Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1489

 

      Магадлал

2018.06.25                                                    Дугаар 1489                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ю.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00586 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ю.Б-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.А-д холбогдох,

 

Хьюндай портер маркийн 05-61 УБГ улсын дугаартай автомашин гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ю.Б ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Д,

Нарийн бичгийн дарга: А.З нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А-той 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийж өөрийн эзэмшлийн 05-61 УБГ улсын дугаартай цагаан өнгийн ачааны зориулалттай 2001 онд үйлдвэрлэсэн Хьюндай портер автомашиныг 7 000 000 төгрөгөөр худалдахаар гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Ц.А-д ямар нэгэн өр төлбөргүй болно. Ц.А нь автомашиныг Ө.Э гэх хүнээр зуучилж авсан. Ө.Э-т ямар нэгэн өр төлбөргүй болно. Ц.А нь надад нэг ч төгрөг өгөлгүйгээр автомашиныг авсан тул Ц.А-оос машинаа гаргууулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Э гэх хүнд их хэмжээний мөнгө залилуулсан бөгөөд тус хэрэг эрүүгийн хэргийн шүүхээр шийдэгдэж байгаа болно. Ө.Э төлбөрийн тодорхой хэсэгт нь автомашин өгнө гээд Ю.Б  гэх ахынхаа портер машиныг худалдан авах гэрээ хийн шилжүүлж өгсөн болно. Мөн төлбөр барагдуулах бичиг үйлдсэн болно. Автомашин шилжүүлэх, өр төлбөр барагдуулах ажиллагаа хуулийн хүрээнд нотариатын газар баримтаар үйлдсэн. Одоо 05-61 УБГ дугаартай портер автомашин нь Ц.А миний хууль ёсны өмч болно. Мөн Ю.Б  нь дүү болох Ө.Э-тэйгээ төлбөрийн тал дээрээ тохиролцоогүй байж намайг залилсан мэтээр хэлж ярьж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасны дагуу арилжааны гэрээ байгуулагдсан байх ба тус гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.А-оос 05-61 УБГ улсын дугаартай Hyundai porter маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ю.Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ю.Б  хариуцагч Ц.А-оос тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэг бодитоор биелэгдээгүйтэй холбогдуулан худалдсан автомашинаа буцаан авах шаардлагыг гаргасан. Гэтэл шүүх бидний хооронд үүссэн маргааныг Арилжааны гэрээ гэж дүгнэж шийдвэрлэсэн нь маргааныг буруу томьёолж хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Ц.А миний өмчлөлийн 05-61 УБГ улсын дугаартай портер маркийн автомашиныг худалдан авахдаа автомашины үнэ 7 000 000 төгрөгийг Ө.Э-ийн эрүүгийн хэрэгт төлөх ёстой өрөнд тооцож аваад Ө.Э-ийн төлөх ёстой 30 000 000 төгрөгөөс хасч тооцохоор амаар тохирсон байсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 165 дугаар тогтоолд надаас авсан автомашины үнэ 7 000 000 төгрөгийг Ө.Э-ийн Ц.А-д төлөх ёстой өрнөөс хасч тооцогдоогүй байгаа учраас би өгсөн автомашинаа буцааж авах нь үндэстэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Ц.А бид хоёрын хооронд 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хийсэн хэлцэл тохирсон хүсэл зориг биелээгүй. Ц.А надад өгөх ёстой байсан 7 000 000 төгрөгөө Ө.Э-ээс авах өрөнд тооцно гээд тооцоогүй нь 165 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Үүнийг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэнгүй. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Энэ үүргээ хэрэгжүүлж хэргийг шийдвэрлээгүй учраас шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн энэ маргаан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйл 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах авах гэрээнд хамаарахаар байхад арилжаа буюу 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4 дэх хэсэгт зааснаар татгалзах эрх надад олгогдсон байхад Иргэний хуулийн 56, 59 дэх хэсэгт тус тус хамааруулсан. Нэхэмжлэгч миний хувьд Ц.А-той байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж өгсөн автомашинаа буцааж авах зорилготой байхад шүүх буруу ойлгож хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ю.Б  нь хариуцагч Ц.А-д холбогдуулан “...өөрийн эзэмшлийн Хьюндай портер маркийн 05-61 УБГ улсын дугаартай автомашиныг Ц.А-д худалдсан, үнийг төлөхгүй байгаа учир буцааж гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...Ө.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 7 000 000 төгрөгт тооцон автомашиныг хүлээлгэн өгсөн...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь Хьюндай портер маркийн 05-61 УБГ улсын дугаартай, ачааны зориулалттай автомашиныг 7 000 000 төгрөгөөр хариуцагчид худалдсан, уг автомашиныг хариуцагч хүлээн авч, тээврийн хэрэгслийн улсын бүртгэл Ц.А-ын нэр дээр шилжсэн, гэрээний зүйлийн үнийг хариуцагч төлөөгүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул тухайн гэрээний үүргийг талууд харилцан шаардах эрхтэй.

Дээрх гэрээний дагуу автомашины үнийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний талууд үнэ төлбөргүйгээр, арилжсан зүйлийн өмчлөлийг харилцан шилжүүлэх үүрэг үүсгэх бөгөөд зохигчдын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн хариуцагч Ц.А-д Ө.Э-ээс төлөх 30 000 гаруй ам.долларын өрөөс 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ю.Б д шилжүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь буруу байна.

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийн зохицуулалт нь өр шаардах эрхийг эзэмшигчтэй нь буюу Ц.А-той тохиролцсоноор Ө.Э-ийн өрийг Ю.Б  өөртөө шилжүүлэн авч болох бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан журам үйлчилнэ.

Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбар нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан өр шилжсэн, арилжааны гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн үндэслэлийг нотлохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А-оос Хьюндай портер маркийн /Huyndai porter/ 05-61 УБГ улсын дугаартай, ачааны автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Ю.Б д олгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...хариуцагчаас 126 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэсэн заалт нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 126 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

      ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ