| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0190/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/201 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны орчим Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *******гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.2 м.куб хэмжээтэй 16 ширхэг шинэс модыг бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 18-53 ХӨА улсын дугаартай автомашинаар тээвэрлэж 570,216 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны орчим Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ********гэх газраас хаваржааны хашаа сэргээж барих зорилгоор эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахгүйгээр 1.2 м3 хэмжээтэй 16 ширхэг шинэс төрлийн модыг цахилгаан хөрөө ашиглан унагаж гарал үүслийн гэрчилгээгүйгээр “Киа Бонго пронтер” загварын *********ХӨА улсын дугаартай автомашинаар “*********гэх газраас Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хаваржааны хашаа хүртэл тээвэрлэж байгаль экологид 1,231,666 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-20 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-28 тал/, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 30 тал/, мөрдөгчийн эд хөрөнгө битүүжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32, 35-36 тал/, Прокурорын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 34 тал/, прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дугаартай эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 39 тал/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 40 тал/, иргэний нэхэмжлэгч Г.О-ийн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/, хохирогч Б.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/, гэрч Т.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/, гэрч Б.Болдсайханы мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/, гэрч Б.Түвшинжаргалын мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-76 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 81 тал/, Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 924/9701 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-88 тал/, Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1001747 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 93-94 тал/, “Киа Бонго пронтер” загварын 18-53 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 117 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 256 дугаартай албан бичиг /хх-ийн 119 тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1,231,666 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 3.694.998 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.
Иймд шүүгдэгч Б.Г-оос экологи эдийн засагт учирсан 3.694.998 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар оногдуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, торгох ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Г-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Г-д сануулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Энэхүү хэргийн тухайд 1.2 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, 4,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Киа Бонго пронтер” загварын ****улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны машин, 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг Хөвсгөл Дөлгөөн сэлбэг” гэсэн бичигтэй цахилгаан хөрөө зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа Бонго пронтер” загварын 18-53 ХӨА улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны машин нь Г.О-ийн эзэмшлийнх болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, түүний үнэлгээг тогтоосон “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1001747 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 29, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 18-53 ХӨА улсын дугаартай “Киа Бонго пронтер” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч Г.О-д эзэмшилд үлдээж, шүүгдэгч Б.Гоос уг тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон 1.2 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг Хөвсгөл Дөлгөөн сэлбэг” гэсэн бичигтэй 1 ширхэг цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Г-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.Г-с 3.694.998 (гурван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга есөн зуун ерэн найм) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн (РД:9085084) Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг журамлан Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 29, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч Г.О-т үлдээж, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг болон гэмт хэрэг үйлдэж олсон 1.2 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг Хөвсгөл Дөлгөөн сэлбэг” гэсэн бичигтэй 1 (нэг) ширхэг цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгосугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН