Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/01839

 

 

 

 

 

 

 

 

 

            2021        06          15

                                 101/ШШ2021/01839

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Т.Н-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч Т.Н тус компанийн худалдан борлуулдаг “******* уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлээр худалдах, худалдах авах гэрээг байгуулсан. Тус гэрээний зүйлийн үнэ 6,500,000.00 төгрөгөөс худалдан авагч тал урьдчилгаанд 500,000.00 төгрөгийг төлж 12 сарын хугацаанд үлдэгдэл төлбөр 6,000,000.00 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон юм.

 

Талууд ийнхүү тохиролцсон учир манай компани хариуцагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч тал гэрээний дагуу урьдчилгаа 500,000.00 төгрөг төлж бүтээгдэхүүнийг хүлээн авч, өнгөрсөн хугацаанд нийт 1,500,000.00 төгрөг төлсөн хэдий ч 2020 оны 7 дугаар сараас хойш төлбөр төлөөгүй болно.

 

Бид, хариуцагчтай хэд хэдэн удаа утсаар ярьж мөнгөө төлөхийг шаардсан боловч төлөөгүй өдийг хүрсэн ба талууд харилцан зөвшилцөж маргааныг шийдвэрлэх боломжгүй байсан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрийг алдангийн хамт шаардаж байна. Гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш буюу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш тооцвол 60 хоног өнгөрсөн бөгөөд гэрээний 7.3-т заасны дагуу алданги 1,500,000.00 төгрөг болсон байна.

 

Манай компанийн худалдан борлуулж байгаа энэхүү төхөөрөмжийн үнэ нь дур зоргоороо тогтоосон үнэ биш бөгөөд гаалийн мэдүүлэг болон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр 7,500,000.00 төгрөгийн үнэтэй гэдэг нь нотлогдон. Бид, тухайн төхөөрөмжийг гадаад улсаас импортлоход тээвэр, татвар, даатгал, ажилтнуудын цалин хөлс гээд олон зардлыг шингээдэг гэдгийг мартаж болохгүй. Хариуцагч нь тухайн төхөөрөмжтэй танилцаж, өөрийнхөөө чөлөөт сонголтоор худалдан авсан тул хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн зүйл байхгүй.

 

Иймд, барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл 5,000,000.00 төгрөг, алданги 500,000.00 төгрөг, нийт 5,500,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.  

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч нь Монгол Улсын зах зээл дээр худалдаалагдаж буй адил чанарын, ойролцоо техникийн үзүүлэлт бүхий бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэт өндөр үнэтэй буюу 199,000.00-1,100,000.00 төгрөгийн үнэлгээ бүхий бараанаас даруй 5-22 дахин өндөр үнээр худалдсан нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг илт зөрчиж, зах зээл дээр хуурамч мэдээлэл, үнийн хөөсрөл үүсгэж, хэрэглэгчийг хууран мэхэлж хэлцэл хийсэн гэж үзэж байна.

 

Тухайн барааны үнэ нь хэт өндөр байгаа нь дэлхий нийтэд үүссэн цар тахлын нөлөөгөөр ажил орлогогүй буюу бага насны 3 хүүхдэд төрөөс олгож буй 300,000.00 төгрөг болон хүүхдээ асарсны олговор болох 50,000.00 төгрөг, нийт 350,000.00 төгрөгийн орлогоос өөр орлогогүй иргэнд маш их дарамт үүсгэсэн нь тодорхой бөгөөд нийтэд илэрхий байгаа үйл баримт юм.

 

Хариуцагчийн хувьд цаашид төлбөр төлөх ямарч боломжгүй бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн гэрээг үргэлжлүүлэх, үүрэг хүлээх чадамжгүй болсон тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь, тус компани маркетингийн зальжин арга хэрэглэн залуухан хүмүүсийг сонгож, гэрт нь очиж төөрөгдүүлэх байдлаар бараа бүтээдэхүүнээ сурталчилан таниулж, татгалзах боломж олгохгүй нөхцөл байдалд оруулж худалддаг.

 

Хариуцагч Т.Н-гийн хувьд яг л ийм нөхцөл байдалд орсон тул автомашины үнэтэй тоос сорогч худалдан авсан байна. Би, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ижил төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг судлахад 1,000,000.00 төгрөгөөс 1,500,000.00 төгрөг гэж байна. Хариуцагчийн хувьд цаашид үлдэгдэл төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй тул өмнө нь төлсөн 1,500,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид үлдээгээд авсан тоног төхөөрөмжийг буцаан өгөх саналтай байна.

 

Цар тахлын улмаас Монгол Улс 2020 онд хязгаарлалт бүхий л үйл ажиллагаанд хязгаалалт тавьсны улмаас айл өрхүүдийн орлого муудсан, хүмүүс ажилгүй болсон. Үүнтэй холбоотойгоор төр засгаас арга хэмжээ авч төрөөс цахилгаан, дулааны үнийг хөнгөлсөн ба хариуцагчид давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Үүнээс болоод хариуцагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөх боломжгүй болсон.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирлыг арилгуулах шаардах эрхтэй боловч 227.2-т зааснаар гэрээнээс татгалзсан явцад хариуцагчийг буруутгах боломжгүй. Гэрээнээс татгалзсан тохиолдолд өгсөн, авсан зүйлээ буцаадаг тул хүний зүйлийг авч хэрэглэсэн учир урьдчилгаанд өгсөн 1,500,000.00 төгрөгийг түрээслэх эсхүл хэрэглэсэн гэж тооцуулах боломжтой.

 

Гаалийн бичиг дээр маргаж буй барааны үнэ 763 ам.доллар гэж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол банкны үнээр нэг доллар 2,706.68 төгрөг буюу барааны үнэ нийт 2,066,448.16 төгрөг байна. Гэтэл нэхэмжлэгч нь 3 дахин нэмэгдүүлсэн үнээр бараагаа зарж байгаа нь хэтэрхий шударга бус байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас хариуцагч Т.Н-д холбогдуулан 5,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Э” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Т.Нтой зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, түүнд 6,500,000.00 төгрөгийн үнэтэй “*******” маркийн олон үйлдэлт уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдсан байна. Тодруулбал, зохигчид гадаад улсад үйлдвэрлэгдсэн энэхүү төхөөрөмжийг худалдах, худалдан авахаар тохирч, худалдан авагч буюу хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр 500,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэх 6,000,000.00 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 500,000.00 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээжээ /х.х-ийн 5-7 хуудас/.

 

Хэдийгээр талууд, уг гэрээг “зээлээр худалдах, худалдан авах гэрээ” хэмээн нэрлэж, худалдсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх боловч тус гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ болох 6,500,000.00 төгрөг нь “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжгүй, зөвхөн төлбөрийг хожим төлөх нөхцөлтэй байх тул энэ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний бус харин 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.

 

Тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч “Э” ХХК нь гэрээний зүйл болох төхөөрөмжийг хариуцагч Т.Н-гийн өмчлөлд шилжүүлсэн байна. Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж зааснаар гэрээний зүйлийг хүлээн авсанд тооцно.

 

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа худалдах, худалдан авах гэрээний үнийн талаар төөрөгдсөн, нэхэмжлэгчийг уг “*******” маркийн олон үйлдэлт уураар цэвэрлэгч төхөөрөмжийг маш өндөр үнээр худалдаж, хариуцагчийг ноцтой төөрөгдүүлсэн гэж маргасан. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гээд 58.3.2-д “хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн” бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

 

Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээг байгуулах саналыг анх нэхэмжлэгч “Э” ХХК-иас хариуцагч Т.Н-д гаргасан бөгөөд улмаар тэдгээрийн хүсэл зориг нэгдсэн учраас энэхүү гэрээг байгуулжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж, мөн 195.3-т “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Т.Н-той утсаар холбогдож, түүний зөвшөөрлийг үндэслэн гэрт нь очиж “*******” маркийн уураар цэвэрлэгч төхөөрөмжийг танилцуулахад хариуцагчид худалдан авах сонирхол төрж, ийнхүү худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба гэрээнд үнийн талаар тодорхой заасан байна.

 

Энэ тохиолдолд зохигчид дээр дурдсан хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, мөн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж тус тус зааснаар тухайн гэрээг байгуулсан ажээ.

Нөгөө талаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан. Тайлбарлавал, аливаа этгээд өөрийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр хуульд нийцсэн гэрээг байгуулах эрхтэй бөгөөд хэлцлийн нөгөө талын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас аргагүй байдалд орсон, хяхан боогдсон, төөрөгдөж гэрээ, хэлэлцээрийг байгуулсан тохиолдолд үүнийг хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн болон хуульд нийцсэн гэж үзэхгүй, энэ талаар тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно” гэж тодорхой зохицуулсан байдаг.

 

Гэтэл нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Т.Н-гийн гэрт гэрээний зүйлийн талаар танилцуулж, бодитоор хэрхэн ажилладаг болохыг  үзүүлсэн нь хариуцагчид худалдан авах шийдвэр гаргахад нь бодох, сонгох, чанарын болон үнийн талаар харьцуулан судлах зэрэг боломжийг олгосон байх тул төөрөгдүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж заажээ.

 

Тодруулбал, шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох, хариуцагч Т.Н-г гэрээ, хэлэлцээр байгуулах бие даасан байдал, гэрээний эрх чөлөөнд хөндлөнгөөс оролцохгүй, иргэний эрх зүйн харилцааны субъектууд гэрээг эрх чөлөөтэй байгуулдагтай нэгэн адил бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ үнийг бие даан тогтоох нь тэдгээрийн эрх бөгөөд талууд үнийн талаар мөн адил тохиролцох эрхтэй байдаг.

 

Харин Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь байдалтай гэж үзнэ” гэж, мөн  5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК нь монополь эсхүл давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн бол энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох”-ыг хориглож болно.

 

Гэвч нэхэмжлэгч “Э” ХХК-ийг монополь эсхүл давамгай байдалтай аж ахуйн нэгжид тооцсон талаар холбогдох нотлох баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс талуудын маргаж байгаа зүйлийн үнийн талаар хөндлөнгийн этгээдээр зах зээлийн судалгаа хийлгэхэд 7,590,000.00 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч Т.Н нь худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа ноцтой төөрөгдсөн болон хэт өндөр үнэтэй төхөөрөмж худалдан авсан гэдгээ баримтаар нотлоогүй, харин тэрээр өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч “Э” ХХК-нд 1,500,000.00 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д “Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу худалдан авагч болох хариуцагч Т.Н гэрээний зүйлийн үнийг 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлсөөр бүрэн төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.

 

Гэтэл талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т.Н нэхэмжлэгч “Э” ХХК-нд 1,500,00.00 төгрөгийг төлсөн хэдий ч үлдэх 5,000,000.00 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. Тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д “Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гээд 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж заажээ. Тайлбарлавал, хариуцагч нь 5,000,000.00 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, үүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол, гэрээнд заасан бол алданги төлөх хариуцлага бий болно. 

 

Зохигчдын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Нэгэнт хариуцагч буюу худалдан авагч нь үлдэх 5,000,000.00 төгрөгийг төлөх гэрээгээр тохирсон хугацааг 69 хоногоор хэтрүүлсэн тул тэрээр гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх ба түүний төлбөл зохих алдангийн хэмжээг тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 500,000.00 төгрөг гэсэнтэй нийцэж байна.

 

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар “COVID-19” цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос зарим албан газар, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарласан боловч үүний улмаас хариуцагч Т.Нд худалдах, худалдах авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэдгээ нотлох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Тодруулбал, талуудын нотлох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримт нь “COVID-19” цар тахалтай холбогдуулан албан газар, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарласан нь үнэн боловч үүнтэй холбоотойгоор хариуцагчийн санхүүгийн чадвар муудсан буюу хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон гэдээ баримтаар нотолсон тохиолдолд гэрээний хариуцлага болох алдангиас чөлөөлж болно.

 

Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэхүү тайлбараа нотлоогүй тул хүлээн авах боломжгүй байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 5,000,000.00 төгрөг, алданги 500,000.00 төгрөг, нийт 5,500,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Т.Н-гоос 5,500,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 102,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР