Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/01180

 

 

 

 

 

            2021        04          13

                                 101/ШШ2021/01180

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Б-ы гаргасан,

 

Хариуцагч: Ч.Т,

 

Хариуцагч: Х.А,

 

Хариуцагч: Б.Н нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 35,398,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, өмгөөлөгч С.Я, хариуцагч Ч.Т, Х.А, Б.Н, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Би, хариуцагч Ч.Т, Х.А, Б.Н нартай 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 3 cap 18 хоногийн хугацаатай олгохоор харилцан тохиролцсон ба зээлийн гэрээний 3.4-т зааснаар зээлийг зээлдэгч Ч.Т-ын “Г *******” ХХК дахь дансанд шилжүүлсэн юм.

 

Ингээд зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаа дуусмагц хүүгийн хамт буцаан зээлээ төлөх үүрэгтэй байсан хэдий ч тэд надад нэг ч төгрөг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Намайг зээлээ төлөхийг хариуцагч нараас шаардахад төлж барагдуулна гэдэг боловч төлсөн зүйл байхгүй.

 

Тус зээлийн гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд уг өдрөөс хойш 100 хоногийн алдангийг 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл тооцсон. Учир нь, талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.7-д зааснаар үүргээ зөрчвөл хоног тутам алданги төлөхөөр харилцан тохирсон. Өөрөөр хэлбэл, нэг хоногийн алданги 117,995.00 төгрөг буюу 100 хоногийн алданги 11,799,500.00 төгрөг болсон ба алдангийг хуулийн дагуу төлөх зээлийн гэрээний үүргийн 50 хувиар хязгаарлан нэхэмжлэлээ хуульд нийцүүлэн гаргасан.

 

Алдангийн тухайд нэхэмжлэл гаргах үе буюу зээлийн хүү, алдангийг бодох үед хариуцагч нараас ямар нэгэн төлбөр төлөөгүй байсан учраас үндсэн зээл болох 20,000,000.00 төгрөг, зээлийн хүү 3,599,000.00 төгрөгийн үнийн дүнгээс алдангийг тооцсон.

 

Мөн зээлдэгч нарын зүгээс зээл авсан эсэхтэй холбоотойгоор маргаан байхгүй гэсэн. Хэдийгээр тэд энэ талаар шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатнаас өмнө гаргасан тайлбартаа энэ тухайгаа мэдэгдсэн. Зээлийн гэрээгээр зээлийг Г *******” ХХК-ийн дансаар шилжүүлэн гэдгийг гэрээний ард талд бичсэн. Тиймээс зээлийг хүлээлгэн өгсөнд тооцож, хуульд зааснаар зээлийн хүү, алдангийг төлөх үүрэг үүснэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч нарын төлсөн 10,000,000.00 төгрөгийг төлсөн тул үндсэн төлбөрөөс хасаад 10,000,000.00 төгрөг, зээлийн хүү 3,599,000.00 төгрөг, алдангид 11,799,500.00 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

 

Иймд, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000.00 төгрөг, 3 cap 12 хоногийн хүү 3,599,000.00 төгрөг, 100 хоногийн алданги 11,799,500.00 төгрөг, нийт 25,398,500.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

“Бид нар “coffee shop” байгуулж, үйл ажиллагаа явуулахын тулд нэхэмжлэгчээс 20,000,000.00 төгрөгийг зээлсэн. Гэвч “COVID-19” цар тахлын улмаас хил хаасантэй холбоотойгоор шаардлагатай тоног төхөөрөмж, барилгын материал, хийц зэргийг оруулах боломжгүй болсон. Энэ талаар нэхэмжлэгчид хэлж байсан бөгөөд зээлээ хугацаандаа төлж чадахгүй байгааг цар тахалтай холбоотой гэдгийг тэр мэдэж байгаа. 

 

Өнгөрсөн хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бид нар 10,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Гэвч нийтийг хамарсан цах тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор орлогын эх үүсвэр байхгүй болсон учир алданги төлөх боломжгүй, харин тодорхой хугацаа олгосон тохиолдолд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж барагдуулах болно” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ч.Б-аас хариуцагч Ч.Т, Х.А, Б.Н нарт холбогдуулан 35,398,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,000,000.00 төгрөгийг төлсөн тул үндсэн зээлийн үлдэгдлийг 10,000,000.00 төгрөг, зээлийн хүү 3,599,000.00 төгрөг, алданги 11,799,500.00 төгрөг, нийт 25,398,500.00 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ч.Б нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Ч.Т, Х.А, Б.Н нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 20,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 110 өдрийн хугацаатай зээлдүүлэхээр тохирчээ /х.х-ийн 4, 5 хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 20,000,000.00 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй. Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Энэхүү зээлийн гэрээ болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч Ч.Т, Х.А, Б.Н нар 20,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ашиглаад хугацааны эцсийн өдөр 3,616,250.00 төгрөгийн хүүгийн хамт төлөх үүргийг хүлээжээ /20,000,000x5%=1,000,000 “1 сарын хүү”, 1,000,000x12=12,000,000 “1 жилийн хүү”, 12,000,000:365=32,875 “1 өдрийн хүү”, 32,876x110хоног=3,616,250 төгрөг/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т “мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нар мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд тэдгээрийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч Ч.Т, Х.А, Б.Н нар 20,000,000.00 төгрөгийг зээлийн хүү 3,616,250.00 төгрөгийн хамт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч *******д төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээлийг зээлийн хүүгийн хамт нэхэмжлэх эрхтэй бөгөөд тэрээр зээлийн хүүнд 3,599,000.00 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000.00 төгрөгийг төлсөн байна. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагч нарыг 10,000,000.00 төгрөгийг төлсөн талаар маргаагүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 10,000,000.00 төгрөгийг зээлийн хүү, алдангиас бус харин үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох тул 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 10,000,000.00 төгрөг болно.

 

Гэтэл талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Зохигчид, зээлийн гэрээг хүүтэй байхаар харилцан тохиролцсон бол дээр дурдсан хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нарын гэрээгээр хүлээсэн үүрэгт гэрээнд заасан хүүг төлөх үүрэг хамаардаг тул энэ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээл, зээлийн хүүгээс алданги тооцож төлөх үүрэг үүснэ.

 

Нэгэнт хариуцагч нар зээлийн үлдэгдэл 20,000,000.00 төгрөг, зээлийн хүү 3,599,000.00 төгрөг, нийт 23,599,000.00 төгрөгийг буцаан төлөх хугацааг нэхэмжлэл гаргах өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 130 хоног хэтрүүлсэн байх тул хариуцагчдын төлбөл зохих алдангийн хэмжээг тооцоход нийт 15,339,350.00 төгрөг байна /23,599,000x0.5%=117,995 “1 өдрийн алданги”, 117,995x130=15,339,350.00 төгрөг/.

 

Гэвч нэхэмжлэгч Ч.Б-аас хариуцагч Ч.Т, Х.А, Б.Н нараас хугацаа хэтрүүлсэн хоногийг 100 хоногоор тооцон алдангид 11,799,500.00 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс талуудын хооронд бий болсон үйл баримт, бусад нөхцөл байдлыг харгалзан хариуцагч нарын төлбөл зохих алдангиас 50 хувь болох 5,899,750.00 төгрөгийг хасч шийдвэрлэв.

 

Учир нь, Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т “Үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Тодруулбал, нэгэнт хариуцагч нар энэ хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар төрлийн шинжээр тодорхойлогдох “мөнгө”-ийг зээлсэн учраас үндсэн зээл, зээлийн хүүг ямар ч нөхцөлд зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан. Тайлбарлавал, алдангийн хэмжээ ийнхүү нэмэгдэхэд үүрэг гүйцэтгэгчийн буруутай биш өөр бусад нөхцөл байдал нөлөөлсөн тохиолдолд түүнийг харгалзан үзэх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тоот тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 181 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тус тус нийтийг хамарсан хөл хорио тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “................ нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар нотлох шаардлагагүй юм.

 

Тийм ч учраас хариуцагч Ч.Т, Х.А, Б.Н нар 20,000,000.00 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлөх ёстой байсан боловч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй хугацааг хэтрүүлсэн 100 гаруй өдрийн тал хувьд нийтийг хамарсан хөл хорио тогтоосон байх тул 5,899,750.00 төгрөгийг хасах нь шударга ёсонд нийцнэ.

 

Тодруулбал, талууд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээнд үнэнч байх зарчмыг заавал мөрдөх үүрэгтэй хэдий ч гэрээний үүргийг биелүүлэхэд ийнхүү давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд гэрээний шударга байдлыг хангах зорилгоор гэрээнд үнэнч байх зарчмыг хязгаарладаг байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000.00 төгрөг, зээлийн хүү 3,599,000.00 төгрөг, алданги 5,899,750.00 төгрөг, нийт 19,498,750.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,899,750.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Ч.Т, Х.А, Б.Н нараас 19,498,750.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,899,750.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 255,444.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР