| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0174/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/186 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Ш.З, О.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.З, О.Л нарт холбогдох эрүүгийн ********дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.З нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна.” гэсэн заалт, мөн түүний удирдлага доор ажиллахаар ирсэн хилийн цэргийн салбарын ажилтнуудад ачааг ачих, буулгах ажил үүрэгтэй нь холбогдуулан аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, ачааг буулгах үед нурж өнхрөхөөс урьдчилан сэргийлээгүй, шаардлагатай төхөөрөмжөөр тоноглоогүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS35079:2001: Монгол Улсын стандартын 4.19 “Модон материал ачиж буулгадаг ажлын байрыг мод нурж өнхрөхөөс хамгаалсан төхөөрөмж, хэрэгслээр тоноглосон байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хөвсгөл аймгийн ******сумын төв *****************дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ****** ХӨН улсын дугаартай *******загварын автомашинаас мод буулгаж байсан Б.А- нь тэвшнээс нуран унасан дүнз модонд даруулж, гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орон нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн.
Шүүгдэгч О.Л нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хам хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хөвсгөл аймгийн ****сумын төв “*****” 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ********ХӨН улсын дугаартай *****загварын автомашинаас мод буулгаж байсан Б.А нь тэвшнээс нуран унасан дүнз модонд даруулж, гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орон нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.З, О.Л нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хөвсгөл аймгийн ******сумын төв “******” 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ****ХӨН улсын дугаартай ****загварын автомашинаас мод буулгаж байсан Б.А нь тэвшнээс нуран унасан дүнз модонд даруулж, гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орон нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 32 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 35-40 тал/, прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /1 хх-ийн 42 тал/, мөрдөгчийн эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, Хил хамгаалах аюулгүй арга хэмжээний зааврыг танилцуулж баталгаа авсан нотломж, бие бүрэлдэхүүнд хил хамгаалах албаны аюулгүй ажиллагааны заавар танилцуулж баталгаа авсан байдал, салбарын суудлын УАЗ-22206 загварын автомашиныг хөдөлгөөн үйлдэх үед ХХЕГ-ын даргын А/34 тоот тушаалын заалтаар зөвлөж, танилцуулсан бүртгэл /1 хх-ийн 43-44, 45-53, 54-64, 65-66 тал/, мэдээлэл баримт бичиг гаргуулах авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 68 тал/, мөрдөгчийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гарсан осол зөрчилд хийсэн хяналт шалгалтын акт, гэрэл зургийн үзүүлэлт, хавсралт баримтууд /1 хх-ийн 69-70, 71-87 тал/, мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 88-90 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б-ын мэдүүлэг /1 хх-ийн 93-94, 96, 99-100 тал/, гэрч Г.Энхбатын мэдүүлэг / 1 хх-ийн 103-104, 147 тал/, гэрч Э.Оюунболдын мэдүүлэг /1 хх-ийн 111-112 тал/, гэрч Б.Цогт-Эрдэнийн мэдүүлэг /1хх-ийн 114-115, 149 тал/, гэрч Ц.Цэцэгдэлгэрийн мэдүүлэг /1 хх-ийн 120-121 тал/, гэрч Б.Амгаланбатын мэдүүлэг /1 хх-ийн 123 тал/, гэрч М.Сергейгийн мэдүүлэг /1 хх-ийн 126-128 тал/, гэрч О.Бэхбатын мэдүүлэг /1 хх-ийн 130-132 тал/, гэрч Т.Бямба-Очирын мэдүүлэг /1 хх-ийн 134-136 тал/, гэрч Ч.Алтанцогийн мэдүүлэг /1 хх-ийн 138-140 тал/, гэрч О.Амарсайханы мэдүүлэг /1 хх-ийн 142-143 тал/, гэрч А.Дашдэлэгийн мэдүүлэг /1 хх-ийн 144 тал/, гэрч Ч.Хургаагийн мэдүүлэг /1хх-ийн 151 тал/, гэрч Ш.Аззаяагийн мэдүүлэг /1 хх-ийн 153 тал/, цогцсонд болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 156 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 152 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шинжилгээний баримт /1 хх-ийн 158-159, 160-162 тал/, Шинжээч Б.Батбилгүүний дүгнэлт /1хх-ийн 170-171 тал/, Эрүүгийн 213800241 дугаартай хэрэгт гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/03/02 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 187-189 тал/, амь хохирогч Б.А-ны нас барсны гэрчилгээ /1хх-ийн 249 тал/, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 05 дугаар сарын 23-ны А/10 дугаартай тушаал, албан тушаалтны үүрэг, цэргийн албан хаагчийн эрх үүрэг /2 хх-ийн 1-5 тал/, Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар баталсан Монгол улсын цэргийн нийтлэг дүрэм /2 хх-ийн 6 тал/, Хөвсгөл аймгийн Ханх суман дахь хилийн цэргийн 0117 дугаар салбарын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг /2 хх-ийн 7 тал/, Хилийн заставын даргын албан тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 8-11 тал/, аж ахуйн ажил хийх үеийн хил хамгаалах аюулгүй ажиллагааны заавар танилцуулж баталгаа авсан хүснэгт /2 хх-ийн 12 тал/, мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хавсаргасан баримт /2хх-ийн 14-38 тал/, Хил хамгаалах Ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/230 дугаартай албан бичиг, хавсаргасан баримт / 2хх-ийн 40-51 тал/, аж ахуйн ажил хийх үеийн хил хамгаалах аюулгүй ажиллагааны заавар танилцуулж баталгаа авсан хүснэгт /2 хх-ийн 52, 60 тал/, мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, Ш.З –г албан тушаалаас чөлөөлж цэргийн тэтгэвэр тогтоолгосон тухай Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаал / 2хх-ийн 61-62 тал/, мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, Хилийн 257 дугаар ангийн захирагчийн О.Л-г тушаал албан тушаалаас чөлөөлж цэргийн тэтгэвэр тогтоолгосон тухай Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаал / 2хх-ийн 77-78 тал/, Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн О.Л-г 3.000.000 төгрөгийг З.Б-д шилжүүлсэн баримт, Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн О.Л-н 12.000.000 төгрөгийг З.Б-д шилжүүлсэн баримт /2 хх-ийн 79-80 тал/, хэрэгт хавсарган ирүүлсэн Хилийн 0257 дугаар ангийн 0117 дугаар салбарын “Аж ахуйн ажил хийх үеийн Хил хамгаалах албаны аюулгүй ажиллагааны заавар танилцуулж баталгаа авсан баримт, замын хуудасны тооцоог 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 45-66 тал/ зэрэг баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ш.З, О.Л нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч Ш.З, О.Л нарын гэм буруутай үйлдлийн улмаас Б.А-ын амь хохирч хүнд хор уршиг учирсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ш.З, О.Лнар нь гэм хорын хохиролд 15,000,000 сая төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б-нь шүүхэд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ш.З, О.Лнарыг энэ шийтгэх тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Ш.З, О.Л нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ш.З, О.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.З, О.Л нар нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ш.З, О.Л нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З, О.Л нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хилийн 0257 дугаар ангийн 0117 дугаар салбарын “Аж ахуйн ажил хийх үеийн Хил хамгаалах албаны аюулгүй ажиллагааны заавар танилцуулж баталгаа авсан баримт, замын хуудасны тооцоо зэрэг баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Ш.З, О.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.З, О.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.З, О.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.З, О.Л нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ш.З, О.Л нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ш.З, О.Л нарт тайлбарласугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хилийн 0257 дугаар ангийн 0117 дугаар салбарын “Аж ахуйн ажил хийх үеийн Хил хамгаалах албаны аюулгүй ажиллагааны заавар танилцуулж баталгаа авсан баримт, замын хуудасны тооцоо зэрэг баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.З, О.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б –д төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.З, О.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН