| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/03847/и |
| Дугаар | 101/ШШ2021/00817 |
| Огноо | 2021-03-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2021/00817
| 2021 03 15 | 101/ШШ2021/00817 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
НэхэмжлэгчБ.Т-ын гаргасан,
Хариуцагч: *******-т холбогдох,
Дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, танай шүүхэд дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа ”төлбөр авагчийн төлбөрийг бүрэн төлсөн байхад хариуцагч нь дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулсан тул хүчингүй болгох” гэж өөрчилж байна.
Учир нь, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажилласан. Би, уг ажиллагааны явцад 5,800,000.00 төгрөгийн төлбөрөөс 1,200,000 төгрөгийг төлж, хоёрдахь дуудлага худалдааны өмнө 5,712,150.05 төгрөгийг “Д *******” ХХК-нд бүрэн төлсөн.
Гэтэл хариуцагч нь намайг төлбөр авагчийн төлбөрийг бүрэн төлсөн байхад хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулж, төлбөр авагч “А *******”-ны төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулсан. Уг төлбөр авагчийн төлбөрийг албадан төлүүлэх ажиллагаанд миний өмчлөлийн *******,*******,*******,*******, орон сууцыг хураах, битүүмжлэх, эд хөрөнгийг үнэлэх зэрэг шийдвэр гүйцэтгэлийн арга хэмжээг аваагүй.
Иймээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулсан анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Б.Т-оос 11,145,380.00 төгрөгийг гаргуулж “А *******”-нд олгохоор шийдвэрлэсэн.
Бид, тус шүүхийн шийдвэрийг үндэслэн хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан юм. Учир нь, хэдийгээр нэхэмжлэлийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдаж чадаагүй боловч хоёрдахь албадан дуудлага худалдааг “А *******”-ны төлбөрийг барагдуулахын тулд шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг шилжүүлсэн.
Нэхэмжлэгч Б.Т нь хоёр дахь албадан дуудлага худалдаа болохын өмнөх өдөр “Д *******” ХХК-ийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь үнэн боловч өөр этгээдэд төлбөр төлөх үүрэгтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийг үндэслэн хоёрдахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан.
Үүнээс өмнө нэхэмжлэгчээс 1 сарын дотор “А *******”-ны төлбөрийг төлье, дуудлага худалдааг зогсоогоод өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан боловч манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг өөр этгээдэд төлбөртэй байсан болохоор татгалзсан.
Иймд, нэхэмжлэгч нь бусад этгээдэд төлбөртэй байсныг үндэслэн хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т-оос хариуцагч *******т холбогдуулан дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “төлбөр авагчийн төлбөрийг бүрэн төлсөн байхад хариуцагч нь албадан дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулсан тул хүчингүй болгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үл хүлээн зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн байна. Шүүх хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Улсын Дээд Шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар Б.Т-оос 5,712,150.05 төгрөгийг гаргуулж “Д *******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,287,850.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.
Гэтэл нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Б.Т уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудсыг олгосон ба хариуцагч ******* нь 5,712,150.05 төгрөгийг төлүүлэхээр 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, энэ тухай төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгджээ.
Ингээд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах тухай арга хэмжээ болох төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг зохих ёсоор гүйцэтгэсэн тухай холбогдох баримтыг шүүхэд өгсөн бөгөөд зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гээд 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заажээ.
Тайлбарлавал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлбөр төлөгч-төлбөр авагч/ *******,*******,*******,*******, 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор “Х” ХХК-ийг томилсон бөгөөд тус компанийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар тухайн үл хөдлөх хөрөнгийг 128,069,600.00 төгрөгөөр үнэлсэн байна.
Ингээд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус үнэлгээг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Б.Т-т 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэхэд тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж зааснаар гомдол гаргаагүй учраас тус байгууллагын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт явуулахаар шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдаагаар *******,*******,*******,*******, орон сууцыг худалдан авах ялагч тодроогүй тул хариуцагчаас 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор хоёрдахь албадан дуудлага худалдааг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар болсон байна.
Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч Б.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 377,304.00 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 185,600.00 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 150,000.00 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 5,111,310.00 төгрөгийг тус тус төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Т нь төлбөр авагч “Д *******” ХХК-нд төлөх ёстой 5,712,150.05 төгрөгийг төлж барагдуулсныг тодруулах шаардлагагүй юм.
Гэтэл нэхэмжлэгч нь хоёрдахь албадан дуудлага худалдаа явагдахаас өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ийнхүү 5,111,310.00 төгрөгийг төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байхад хариуцагч байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хоёрдахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдсан байна.
Зүй нь, энэ тохиолдолд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана” гээд 29.1.3-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэсэн үндэслэлээр төлбөр төлөгч Б.Т болон төлбөр авагч “Д *******” ХХК нарын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, улмаар хуулийн 29.5-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрээр төлбөр төлөгч, түүний хөрөнгөтэй холбогдуулан явуулсан арга хэмжээг хүчингүй болгоно” гэж зааснаар анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох ёстой байжээ.
Гэвч хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус хуулийн 29.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон хэдий ч анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгоогүй байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгчийг өөр хуулийн этгээдэд төлбөр төлөх үүрэгтэй байсан учраас хоёрдахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан” гэж маргасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Б.Т-оос 10,866,565.00 төгрөгийг гаргуулж “А *******”-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 442,415.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Ингээд нэхэмжлэгч Б.Т дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулсан хоёрдахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, төлбөр авагч “А *******”-ны төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ” гэж, мөн 32.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч оролцож байгаа тохиолдолд тэдгээр нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Т нь “Д *******” ХХК-иас гадна “А *******”-нд тус тус төлбөр төлөх үүрэгтэй байсан хэдий ч тус тусдаа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих төлбөр бөгөөд эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу тус тусад нь явуулж байсан байна.
Гэтэл нэхэмжлэгчийн өмчлөлийн *******,*******,*******,*******, орон сууцыг анхнаасаа төлбөр авагч нар барьцаалаагүй байсан бөгөөд хариуцагч ******* нь тухайн хөрөнгөөс төлбөр авагч “А *******”-ны төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулахтай холбоотой арга хэмжээг аваагүй байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь зөвхөн төлбөр төлөгч Б.Т-ын “Д *******” ХХК-нд төлөх төлбөрийг албадан гүйцэтгэхтэй холбогдуулан тус орон сууцыг битүүмжлэх, хураах болон албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авсан бол, харин төлбөр авагч “А *******”-ны төлбөрийг барагдуулахаар зохигчдын маргаж байгаа үл хөдлөх хөрөнгөд хуулиар тогтоосон тухайн арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна.
Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т “Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална” гэж, мөн 112.4-т “Дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах нь эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангуулах төлбөр авагчийн ашиг сонирхолд хамааралгүй бол энэ хуулийн 112.3-т заасан дарааллыг баримтлахгүй” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч Б.Т-оос төлбөр авагч “Д *******” ХХК болон “А *******”-ны төлбөрийг барагдуулах ажиллагаа ийнхүү тус тусдаа явагдаж байгаа тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдсан орон сууцны үнээс эхлээд гүйцэтгэх баримт бичиг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу “А *******”-ны төлбөрийг, дараа нь “Д *******” ХХК-ийн төлбөрийг барагдуулах учиртай.
Харин тухайн хөрөнгөөс төлбөрийг барагдуулах нь эхний төлбөр авагчийн хувьд ашиг сонирхолд нь хамаатай биш байгаа тохиолдолд дараагийн төлбөр авагчийн төлбөрийг барагдуулж болно.
Гэтэл хариуцагч нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, мөн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулсан анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааны зорилго нь төлбөр авагч “А *******”-ны төлбөрийг барагдуулах бус анхнаасаа төлбөр авагч “Д *******” ХХК-ийн төлбөрийг төлүүлэхээр орон сууцыг битүүмжлэх, хураах болон албадан дуудлага худалдаанд оруулах зэрэг ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хийгдсэн байсан.
Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Нэг төлбөр төлөгчид холбогдуулан хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг гүйцэтгэх зорилгоор хэд хэдэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн бол энэ хуулийн 25.2-т заасан шийдвэр гаргах журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн нэг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, тус тусдаа гүйцэтгэх хуудсаар явагдаж байгаа төлбөр төлөгч Б.Т-оос төлбөр авагч “Д *******” ХХК болон “А *******” нарын төлбөрийг барагдуулах ажиллагааг нэгтгэн явуулж болох бөгөөд энэ тохиолдолд нэг ажиллагаагаар тус хуульд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч болно.
Гэвч хариуцагч ******* нь эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулаагүй байж төлбөр авагч “Д *******” ХХК-ийн төлбөр барагдсан байхад уг төлбөрийг барагдуулахтай холбоотой хийгдсэн албадан дуудлага худалдааг төлбөр авагч “А *******”–ны шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжүүлсэн, мөн тухайн төлбөр авагчийн төлбөрийг барагдуулахтай холбоотойгоор зохигчдын маргаж байгаа үл хөдлөх хөрөнгөд тус хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ аваагүй гэх зэрэг зөрчил гаргасан байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, мөн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааны *******,*******,*******,******* орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР