрийн өмчлөлийн хөрөнгө болох Кристалл таун хотхон /13311/******* 179.47 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20260110/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хураасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч С.Ц 576,000,000.00 төгрөгөөр, М.С 570,000,000.00 төгрөгөөр, харин төлбөр авагч Г *******” ХХК-иас 358,940,000.00 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн.

 

Ийнхүү талууд үнэлгээний талаар тохиролцоогүй тул манай байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Ф э” ХХК-ийг шинжээчээр томилоход уг компаниас үл хөдлөх эд хөрөнгийг 411,000,000.00 төгрөгөөр үнэлсэн байсан. Бид, үнэлгээг талуудад 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн.

 

Гэтэл нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах тухай хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ц-ээс хариуцагч *******-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар “Г *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Ц, М.С нарт холбогдох 144,429,438.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэжээ.

 

Тодруулбал, тус захирамжаар нэхэмжлэгч “Г *******” ХХК-ийн нэхэмжилсэн 144,429,438.83 төгрөг  гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хариуцагч С.Ц, М.С нар хүлээн зөвшөөрч, зээлийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлөхөөр зохигчид эвлэрсэн байна.

Гэвч нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч С.Ц, М.С нар уг захирамжийг сайн дураар биелүүлээгүй учраас тус шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудсыг олгосон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өгсөн нотлох баримтаар тус байгууллага нь төлбөр төлөгч нараас 144,429,438.83 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн дээрх захирамжийг албадан биелүүлэхээр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, энэ тухай тэдгээрт мэдэгджээ.

 

Ингээд хариуцагч *******-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах тухай арга хэмжээ болох төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэх зэрэг ажиллагааг зохих ёсоор гүйцэтгэсэн тухай холбогдох баримтыг шүүхэд өгсөн бөгөөд зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гээд 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заажээ.

 

Тайлбарлавал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

 

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, аль эсхүл өмчлөгч нарын санал болгосон буюу тэдгээрийн тогтоосон үнэлгээг төлбөр авагч этгээд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тийнхүү маргаж байгаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээчин тогтоох ажиллагааг гүйцэтгэдэг байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч С.Ц-ээс маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо,*******, Хүнүү гудаамж, 804 дүгээр байр, 179.47 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн талаар саналыг нь авахад тэрээр 576,000,000.00 төгрөг гэж, мөн төлбөр төлөгч М.С-аас 570,000,000.00 төгрөг гэсэн бол, харин төлбөр авагч “Г *******” ХХК-иас 358,940,000.00 төгрөгөөр үнэлсэн тул шинжээч томилох шаардлага бий болжээ.

 

Улмаар хариуцагч *******-ын2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Ф э” ХХК-ийг томилсон ба тус компанийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар тухайн үл хөдлөх хөрөнгийг нийт 411,000,000.00 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Энэ дүгнэлтэд тусгагдсанаар барьцаа хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоосон, ийнхүү дүгнэлт гаргахдаа ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн бодит байдлыг бүрэн үнэлээгүй буюу хэт багаар үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, энэхүү үнэлгээг ямар эх сурвалжид үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн ханш хэдэн төгрөг байсан, чухам ямар үндэслэлээр итгэлцүүр хэрэглэсэн гэх зэргийг тус тус судалж, дүгнэсэн тухайгаа тодорхой тайлбарлажээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэж, мөн 4 дүгээр зүйлий 4.1.1-д “хараат бус байх” гэж, түүнчлэн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж тус тус заасан бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “Ф э” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.Ц нь тусгай зөвшөөрөлтэй, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байгаагаас гадна тус компани хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг ажээ.

 

Хэдийгээр хэрэгт “Ф э” ХХК-ийг бүртгэлтэй эсэх талаарх баримтыг зохигчид өгөөгүй боловч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4“хуулийн этгээдийн хувийн хэрэг” гэж улсын бүртгэлийн мэдээллийн санд цаасан болон цахим хэлбэрээр байгаа, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн бүрдлийг хэлнэ” гэж, мөн 8 дугаар зүйлийн 8.6-т “Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад бүртгэлийн мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ” гэж, түүнчлэн 8.7-д “Энэ хуулийн 8.6-д заасан цахим хуудсанд байршуулсан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээлэл гэж үзнэ” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн талаарх хуулиар хориглоогүй мэдээллийг цахим хэлбэрээр авч болох ба “http://opendata.burtgel.gov.mn/” гэсэн цахим хаягаар тус хуулийн этгээдийг регисрийн дугаараар шүүх хийхэд улсын бүртгэлт бүртгэлтэй компани мөн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тавих шаардлагын талаар зохицуулсан ба хөрөнгийн үнэлгээний “Ф э” ХХК-ийн дүгнэлтийг үзвэл тухайн шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Баянзүрх дүүргийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг бүрэн судлаагүй” гэсэн.

 

Гэвч дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар хөрөнгийн үнэлгээний суурийг тогтоохоор зах зээлийн үнийн талаарх судалгааг хийхдээ маргаж байгаа үл хөдлөх хөрөнгөтэй ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдахаар бусдад санал болгосон үнийг суурь болгосон нь зөрчил болохгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.1, 195.4-т тус тус зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд аливаа этгээд нийтэд саналын дуудлага гаргаж, улмаар түүнд санал гаргасан хүн, хуулийн этгээдтэй худалдах, худалдах авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг худалдсан болон худалдахаар санал болгож буй үнийн саналыг үндэслэсэн нь үнэлгээний суурь зарчимд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч С.Ц нь хөрөнгийн үнэлгээний “Ф э” ХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгийн зах зээлийн ханшийг 411,000,000.00 төгрөгөөс “их байх ёстой” гэж маргаж буй тохиолдолд тухайн маргааныг үүсгэсэн үеэс эхлэн татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч тэрээр шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй.

 

Зүй нь, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 411,000,000.00 төгрөг биш, харин 576,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй гэсэн тайлбараа нотолсон эргэлзээ төрүүлэхүйц хэмжээний баримтыг шүүхэд ирүүлэх учиртай боловч тийм тайлбар бүхий нотлох баримтыг өгсөнгүй.

 

Харин хариуцагч ******* нь хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ”үйлчлүүлэгч гэж хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.1-д Хөрөнгийн үнэлгээг дараахь үндэслэлээр хийнэ” гээд 5.1.1-д “үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон”, түүнчлэн 5.1.2-д “хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм.

 

Мөн  нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайлантай 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр танилцсан бөгөөд хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд тийнхүү хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд өгөх ёстой байтал хугацаа хэтрүүлж буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргажээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Тодруулбал, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, мөн 76.2-т” хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан................................эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч С.Ц нь хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд гаргах хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч С.Ц-ийн гаргасан хариуцагч *******-т холбогдох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо,*******, Хүннү гудамж 804 дүгээр байр, 179.47 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР